ДЭЛХИЙ

“Болор” хүүхдүүд буюу “Crystal children” дэлхийг хэрхэн аврах вэ?

Бид “болор”долгионтой буюу чичиргээтэй хүүхдүүдийн талаар юу мэдэх билээ.  Нэг талаар, бид ихийг мэднэ. Нөгөөр талаар, бид тодорхой зүйл юу ч мэдэхгүй. Энэ төрлийн мэдээлэл тэдгээр хүүхдүүд шигээ тийм ч тодорхой бус, төвөгтэй зүйл юм. Тэд өөрсдийн ах, эгч нараасаа ялгаатай байдаг. Тэд бүхний эсрэг сөрөн зогсож чаддаг.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр бол дараагийн шинэ үеийн хүүхдүүдийн үе эхэлсэн. Болор хүүхдүүдийн эрин аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно. Болор хүүхдүүд магадгүй индиго хүүхдээс үүссэн байх. Бүр индиго ч байж болох талтай. Хэн мэдлээ.

Болор хүүхдүүд бол өндөр түвшний индиго хүүхдүүд гэж хэлж болно. Магадгүй энэ үнэн байх. Үнэндээ энэ тийм ч чухал зүйл биш. Юу чухал вэ гэхээр, бусдаас онцгой содон бүлэг хүүхдүүдэд өөрсдийнх нь хийх ёстой “даалгавар”-ыг хийж гүйцэтгэхэд боломж олгох явдал юм. Онцгой хүүхдүүдийг судалдаг «Planetlightworker.com»-ийн багийнхан эдгээр хүүхдүүдийг Энхийг сахиулагчид гэж нэрлээд, харин индиго хүүхдүүдийг Системийг сүйтгэгчид гэж үзсэн байх юм.

Индиго хүүхдүүдийг ингэж нэрлэх болсон шалтгаан нь тэдний аурагийн өнгөтэй холбоотой юм. Индиго – гэдэг нь хүний гуравдахь мэлмий буюу хоёр нүдний хоорондох чакраны өнгийг хэлнэ. Тиймдээ ч тэд маш зөн совинтой, оюуны чадавхи сайтай, хурдан шаламгай, сэргэлэн цовоо байхаас гадна бүх зүйлээс маш амархан уйддаг.

Болор хүүхдүүдийг тэдний аураных нь өнгөнөөс болж ингэж нэрлэдэггүй, харин тэднээс ялгаран гарах өндөр долгион /чичиргээ/-оос үүдэлтэй. Болор хүүхдүүдийн зулай дээр нь цагаан, тунгалаг өнгөтэй ауратай хөх ягаан /нил/ өнгийн солонго мэт туяа зонхилж байдгийг аяндаа мэдэх болно.

БОЛОР ХҮҮХДҮҮД ХЭЗЭЭНЭЭС БИЙ БОЛСОН БЭ ?

Судалгааны багийнхны үзэж байгаагаар, ийм хүүхдүүд хэзээд байсаар ирсэн аж. Тэдгээр цөөнх шинэ мэдлэгийг түгээн аялагчид байсан. Харин хүмүүс тэдэнд тэр болгон сайнаар ханддаггүй байв. Тухайлбал, Есүс Христ. Тэдгээр аялагчид, судлаачид ихэнхдээ бусдын гарт амиа алддаг байсан ч тэд үр тариаг цааш нь цацсаар л ирсэн. Мөн “Кристалл ба Христос” /Cristal — Cristo” гэсэн хоёр үг хоорондоо ижил утгатай гэж ярьцгаадаг байж.

Болор /эсхүл өндөр түвшний индиго/ хүүхдүүд хүрээлэн буй орчиндоо маш эмзэг мэдрэмтгий ханддаг. Өөрийнхөө дотоод ертөнцийг тольдон харах чадвар эзэмшсэн эдгээр хүүхдүүд бүхнээс бүр цаашлаад хүнээс хүртэл тусгаарлагдаж чаддаг бөгөөд энэ Дэлхий ертөнц зөв гольдролдоо орох хүртэл амь зуух чадвартай байдаг. Болор хүүхдүүд хэзээнээс бий болж, энэ хорвоо дээр аж төрөх болсон бэ, гэх асуултандаа эргээд орцгооё. Ойролцоогоор сүүлийн 40-өөд жил. Зарим нэг нь өөрсдийн энергийг үлдээхийн тулд урьд өмнө нь оршсоор л байсан гэгддэг.

Тэдгээр шинэ хүүхдүүдийг хэрхэн таних вэ. Тэд ямар нэгэн хор хөнөөл учруулахгүйгээр тайван амьдардаг. Болор хүүхдүүд дараах онцлог шинж чанартай байдаг ч эдгээр бүх шинж тухайн хүүхдэд байдаг гэсэн утга биш аж. Хүрээлэн буй орчин, байдалд хэт мэдрэмтгий ханддаг: дуу чимээнд, өнгө будганд, бусад хүмүүсийн таагүй сэтгэл хөдлөл болон тэдний өвчин зовлонд, үнэрэнд, хоолонд, химийн гаралтай бүтээгдэхүүнд, цахилгаан соронзон долгионд гэх мэт;

Хэт мэдрэмтгий байдгаасаа болж маш эмзэг болчихдог; Ганцаараа байх дуртай, олон хүмүүсийн дунд байхдаа ая тухтай байж чаддаггүй, ихэнх хүмүүс тэдний ганцаараа байх гэсэн хүслийг нь ойлгодоггүй, нэг үгээр хэлэхэд маш эмо; Өдөр болгон байгаль Дэлхийтэй ойр байхыг эрмэлзэж, тэмүүлдэг. Тэд байгалиас энерги, эрч хүчээ авч, өөрт нь хуримтлагдсан бүх л таагүй зүйл, энергийг цэвэрлэн тэнцвэрт байдлаа хадгалдаг;

Тэд ерөнхийдөө “хүн нь хүндээ харгис хэрцгий хүний мөсгүй хандах байдал”-ыг, ялангуяа дайн дажин, атаа жөтөө, шунахай сэтгэл, харамч нарийн зан гэх мэт зан байдлыг огт ойлгодоггүй, үзэн яддаг. Харин энэ бүхэнд өөрийгөө буруутай мэт үзэж, сэтгэлийн дарамтанд ордог; Тэд өөрсдийн эсхүл бусад хүмүүсийн сэтгэл шархалсан, гомдсон байвал бусдаас өөрийгөө тусгаарлаж нуугддаг, өөрийгөө хамгаалж эхэлдэг. /өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хувьд шархалсан үед зан байдал нь гэнэт өөрчлөгдөж танихын аргагүй болон хувирдаг/;

Тэд маш уужуу тайван байдаг болохоор хүмүүс тэдэн рүү соронзон мэт татагдаж, тэднээр бахархдаг. Тэд хязгааргүй хайр энэрлээ зориулсан хүмүүстэй маш гүнзгий, бат бөх, урт удаан анд нөхрийн харьцаа тогтоодог. “Болор”-ууд цорын ганц жинхэнэ хайр энэрэл гэж юу болохыг мэддэг; “Болор”-ууд таны нүд рүү харахад яг л сэтгэл дотор луу чинь өнгийгөөд харж байгаа мэт сэтгэгдэл төрнө; Үнэндээ тэдэнд уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухаан заах гэсний хэрэггүй. Учир нь, тэд цаанаасаа л ухаантай, өгөөмөр сэтгэлтэй мэндэлсэн байдаг. Тэд хэнээр ч хэлүүлэлтгүй өөрсдөө юу сайн, юу муу болохыг тодорхойлж чаддаг.

Тэдэнд юу тохирох эсэхийг ч сайн мэддэг; Тэд дэлгүүр хоршоо, худалдааны төв зэрэг олон хөлийн газраас зугтдаг. Учир нь, олон янзын энерги холилдсон байдаг; Тэд хүүхдэд, ан амьтанд маш хайртай байдаг. Тэд амьд гэх бүх зүйлстэй төвөггүйхэн хэл амаа ололцдог; Ус тэдэнд маш эерэг сайнаар нөлөөлж, тэднийг цэвэрлэн тайвшруулдаг: ваннтай ус, шүршүүр, хүрхрээ, гол мөрөн, горхи булаг, усан тоглоом болон элс гээд ер нь л устай холбоотой бүх зүйл тэдэнд сайн;

Тэдэнд биед эвтэйхэн, байгалийн гаралтай материалаар хийсэн хувцас хунар өмсүүлэх хэрэгтэй. Харин өнгийг нь өөрсдөөр нь сонгуулаарай; Тэдэнд цэвэр ус их хэмжээгээр шаардагддаг ба тэд органик хоол хүнсийг илүүд үзэх нь элбэг; Тэднийг мэндлэхээс өмнө ээж аав нарт нь тэдэнд өгөх нэрийг хэн нэгэн хэлээд өгчихдөг юм шиг аль хэдийнэ бодоод олчихсон байдаг;

Тэдний эргэн тойронд ид шидийн гэмээр итгэмээргүй гайхалтай явдлууд тохиолддог: мөнгөтэй болох, ан амьтад тэдэнд эрхлэн тоглох, жаахан хүүхдүүд тэднийг хараад инээх, өвчтэй хүн эдгэрэх гэх мэт;
Тэд их ухамсартай, бас мэдрэмтгий байдаг. Бусдын юу бодож санаж байгааг мэддэг;Тэд хэт дотноссон харьцаанаас эмээдэг.

Энэ нь, хэт дотносох нь тэдэн рүү халдаж, тэднийг хүндлэхээ болино гэж боддогтой нь холбоотой. Ганцаараа байхыг илүүд үздэг. Тэгээд бусдын хяналтнаас гадуур өөрийн гэсэн хувийн орон зайтай байхыг хүсдэг. Түүнчлэн, тэд хайр дурлалын романтик харьцаанаас зугтахыг оролддог. Яагаад гэвэл, бусдын сэтгэл зүрхэнд сэв суулгаж, шархлуулахаасаа эмээдэг;

Тэд гэнэн хонгор зантай тул арга заль хэрэглэж мэддэггүй, учир нь тэдэнд эго үзэл буюу амин хувиа бодох зан чанар огт байдаггүй гэж хэлж болно; Магадгүй тэдэнд өөрийн энергийг бататгах гэж хичээдэг. Тэд үүнийгээ биеийн хөдөлгөөнөөр, байгалиас, спортоос, тулааны урлагаас, йогийн дасгалаас эсвэл бүжигнээс олж авахыг оролдоно;

Тэд цахилгаан хэрэгслийг “жагсаалтаас гаргадаг”: радио, зурагт, гар утас, компьютер гэх мэт цахилгаан эд зүйлс ажиллагаагүй болдог; Хяналтаа алдахаас айж сэтгэл хөдлөлөө нуудаг болохоор хүмүүс тэднийг сэтгэлгүй гэж бодох нь элбэг. Гэвч тийм биш; Хэн нэгэн нас барахад ч юм уу эсхүл өвдөж зовоход, хэрэлдэж маргалдахад өөрийгөө үүнд тун хариуцлагатай хандах ёстой гэж үздэг;
Сэтгэлийн дарамтанд байдаг, урьд нь ч байсаар ирсэн;

Массаж, эсвэл энергитэй холбоотой аливаа биеийн хүчний ажилд сайн; Тэдний бодисын солилцоо маш хурдан явагддаг ба ургамлаар хооллогчид /vegetarian/ байдаг; Бүх боломж бололцоог хардаг ухаалаг, зөн совингоороо оюун санааны хуулиудыг ойлгож ухамсарладаг; Төрөлхийн энхийг сахиулагчид, өвчнөөс ангижруулан анагаагчид байдаг; Маш олон талын авьяас чадвартай;Тэд шархдаж, бэртсэн ч маш хурдан хугацаанд эдгэрдэг.

Энэ нь тэдний ДНК-тай холбоотой;Тэд үг дуу цөөтэй хэдий ч маш тайван бас ухаантай ярьдаг учраас бүгд түүний үгийг сонсдог. Үүгээр ч зогсохгүй, тэд сайн зөвлөгөө өгдөг. Гэхдээ зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд. Бусдын хэрэгт хэзээ ч оролцдоггүй. Энэ мэтээр төрөлхийн өгөгдөлтэй шинэ үеийн хүүхдүүд Дэлхий ертөнцийг аварна гэсэн ойлголт ч түгэн дэлгэрээд байгаа юм. Бас ч гэж оргүй хоосон таамаг төдий зүйл биш гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

Орчуулсан О.Анар : (Эх сурвалж: planetanovosti)