БУСАД

Сонгуулийн луйврыг илчилсэн Г.Ган-Очир: МАН-ын 11 гишүүнийг шopoнд xaтaax ёстой !!!

Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир 2021 оны тавдугаар сард дэлгэж байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хар машиныг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэргээр олон улсын байгууллагад та хандсан. АНУ-ын Элчин сайдын яамнаас танд Нэгдсэн үндэстний байгууллагад хандахыг зөвлөсөн гэсэн үнэн үү. Яагаад олон улсын байгууллагад хандах болов оо?

-АНУ-ын Элчин сайдын яаманд “УИХ-ын 2020 оны сонгууль хууль бус болсон. Би үүний цорын ганц гэрч нь. Надад нотлох баримт байгаа. Тиймээс Монгол Улсад улс төрийн дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн асуудлаар хандсан.

Тус улсын Элчин сайдын яамнаас “Эхлээд НҮБ-д хандсаны дараа тусалж чадах үгүйгээ хэлнэ. Монгол Улстай дипломат харилцаатай учраас улс төрийн ажиллагаанд оролцох боломжгүй. Хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод, Тайландын Бангкокын Элчин сайдын яаманд хандаж улс төрийн орогнол хүсч болно” гэж зөвлөсөн. Монголд хүчин мөхөсдсөн учраас олон улсын байгууллагад хандсан нь энэ. Г.Ган-Очир: МАН-ын 11 гишүүнийг шоронд хатаах ёстой !!!

-Хар машины программыг өөрчилж, хакердсан тохиолдолд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар 16-20 жилийн ял авахаар хуульчилсан. Та хэвлэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэрийг цохож, зарласан. Энэ бүхнийг нотлох баримт байгаа гэж найдъя. Та хүн гүтгээгүй биз дээ?

-Би иргэн хүнийхээ хувиар хохирогч, МАН-д ажилласнаараа хэрэгт холбогдогч. Одоо бол тус хэрэгт яллагдагчаар татагдсан. Надаас бусад хүмүүс ч гэсэн нотлох баримт цуглуулсан мөртлөө хав дарсан. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж илчлэх вэ дээ.

Гэтэл хэрэгт хамт оролцсон хүмүүсээс би ганцаараа гэрчээр яллагдагчаар татагдсан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа юм. Би МАН-аас хакердуулахаар өгсөн хүмүүсийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий хорооны IT инженер Мөөгий, Мөнхбат гэх хоёр залууд өгдөг байсан.

Тэд IT залууст МАН-ыг олонх болгож, АН-д бүлэг үүсгэх хэмжээний суудал өгнө. Гэхдээ ганц хоёр бие даагч гарга гэж хэлдэг байсан. Үүний ч дагуу болсон. Сонгуулийн хар машиныг хакердаж, хүмүүсийн нэрийг оруулахад 15-20 хоног шаардагддаг гэж сонссон. Нэг дүүргийг нэг тэрбумаар хакердсан. Өөрөөр хэлбэл, би МАН-ыг төлөөлж нууц мэдээллүүдийг нь өгдөг байсан. Түүнээс биш хакердах ажилд оролцоогүй.

Улмаар 2020 оны есдүгээр сард нотлох баримт болох зураг, видео, флаш, хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг цагдаа болон Тагнуулын байгууллагад өгсөн. Гэвч дээрх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хохирогчгүй хэрэг гэх нэрийдлээр хаасан.

Угтаа бол хохирогч нь Монголын ард түмэн шүү дээ. Хуулийн байгууллагад өгсөн баримтууд эх хувиараа надад байгаа. Нийгэмд дэлгээгүй маш олон баримт, мэдээллүүд ч бий. Удахгүй олон нийтэд дэлгэнэ.

-Нотлох баримтуудыг цуглуулах шалтгаан явцын дунд үүссэн хэрэг үү. Таныг олж авсан баримтаа дэлгэнэ гэж АН, МАН-ыхныг шантаажилсан гэх мэдээлэл гарч байсан. Харсан л байлгүй.

-Тэр бол худал мэдээлэл. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг Тусгаар тогтнолын ордноос аваад явсан бол, Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад, Баянзүрхийн сонгуульд ялуулчихсан бол өнөөдөр энэ хэргийг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч би энэ гэмт хэргийг илчлэх зориг гаргаж, ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын тулд шүгэл үлээсэн.

Хэрэв шантаажилсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол би өнөөдөр энд биш шоронд байх байлаа. Би нэгэнт том асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэн учраас хэргийг илчлэх нотлох баримтыг цуглуулж эхэлсэн.

Ард иргэдийн үзээгүй утасны яриа, мөнгө төгрөг солилцож байгаа бичлэг, Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг, хар машинд хийх хүмүүсийн нэртэй флашууд болон өөр бусад бичлэгүүд надад бий.

-Тэгээд хар машиныг хэн хакердсан юм бэ. Хакердах боломжтой гэж үү?

-2012 онд сонгуулийн санал хураалт тоолох машиныг АНУ-аас авчирсан. Тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос санал тоолох хар машины үндсэн программыг ашиглах боломжгүй болсон учраас СЕХ-ныхон Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерээр программыг шинээр бичүүлсэн.

IT-гийн инженер гэж нэр нь дурдагдсан уг хоёр залуу программ шинээр суулгахдаа ямар ч цаасыг уншдаг болгон, үндсэндээ хар машиныг өөрсдийнхөө хүссэнээр удирддаг болгочихсон гэх үү дээ. Ингээд тэр хоёр МАН-ын генсекийн шууд удирдлагад ажиллаж эхэлсэн. Явцын дунд намынх нь нөлөө бүхий албан тушаалтан болон Д.Сумъяабазар нарын хооронд зөрчил үүссэн.

Тиймээс Д.Сумъяабазар намайг дуудаж уулзаад, “Намайг жийх гээд байна. Чи л ахдаа тусла. Нийслэлд би заавал ялах ёстой. Хоёр IT залууг ятгаад өг. 500 сая төгрөг өгье” гэсэн. Би мөнгийг нь авалгүй нотлох баримтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

-СЕХ-ноос хар машиныг хакердах ямар ч боломжгүй гээд байгаа. Сонгууль болохоор л хар машинд хакердуулсан гэх шүүмжлэлийг улстөрчид гаргадаг. Гэтэл та улстөрч биш. Тэгэхээр худлаа ярих шаардлагагүй мэт. Нөгөө талаасаа таныг шоудаж байна гэх хүмүүс бий?

–СЕХ болон улсын бүртгэлийн систем хоёрт олон улсын IT аудитын компани оруулж, шалгалт хийгээд өгөөч гэдэг хүсэлт тавиад жил боллоо. Тэрхүү шалгалтаар хар машиныг хакердаж болдоггүй гэвэл би гүтгэсэн байна гэж үзээд, хэргээ хүлээгээд шоронд оръё.

Угтаа бол олон улсын аудитын компани оруулж ирэхэд л бодит үнэн илэрнэ. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.

Монгол Улсад ашиглагддаг сонгуулийн техник хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын “Dominion Voting” компанийн зүгээс “Сонгуулийн хар машинд гуравдагч серверээс 30 минут тутамд нөлөөлж, тодорхой хэмжээний сонгогчийн саналыг өөрчилсөн” гэх албан бичиг ирсэн.

-Таныг баривчиллаа, саатууллаа гэдэг. Байнгын мөрдлөг, шалгалт дор амьдрах хэцүү байна уу. Эргээд бодоход шүгэл үлээсэндээ харамсдаг уу?

-Энэ хэрэг өнөөдөр илрэхгүй юм аа гэхэд 2024, 2028 онд илэрнэ. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг нь хамгийн хүнд ялтай хэрэг. Би ийм хууль бус ажиллагаанд оролцохыг хүсээгүй учраас эртхэн гэм буруугаа хүлээгээд, хуулийн байгууллагад хандсан нь дээр гэж бодсон. Үүндээ ч харамсдаггүй.

Энэ хэргийг шүүхээр шийдүүлж, МАН-ын нэр бүхий 11 гишүүнд хариуцлага хүлээлгэж, ял асууж шоронд хатаах ёстой байна. Би ч өөрөө ял авна. Үүнийг л шударга ёс гэнэ. Бусдаар бол би шоронд орохоос айж зугтахгүй.

-Та гэнэт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд хандсан. Энэ нь таныг нийгэмд хоёр дахь Г.Доржзодов боллоо гэсэн ойлголт төрүүлээд байх шиг?

-Би хувьдаа Г.Доржзодов гэдэг хүн өөрөө 60 тэрбумын схемийг зохиогоод, түүнийгээ МАН-ын удирдлагуудад танилцуулсан гэж ойлгодог. Харин би худал зүйл зохиож яриагүй. МАН-ын талаас “Олон юм ярьж байхаар ирж уулз.

Мөнгө аваад чимээгүй бол” гэх саналыг олон удаа тавьж байсан. Би хэзээ ч МАН-ын саналыг хүлээж авахгүй. Хэрэв тэр мөнгийг авсан бол би энэ хэрэгт гэрч биш, хэрэгт оролцогч, хамсаатан болж хувирах байсан. Хэзээ нэгэн цагт энэ хэргийн бодит үнэн илэрч, гэмт хэрэгтнүүд хариуцлага хүлээж л таарна. Тиймээс би шударга бус сонгуулийн золиос болсон сөрөг хүчин, бие даагч нартай хамтарч олон нийтэд хандах замыг сонгосон.

Эх сурвалж : News.mn

  Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү