БУСАДЗӨВЛӨГӨӨ

Э.Одбаяр: Хазар Монголчуудыг хүнд байгаа энэ үед бид авах хэрэгтэй

ЗОН-ын дарга Э.Одбаяр: “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр тэргүүтэй иргэд Афганистанд байгаа Хазар иргэдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн 3 өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэлээ. Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт

2000-аад оноос хазарачууд хэмээх бид бүхний ахан дүү түмэн олны ажиг сураг дуулдаж. найрамдал нөхөрлөлийн эх тавигдсан. Өнөөдөр Афганистан улсад террорист Талибан бүлэг зэвсгийн хүчээр засгийн эрхийг булааж, харгис дэглэмээ тогтоогоод байна.

Хазара нарын ардын баатар Баба Мазаригийн хөшөөг дэлбэлсэн. Эрчүүдийг нь баривчлах, эмс охидыг бүртгэн олзолж авах, эд хөрөнгийг дээрэмдэх гээд балмад явдлуудыг талибууд хазара нарын нутагт үйлдэж байгаа нь дуулдаж байна.

Хазара хүмүүс өөрсдийгөө монгол, Чингисийн цэргүүдийн хойчис гэдэг, монголчууд болон Монгол оронд маш их элэгтэй хүмүүс юм. Ийм бидэнд халуун дулаан итгэл сэтгэлээр ханддаг хүмүүстэй бид найрамдал нөхөрлөлийг дээд зэргээр хөгжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой.

Афганистанд хазаруудын эсрэг Абдуррахман хааны геноцид, талибануудын 2001 онд Бамиан мужийн Якауланг тойрогт үйлдсэн хядлага зэрэг олон харгислал үйлдэгдэж ирсэн. Хазара нар байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт, террорист халдлагын золиос болж ирсэн. Ийм аймшигт явдал давтагдахгүй гэх газаргүй. Хазара биш хүмүүс Афганистанаас үхэн хатан зугтаж байхад хазара нарт юу тохиолдож болох вэ?

Учир иймд, монгол цустай, бид бүхний элгэн садан хазара түмний дүрвэгчдийг үндэсний юм уу олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол улс цаг алдалгүй хүлээн авах шаардлагатай байна. Хазара хүмүүс ажилч хичээнгүй, манай улсад нэвтрүүлэх хөгжүүлэх шаардлагатай ажил мэргэжпийн дадлагатай, даруу төлөв, монголчуудтай ижилсэн нийгэмших сонирхолтой хүмүүс юм. Тэд манай нийгэм, эдийн засагт маш их эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг нь ойлгомжтой.

Монгол улсад хазарачуудын эрх зөрчигдөх, тэднийг ялгаварлан гадуурхах асуудал байсан. 2016 оноос манай эрх бүхий байгууллага Монгол дахи хазара нарыг үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) -д аюултай гэж үндэслэлгүйгээр, хууль бусаар тодорхойлсон гэдгийг дуулсан.

Улмаар Гадаадын иргэн харьяатын газарт (ГИХГ)-т хандан, тэднийг магистрт сургалгүй гаргах, цаашид эс хүлээж авах, их дээд сургуулиудад хазара оюутан сургахгүй байх, манай дипломат төлөөлөгчийн газруудад хазара хүмүүст аль болох виз өгөхгүй байх зөвлөмжийгөгч, тэд нь хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол тодорхой угсаатны эсрэг ялгаварлан гадуурхах, расист бодлого гэж харагдахаар байгаа.

Хазара нарыг хөөж гаргагчид “терроризмын аюултай” гэж аян шалтаг хэлдэг юм билээ. Тэд терроризмын хохирогч болж, терроризмын эсрэг энхийн тэмцэл хийж ирсэн ард түмэн болохоос, бусдад аюул заналыг, тэр тусмаа терроризмын аюул заналыг учруулдаг ард түмэн биш юм.

Хазара хүмүүс монголчуудтай найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх үйлсэд 150 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд түүнийг нь манай улсын иргэд залилан үгүй болгосон ноцтой хэрэг 2016 онд гарсан. Хазарачууд үүнд няцаж мохолгүй ахин 600 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд манай өөр бүлэг иргэд залилж завшсан хэрэг 2017 онд гарсан.

Ингээд, 750 000 долларыг хоёр удаагийн үйлдлээр залилаад байгаа ч, гэм буруутнууд хариуцлага хүлээсэн, мөнгийг буцааж өгсөн зүйл үгүй. Хазарачуудыг бүгдийг нь хөөж гаргасан нь үүнтэй холбоотой хуйвалдаан биш биз дээ гэж аргагүй бодогдож байна.

Монгол улс хазарачуудаас өөрийгөө бүрэн “цэвэрлэж”, нэг ч хазара хүнгүй болсон, нэг ч хазара хүн оруулдаггүй, хазарачуудыг хориглосон, хазарачуудын эсрэг бодлоготой анхны улс гэгдэхээр болсон нь харамсалтай. Үүнийг засаж залруулахгүй аваас бид бүхэн талибуудаас ялгарна гэж үү?

Ингээд Монгол улсын төрийн өндөрлөгүүдэд хандан:

1-рт, хазара дүрвэгч нарыг авах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,
2-рт, хазара нарын Монгол улсад ирэх, сурах, ажиллах эрхийг нээж, хазарачуудыг үндэснй аюулгүй байдалд аюултай гэсэн хууль бус зөвлөмжийг хүчингүй болгох,
3-рт, хазара нарыг залилсан ноцтой хэргүүдийг анхааран хууль ёсоор шийдвэрлүүлэхийг хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!”

Энэ үеэр ЗОН-ын дарга Э.Одбаяр: “Манай улс бол өөрийн гэсэн хуультай, эрхзүйн зохицуулалттай. Тагнуулын төв байгууллага нь байж байгаа. Эрхзүйн боломжуудаа ашиглах боломжууд бүрэн дүүрэн байгаа.

Олон нийтийн дунд 10 гаруй жилийн өмнөөс Монгол туургатан, Монгол үндэстний талаарх ойлголт нэлээд тэлсэн. Нийгмийн уур амьсгал бүрдсэн. Ийм цаг үед Монгол үндэс угсаатай, гаралтай Хазар Монголчууд маань дайны хөлд хүндхэн нөхцөл байдалтай байгаа үед тодорхой хууль, эрхзүйн зохицуулалтаар, тодорхой шалгуураар дүрвэгсдийг авах хэрэгтэй байна.” гэв.

I. Хазаруудыг хялайж болно гэж үү? Уржнан “Stop Killing Hazaras!” хэвлэлийн хурлыг хамтран зүтгэгч нөхөдтэйгөө зохион байгуулсан чинь коммент-дайралтчин гэх хүмүүсийн давшилтад өртсөн билээ. “Өөрсдийгөө яая гэж байж”, “түүгээр байсан гайг үүгээр дуудав”, “20 сая хүн авчрах гэж байна”, “хазарууд монгол гэх баталгаа байхгүй”, “аймаар ядуу, бичиг үсэггүй”, “баялгийн сургаар ирэх гэлээ”, “террористууд орж ирнэ”, “хар тамхи, зэвсгийн наймаа хийнэ”, “шашин хоорондын дайн гарна”, “Хятад Орос хоёр хөршийн дургүйг хүргэнэ”, юу юу гэнэ вэ.

Өөрсдийгөө өөд нь татахыг бодохгүй байж, “яая гэж байж” гээд л хойш суугаад, аливаад арчаагүй хандаад байж болохгүй юм. Мэдээж хэн ч 20 сая хүн авчрах гээгүй, боломж ч үгүй, үндэслэл ч үгүй, Монголд олноор ирэх гээд, ирүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй. Хазарууд дунд баян, боловсролтой улс бишгүй бөгөөд, тэдний дундаас харин Монголыг сонирхоод, харин ядуу нь юун Монголд ирэхтэй манатай л байдаг юм билээ.

Монголын баялгийн сургийг ч сонсож мэдээд байгаа зүйл үгүй, өөрсдөө асар их байгалийн баялагтай л ард түмэн. Терроризмтой холбогддоггүй, терроризмыг эсэргүүцдэг үндэсний онцлог тэнд байна. Хар тамхи, зэвсгийн наймаа, шашны хийрхэлд ч автдаггүй, бидэнтэй л тал бүрээр төстэй зон олон доо. Хазартай нөхөрлөлөө гээд Хятад, Орос хоёр дургүйцэх зүйлгүй бөгөөд тэд хазаруудад найрамдал нөхөрлөлийн байр сууринаас ханддаг, тэгээд ч Монгол улс харин тэд дургүйцэхээр олон улс түмэнтэй нөхөрлөөд болоод л ирсэн шүү дээ.

Манай улсад гадаадын ажиллах хүч, цагаачид түм түмээрээ орж ирж, тэдэнд бүр сум тасалж өгөөд л байх юм. Тэгвэл яагаад ахан дүү хазарчуудыг Монголд ажиллуулж амьдруулж болдоггүй юм бэ? Харийнхан Монголын хуулийг зүсэн зүйлээр зөрчиж, монголчуудыг дарлаж, доромжилж, амь насыг нь ч хөнөөж, олон хурц асуудлыг үүсгэж, залуус “Гадныхныг цэгцэлье!” хэмээн түрхрэн тэмцэх гэж буй.

Тэгвэл монгол туургатан ахан дүүс тийм асуудал үүсгэхгүй бөгөөд, тэднийг ирүүлэх нь гадныхныг цэгцлэх нэг гол арга зам. Хорин хүн ирж ажиллаж амьдрах нь ч тодорхойгүй байхад, 20 саяыг авчрах гэлээ гэж дайрч давшлагсад эх орныхоо төлөө зовнигсод, тэмцэгсэд мөн үү, эсвэл хазаруудтай л тэмцэлдэгчид үү? Монгол улс үндэстнийхээ төлөө санаж бодож, оролдож хийж явах нь хууль зөрчсөн хэрэг биш байлтай. Гэм зэмгүй хүмүүс рүү дайрч доромжлох нь харин хууль ёсны хэрэг биш байлгүй.

Хазарчууд өөрсдийгөө хэдэн мянган жилийн өмнө өнөөгийн Афганистаны нутагт суурьшсан эртний монгол аймгийнхан гэж үзэх нь буй бөгөөд, үнэний хувьтай ч санагддаг. Монгол туургатны өмнөд хязгаар байсан энэ нутагт хойд зүгээс өвөг монгол, монгол аймгийнхан олонтаа очиж суурьшиж байсан нь тохиолдлын хэрэг гэж үү?

Одоогийн Афганистаны нутгийн эзэн байсан, Хазара Жат гэх түүхэн нэрийн дор зуун зууныг элээн суусан тэд Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах бадраахад чамгүй үүрэг гүйцэтгэж явсан гэдэг. Тэд перс хэл соёлын нөлөөнд автсан нь нэн хачирхалтай явдал бус агаад, дундад зууны байлдан дагуулагч монголчууд олноор перс хэл соёлд орж байсныг санацгаая. Перс монголчууд гэж ч хэлж болох тэднийг нэгэн судлаач маань эцэг талаасаа монгол гэж тодорхойлсон байдаг.

Хазарын ард түмнийг төлөвшүүлсэн гол хүчин зүйл юу вэ? Монголчууд юм. Төв азийн өмнөд монголоидууд энд маш эрт цагаас амьдарч байсан байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хазаруудыг ард түмэн болгон төлөвшүүлсэн гол хүчин зүйл, тэнхлэг нь монголчууд. Тийм ч учраас олон хазар хүнд өөрсдийгөө монгол гэх бат бөх ухамсар бий болж шүү дээ.

Нэг монгол хүн бичжээ: Өрнөдийн оронд хөлөө олохгүй явахдаа, арга ядаад хазаруудаас тусламж хүсжээ. Цаадуул нь тусалж, наад зах нь орогнох газар олж өгсөн аж. Гэтэл тэр хазаруудын тусламжийг голж чамлаж, өөлж өөнтөглөн, хазаруудыг муучилж, дайсагнагчдын эгнээнд орсон байгаа юм. Ийм байж болох уу? Бид бие биедээ боломжоороо харилцан туслалцаж л явах ёстой.

II. Хазар дүрвэгчдийг Науру улсад төвлөрүүлнэ. Афганистаны дэд ерөнхийлөгч асан, хазарын зэвсэгт тэмцлийн нэгэн баатар, үндэсний лидерүүдийн нэг Мохаммад Мохакик гэж хүн бий. Тэрбээр туслахаараа дамжуулан бидэнтэй холбоо тогтоож, улмаар Кабулд зочлохыг урьсан нь 2012 он. Багаа бүрдүүлээд, маршрутаа гаргаад, зардлын тооцоогоо илгээгээд байж байтал Афганистанд цуврал террорист акт гарч, улмаар аялал маань тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч үүнээс болж, Афганистанд айлчлах байснаа больж, Кыргызстанаас жолоогоо эргүүлж байсаан.

Тэр дэлбэрэлтүүд хазарчуудын эсрэг байв. Нэг халдлага нь тэр үеийн Афганистаны дэд ерөнхийлөгч, мөн Мохакикийн адил баатар Халилигийн эсрэг үйлдэгдсэн болой. Хазаруудын эсрэг хийж байсан алан хядах ажиллагаануудыг тоочин танилцуулах гэснээ болив. Уртаас урт жагсаалт болно. Сүүлийн 15 жилд хазаруудын эсрэг 130 гаруй террорист халдлага гарч, 1000 гаруй хүн алагдаж, 2500 гаруй хүн шархдаж, гэмтэж, эрэмдэг зэрэмдэг болсныг дурдъя. Энд талибануудын их хядлагын тоо ороогүй шүү.

Энэ мэт их зовлон зүдгүүрт өртөж ирсэн хазарчууд боломж л олдвол Монголын төрд ханддаг ч, туслах байтугай, бараг эсэргүүцэн ажилладаг байсан нь харамсалтай. 2001.12.6-нд тэдний зүгээс илгээсэн анхны албан бичгийг төр удтал нуун дарагдуулсан нь яг 10 жилийн дараа л тодорхой болж байсан.
Хазар ахан дүүсийг өмгөөлсөн Монгол дахь анхны акци (2011.10.1) даян дэлхийн хазаруудын сэтгэлийн утсыг хөндөж байж билээ. Фейсбүкэд тавьсан мэдээлэл зуу зуун шейр, коммент, лайк дагуулсан. Олон ч талархал ерөөл, сэтгэлийн үгс бидэн рүү хөвөрсөн дөө. Тэр хэвлэлийн хурал дээр, 10 жил нуун дарагдуулсан дээрх явдлыг дурдаж байсан.

Нэгэн хазар хүн бичсэн захидалдаа: “Хазарууд монголчууд бид нэгэн цустай. Энэ цус бол жаргал ч мөн, зовлон ч мөн. Түүх биднийг хуваасан ч, хазарууд Чингис хаанаараа бахархдаг, харанхуйд Чингис хаан биднийг гэрэлтүүлдэг, энэ гэрэлд салж хагацсан ахан дүүс бие биенээ таньж, ойртон золгох болно. Афганистан, Пакистанд бараг өдөр бүр бидний эсрэг террорист халдлага болж байгаа ч, дэлхийн улсуудын ЗГ-ууд ч, олон улсын байгууллагууд ч таг дүлий. Монгол ахан дүүс маань бидний зовлонг ойлгож, шархыг анагааж байна. Та бүхэн минь бидний гашуун зовлон, гаслант амьдралыг дэлхий нийтэд ойлгуулаарай, хүргээрэй, бидэнд авралыг дөтлүүлээрэй!” гэсэн байв.

Өнөөдөр дэлхий даяар хазарчууд болон монголчууд ахан дүү бололцож байгаа агаад, Монголд л тийм биш байна. Пакистаны Балочистаны сайд асан Мухаммади гэдэг хүн “Хазарчууд монголчуудын арьстны адил төстэй байдал, хамаарал” гэсэн ЭШБага хурал зохион байгуулсан байсан.

Монголчууд 3 хазар оюутны зардлыг нь даан сургаж буй билээ. Үүнд 52 мянган доллар шаардлагатай юмсанж. Хандиваар 16 мянган доллар цугласны 7680-ыг нь английн “Монгол ралли” аяллынхан (монголчуудад тусламж үзүүлдгийнхээ төлөө манай ухвар мөчид хэвлэлийнхэн, хүмүүст маш их хараан зүхэгдэж ирсэн), бусдыг нь 72 хувь хүн, ААН, ТББ бүрдүүлсэн юм билээ. Төрөөс 17,800 доллартай дүйх янз бүрийн тусламж үзүүлсэн ч, 52 мянгад хүрэх мөнгө цуглаагүй л байна. Солонгосын нэг ТББ 20 гаруй хазара оюутан авчраад Монголд сургаж байгаа бөгөөд, үүнийхээ төлөө их төлөв муу л үг дуулж ирэв.

“Mongolia: Afghanistan’s Minority Hazara Students Find Peace in UB” хэмээх, Eurasianet.org-ийн сурвалжлагыг үзэж байсан. Тэнд Анвар Салар (Дай Мирдад, Майдан Вардак) Насим Сахел (Бамиян), Нуржахан Назара (Шаристан, Дай Күнди), Хуссайн Бигзад (Дай Мирдад, Майдан Вардак), Разия Хоссейни (Бамиян), Сажжад (Мазара-и-Шариф), Захра Бахш (Бамиян), Мегдад Салехи (Бэсүд, Майдан Вардак) нарын оюутнууд үгүүлж байв.

Насим Сахел: “Афганистанд хазаруудыг Чингисийн дээрэмчин цэргээс гаралтай гэж хялайдаг. Талибууд хазаруудыг алж хядаж, паштун олонхтой газарруу хүчээр нүүлгэн аваачиж, боолчлуулж уусгаж байсан”,
Захра Бахш: “Хэлний бэрхшээл их байдаг. Монгол үгийг англи руу, англиас перс рүү тольдож байж ойлгох нь цөөнгүй. Гэхдээ энд тайван амгалан, тун сайхан байна. Афганистан хэзээ ч аврагдашгүйгээр хараагдсан орон мэт санагддаг”,

Мегдад Салехи: “Хазарчууд Монголд ямагт итгэл найдлага тавьж ирсэн. Улс маань биднийг хавчиж, боолчилж байхад энд “манай хүн шүү, та нар” гэж хэлж байна, өөрийн хүн шиг хандаж байна, ийм улс байна гэдэг юутай сайхан бэ. Улаанбаатарт байгаа хазар оюутнууд ирээдүйнхээ талаар маш бүдэг бүрхэг төсөөлөлтэй байна. Шинээр буудлага, дэлбэрэлт болсон гэх мэдээг сонсох бүр айж гайхан, юу руу бид буцаж очих гэж байна вэ гэж боддог” гэх зэргээр ярьжээ. Зарим оюутан Монголын иргэн болох хүсэлтээ илэрхийлээд байна.

Дай Күнди мужийн төв Нили, Бамиян мужийн адил нэрт төвийн захиргаа Улаанбаатартай ах дүү хот болох хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хоёр хазар мужийн захирагч нь хүн арддаа эхийн сэтгэлээр ханддаг эмэгтэй хүмүүс байдаг. Саяхан Афганистанаас 5 хүүхэдтэй, бэлэвсэн хазар эмэгтэй бид ер нь яаж амьдрах вэ, авраач туслаач гэж бидэнд хандан бичиж л байсан. Найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх гэсэн хазар нөхөд ирэн очин хөвөрсөөр. Пакистаны агаарын цэргийн маршалл асан Шарбат Али Чангэзи ирэх гэж байна.

Хазаруудыг харж үзэхгүй байж, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирэх гэж манай төр их хүчин чармайлт гаргаж ирсэн гэхэд нэг хүн “Хойд Солонгосын дүрвэгчдийг ад үзэх хэрэггүй байх. Авчрахад юу нь буруудах билээ” гэж коммент бичиж, хэд хэдэн хүн дэмжсэн байсан. Тэгвэл монгол цустай зүстэй гэж адлагдаж байгаа хазаруудад бид яагаад хүмүүнлиг, энэрэнгүй хандаж болохгүй байх билээ. Богд хаант Монгол улсын үед бол ч тэднийг ир ээ л гэх байсан байх. Сэтгэлгээний ялгаа гэж…

ГИХАЭГ-ын урьдын дарга Д.Мөрөн “Монгол улсад 14058 цагаач байж болно. 2076 байгаа. Он гарсаар нэг ч хүнд цагаачийн эрх өгөөгүй” гэж оны дундуур нэгэнтээ ярьж байсан. Цагаачийн эрхийг юуны өмнө монгол туургатан хүмүүс хүсдэг агаад, олон жил хөөцөлдөөд авч чадаагүй өчнөөн л хүн байдаг. Тэдэнд өгч болдоггүй л юм байх даа, 1-рт. Цагаачийн эрх авсан монгол туургатан хүнийг үүнийг бичигч бээр бараг мэдэхгүй юм, юун 2076 цагаач вэ, 2-рт. Үүний зэрэгцээ, монгол туургатан бус хүмүүсийн хувьд сонин процесс явагдаж байна. Нэг барилга дээр ажиллаж байсан 60 хятад ажилчны 15 нь бичиг баримтын зөрчилтэй байгаа нь илэрчээ.

Ингээд албадан гаргах гэтэл бүгд зөрчилгүй бичиг баримттай болсон байж. Ганди сайдад сурвалжлагч: “Монгол туургатан ажиллах хүч авчирч болдоггүй юм уу” гэхэд “Тэгвэл хүний эрх зөрчсөн болно шүү дээ” гэж байв. Монгол төрийн ажиллагаа иймэрхүү л чиг хандлагатай байж ирэв. Британий парламентад хазаруудын асуудлыг хэлэлцсэн. Монголын парламентад хэлэлцэх байтугай, Монгол-Хазарын парламентын бүлэг байж байх ёстой юм. Мэдээж алга аа.

Хазаруудад туслах мөнгө хөрөнгө байхгүй л гэх биз, гэхдээ ядаж Монголд амьдрах зөвшөөрөл олгочихож байгаач ээ, ядаж 14 хоног урьсан уриулсныг нь Аль-Кайда байгаа юм шиг шалгах зэргээр олон чирэгдэл учруулалгүй визийг нь олгочихож байгаач ээ гэмээр. Кабулд Монголын консулын газрыг байгуулах болсон нь яамай даа. Хазаруудын хүсэлт үүнд нөлөөлсөн байж болох юм, гэхдээ 12 жилийн дараа шийдвэр гарлаа, харин хэзээ байгуулахыг заагаагүй болохоор ахин 12 жил ч хүлээгдэж мэднэ.

Хэсэг нөхөд Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэг байгуулна гэж явна. Австрали олон хазар дүрвэгчээ яахаа мэдэхээ болиод янз бүрийн арга сүвэгчилж буй бөгөөд нэг нь Науру арал дээр төвлөрүүлэх төсөл. Хэдхэн мянган хүн амтай, алгын чинээ нутаг дэвсгэртэй энэ арал улс хариуцлагагүй уул уурхайн балгаар экологийн сүйрэлд нэрвэгдсэн. Австрали улсад бүхэл бүтэн улсаараа нүүж ирнэ ч гэх шиг сонин юм яригдаад байдаг. Гэтэл…

III. 13 сая хазарчуудын аль нь бидэнд ойр вэ?

Дэлхий даяар 5-8 сая хазара хүн байна гэдэг ч, хазарачууд өөрсдийгөө 13 сая ч гэдэг. Энэ 5-13 сая хүн цөм Монгол улсад нүүж ирэх гэж байгаа юм байна гэж ойлгож болохгүй. “Хэрэв чингэх аваас монголчууд персийн соёлд уусан алга болно” гэх болгоомжлол ч үндэслэлтэй юм. Хазар хүмүүс биднийг персийн соёлын нөлөөнд автуулахыг хүсдэггүй ч гэсэн.

Хазарачуудад өөрсдийн хайртай эх орон нь буй. Гадаадад амьдрахаас өөр аргагүй боллоо гэхэд, түүхэн нөхцөл байдлуудаас болоод Иран, Пакистан, түрэг орчин, лал орчин, Баруунд амьдрахыг хүсэгчид олонхи.
“Бид нэг ард түмэн” гэж хэлсэн бүхэнтэй санал нийлж, хүлээн зөвшөөрөөд байж болохгүй нь ойлгомжтой. Хамгийн их тэгж хэлдэг Их Дундад улсын үзэл санаатнууд байна. Пантюрк, пантуран үзэлтнүүд байна. Япон, Солонгос байна.

Төв Азийн өмнөд монголоидууд буюу Балба, Энэтхэгийн монголоид угсаатнууд байна. Балбын монголоидууд “Miss Mongol” гэх тэмцээн хүртэл байнга зохиогоод, бид монголчууд шүү л гээд байна. Индонезийн зарим ард түмний төлөөлөгчид тэгж хэлж байна. Тийм шүү гээд л толгой дохиод л байвал монгол үндэстэн дороо замхран арилах болно. Эдэн дундаас хазар, якут, татар, казах, кыргыз, кумык, хакас гээд л маргашгүй ах дүү ард түмнүүд маань буй. Тэгвэл эдэн дундаас, бүрэлдэн тогтноход нь монголчууд гол хүчин зүйл, тэнхлэг нь болж өгсөн, бидэнд хамгийн элгэн дотно ханддаг хазаруудыг л аргагүй онцлон авч үзэхээр байна.

Би монгол гэх хазар хүн олон. Гэхдээ өөрийгөө монгол хүн гэж үзэх төвшин, мөн өөр үндэстэн гэж давхар үзэх төвшин нь янз бүр. Өмнөд монголоид цус, түрэг цус, тажик, паштун, перс цус, мэдээж хэрэг монгол цус, өөрөөр хэлбэл гарвалийн төвшин нь ч янз бүр, үүнтэй уялдаад этно ухамсар нь янз бүр бөлгөө. Тэгэхлээр, мэдээж хэрэг хазар хүн бүр Монголд очоод суучихъя гэж санахгүй нь ойлгомжтой, бид ч үүнийг нь хүндэтгэх ёстой. Нэгэн судлаач, монгол хүний мэдрэмж нь хүчтэй хазар хүн 1 сая орчим, 1/10 нь Монголд амьдарч болно гэх бодолтой, 1/10 нь Монголд суурьшин амьдрах бодот боломжтой шиг байгаа юм гэж үгүүлж байсан. Үүнийг бичигчид бол эл тоо хэт даруу гаргасан шиг санагдаж байна.

Зарим хүн “хазар хазар л гэх юм, моголуудыгаа татаж авъя” гэдэг. Тэр зөв өө, моголчууд гэж онолын хувьд 50 мянган хүн байх ёстой. “Моголчуудтай холбоо тогтоож өг” гэж бид хазаруудаас хүсдэг. Гэвч зарим нь болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг, зарим нь могол гэж байхгүй болсон байх гэдэг. Үнэхээр тэд маань алга болсон шиг билээ. Эрдэмтэн У.Тадао 1950-иад онд тэднийг хайж хайж арайхийн хэдийг олсон агаад, тэр үед л бараг алга болсон байжээ. Тэгвэл түүнээс хойш 60 жил өнгөрчээ.

Монгол үндэстний нэг ястан болох моголчууд нь 20-р зууны эхээр монгол хэлний дундад зууны хувилбараар ярилцаж байж. Харамсалтай нь моголчууд эртнээс угсаа гарваль ойролцоо, гэхдээ түрэг рүү их хэлбийлттэй чараймак (У.Тадао чахар аймаг гэсэн үг байж магадгүй гэсэн) үндэстэнтэй эв түнжин муутай байж, олонтаа дайсагналцан тулалдаж, ялагдаж доройтоод ирэхээрээ паштун нартай холбоотой болжээ.

Ийнхүү нэгэн сүйрэл мөхлөөс аврагдсан ч, өөр сүйрэл мөхөлтэй учирчээ. Моголууд паштун нарт эрчимтэй уусаж эхэлсэн аж. Уусах тусмаа, паштун нарын дургүйцдэг монголоид царайгаа баллах гэж улам тэдэнтэй холилдон сүлэлдэж байжээ. Паштун хүнтэй л гэр бүл болохыг их нэр хүндтэйд тооцдог болжээ. Ингээд л могол хүн олдохоо байсан шиг байгаа юм. Гэхдээ бидний эрэл дуусаагүй. Могол хүнээ ч олно, Монголдоо ч урьж зална.

Харин хазаруудын тухай энэ үгүүлэлдээ тэдний этно онцлогийн талаар үргэлжлүүлэн ярья.Өрнөдөд хазара нарыг зүгээр л шийтүүд, шиа цөөнхүүд гээд байдаг. Бүхэл бүтэн ард түмнийг ингэж үгүйсгэнэ гэдэг бохир улс төрөөс л үүдэлтэй. Гэхдээ шийт шашинтай хүн шууд автоматаар хазара гэгдэн, бүрэлдэхүүнд нь хамрагдчих явдал ч байжээ. Хазаруудыг бид юуны өмнө ах дүү ард түмэн, үндэстэн гэвэл зүйд нийцнэ гэж бодно. Тэд өөрсдийгөө бие даасан үндэстэн, угсаатан, ард түмэн гэдэг болохоос, монголын нэг ястан гэдэггүй. Энэ статусыг нь бид хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой.

Түүхэн, генетикийн, угсаатны зүйн, антропологийн, шашны гээд олон хүчин зүйлүүдийн янз бүрийн цогц нөлөөллүүд хазар үндэстэн доторх ялгамжуудыг үүсгэсэн буй. Монгол цус ихтэй нь буюу монгол хазарууд ч мэдээж хэрэг тэдэн дунд буй бөлгөө. Энэ л монгол хазар “ястныг” бид тодорхойлж, монгол туургатны бүрэлдэхүүнд багтаан авч үзэж болох юм гэж бодож байна.

Нийгмийн зүгээс гарч ирсэн болгоомжлол, шахалт, санаа бодлууд, үндэсний үзэлтнүүдтэй ярилцаж хэлэлцсэн зэрэг маань “монгол хазарууд” гэх чиг баримжааг аажмаар төлөвшүүлсэн болой. Хазар хүмүүсийг Монголд суурьшуулах нь олон талын стратегийн ач холбогдолтой. Нэгийг хэлэхэд л, ирээдүйд Монгол улсад эдийн засаг өсөхийн хэрээр ассимиляцийн аюул учруулах хөрш том ард түмэнтэй антропологийн ижилслээр ойртсоор байж болох агаад, тэгвэл ондоошилд хазарын суурьшил тусална.

Хэнийг монгол хазар гэж үзэх вэ? Энэ асуудлыг анх 2013.1.17-ны хэвлэлийн хурлаар танилцуулсан. Юуны өмнө, хамгийн их аюулд өртөх магадлалтай өндөр эрсдэлийн бүлгийнхнийг авч үзье гэх хүмүүнлиг баримжаа буй агаад, монгол төрх тод байх тусмаа л эрсдэлийн магадлал нь өндөр байгаа юм.
1. Өндөр эрсдэлийн бүлэг 2. Этноменталитет, автодетерминаци 3. Тивийн монголоид төрх 4. Соёлын монгол онцлог 5. Овог аймаг гэсэн зүйлүүдээр монгол хазар хүнийг тодорхойлж болох юм байна гэсэн тойм шалгуур өдгөө бүрэлдээд байна.

Эдгээрт нэмэх хасах, цааш нарийсган тодруулах зэргээр боловсруулалт хийх шаардлагатай. Ямар нэг сөрөг нөлөө гартал дээрх зааг ялгааг эс баримтлан уугуулшуулах явдал байж болохыг ч үгүйсгэхгүй. Түүнээс гадна, тал бүрээр ахан дүүстэйгээ хамтран ажиллахад бол дээрх зүйлүүдийг баримтлах шаардлага төдийлөн үгүй юм.

Ч.Мөнхбаяр

 Чухал мэдээ: Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг.

Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг.

Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр  ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг.

9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй.

Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

 Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг.  Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.  Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг,  агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн  уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик  нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг.  Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж,  гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С  уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол  С 250мг , +12 наснаас дээш бол витамин С  500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний  өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй.  Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү