АЛДАРТНУУДСПОРТ

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНАА ТАХИЧИХЛАА, ОДОО Л МОНГОЛ УЛС ЯГ ХӨГЖИНӨ…

Манай улс жил бүр уул, овоогоо тахиад л байдаг. Гэтэл улс орон маань улам л доройтоод байх юм. Харин Норвег, Япон, Герман, Швейцар, Америкчууд гээд Өндөр Хөгжилтэй Улсууд Их сонин юм аа…

Дээрх дэлхийн өндөр хөгжилтэй улсын иргэд нь ламаар засал хийлгэхгүй, Бөөдөхгүй,  Мөрөө гаргахгүй. Хийморийн сан гэж огт тавиулахгүй. Хадаг модонд уяхгүй. Үсээ засуулахдаа өдөр судар харахгүй. Овоо тахиж сүү өргөж лус савдагаа аргадахгүй. Чононд явж хийморио сэргээхгүй. Хөл гар хүзүүндээ улаан утас бүүр ч зүүхгүй.

Тэр бүү хэл мод хаданд хүслээ шивнэхгүй. Энергийн төв орж энергээ сэргээхчгүй. Аз, аз бурзай бурзай гэж хэлэхгүй. Могойны зураг шейрлэхгүй яаж амьдарч ажиллаад ажил үйлс нь бүтэж баян чинээлэг Тайван Стрэсгүй Амьдраад байдаг юм бол оо, ГЭТЭЛ МОНГОЛ УЛС…

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын
тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайллаа.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ИХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Хүн, байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл арга болж иржээ” гэлээ.

Мөн байгаль эхдээ хүндэтгэлтэй хандан зүй ёсоор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг өнөө цагийн даяаршлын давалгаанд устаж алга болохоос нь сэргийлэн “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн Отгонтэнгэр хайрхан уулын цадиг түүх бол монголчуудын байгаль хамгааллын түүх, төрийн бодлого, хууль цааз хийгээд төрт ёсны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын бүхэл бүтэн цогцолбор жишээ мөн болохыг тодотголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Үүний дараа Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро банчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол номуудыг уншиж мандал өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм.

Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахисан билээ.

Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.

Отгонтэнгэр хайрхан уулын 2021 оны төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд бий.

Монгол Улс байгаа цагт уул овоогоо тахина л гэнэ…

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тахиж шүтэж, уул овоогоо  тахиж ирсэн уламжлалтай. Тэр бүү хэл ус мөрөндөө хүндэтгэл үзүүлж ирсэн түүх бий. Цагийн саалтад  энэ жаяг эвдэгдэж, төрийн тахилгатай хайрхан уулс лицензэд дарлуулж, ус мөрөнгөө бохирдуулж ширгээх болжээ. Монгол Улс байгаа цагт уул овоогоо тахина л гэнэ, гэвч улс орон улам л доройтоод байдаг…

“Зууны мэдээ” сонин өнгөрсөн жил “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” нийтлэл, сурвалжлагаар энэ сэдвийг   хөндөж ирсэн юм. Мөн төр, засгийн зүгээс анхаарал хандуулахыг уриалсан билээ.  Учир нь Төрийн тахилгат 10  хайрхан  дотор нэг ч  хөндөгдөөгүй бүтэн үлдсэн уул үгүй.

Одоо ч олгосон лиценз нь цуцлагдсан эсэх нь эргэлзээтэй, ухсан төнхсөн шарх сорви нь аниагүй газар олон. Ийм байхад  төрийн тахилга утга төгөлдөр болох уу.  Утга бэлгэдэл, дэг жаяг талаасаа ийм байж болдог юм уу  гэдэг талаар бид асуудал дэвшүүлсэн юм.

Саяхан зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тэнгэрийг тайхад биечлэн оролцсон нь манай нийтлэлийн дараа болсон Монголын  төрт ёсны томоохон зан үйл болов. Үүнээс улбаалан нийгэмд янз бүрийн хэлэлцүүлэг ч бас  өрнөв. Зарим нь улс төрийн өнцгөөс шүүмжилсэн бол хувь хүн рүү дайрч давшлах  явдал ч гарсан. Хамгийн гол нь өнө эртнээс, өвгөдийн үеэс уламжлаад ирсэн зан үйлийг болиулах, ёс заншлыг  буруугаар сурталчлах, улмаар  гутаан доромжлох  тал руу хэлбийсэн нь харамсалтай.

Уул хайрханы тэнгэрийг тайх үйл  нь  Монгол түмний  өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг юм. Нөгөөтэйгүүр, Төв Азийн цээжинд  Монгол  хэмээх өвөрмөц онцлогтой, түүх соёлтой орон оршиж байгаагийн  нотолгоо  юм. Тусгаар тогтнолын маань баталгаа юм. Энэ үүднээс мөн утга бэлгэдэл талаас ч  дөнгөж тангаргаа өргөөд байсан шинэ Ерөнхийлөгч Сутай хайрханы тахилгад   элч  төлөөлөгч  илгээх бус өөрөө биечлэн очиж оролцсон болов уу.

Нөгөөтэйгүүр, тахилгын ёслол өмнөхөөс  зохион байгуулалт сайтай болсны дээр эртний уламжлалт ёс заншил руу ойртуулан тууль хайлж, долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга гэсэн олон нийтийг хамруулан хийж ирсэн зан үйлийг хийсэн нь зөв зүйтэй болсныг олон нийтийн зүгээс хэлж байгаа юм. Мөн цаашид анхаармаар зүйлүүд байгааг ч хэлж сануулсан нь цөөнгүй байна.

Тухайлбал,  сутай хайрханы их тахилгын дараа Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн, судлаачдын санаа оноог сайн сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон.

Уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин шог зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан “Улс  тахидаг нэг л уул овоотой байвал яасан юм бэ” гэсэн санааг дэвшүүлжээ.

Ер нь бол тухайн уул овоог төр тахиж байна гэдэг нь   тэр чигт  нь  төрийн хамгаалалтад авсан гэсэн  ойлголтыг  бий болгодог.  Ийм  ч  байх учиртай санагдана. Гэвч  Ерөнхийлөгчийн  зарлигаар дархалсан байхад Засгийн газар нь юм уу, Ашигт малтмал, газрын тосны газар эсвэл БОАЖЯ нь мэдэж эсвэл мэдэн будилж уул уурхайн компанид зөвшөөрөл өгсөн, өөгшүүлсэн  жишээ олон байдгийг Төрийн тэргүүн анхааралдаа авч цаашид судлан нэг мөр болгоно гэж найдна. Сутай хайрханы хувьд  2007 онд Ерөнхийлөгчийн  183 тоот  зарлигаар төрийн тахилгатай болгосон байдаг.

Гэтэл түүний  дараахан  Дарвийн нуруу орчим  дахь нүүрсний том ордын эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компани  Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж  өчнөөн  тэрбум  ам.доллар босгосон нь  ил болж байв. Энэ үеэс Төрийн тахилгат  Сутай хайрханы салбар уулс болоод тэр хавийн газар нутаг  сүйдэх  болсон нь нууц биш.

Удахгүй Отгонтэнгэр хайрханы их тахилга болно. Одоогийн Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайд байхдаа Отгонтэнгэр хайрханд лиценз олгосон асуудлыг гарган тавьж хүчингүй болгуулж байсан юм. Түүнчлэн төрийн тахилгат бусад уул овоонд  лиценз олгосон гэх асуудлыг эцэс болгож, нэгэнт  ухаж төнхсөн бол дэг жаягийн дагуу сэргээн засах, бүрэн бүтэн болгох, тахилгын ёслолыг ном журмаар нь хийхэд

Төрийн тэргүүн анхаарал хандуулаасай. Монгол Улс байгаа цагт, монголчууд мөхөөгүй гэдгийг илтгэсэн төрт ёсны их тахилга үргэлжилнэ. Харин түүнийг улам зөв болгож, дэг жаяг, утга бэлгэдлийг улам төгөлдөржүүлж, зөв болгоход түүхч, судлаачид ч гэсэн  дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах биз ээ.

Ч.Үл-Олдох : Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү