ДЭЛХИЙЗӨВЛӨГӨӨСПОРТ

“ЧАНГА ГАР” ХҮСЭХ, МУХАР СҮСЭГ, ТУЙЛШИРСАН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ НЬ ЭХ ОРНОО ТАМ БОЛГОДГИЙГ АФГАНААС ХАРЦГАА !!!

Өнөөдрийн монголчууд бид гэж нэг л их удирдагч хүссэн хүмүүс. Бидний байж байгаа царай тэр их удирдагч нь тодорвол “чанга гар”-ыг гаргаж ирнэ гэсэн үг. Шулуухан хэлбэл, дарангуйлагч төрүүлнэ гэсэн үг. Ийм улстөрчидтэй, ийм оюун санааны орчинд, ийм сонгогчидтой, ийм нам засагтай улсад ямар гэгээрсэн удирдагч гарч ирэх юм бэ.

Адгийн шаарууд л гарч ирж ард түмний тархийг угаадаг нь дэлхийн түүх, дэлхийн практик шүү дээ. Монголд цаг үе нь өөрөө цөвүүн, зэвүүн байна. Дарангуйлагч хүсээд байгаа хүмүүст зориулж зөвхөн баримт л бичье. Хоёр улсын жишээн дээр.

Дарангуйлагч төрөхдөө эхлээд ард түмэндээ хайр зарладаг юм. Шударга ёсыг цаг үргэлж ярьдаг, бас тунхагладаг, бас хийж үзүүлдэг. Хэзээ ч баян айлын хүүхэд дарангуйлагч болдоггүй гэдгийг энэ дашрамд бас хэлчихье. Ядуусаас, дундчуудын угшилаас дарангуйлагчид төрдгийг олон орны жишээнээс харж байна. Энэ гэхдээ тусдаа сэдэв, дараа бичнэ…

Дарангуйлал хийгээд “чанга гар” шүтдэг хүмүүс дарангуйлалтай нийгэм бий болвол амьдрах аргагүй юм байна гэдгийг дэлхийгээс харж ойлгож байгаа болов уу. Хөршийн жишээ гэвэл Орос орон байна. Өнөөдрийн жишээ Афганистан байна.

Дарангуйллаас зугтахыг оролдох хэдүй ч нэгэнт “хаан” суусан дарангуйлагч нь чирч авчран дарамталсаар байгаа улс орон, ард түмнүүд бий. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг нэгэнт дээш нь гаргаад алдсан дарангуйлагчаасаа салахын тулд ардчилал өндөр хөгжсөн орнуудаас аврал эрэх тэдгээр орны иргэд өрөвдмөөр юм.

Оросыг доромжлох нь тэнэг хэрэг. Харин Оросын муу жишгээс болгоомжлох ёстой. Хойд хөрш маань хорин жил ганц “хаан”-тай байгаа нь өөрөө дэлхий нийтийн болгоомжлол болчихоод байна. Наад захын жишээ, өнөөдөр Оросын Сибирь шатаж байна. Утаа нь дэлхийг бүрхэж байна. Хөрш Монголын нийслэлд өвлийн утаанаас нь хэцүүг авчирч, хойд аймгуудаараа зарим үед амьсгалах аргагүй болж байна.

Алс хол 1000 км зайтай ийм байхад Алс Дорнод, Сибирийн тайга, тэр хавийн ард иргэдийнх нь амьдрах нөхцөл ямар байгаа нь тодорхой. Амьсгалах агааргүй хүмүүс, ан амьтад аргаа барж байна. Ард түмэн нь, бүхэл бүтэн нэг хязгаар нутаг, муж улс нь ийм аймаар болчихсон байхад аугаа удирдагч В.Путин нь Туркэд түймэр унтаарахаар Онцгой байдлын хүчнээ дайчилж байгааг юу гэж ойлгох вэ.

Түүгээр ч зогсохгүй гамшгийн эсрэг ашигладаг нисэх онгоцоо, нисгэгчдээ Туркийн түймэрт алдаж байгааг нь дэлхий харж байна, гайхан шогширч байна. Харин Оросын ард түмэн дуугүй харж байгаа нь гунигтай. Дуугарвал, шүүмжилбэл их удирдагч нь тэднийг шоронд хийж, шонд дүүжилнэ. Манайд одоохондоо ийм үйл явдал болвол Хүк ард түмэндээ зүхүүлнэ.

Дорнодын талд түймэр гарлаа, тэгтэл зэргэлдээ шатаж байгаа Чита мужийн түймрийг унтраа гээд онцгойн албан хаагчдыг нисгэвэл бид эрх баригчдыг тэр дор нь барьж иднэ. Гэхдээ энэ эрх чөлөө яг өнөөдөрхөндөө байгааг, удахгүй хумигдах зам дээрээ гарсныг ойлгож ухаарах цаг одоо болжээ, бас анхааруулах байна. Ковидын хатуу хөл хорионы үед халдвар өдөрт 10-аар тоологдож, нас баралтгүй тэсч байлаа, Монголын ард түмэн.

Тэгсэн гуравдугаар сарын 1-ний өдөр нь эрх баригч МАН-ын 100 жилийн түүхэн ойн өдөр, энэ их баярын эхлэл байх ёстой… гэж эрх баригч нөхөр тунхаглаад, улмаар МАН-ын цагаан байранд өдөрт 100, 100-гаар хүмүүсийг цуглуулж намын ойн медаль, 100 мянган төгрөгийг бэлэглэснээр өвчин зад тавьсан юм. Өдөрт 10 байсан халдварын тохиолдол намын байрнаас нь нэг өдөрт 34 илэрснээр замаа алдаж, эрх баригч ноён бүгдийг амаа хамхих тушаал буулгасан билээ.

Амаа мэдэхгүй бол хоолноосоо сална шүү гэж төрийн албан хаагчдад хатуу анхааруулав. Залгуулаад хаан суух хүслээ гүйцээж Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Ингээд хөөрхий өнөөдөр Монгол Улс цар тахалдаа живж байна даа. Нэг намын тогтолцоо, нэг хүний дарангуйлал, их удирдагч, “чанга гар” Монголд төрж эхэлсний нэг тодорхой жишээ энэ. Ийм “чанга гар”-ууд дээш ахиад дарангуйлагч болдог зүй тогтолтой.

Энэ зүй тогтлын жишээ өнөөдөр үргэлжилсээр байна. Хүний нийгмийн муу үйлдлийг улаан гараараа хийсэн, барууны ардчиллыг зүхдэг, ардчилсан үзлийг доог тохуу болгодог, хүний эрхийг уландаа гишгэчдэг хөдөлгөөний тэргүүн, нутаг чигийн нэг нөхрийг телевизүүдийн камерын өмнө суулгаж, хэвлэлийн хурал хийлгэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн залуус руу чиглүүлэн “Та нарыг тасчиж хаяна, гэмтээж бэртээнэ, эрэмдэг зэрэмдэг болгоно” хэмээн заналхийлгүүлсэн нь, түүнийг нь өнөөх чөлөөт хэвлэл гэх телевизүүд нь уралдан дамжуулсан нь ямар нийгэм рүү, хэн авч яваагийн нэгэн тод илэрхийлэл юм.

Ямар удирдагчид төрж байгаагийн амьд дохио гэж болно. Арай ч ийм эрээ цээргүй заналхийлэлд монголчууд өнөөдрийг болтол орчихоогүй явсан юм. Алс хол гэж боддог Аль Кайдагийн мэдэгдлээс “Ингэж хүнийг заналхийлж болдог юм байх даа” гэж бодож сууцгаасан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр өөрсдөд дээр минь ирчихсэн байна.

Үнэндээ ийм л байж болохгүй, үүнээс л болгоомжлох, ардчиллаа хайрлах хэрэгтэй. Ингээд л эхэлбэл, хүчирхийллийг тунхаглаад, нийгэмд дэврээгээд эхлэх юм бол эцэстээ бид яг өнөөдрийн Афганистан болно. Ардчиллын үнэт зүйлс байхгүй нийгэмд юу болдгийг тэндээс харж байна. Уг үндэс, үзэл бодол, хөгжил цэцэглэлт, амьдрал ахуй юу байдгаа Шарайтын хуульд даатгасан Талибан хөдөлгөөн энэ улсад ноёрхлоо сая тогтоолоо.

Дэндүү харгис, хатуу хуультай, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн талибуудаасаа амжиж зугтахын төлөө афганчууд иргэний, цэргийн нисэх онгоцны буудлуудад горьдлого тээж, үүдэнд нь хонон өнжин, өөрсдийг нь авч явахыг гуйж, ямар нэг найдвар төрөхийг нүдээ ширгэтэл хүлээн сууж, түүнийхээ төлөө амь тэмцэн зүтгэж байгааг дэлхий харж байна. Монголчууд харж, үзэл бодлоо сүүлийн өдрүүдэд маш их илэрхийлж байна.

Монголчуудын дийлэнх нь тэдгээр афгануудыг нэлээд дорд үзэх маягтай шүү. Афганчууд чинь яасан бүдүүлэг харанхуй улс вэ гэх монголчууд цөөнгүй байна. Гэтэл тэднийхээ нэгэн адил болох зам дээрээ гарчихсан яваагаа, тэднээсээ нэг их дээрдэх юмгүй ёс суртахуунтай, харанхуй бүдүүлгүүд болчихсноо мэдрэхгүй явна. Бид арай ч тэдэн шиг биш ээ гэж хэлэх хүн олон байна. Гэхдээ тийм нийгэм тогтоход тун ойрхон байна гэдгийг ойлгож ухаар.

Энэ олон янзын шашны зан үйлээ хар. Эрх баригчид нь тэр чигээрээ Монголынхоо баруун талд ч гарч овоо тахиад, зүүн талд ч давхиж овоо тахисан хүмүүс. Улстөрчид, боловсролтой гэгддэг хүн бүхэн нь том том машин, том дээл хөөрөгтэй, уул жалгандаа мөргөөд, сөгдөөд, сөхөрч уйлаад, тэнгэр рүү харж хашгираад, улс орноо даатгаад… заримдаа ер нь юу болоод байгааг ойлгоход бэрх болчихоод байна. Тэд эрүүл байна уу, би эрүүл байна уу гэж өөрийгөө чимхэж үзэх үе байна.

Эсвэл энд тэнд баахан суварга босгоод, өндөр намаар нь уралдуулаад, тэр ринбүүчи, энэ хамба… гэж хөөрцөглөх. Эцэстээ миний бие мунхаг болохоороо “Эрлэг Номун хаан” гэж буруу сонсоод нэгэн том эрдэмтэнд алгадуулах шахлаа. Тэгсэн зүгээр Номун хан гэдэг цолыг Чойжамц гуайд олгосон юм билээ.

Заавал нэг урдаа нэртэй Номун хаан байдаг шиг санагдаад “Эрлэг Номун хаан цол юм уу” гэж асуугаад Монголын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэх тэр том эрдэмтэнд айхавтар аашлууллаа шүү дээ. Шинжлэх ухааныг басамжлах үзэгдэл газар авсны тодорхой нэг жишээ нь тэрхүү намайг аашилсан Шинжлэх ухааны докторын хандлага юм болов уу даа гэж сэтгэнэ.

Дээр нь энэ бөхөө шүтэж дуусдаггүй яацарсан ард түмэн бэ. Архангайн аймгийн Засаг даргыг огцруулаад улсын харцага цолтой, алдарт бөх М.Батжаргалыг томиллоо гэнэ үү. Монголын үүц уурхай, хөгжлийн түүчээ болсон Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Сэддоржийг томиллоо гэнэ үү. Анхдагчдын өлгий Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Ариун-Эрдэнийг сонголоо гэнэ үү, Нийслэлийн Засаг даргаар улсын аварга сонгосон гэнэ үү… Монголчуудын энэ бүх хандлага биднийг Талибан руу явуулж байна аа.

Барууны ардчилал, шинжлэх ухааны ололтууд, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн харилцаа… бүгд шавар шавхай руу явж байна. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Афганистан яг л ийм замаар жирийлгэсэн. Бүтэн 20 жил тэднийг засах гэж АНУ үзээд эцэстээ тэднийг орхилоо.

Америкчуудыг орхиод гарснаас ердөө 10 хоногийн дараа Афганистаны нийслэлийн төвд толгойгоо битүүлж, нүүрээ нууж явсангүй гэх шалтгаанаар 22-хон настай бүсгүйг гэгээн цагаан өдрөөр, талибанчууд толгой руу нь буудан хороолоо. Манай бүсгүйчүүд тэнд очих юм бол бүгдээрээ буудуулах юм байна. Одоо тэнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байхгүй болсон. Үргэлжлүүлээд тэнд хүний эрхийн ямар олон чухал асуудлууд шашных нь хуулиар зохицуулагдаж, ард түмэн нь нохой мэт амьдрахыг цаг хугацаа харуулах биз.

Үүнээс үхтэлээ айсан ард иргэд нь зугтаж, дайжиж байна. Гэвч санаан зоргоор хүссэн хүн бүрийг цагаачлан зугтаалгах зай Америк, Английн цэргийн онгоцуудад олдохгүй байна. Их Британийн Засгийн газар нийт 20 мянган афган дүрвэгч хүлээн авна гэж амласан ч энэ онд ердөө 5000 хүн л авах боломжтойгоо зарлалаа.

Гэвч тэр тоонд орохын тулд боломжгүй гэмээр бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай учир иргэдийн найдлага үнэхээр тасарлаа. Эцэстээ аргаа барсан афганчууд нялх үрээ ч болов аврахын тулд хашаа давуулан орхиж, цэргүүдийг авч яваад сайн хүн болгоосой хэмээн залбирч, амьдын хагацал, хэцүү сонголттой нүүр тулсныг дэлхий нийт харж, тэдний өмнөөс уйлж байна.

Элэг эмтрэм энэ үйл явцыг Английн сэтгүүлч Рустам Вахаб цахим хуудсаараа дэлхийд эхэлж хүргэв. Юу болж байгааг ч ойлгохгүй бүлтгэнэсэн алаг үрсээ афган аав, ээжүүд хашаа давуулан шидэж, цэргүүдэд өгөөд явуулж байгааг шүү дээ. Нисэх буудал дээр ажиллаж буй нэгэн ахлах офицер “Байдал үнэхээр аймшигтай байна.

Аргаа барсан ээжүүд нялх хүүхдээ хашаа давуулан шидэж, хүүхдийг нь сайн хүн болгохыг биднээс хашгиран гуйж байна. Зарим хүүхдүүд хашаа давж чадалгүй өргөст торонд зоогдож байна” гэж ярьжээ. Энэ одоо тамын нийгэм биш үү, энэ одоо өөрсдийнхөө мууд, мунхагт бий болгосон хувь заяа биш үү.

Тэднийг тавлах ёс суртахуун байх ёсгүй, тэдэнд дэлхийн улс орнууд туслах ёстой. Мухар сүсэг, хэт туйлширсан үндсэрхэг үзэл, сэтгэл зүй нь тогтворгүй ард түмэн өөрсдийгөө яаж хүнд байдалд оруулдгийг, удирдагчдаа, улстөрчдөө ухаалаг сонгохгүй бол улсаараа хэрхэн шороо үмхдэгийг Афганаас бид харлаа, тэднээс сургамж авах ёстой. Монголчууд бидний хандлага, хийж буй үйлдэл бүхэн тэдний нийгэмтэй төстэй, зарим талаар тэдэнтэй яг адилхан явж байна шүү…

Б.НЯМАА : ӨДРИЙН СОНИН

  Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү