АЛДАРТНУУД

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Л.НЯМСҮРЭНГИЙН БЭЛДСЭН СУРАГЧИД НЬ БҮГД ЭЕШ-Д 800 ОНОО АВЧЭЭ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болж, багш, сурагчдын сэтгэл сая нэг юм амрав. Гар утас авч орох гэж оролдсон, авч ороод баригдсан, өөрийнхөө өмнөөс хүн оруулахыг завдсан гээд олон хоржоонтой үйл явдал энэ өдрүүдэд болжээ. Эдгээр сурагчид шалгалтын оноогоо хүчингүйд тооцуулж, хөлс хөдөлмөрөө өөрсдөө үгүй хийцгээв. Харин нөгөө талд хичээл зүтгэлээрээ манлайлж, 800 оноо авсан сурагчид олон бий.

Жилийн жилд 800 оноо авсан сурагчдыг алдаршуулдаг ч тэднийг бэлтгэсэн багш нарыг ярилгүй орхидог тал бий. Эгүүр.мн сайт математикийн хичээлээр бэлтгэсэн дөрвөн сурагч нь 800 оноо авсан нэгэн багшийг онцоллоо. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш Лувсан-Очирын Нямсүрэн ярьж байна. Математик, физик, орос хэлний хичээлээр ЭЕШ өгч, орос хэл, физикийн хичээлээ 100 хувийн гүйцэтгэлтэй хийж байсан тэрбээр МУИС-ийн онолын математикийн ангид орж байжээ.

Түүнийг онцлох болсон шалтгаанаа нэмж тодотгох нь: 2021 онд математикийн хичээлээр нийт 25,078 хүүхэд шалгалт өгснөөс 26 хүүхэд 800 оноо авсан. Тэдний зургаа нь Хөвсгөл аймгийнх. Уг зургаан сурагчийн дөрөв нь Л.Нямсүрэн багшийн шавь юм.

“БИДЭНД ҮҮНЭЭС ИЛҮҮ БОЛОМЖ БАЙСАН”

-Нэг багшийн бэлтгэсэн дөрвөн сурагч 800 оноо авч, Элсэлтийн Ерөнхий Шалгалтад ар, араасаа дараалж, жагссан тохиолдол ховор. Та түүх бүтээлээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэж, ийм сайхан хүүхдүүдтэй учирсандаа баярлаж байна. Энэ амжилтыг гаргахад тухайн сурагчийн чадвар, багшийн, эцэг эхчүүдийн хичээл зүтгэл, сургуулиас барьж байгаа зөв бодлого нөлөөлсөн.

–ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан дөрвөн сурагч ямар мэргэжлээр сурч, ямар хүн болохыг зорьж байгаа бол? -Нэг нь математикийн багш болно гэсэн. Харин гурван шавь маань инженер болохоор зорьж буй.

-Үүнээс илүү үр дүн хүлээж байсан байх. Ер нь хэчнээн сурагчаа дээгүүр жагсаж, амжилттай оролцоно гэж таамаглаж байв? -Нэлээд хэдэн хүүхдийг амжилттай оролцоно гэж бодож, харж байсан. Бидэнд үүнээс илүү боломж байсан. Яах вэ, нэг удаагийн шалгалтаар хүүхдийн ур чадвар сайн үнэлэгдэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол чамлаж болохгүй амжилт. Баяртай байна. Багш болсныхоо хэргийг гаргалаа.

“СУУРЬ НЬ САЙН ТАВИГДСАН БОЛОХООР АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН”

-Таны бэлтгэсэн бусад сурагч хэр амжилттай оролцсон бэ? -Манай сургууль арванхоёрдугаар ангийн таван бүлэгтэй. Би хоёр бүлэгт нь л хичээл ордог юм. Миний хичээл ордог ангиас нийт 41 хүүхэд ЭЕШ өгсөн. 13 сурагч 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байж, өндөр оноо авсан. Манай сургууль математик, физикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Тиймдээ ч сургалтын чанараа сайжруулахын тулд жил бүр ЭЕШ-ын дундаж оноог бодож гаргадаг. Өмнө оны дундаж оноо 692 байсан. Энэ жилийн дундаж, 704 болж, өссөн үзүүлэлттэй байна.

-ЭЕШ-ын оноо гарах үед шавь нартайгаа хамт байж, баяр, догдлолыг нь хамт хуваалцсан л байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эргэн санабал?

-Оноо нь гарахыг хамт хүлээгээд, догдлоод л сууж байтал Н.Лхагвасүрэн, Э.Баярнэмэх, О.Баярцогт, Т.Алтанцэцэг нар 800 оноо авсан гэж гарч ирсэн. 100 хувийн гүйцэтгэлтэй оролцсон Н.Лхагвасүрэн маань олимпиадаар аравдугаар анги төгстлөө бэлтгэгдсэн хүүхэд. Р.Доржзовд багш бэлтгэж байсан юм.

Мундаг сурагчид болохоор их итгэж байсан. Хүүхдүүд маань ч өөртөө итгэлтэй байсан болохоор нэг их сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй. Шавь нар маань шалгалтаа өгч, гарч ирээд “Таны авдаг шалгалтаас хөнгөхөн, амархан байна. Гайгүй хийчих шиг боллоо” гэж хэлцгээсэн. Би яг ямар материал орж ирснийг мэдэхгүй. Харин шавь нар маань хоорондоо бодлогын хариу, алдаа оноогоо ярьцгааж байсан.

-Шавь нар нь “Таны авдаг шалгалтаас амархан байсан” гэсэн аж. Та чухам ямар ном, сурах бичиг барьж, авч ажлуулдаг байсан бэ?

-Ямар сэдвийг давтах шаардлагатайг долоо хоног бүр сорил авч мэдээд математикийн багш нартайгаа хамтарч бодлого зохиож бодуулна. Мөн тестийн номууд, өнгөрсөн онуудын ЭЕШ-ыг бодуулдаг байсан.

-Энэ жилийн ЭЕШ цар тахлын хүнд цаг үед болсноороо онцлог байлаа. ЭЕШ өгөх сурагчдад ямар байдлаар давтлага өгч байсан бэ?

-Сүүлийн хоёр жил өглөөнөөс орой хүртэл компьютер ширтлээ. Цахим хичээлээ орохын тулд эхлээд бэлтгэнэ. Хоёр цаг цахимаар хичээл орчхоод дараагийн ангидаа орох хичээлээ бэлтгэх гэж бүх л өдөржин сууна. Бодлогынхоо хариуг нэг бүрчлэн гаргаж, шалгалт сорилоо бэлдэнэ. Багшид бол илүү цаг гэж байхгүй юм билээ. Хичээлээ заагаад, хүүхдүүдээсээ сорил л авч байсан. Хүүхэд болгонтой онлайнаар харилцаж, бодлогынх нь хариу болгоныг тулгана. Нэмэлтээр давтлага өгч чадаагүй. Сурагчид хичээлийн үеэр ойлгохгүй байгаа юмаа ний нуугүй асуудаг байсан. Бид ч аль чадахаараа чадахгүй байгааг нь анзаарч, зааж өгсөн. Гэхдээ цар тахлын хүнд цаг үе таарсан ч сурагчид маань ЭЕШ-аа амжилттай өглөө. Суурь нь сайн тавигдсан болохоор амжилттай оролцсон байх.

-Та суурийг нь тавьсан уу? -Нэг ангид нь зургадугаар ангиас нь хойш хичээл зааж байгаа. Харин нөгөө ангид нь орж байсан багш шилжиж, арваннэгдүгээр ангиас нь эхлээд би орж буй юм.

“ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН БАЙГААРАЙ..”

-Өмнө нь энэ жилийнх шиг олон хүүхэд ЭЕШ-д амжилттай оролцуулж байсан тохиолдол бий юу?

-2017 онд миний хичээл зааж байсан ангиас хоёр хүүхэд 800 оноо, нэг хүүхэд 797 оноо авч байсан. Тэгэхээр энэ жил дөрвөн сурагч маань 800 оноо авсан нь багш мэргэжлээр ажилласнаас хойш гаргасан том амжилтуудын маань нэг, яахын аргагүй мөн.

-Амжилт гаргаж, мөрөөдлийн зүг ниссэн шавь нартайгаа холбоотой байдаг уу? -Зарим нь холбоотой байдаг. Үе, үе ярина. Зарим нь Японд тэтгэлгээр сурч байна. Мөн зарим нь Монголбанканд ч ажиллаж байна. Эхнээсээ ажил, амьдралын захад хүрцгээсэн.

-Шавь нар нь ЭЕШ амжилттай оролцож байгаа нь багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Та заах арга барилын “нууц жор”-оосоо хуваалцаач?

-Би их азтай хүн. 2006 онд сургуулиа төгсөөд удаагүй, залуухан багш “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд орсон. Энэ сургуульд орж, настай мундаг багш нартай хамт ажиллаж, маш их юм сурсан. Мөн залуу багш нараасаа ч их суралцаж байна. Явцын дундаа бага, багаар туршлага суугаад л.

Яах вэ, миний бэлтгэсэн сурагчид амжилттай оролцож буй нь сайн оношилж байгаатай минь л холбоотой байх. Заасан хичээлээр мэдлэг олгож чадсан эсэхээ оношлох шалгалтыг ойр ойрхон авдаг. Ер нь сурагчдаа сайн оношилж чадахгүй бол багш юу заахаа мэдэхгүй. Би өөрийгөө оношилгоогоо л сайн хийдэг гэж боддог. Долоо хоногт хоёр удаа байнга шалгалт авдаг. Тэгээд хэн нь юу ойлгоогүйг, юуг дутуу ойлгосныг мэдэж авдаг. Үүнийхээ дагуу тухайн хүүхэдтэй тулж ажилладаг. Ер нь тэр болгоныг багш хүн анзаарахгүй өнгөрч болохгүй. Мэдрэх л хэрэгтэй.

Залуу багш нартаа хандаж хэлэх санаа гэвэл, оношлохоос гадна үнэлгээ их чухал. Хэт өндөр үнэлэх нь хүүхэд нь сайн байгаа гэсэн буруу ойлголтыг эцэг, эхэд нь өгч, хүүхдэдээ анхаарал тавих нь багасах сөрөг талтай. Муугаар хэлбэл багш нар шавь нарыгаа, эцэг эхчүүдийг хуурамч дүнгээр хулхитаж байгаа хэрэг. Мөн доогуур үнэлэх нь хүүхдийн урам хугалж, хичээлээ хийх сонирхолгүй болгох зэрэг сул талуудтай. Бодит дүн л хүүхдэд хэрэгтэй. Иймд тааруу дүнг муу багш болчих вий гэж айлгүйгээр өгөх ёстой бол өгч байх л зөв байдаг. Өрсөлдөөн дунд хүүхэд сайн хөгждөг.

Мөн хүүхдээ бага ангиас дунд анги руу шилжих үе болох 6, 7-р ангид нь хоцрогдлыг нь маш сайн анхаарч нөхөж өгдөггүйгээс хүүхдийн хоцрогдол лавширч үеийнхнээсээ тасарч эхэлдэг. 6, 7-р ангид математикийн суурь мэдлэг нэлээн тавигдана. Мөн хүүхдээ математикийн онолын түвшинг нэлээн сайн эзэмшүүлж байя гэвэл В.Адьяасүрэн багшийн сурах бичгүүдийг хэрэглүүлж байвал зүгээр санагддаг.

-Шавь нартаа юу гэж захиж, зөвлөдөг вэ? -“Мэдлэг чадвар бол яах вэ. Сургалтаар эзэмшчихнэ. Хамгийн гол нь хүн байгаарай л” гэж хэлдэг дээ.

-Та түүх бүтээж яваа багш хүн. Ирэх жил математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад зориулж зөвлөгөө өгөөч. Тэд яг юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Дараа жил ЭЕШ өгөх сурагчид сайн бие дааж юмаа хийхгүй бол цаг үе хүндхэн байна. Хичээл танхимаар тууштай орно гэдэг бас эргэлзээтэй байх шиг байна. Тиймээс цагийг аль болох үр бүтээлтэй л өнгөрөөгөөрэй гэж зөвлөмөөр байна. Өөрийгөө хөгжүүлээд сурч, чадвал боломж чиний гарт бий. Багшийгаа битгий хүлээ, өөрөө бие дааж сур.

Тэрбээр “Бурханы ерөөлөөр уулзаж, учирсан хүүхдүүдээ амьдралын захад хүргэчих юмсан гэсэн хүслээр зүтгэж байна” хэмээж, бидний ярилцлага өндөрлөв. Ажил амьдралынхаа гарааг өөрийн өсөж, төрсөн нутгаас эхэлж, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийг улсад данстай сургууль болгоход гар бие оролцож яваа Л.Нямсүрэнг та бүхэнд танилцууллаа.

Эх сурвалж : Эгүүр.мн

 Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү