АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөхөн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулснаар АН эвлэрнэ

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Харин энэ сард улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор илэрхийлэх ёстой.

Тэгвэл тус сонгуульд МАН болон АН-аас хэн нэр дэвших вэ гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэнгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай байгаа аж.

Мөн С.Эрдэнэ, М.Тулгат нарын тэргүүлж буй, албан ёсны гэх АН-аас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Л.Гантөмөрийг нэр дэвшүүлэх талаар яригдаж эхэлсэн байна. Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөж магадгүй байгаа аж.

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хуулиараа есдүгээр сарын 10-ны өдөр нэр дэвшигчид тодрох юм.

Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодроод эхэлчихлээ. Нөхөн сонгуульд оролцохоор МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна.

Нөхөн сонгуулийн төсөв хоёр тэрбум 287 сая төгрөг. УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ-д хоёр сул орон тоо гарсан билээ.

Энэ удаагийн сонгууль улс төрийн нөлөөллийн хувьд онцгой гойд холбогдолгүй ч намууд өнгөө тодорхойлох цаг үе. Ялагдсан намынхан даагаа нэхэж, ялсан намынхаа ялалтаа баталгаажуулах гээд тун чиг завгүй гүйж байгаа аж. Нөхөн сонгуульд МАН, АН, ХҮН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлыг татаж буй.

Нөхөн сонгуулиас өмнө нэр дэвшигчдээ тодруулах гээд намууд дотроо түнжин муутай байгаа гэнэ. Намын томчууд өөрсдийн хүнээ хүч үзүүлчих санаатай дээр доороо оролцож байгаа юм байх. Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын хувьд хоёр тойргоо алдчихгүй гэж хэрэндээ л хичээж байгаа нь тодорхой. Тиймдээ ч нөхөн сонгуульд аль тойрогт хэнийг дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн нам дотор нь нэлээд хүчтэй өрнөж эхэлсэн байна.

МАН-аас нөхөн сонгуульд ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Хэнтий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар нэр дэвшихээр яригдаж байгаа аж.

Харин Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Н.Энхбаярын хүү Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар хүч үзэх талаар дуулдаад эхэллээ. МАН-ын удирдлагууд Н.Энхбаатар, Ж.Сандагсүрэн нарыг нэр дэвшүүлэхээр эцэслэсэн гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөх гэж МАХН-ыг МАН-тайгаа нэгтгэсэн. Үүнийхээ хариуг нөхөн сонгуулиар барих гэж толгойгоо гашилгаж байгаа бололтой.

Тэрээр Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг дэвшүүлнэ гэх тохироо МАХН-аас дэмжлэг авахдаа хийсэн гэдэг. Харамсалтай нь, намын гишүүд нь Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй байгаа аж. 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д хоёр суудал авсан аваагүй кнопны тоонд төдийлөн өөрчлөлт орохгүй.

Мэдээж, өөрийнхөө тойргийг бусдад алдах хүсэл хотын дарга Д.Сумъяабазарт байхгүй нь лав. Тиймээс гарын хүнээ зүтгүүлж яваа гэх. УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг харахад МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж мэдэхээр байгаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар өнгөрсөн 30 жилд авч байгаагүй бага санал авсан АН-ынхан өнөөдрийг хүртэл эв зүйгээ олоогүй л явна. АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, тогооноосоо хальсан нь сонгууль бүрт ихээхэн тушаа болох нь. Нөхөн сонгуульд АН амжилттай оролцох эсэх нь мөн л эв нэгдлээс хамаарна. АН өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн алдаагаа дахин давтахгүйн тулд дотоод эв нэгдлээ хангаж, хамтарч оролцох хүсэлтээ О.Цогтгэрэлийн талынханд хүргүүлсэн.

Гэвч энэхүү хүсэлтийг О.Цогтгэрэлийн тал ойшоогоогүй гэнэ лээ. Хоёр даргатай, хоёр тамгатай тэд дахиад л хоёр удаа Сонгуулийн ерөнхий хороонд санал хүргүүлэх бололтой. Ийн АН-ын хэрүүл дахиад эхлэх нь. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын генсек асан Ц.Баатархүү, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар яригдаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Г.Очирбат нарыг дэвшүүлнэ гэх таамаг бий.

Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигчид тодорхойгүй байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нөхөн сонгуульд хүч үзнэ гэх мэдээлэл бий. АН-ын хагарлын гол эзнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэдэг. 2020 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын нэр дэвшигчдийг баривчлан шоронд хийсэн нь МАН-д тун ашигтай туссан. Экс Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйгээсээ болоод сонгуульд ялагдсан тухай АН-ын дарга асан С.Эрдэнэ ч хэлж байсан удаатай.

Хэрэвзээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшихийг хоёр тал хүлээн зөвшөөрч сонгуульд ялалт байгуулснаар АН эвлэрнэ. Цаашлаад Х.Баттулга УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж бодоход АН-ын дарга ч болох магадлалтай. Гэхдээ энэ бүхнийг эрхээ хасуулж шоронд суусан АН-ын хэсэг бүлэг гишүүд зүгээр хараад суухгүй болов уу. Нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Одоо АН-ыг нам биш бүлэглэл болгосон экс Ерөнхийлөгчийн дэвших эсэхийг харах л үлдлээ.

Угтаа нөхөн сонгуулиар АН цаашдаа улс төрийн нам байх уу, зад үсрэх үү гэдгийг шийднэ. АН учраа олохгүй бол нөхөн сонгуулиар өмнөх сонгуулийнхаа түүхийг давтаж, суудалгүй үлдэж мэдэхээр байна. Тэд дахиад хагарал тэмцэлтэйгээ нөхөн сонгуульд оролцвол дахиад ялагдал хүлээнэ. Хоёр хуваагдсан хэвээр нөхөн сонгуулийн барааг харвал, өнгөрсөн сонгуулийн үр дүн давтагдахад гайхах зүйлгүй.

ХҮН хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН 30 жилийн түүхтэй АН-аас илүү амжилттай оролцсон. ХҮН гуравдагч хүчин болж чадсан эсэхээ бодитойгоор харах боломж бол нөхөн сонгууль. Тиймээс тэд өмнөх эрх хүчээ алдахгүй, зөв хүнээ нэр дэвшүүлж чадвал нэг суудлаа гурав болгох боломжтой юм.

Бусад жижиг намуудын хувьд АН, МАН-ын санал хуваах төдийгөөр өрсөлдөх байх. Ямартаа ч намууд бие халаалтдаа орцгоосон байна. УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөн бусад намынхан одоогоор нам гүмхэн байгаа ч гуравдагч хүчин болж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэвч өмнөх жишгээрээ МАН, АН-ын нэр дэвшигчид олны анхаарлыг татсан хэвээр байна. Энэ удаагийн нөхөн сонгууль сонголттой сонгууль болж мэдэх нь.

Б.Номин-Эрдэнэ : Өдрийн сонин

ТИЙМ ЭЭ, АМЬДРАЛ БАЯН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ТАНЫ МОНГОЛ УЛСЫН

ТӨЛӨӨ ХИЙСЭН БҮХЭНД ТАНЬ ТАЛАРХАЯ…

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа. Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө. Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа.

Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан. АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан. Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно.

Монгол Улсын төрийн тэргүүнээр дөрвөн жил ажилласан Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн ярилцлагадаа “АМЬДРАЛ БАЯН” гэж хэлнэ лээ. Үүнийг дурдахын учир нь, улс төрийн тогооны ширэм циклийн дагуу улайсч, хурц үйл явдлууд өрнөж байсан 2012 оны дөрөвдүгээр сард түүнээс УИХ-ын гишүүнийх нь хувиар ярилцлага авах үед АМЬДРАЛ БАЯН гэх энэ үгээ хэлж байсныг тодотгох гэснийх.

Тухайн үед хэвлэлүүдийн бичиж, нийтэлж байсан нийтлэг өнцгийг харвал “Х.Баттулга намдаа, улс төрд ганцаардаж байна”  гэхчлэн бичсэн нь давамгайлдаг.

Тэгвэл есөн жилийн дараа буюу өнөөдрийн тухайд ардчилсан нийгэмд  “тогтмол” эрх мэдэл үгүй гэдгийг харуулан, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөх цаг болсон байна.

Өнгөрсөн дөрвөн жилд төрийг тэргүүлсэн Х.Баттулгын Мөрийн хөтөлбөрийн гол цөмийг харвал “Эх оронч Ерөнхийлөгч” байна гэсэн агуулга байдаг. Бүрэн эрхийн хугацаандаа гол анхаарал хандуулсан асуудлуудаа “Гадаад бодлого, Төмөр зам, Оффшор, Шударга ёс, Ахмадын зээлийг тэглэхэд чиглэсэн” гэж өөрөө хэлсэн байсан.

Түүний үйл ажиллагаанд алдаа, онооны аль аль нь л бий.  Үндсэн хууль болон бусад 70 гаруй хуулиар эрх мэдэл, үүрэг хариуцлага нь зохицуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхийн тулд олон асуудлыг хөндөж, уудлах хэрэгтэй.

Хэдий тийм ч шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, хуучин Ерөнхийлөгч албан ёсоор явахын өмнө нэр бүхий эрхмүүдээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлттэй үдэж байгааг нь асууж, тодруулснаа хүргэе. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй утсаар холбогдон, асуухад Монгол Улсын төрийн тэргүүний дөрвөн жилийн үйл ажиллагааны талаар ярихад их олон зүйл ярих хэрэгтэй болно гэдгийг онцолж байсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайн, муу гэж ганц хоёр үгээр хэлэмгүй байна. Ер нь бол сайн ажилласан. Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа.

Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө. Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа.

Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан. АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан.

Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно. Ганц нэг үгээр хэлэхэд хүмүүст итгэл үнэмшил ойлголт төрөхгүй л дээ. Сүүлийн үед сонгуулийн өрсөлдөөнөөс болоод, төр  дээд талдаа задарлаа л даа.

Ардын нам УИХ-д 60 гаруй суудлыг эзэлж байгаа нөхцөлд хэт давамгайлал гаргахгүй байх, улс орныхоо эрх ашгийг ухааруулах үүднээс төсөвт хориг тавьсан. Энэ нь та нар буруу юм хийж байна шүү гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. 2020 оны сонгуулиас хойш УИХ Ерөнхийлөгчийн санаа бодлыг харгалзахгүй, дураараа аашилж байна. Өөр асуудал л байх л даа” гэсэн юм.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров эрхмээс  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар асуухад,  “Би соёл, урлагийн чиглэлийн онолын судалгааны хүн учраас улс төр, эдийн засгийн, геополитикийн том дүгнэлтүүдийг хийх нь надад ч зохихгүй, хүмүүс ч үнэмшихгүй” хэмээсэн.

Тэрбээр хэлэхдээ “Х.Баттулга дөрвөн жилийн хугацаанд, хуулийн хүрээнд, Ерөнхийлөгчийн үүргийг зохис ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Өнөөдөр тийм алдаа гаргасан, хөгжлийн түлхүүр  асуудлуудыг шийдсэн гэж хэлэх бол эрт. Бид өнөөдөр  Чингис хаанаа ч сайн үнэлж чадаагүй, 800 жилийн өмнөхийг ч ялгаж, салгаж чадаагүй байна. Тэгэхээр ойрхи  цагийн Ерөнхийлөгч нарын бүх зүйлийг дүгнэхэд цаг хугацаа хэрэгтэй.

Өнөөдөр Ерөнхийлөгч гараад л, өчигдрийн Ерөнхийлөгч сайн байж, муу байж гэх нь дэндүү сэтгэлийн хөөрлөөр хандсан асуудал болно. Миний ажигласнаар, Монголчууд бид 20 дугаар зуунд, өөрийнхөө уламжлалт ухамсар, ахуйгаас айхавтар хөндийрсөн. Гадныхныг их дуурайдаг болсон. Тэгэхээр соёлын талаас нь аваад үзвэл Монголыг, монгол хүний хүсэл мөрөөдлийг монгол болгоход их хичээсэн. Тэр нь ч манай нийгэмд нөлөөлсөн гэж бодож байна.

Монгол болгохын төлөө зүтгэж, Монгол бичгийг телевизээр заав. Х.Баттулгаас мянга дахин илүү гоё бичдэг, мянга дахин илүү дүрэм мэддэг, хэлний мэргэжилтнүүд байна. Гэхдээ ямар утга байна вэ гэхээр 21 дүгээр зуунд Ерөнхийлөгчөөсөө эхлээд Монгол хүн Монгол байх ёстой гэсэн үг хэлж байгаа юм.

Ийм учраас Монгол хүн байхыг би өөрөө үлгэрлэх ёстой гэж үзэж. Хүүхдүүд тойруулж суулгаж байгаад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж байна. Энэ бол хүүхдүүдэд хичээл заах гээд байгаа юм биш, ерөөсөө л орчин цагт технологийн болон хөгжлийн бүхий л ололтуудыг гаднаас авахдаа гагцхүү Монгол байж л авч чадна шүү гэдгийг хэлээд байгаа юм.

Монгол хувцсаа  өмсөхөд ч гэсэн шууд үлгэрлэж байгаа. Монгол дээлээ элдэв юмгүйгээр өмсчихөж байгаа юм. Гудамжинд ч нэг сайхан эр ингээд явж болно. Наадам дээр ч ийм энгийн сайхан хувцастай хүн явж болно.

Төрийн тэргүүн ч тэд нар шигээ  л явж болно, ялгаатай юм байхгүй ээ гэж харуулж байгаа юм. Х.Баттулга уран цэцэн яриа хөөрөөтэй хүн биш, сэтгүүлч, орчуулагч, гүн ухааны мэргэжилтэн биш. Мань хүний хэлж ярьж байгаа үг нь ардын үг л байгаад байгаа. Ардын гэдгийг би хашилтад хийж, хэлж байна.

Ерөнхийлөгч бол тусгай хүн биш, өөр хүн биш. Ерөнхийлөгч бол орчин цагийн Монгол хүний нэг л байх ёстой. Энэ бол явж явж эцсийн эцэст оффшорын хэдэн төгрөг оруулж ирснээсээ үнэтэй шахуу эд байхгүй юу.

Ерөнхийлөгч болсны дөрвөн жилийн дараагаар хэчнээн сайхан залуучууд кэттэй ч бай, пүүзтэй ч бай монгол дээлээ өмсөөд сонгууль өгөөд байгаа биз. Энэ чинь мөнгөнөөс илүү үнэтэй зүйл байхгүй юу. Монгол хүний оршин тогтнохын  дархлаанд юм хийж өгч байгаа юм” гэж байр сууриа хуваалцлаа.

Тийм ээ, АМЬДРАЛ БАЯН, Ерөнхийлөгч өө