АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.ГАНБАТ: ОЛОН САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ АВДАГ БОЛОВСРОЛЫГ СУМЫН СУРГУУЛИУД ОЛГОЖ БАЙГААГ ЭЕШ-ЫН ДҮНГЭЭС ХАР

Б.ГАНБАТ: ОЛОН САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ АВДАГ БОЛОВСРОЛЫГ ОРОН НУТГИЙН СУРГУУЛИУД ДУТАХААРГҮЙ ОЛГОЖ БАЙГААГ ЭЕШ-ЫН ДҮНГЭЭС ХАРЖ БОЛНО. ЖИШЭЭЛБЭЛ ЗУРАГ ДЭЭРХ ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Л.НЯМСҮРЭНГИЙН БЭЛДСЭН СУРАГЧИД НЬ БҮГД ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН ЮМ.

( Зураг дээр: ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Л.НЯМСҮРЭН ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН ШАВЬ НАРЫН ХАМТ )

МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийм дэд профессор Б.Ганбат Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын дүнг үндэслэн аймгуудыг байр эзлүүлж сонирхолтой судалгаа гаргажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-ЭЕШ-ын эхний таван байрыг орон нутаг тэргүүлсэн байна. Та энэхүү жагсаалтынхаа талаар дэлгэрүүлэхгүй юү?

-ЭЕШ-ийн дүнг гаргахдаа би медиан оноо (дундаж оноо) ашигласан. Аливаа юмыг эрэмбэлэхдээ ашигладаг оноо л доо. Бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг. Голын оноо буюу медианыг бодохдоо 101 хүүхэд шалгалт өгөхөд 51 дэх хүүхэд хэдэн оноо авсан юм бэ гэдгээр дундаж оноог тодорхойлно.Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим аймгууд байр урагшилсан үзүүлэлттэй байхад зарим нь буурсан харагдаж байна.

Тухайлбал, Архангай аймаг өнгөрсөн жилийнхээс долоон байраар ухарсан бол Багануур долоон байраар урагшилсан байна. Хамгийн өсөлттэй нь буюу 12 байраар урагшилсан нь Баянхонгор аймаг. Хамгийн их байр ухарсан нь Өмнөговь аймаг. Өмнөх жилүүдэд тус аймаг маш сайн өсөлттэй байсан ч энэ жил олон байраар ухарсан үзүүлэлттэй байна. Мөн Сүхбаатар аймаг байна. ЭЕШ-ын чанар буурсан нь цар тахалтай холбоотой байж ч болох юм. Говьсүмбэр, Хөвсгөл аймаг өмнөх жилээс есөн байр ахиулсан байна.

-Тогтмол сайн үзүүлэлттэй ямар аймгууд байна вэ?

-Өвөрхангай, Дорнод аймгууд тогтмол амжилт үзүүлж байгаа. Мөн Орхон аймаг сайн үзүүлэлттэй байсан бол энэ жил найман байраар ухарсан байх жишээтэй. Ер нь Өвөрхангай, Дорнод, Орхон, Багануур тогтвортой амжилттай оролцдог. Гэхдээ өнгөрсөн жил Багануур нэлээд ухарсан үзүүлэлттэй байсан ч энэ жил сайн дээшилсэн байна.

-Улаанбаатар сүүлээсээ гуравт бичигдсэн. Тэгэхээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудаас илүү боловсрол олгож байна гэсэн ойлголт нийтийн дунд төрөөд байгаа. Ингэж ойлгох нь зөв үү?

-Медиа оноогоор харахад яалт ч үгүй орон нутаг Улаанбаатараас илүү үзүүлэлттэй байна. Орон нутаг дотроо арай нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй байгаа юм. Сумд нь, аймгийн төв нь ямар байна гэдгийг бүр нарийвчилж гаргах ёстой. Харин хот дотроо дүүрэг, хороогоор нь нарийвчлах хэрэгтэй. Нэгдүгээр сургууль, Хоёрдугаар сургууль ямар оноо авсан гээд задлаад ирэхээр тодорхой болно.

-Энэ мэдээлэл Боловсролын үнэлгээний төвд уг нь гарчихсан байгаа биз дээ?

-Гарчихсан байгаа. Гэхдээ бидэнд хамаагүй нарийвчилсан мэдээг өгдөггүй. Сургууль хариуцсан багш хүсэлт тавьсан тохиолдолд харж болдог юм билээ. Миний хувьд ЭЕШ-ын дүнгийн ерөнхий листийн ил тавьсан мэдээллийг харж жагсаалт гаргасан.

Уг нь мэдээллийг нээлттэй болгоод хүмүүс олон талаас нь харж дүгнээд нарийвчилсан мэдээллийг хийж хаанаа тааруу байна, тэнд сайжруулалт хийх ёстой шүү дээ. Нөгөө талаас нийслэл дундаа захын хорооллын дүүргүүдийн үзүүлэлт маш муу байна. Хөдөө сумын сургуулиас дор орчин нөхцөлтэй сургуулиуд захын хорооллоор зөндөө бий. Юун сайн боловсрол олгох гал түлж сургуулиа халаадаг, гадна жорлонтой гээд асуудал мундахгүй газар их.

Нийслэлийн төв рүү сургалт сайтай сургууль мэдээж бий. Гэхдээ нийтэд хүрэлцээтэй биш учраас нийслэл нийтээрээ муу үзүүлэлттэй гарч байгаа юм. Боломжтой хүмүүс нь хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгч хол ч байсан машинаар зөөдөг.Үүнийг юунаас харж болох вэ гэхээр сурагчдын амралт эхлэхээр хөдөлгөөн буурч, хичээл орохоор хөдөлгөөн нэмэгддэг. Нэг талдаа үүнийг буруутгах аргагүй. Боломж нь байвал хүүхдээ сайн сургуульд сурахыг л бодно шүү дээ.

Б.Ганбат багшийн нарийвчилан гаргасан жагсаалт

-Тухайлбал, 1, 11 дүгээр сургуулиудад сургалт сайтай гэж эцэг, эхчүүд өндөр хахууль өгч хүүхдээ оруулдаг гэдэг. Гэтэл ЭЕШ-д өнөөх сургуулиудын сурагчид орон нутгийг давж гарч ирэхгүй байна уу даа гэсэн нийтийн хардлага үүслээ?

-Надад өнөөх яриад байгаа нарийвчилсан мэдээлэл байхгүй болохоор таамгаа хэлье. Хэрвээ нарийвчилсан мэдээлэлтэй бол сургуулиар нь ямар үзүүлэлттэй байна гэдгийг олон нийт шууд харчих байхгүй юу. Нэг, 11, 23 дугаар сургуулиуд ЭЕШ-д сайн оролцсон байх. Гол нь захын сургуулиудын сургалтын чанар муу байгаа учраас нийтээр нь доош дараад байгаа болов уу. Гэхдээ орон нутгийн сургуулиуд яалт ч үгүй сайн гэдгийг бид харлаа шүү дээ.

Лаборатори сургуулиуд, Кембирижийн хөтөлбөртэй сургуулиуд яагаад сайн байх ёстой юм гэхээр сайн хүүхдүүдийг шилээд авчихдаг. Яг олимпийн систем шиг багаас нь тамирчдаа шигшиж аваад тусгай бэлтгэл хийхээр мэдээж өндөр амжилт үзүүлнэ. Гэтэл тэр алслагдсан суманд байгаа хүүхэд яаж ч бэлтгэл хийгээд шигшээ багийн тамирчин шиг болохгүй. Энэ чинь л боловсролын тэгш бус байдал. Тиймээс багаас нь сайн хүүхдүүдийг шигшиж аваад тусгай хөтөлбөрөөр бэлтгэчихсэн дээрх сургуулийн хүүхдүүдийн амжилт өснө үү гэхээс хэзээ ч буурахгүй нь тодорхой шүү дээ.

-Эндээс харахад хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлье гэвэл бараг сайн сургалттай аймаг руу нүүмээр ч юм шиг санагдах юм. Та ч энэ талаар сэтгэгдэлдээ тусгасан харагдсан?

-Өвөрхангай, Дорнод гээд тогтмол амжилт үзүүлдэг аймгууд байна. Хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгнө гэж хэдэн саяар нь мөнгө төлж, түгжрэлд стресстэж цагаа үрэхээр бараг орон нутагт зарлага багатай, амгалан тайван орчинд сургах зүгээр ч юм шиг. Хүүхдийн сургалтад орчин нөхцөл маш их нөлөөлдөг.

Тэгэхээр 30, 40 саяар сургуульд сургах уу, хөдөө орон нутагт ялгаагүй боловсролыг зардал багатай олгох уу гэдгийг бас бодох л хэрэгтэй. Англи хэлний дээд оноог орон нутгийн сурагчдаас олон хүүхэд авч чадаж байна шүү дээ. Товчхондоо олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд, сумын сургуулиу дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно. ЖИШЭЭЛБЭЛ ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Л.НЯМСҮРЭНГИЙН БЭЛДСЭН СУРАГЧИД НЬ БҮГД ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН байна.

-Жилд өчнөөн саяар нь төлж англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг авдаг. Гэтэл орон нутгийн сургуулийн захын нэг багшийн бэлдсэн хүүхдүүд дөрөв, таваараа математикийн хичээлийн дээд оноог авсан байсан. Тэгэхээр сайн боловсролыг үнэтэй сургуулиас илүү чадвартай багш л олгодог юм байна. Тийм үү?

-Боловсролын систем гэж юу юм бэ гэдэг чинь энэ. Ганцхан сайн багш орчиндоо маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Сайн багш нараас суралцах ёстой. Гэтэл хотын захын сургуулиудын зарим багш нар “Манай сургууль угаасаа муу” гээд сэтгэл гаргаж ажиллахгүй, сурагчдыг зөнд нь хаячихдаг. Бид багш нарыг чадваржуулах ёстой.

Боловсролыг жигд түгээх ёстой. тусгай хөтөлбөрөөр ялгаж сургахаас илүүтэйгээр багш, суралцагч хоёрыг аль алийг нь сайжруулах ёстой. 20 жилийн өмнө бид бараг гар утас гэж мэддэггүй байлаа. гэтэл технологи үсрэнгүй хөгжөөд өнөөдөр гар утасгүй, интернэтгүй хүн үгүй. Юм ингэж хурдацтай хөгжиж байхад манайхан багш нараа хөгжүүлэх, чадваржуулахаа орхигдуулчихсан. Хуучны арга барилаараа яваад байна.

-Багш, суралцагч хоёрыг зэрэг сайжруулахын тулд яах ёстой юм бэ?

-Манайхан багшаа сургая гэхээр хотоос нэг багш аваачиж семинар хийдэг. Аймагт байрлуулахын тулд буудал, хоол унд гээд зардал гаргадаг. Түүнчлэн сумдаас багш нараа цуглуулж авчирна гээд асар их үнэгүй зардал гаргадаг хэрнээ үр дүн муутай. Тэгвэл одоо цахим системийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Цахим сургалтыг дутагдалтай гэдэг ч ололттой тал үүнээс их.

Харин танхимын сургалтад дутагдалтай тал бас бий. Тухайн хичээлийг орж буй багшийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаардаг. Танхимаар хичээл орж байгаа үед багш хичээлээ цагтаа багтаахын тулд заагаад дуусгана уу гэхээс сурагчдын асуултад нэг бүрчлэн хариулах, харилцан ярилцах боломжгүй байдаг. Энэ бол сул тал. Тэгвэл цахим, танхим хоёрыг хослуулах хэрэгтэй.

Ингээд ирэхээр нэг сайн багшийн хичээлийг хүүхэд ч үзнэ. Багш ч үзнэ. Аль аль нь сайжирна. Иймэрхүү байдлаар бүгдээрээ зэрэг сурах ёстой. Танхимд байгаа багш цахим сургалтын дутагдалтай талыг нөхнө. Сурагчдын асуултад хариулна, даалгавар өгнө, шагална. Үнэгүй зардал гаргаж семинар хийх байдлыг халах хэрэгтэй.

-Ер нь ЭЕШ-ын чанарын үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн үү, буурсан уу?

-Нэгдсэн байдлаар харахаар буурсан үзүүлэлттэй байна. Яг одоогийн байдлаар хичээл бүрээр нарийвчилж гаргахаар сууж байна. Жишээлбэл, математикийн хичээлийн голч оноо энэ жил 22. Өнгөрсөн жил голч нь бараг 23 оноо байгаа. Өмнөх жилийнхээс математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн чадвар буурсан байна гэж ойлгож болно.

-Боловсролын чанар улсын хэмжээнд буураад байна л гэсэг үг биз дээ?

-Тийм. Нөгөө талдаа хүүхдүүд хангалтгүй оноо аваад байгаа нь шалгалтын материал чанаргүйжиж байгаатай холбоотой. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг хооронд нь харьцуулж үзээд түвшинг тодорхойлж, сул байвал чанаржуулах хэрэгтэй.

-Энэ жил хими, физикийн шалгалт өгсөн хүүхдийн тоо болоод онооны үзүүлэлт бараг зэрэг өссөн үзүүлэлттэй гэж байсан. Сүүлийн хоёр жил эмчийн мэргэжлээр сурвал төрөөс төлбөрийг хөнгөлнө. Ер нь цаг үетэй холбоотойгоор эмч мэргэжил эрэлттэй байгаа нь нөлөөлсөн байж болох уу? -Магадгүй. Яг энэ талаар холбогдох судалгаа хийж үзээгүй болохоор шууд тэгсэн гэж хэлэх боломжгүй. Эмч мэргэжил эрэлттэй, ажлын байр ихтэй юм байна гэсэн ойлголт үүсч болно.

-ЭЕШ өгсөн хүүхдүүдийн оноог бодохдоо хэмжээст оноо гэж яриад байгаа. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэмжээст оноо медиан буюу дундаж оноо хоёр ялгаатай юу?

-Хэмжээст оноог болих хэрэгтэй. Энэхүү оноог хэвийн тархалтаар гаргадаг. Хэвийн тархалтад зориулаад хийчихээр хэмжээст оноогоор хэвийн юм шиг харагдана. Хэвийн юм шиг харагдуулж хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулна. Гэтэл медиан буюу дундаж голч оноогоор нь аваад үзэхээр тэс өөр. Их сургуулийн босго хангаж байгаа хүүхдийн хэмжээст оноо 400 гэх юм бол монгол хэл, математик 400 л байна.

Яг медианаар нь аваад үзэх юм бол зөрүүтэй. Тиймээс хэмжээст оноо гэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй. Зөвхөн анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсан гэдгээр л бодох хэрэгтэй. Их, дээд сургуулийн хэмжээст онооны доод босго оноо 400 гэж байгаа. Яаж тогтоодог гэхээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 15 хувийг их, дээд сургуулиудад оруулахгүй л гэсэн босго.

Түүнээс юу мэддэг нь сонин биш. Энэ жил 40 мянган хүүхэд шалгалт өгсөн бол 85 хувь буюу 34.000 хүүхэд сургуульд орно л гэсэн үг.Өнгөрсөн жил ойролцоогоор 12.000 хүүхэд ЭЕШ өгсөн. 85 хувь гэхээр 10.200 хүүхэд сургуульд орсон гэсэн үг. Тиймээс хэмжээст оноогоо болиод голч оноогоо л өсгөх талаар бодох хэрэгтэй.Яагаад медиан оноог гаргаад байгаа юм гэхээр жишээлбэл, нийгмийн хичээлийнх 60 орчим, математикийнх 20 орчим ингээд харахаар нэгнээсээ бараг гурав дахин зөрүүтэй.

Манай багш нарын зорилго бол медиан оноо буюу голын оноогоо л өсгөх. Хичээлүүдийг юугаар нь сайн, муу гээд ялгасан гэхээр өндөр медиантайг нь сайн, бага медиантайг нь муу гэсэн байгаа. Бага медиантай нь математик, хими, физик, англи хэл. Орчин үед бүх мэдээллийг англи хэлээр авах боломжтой байхад бид англи хэл дээрээ муу байна. Эх орноо хөгжүүлье гэвэл байгалийн шинжлэх ухаан буюу математик, физик, химийн медианыг өсгөх ёстой. Тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирээд байгаа шалтгаан, зорилго маань энэ голч оноог л дээшлүүлэх. Голч оноо дээшлээд ирэхээр хүүхдүүдийн мэдлэг сайжирч байна гэсэн үг.

Эх сурвалж :  Ярилцсан ДАВААНЯМЫН ДАВААСҮРЭН : ӨДРИЙН СОНИН