АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Ч.Мөнхбаяр: Хазар Монголчууд шиг халуун сэтгэлтэй хүмүүс Монголд гай тарихгүй шүү дээ хүмүүс ээ

Афганистанд байгаа Хазар үндэстнүүдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн өндөр албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлсэн хэсэг иргэдийн нэг, сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтэн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-Та болон нэр бүхий иргэд, ТББ-ууд хамтран Афганистанд байгаа Хазарчуудыг Монгол улсад авчрах асуудлаар төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ нь цахим орчинг нилээн талцуулаад авсан. Тэгэхээр яагаад ийм санал гаргах болов гэдгээс яриагаа эхлэе?

– Одоогоос яг 20 жилийн өмнө, 2001 онд би “Өдрийн сонин”-д “Хазарачууд гэж хэн бэ?” нэртэй нийтлэл хэвлүүлж байлаа. Тухайн үед АНУ-ын хоёр өндөр барилгад халдсаны дараа антитеррорист гэж ажиллагаа явагдаж байсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газар терроризмын эсрэг энэ ажиллагаанд идэвхтэй оролцмоор байна гэдэг хүсэлт гаргаж байсан юм.

Тухайлбал агаарын орон зайгаа антитеррорист үйл ажиллагаанд ашиглуулах, шархадсан хүмүүсийг сувилах болон орогногч, дүрвэгсдийг байрлуулж болох юм гэж байлаа. Энэ үед УИХ-ын зарим гишүүд “Хэтэрхий илүү юм ярьсан байна” гэж Н.Энхбаярыг зэмлэж байсан. Энэ асуудлаас үүдээд би хэрэв Монгол Улс орогногч, дүрвэгч авмаар байгаа бол Хазара Монгол ахан дүүсээ авсан нь дээр байх гэж бичиж байлаа. Яг энэ үзэл санаагаа 20 жил ярьж явна.

10 жилийн өмнө 2011 онд террорист үйл ажиллагаа гарахад мөн Хазара Монгол ахан дүүсээсээ зохих хэмжээгээр хүлээж авбал яасан юм бэ? гэж ярьж л байсан. Нийтдээ 30 орчим Хазара оюутан Монголд суралцсан байдаг. Үүнийг хүмүүс талархаж хүлээж авч байсан. Ер нь манай иргэд Хазара түмнийг зохих хэмжээгээр хүлээж авч болох юм гэдэг нэгдмэл байр суурьтай л явж ирсэн.

Энэ асуудал дээр иргэд цахим орчинд олон зуугаараа намайг дэмжихээ илэрхийлж байна. Хэвлэлийн хурал хийхээс өмнө энэ асуудлыг дэвшүүлэхэд мянга мянгаараа дэмжсэн сэтгэгдэл бичиж, түгээж байсан. Ийм учраас бид итгэлтэйгээр үүнийг ярьсан. Гэтэл дараахан нь тодорхой зохион байгуулалттайгаар миний эсрэг хөлсний бичээчдийг ажиллуулсан гэж хардаж байна.

Би шинжлэх ухааны, хууль эрхзүйн үндэстэй, эрүүл саруул зүйл ярьсан. Монгол Улсын Засгийн Газраас удаа дарааллан ярьж байсан асуудлыг хөндсөн. Өмнө нь Монгол Улсын Засгийн Газар Хойд Солонгосоос дүрвэгчид авна гээд, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Налайх дүүрэгт дүрвэгчдийн байр барих ажил хийж байсан. Монгол Улс түүхэндээ Шинжаанд гарсан үймээнээс дүрвэсэн олон Казак иргэдийг авч байсан.

Хэдийгээр тэднээс Казахстан руу олон тоогоор явсан ч өнөөдөр 100,000-аас их хүн Монголд байна. Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулаад, Монгол Улсын тусгаар тогтнолыг цусаараа хамгаалж, хамтдаа нэгэн хувь заяаг бүтээж байгаа. Энэ хүмүүс Монголын нийт хүн амын 3-4 хувийг л эзэлж байгаа шүү дээ. Мөн ОХУ-д гарсан үймэн самуунаас зугтаж ирсэн Буриадын түмэн өрхийг хүлээж авч л байсан.

Түүнчлэн Өвөрмонголоос 1910, 1920, 1930, 1940-өөд онуудад цувралаар дүрвэгчид хүлээж авч байсан. Энэ бол олон мянган хүний тухай асуудал. БНМАУ-ын иргэд болох 30,000 орчим өрх Өвөрмонгол руу дүрвэж байсан. Цагийн байдал гайгүй болох үед эргэж ирж байсан. Өөрөөр хэлбэл иймэрхүү асуудлууд манай Улсын түүхэнд байсан юм.

Тийм ч учраас манай ард иргэд үүнийг байдаг л асуудал гэж тайвнаар хандаж ирсэн. Харин хөлсний бичээчид бол бүгд үг нь адилхан, гурван зүйлээс бүтсэн үгийг л бичиж байгаа. Нэгдүгээрт, Өөрийгөө яая гэж байж гэсэн утгатай байна. Хоёрдугаарт, Түүгээр явсан гайг үүгээр дуудаж хэрэггүй гэж байна. Гуравдугаарт, Намайг цээртэй хараалаар харааж байна. Бодит байдал дээр ингэж хагаралдаад байсан зүйл байхгүй болов уу? Энэ нийгмийнхээ зөв зүйтэй зүйлийг, зөв зүйтэй хүмүүсийг хараан доромжилдог эдгээр хөлсний бичээчдийг надтай адил хараалгаж, хохирсон хүмүүстэй нийлж цагдаагийн байгууллагад өгч, шалгуулж, байхгүй болгохоор тэмцэнэ гэж бодож байгаа.

-Таны хэлсэнчлэн зарим иргэд “түүгээр явсан гайг үүгээр дуудах хэрэггүй” гэж бичиж байна. Нийтлэлч Баабар хүртэл: “Чингисийн цэрэг орж ирэхэд хазарчууд шууд Монголын талд орсон. Энэ бол 800 жилийн өмнө болсон явдал. Түүнээс өөрөөр хазар нь Монголтой ямар ч холбоо хамаа байхгүй. Ялангуяа цус нөжний хувьд. Хазарын хаант улс Чингисээс 600 жилийн өмнө оршин байсан.” гэсэн байсан? Хазара нарын үүх түүх үнэхээр бидэнтэй холбоотой юу? холбоогүй юу?

– Баабар гуайн бичсэн зүйл бол нэг хувь хүний л үзэл бодол шүү дээ. Каспийн тэнгис орчимд байсан Түрэг угсааны үндэстэн Хазарын хаант улс гэж байсан. Дээдэс нь Иуда шашинтай хаант улс. Энэ хаант улсаас Ашкенази гэж ярьдаг, өнөөдрийн Еврей үндэстэн гарсан. Ийм түүхтэй ард түмэн байсан. Бидний ярьж байгаа Хазара Монголчууд гэдэг нь Төв Азийн царай зүстэй, бидэнтэй төстэй овог аймгууд байсан. Дэлхийн гайхамшиг болсон Буддын баримлыг босгосон, Буддын шашинтай ийм ард түмэн байсан.

Монголын их байлдан дагуулалтын үед Персэд очсон Монголчууд маань ижил төстэй царай зүстэй учир ураг их барилдсан. Дайн тулаанд эрчүүд голдуу явдаг байсан учраас тухайн нутгийн эмэгтэйчүүдтэй ураг барилдаж, цус холилдоод, тархай бутархай, нэг үндэстэн болж тогтоогүй байсан овог аймгуудыг Монгол гэсэн нэгэн нэрийн дор нэгтгэсэн.

Тэгээд тэр хүмүүс өнөөдөр Монгол гэдэг ухамсар, сэтгэлтэй, өөрсдийгөө Чингисийн байлдан дагуулагчдын үр хойч гэж үздэг, бахархдаг, оюун санааны ертөнцтэй болчихсон. Соёлын хувьд биднээс ялгаатай ч сэтгэл нь нэг гэж хэлж болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цус гүйж байгаа хүмүүс. Баабар гуайн хувьд түүхч хүн гэхэд тухайн ярьж буй зүйлээ мэдээгүйн улмаас харамсалтай алдаа хийж гэж бодож байна. Аливаа эзэнт гүрний хувьд өөрийн эзлэн сууж байсан улсынхаа иргэдийг харж үздэг, эзэнт гүрний хариуцлага гэж бий. Франц, Английн эзэнт гүрнүүд тийм бодлого явуулдаг. Монгол Улс бас эзэнт гүрэн байсны хувьд эзэнт гүрний хүүхдүүдээ жаахан ч гэсэн харж үзэх мундаг сэтгэлгээ байж болох л зүйл юм.

-“Монголоо хайсан Монгол” төслийг 10 орчим жилийн өмнө сэтгүүлч М.Буянбадрах тэргүүтэй хүмүүс хэрэгжүүлж, Хазара оюутнуудыг Монголд тэтгэлэгтэйгээр сургаж байсан. Энэ талаар та яриандаа бас дурьдлаа шүү дээ. Энэ төсөл, үйл явц зогссон гэж сонссон?

-“Цахим өртөө” гэж ТББ санаачилж, гурван Хазара оюутныг сургах ажлыг хэрэгжүүлж байсан. Д.Сайнбаяр, М.Тулгат зэрэг залуус энэ ажилд нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Мөн МУИС-ийн сэтгүүлчийн ангид хамт сурч байсан М.Буянбадрах дүү маань “Монголоо хайсан Монгол” төслийг хэрэгжүүлж, Монголын бүс нутгуудаар явж, цуврал нэвтрүүлгүүд хийн, Монголчууддаа Монгол ахан дүүсээ таньдаг болоход нь их хувь нэмэр оруулсан шүү дээ.

М.Буянбадрахын маань ажил Хазарачуудад найртай сайхан хандахад их үүрэг гүйцэтгэсэн. “Тасам” ТББ-ын тэргүүн Ц.Санчир гэж бүсгүй, мөн Н.Болормаа гэж сэтгүүлч бүсгүй Хазарад очиж сурвалжлага бэлтгэж хийх зэргээр их олон хүн Хазара түмнийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний эсрэг хөлсний бичээчид жоохон зайд адилхан хараал бичлээ гээд нөлөө байхгүй. Харин ч өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ.

-Та Хазара хүмүүстэй одоо ямар нэгэн харилцаа холбоо байдаг уу? Хазар нар өөрсдөө Монголчуудын талаар ямар бодолтой байдаг юм бол?

-Монголд ирж, суралцаж байсан Хазара хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан. Тэдний халуун сэтгэлд үнэхээр итгэж үнэмшсэн. Тийм халуун сэтгэлтэй хүмүүс Монголд гай тарихгүй. Харин ч түүгээр яваа гайг үүгээр бүү дууд гэж байгаа хүмүүс Монгол туургатны нэгдэж нягтрах, олуулаа болж хүчирхэгжих, нээлттэй болох энэ боломжийг хааж, өөрсдөө гай болж байна. Бас өөрсдийгөө яая гэж байж гэх хүмүүс байна.

Энэ хүмүүс эх орноо гэсэн сэтгэлгүй, өөрсдийнхөө төлөө зүтгэдэггүй, үндэстэн гэсэн сэтгэлгээгүй хэр нь манай улс олон сая гадаадын иргэдийг байгалийн баялгаараа тэжээж байгаа шүү дээ. Өөрсдийгөө яая гэж байж гадаад иргэдийг тэжээж байгаадаа санаа зовдоггүй. Тэгсэн хэр нь тус болж магадгүй, цус нэгтэй хүмүүсээ гай гэж хардаг. Тэднийг хүлээж авахгүй гэж байгаа нь өөрсдөө л жинхэнэ гай гэдгийг хэлмээр байна.

Зөвхөн Монголд байсан төдийгүй АНУ зэрэг орнуудад байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Мөн хүний эрхийн талаар хурал, зөвлөгөөнд явж байхдаа ч нүүр тулан уулзаж байсан тохиолдлууд ч зөндөө бий. Намайг төр засагт хэлээд олон сая хүнийг авчрах гэж байна гэж гүтгэсэн. Би тийм зүйл огт яриагүй. Бүх зүйл эрүүл ухаанаар, хуулиар, бодит байдлаар шийдэгдэнэ. Эрүүл ухаан гэдэг нь хүн төрөлхтний бие биедээ туслах энэрэнгүй үзэл юм.

Дэлхий даяараа террорист халдлагад өртөж буй энэ хүмүүст тусалья гэж ярьж байна. Энэ бол гэм нүгэл биш буян. Манай Улсын төсвийн бодит байдал ганц хүн аваад ч тэжээж чадахгүй ядмаг байдалтай байна. Өөрсдийн иргэддээ халамж олгохдоо хүртэл гаднаас зээл авч олгож байгаа шүү дээ. Тийм олон дүрвэгч авья гэж хүссэн ч боломж байхгүй нь манай бодит байдал.

Хууль эрхзүйн хувьд гадны иргэн нь хүн амын хэдэн хувиас хэтэрч болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Мөн дээрээс нь Монгол Улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй учраас, тэднийг бүр мөсөн авах хууль эрхзүйн боломжтой этгээд биш. НҮБ-ын болон гадны санхүүгийн тусламжаар дүрвэгчийг түр орогнуулах ганц боломж бий.

Цөөн тооны гадны дүрвэгч тухайн хүнийг эцсийн хүлээж авах улс нь тодортол манайд түр хугацаагаар оршин суудаг. Энэ хүмүүс нь НҮБ-ын санхүүжилтээр байдаг юм. Өвөрмонгол, цөөн тооны Хойд Солонгос, ганц хоёр Уйгар, Бангладеш хүмүүс байж л байдаг. Нийтдээ 10-аас хэтэрдэггүй юм. Тийм учраас Монгол Улсын хувьд гадны санхүүжилтын дор цөөн тооны хүнийг л байлгаж болох хуультай, боломжтой. Энэ учрыг ойлгох хүмүүс ямар нэгэн аюул гэхгүй дэмжиж хүлээж авсан. Харин миний үгийг гуйвуулж, гүтгэн доромжилж байгаа хүмүүсийг би гайхаж байна. Энэ нь гэмт хэргийн чанартай зүйл юм.

-Ер нь Монгол үндэстэн бол түүхийн үр дүнд өөр өөр улс орнуудад маш их хуваагдсан үндэстэн шүү дээ. Та Монгол туургатны чиглэлээр олон жил тууштай судалж, уугуулшуулах тухай хууль хүртэл санаачилж явсан хүн. Тэгэхээр Хазара нарын тухай ирээдүйд Монгол улс яг ямар бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улс маань Израйль шиг, Казахстан шиг Монгол туургатнууддаа нээлттэй орон байгаасай гэдэг үүднээс уугуулшуулах хуулийг санаачилж байсан. Гэхдээ энэ асуудлыг өнөөх хөлсний бичээчдийн бичиж байгаа шиг туйлширч ойлгож болохгүй. Монголоос өөр дэлхийн бусад орнуудад 10 сая орчим Монгол үндэстэн байгаа гэдэг. Тэдний 7 саяыг нь ч юм уу шууд аваад ирнэ гэж ойлгож болохгүй. Харин Монгол Улсад ажиллаж, амьдрахыг хүсэх юм бол тэр боломж нь нээлттэй байх ёстой.

Гэхдээ өнөөдрийн бодит байдал бол хамаг баялгаа гадныханд өгчихөөд тэднээсээ гуйгаад сууж байна. Цаашдаа эдийн засаг сайжирч, гаднаас ирсэн хүндээ туслах бололцоотой болохыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүс Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстээ туслаж чадахгүй байж юун гаднаас хүн авах вэ? гэж ярьдаг. Гэтэл гаднаас ирсэн хүмүүст Засгийн Газраас тусламж үзүүл, мөнгө өг гэж би яриагүй шүү дээ. Харин хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргийн үүднээс, гадны тусламжаар түр байлгаж болох юм гэж ярьсан.

Казахстан улс анх тусгаар тогтнохдоо хүн амынх нь 30 хувь нь л Казак үндэстэн байсан. Уугуул үндэстэн рүүгээ чиглэсэн шийдвэр гаргаж чадахгүй, парламентдаа Казакууд нь олонхи болж чаддаггүй, хэцүү байдалтай байсан. Ийм учраас бусад оронд байгаа Казак үндэстнээ урин дуудаж, улсдаа авчирсаар байгаад одоо нийт хүн амынх нь 50 гаруй хувь Казак үндэстэн болсон.

Ингээд гаднаас ирсэн мэдлэг чадвартай хүмүүсийнхээ ачаар эдийн засгаа өөд нь татсан. Мөн өөрсдийнх нь үндэсний ухамсар сэргэн мандсан. Израйль улс мөн газар нутгаасаа хөөгдөөд, хожим эргэн цугласан. Ингээд Арабын ертөнцөд оршин тогтнохын тулд олуулаа болох ёстой гээд би Еврей гэсэн хүн бүрийг л аваад байсан. Харин энэ олон хүнийг нэгэн соёлын дор нэгтгэх бодлогоо сайн явуулсан учраас газар газраас цугласан Еврей болон бусад хүмүүс нь нэгэн соёл, үзэл санаа, хөдөлмөрийн дор нэгдэж хүчирхэг улсыг бүтээчихлээ шүү дээ.

ЗХУ нуран унахад бараг 2 сая хүн очсон байдаг. Одоо Израйль улсын хүн ам 10 сая хүрчихлээ. Нэг Еврей хүнийг дагаад эхнэр нь, хүүхдүүд нь, өвөө эмээ нь гээд бараг 10-20 хүн очиж байсан. Энэ дунд өөр үндэстний хүмүүс ч олон байсан. Гэхдээ Израйль улс үүнд санаа зоволгүйгээр, төрийн бодлого байхад бүгд л Еврей болно гэдэг үзлийг баримталсан. Монгол Улсад ч энэ асуудал байдаг.

Манайд ирсэн ӨвөрМонгол дүрвэгчид одоо ижилссэн шүү дээ. Өөрсдийгөө би тэдэн онд ирсэн ийм хүн гэж ярихгүй. Би бол Халх хүн л гэж ярина. Монголд өөр орноос Монгол үндэстэн ирэхэд нь хүлээж аваад, Монгол хүн болгоод авчих төрийн бодлоготой байх хэрэгтэй.

Харин холимог гэр бүлийг тодорхой тоогоор батлаад авчрах хэрэгтэй. Тэгэхгүй бол 10 хүн ирлээ гэхэд дагаад өөр үндэстний 10 хүн ирээд байвал учир дутагдалтай. Энэ мэт асуудлуудыг бүгдийг нь тусгаж, аюулгүй байх талаас нь хуулиа санаачилж байсан. Өөрийнх нь уугуул үндэстний том хэсэг нь гадаадад амьдардаг улс бүрт ийм бодлого байдаг.

Жишээ нь: Польш улсад өөрийгөө Польш гэж нотолсон хүнд тусгай үнэмлэх олгодог. Энэ үнэмлэхийг авсан хүн ганц, хоёрхон эрхээс бусад нь Польшийн иргэдтэй адил эрх эдлэхээр заагдсан байдаг. Манайд ч бас “Хөх үнэмлэх” гэж яригдаж л байсан. Хойшдоо ийм зүйл хэрэгжихийг хэн байг гэхэв. Дэлхийн бодлоготой байж л бид үлдэнэ. Монгол улсын иргэн л Монгол хүн. Бусад нь биш гэдэг байж болохгүй. Бусдаас содон юм ярьсан хүнээ харааж зүхсээр байгаад дарж авдаг, дотроо хагаралтай, эв нэгдэлгүй, нэгнээ хайрладаггүй, өнөөгийнх шиг ийм байх юм бол Монгол Улс мөдхөн сөнөнө. Ийм байдалд орохгүйн тулд дэлхийн хэмжээнд харж, бодлого явуулж байж л бид оршин тогтнож үлдэнэ.

-Ярианыхаа төгсгөлд миний асуугаагүй, танд хэлэх зүйл байна уу? –Миний ярьж байгаа зүйлийг зөвөөр ойлгож байгаа хүмүүс олон бий. Гэхдээ хөлсний бичээчдийн бичсэн зүйлээс болоод төөрөлдөж байгаа хүмүүс бас байгаа болов уу?

Ч.Мөнхбаяр гэдэг хүн олон сая Хазарачуудыг өнөө маргаашгүй аваад ирэх юм байна. Тэд нар нь ирж биднийг буудчихаад эзэн суух нь гэж ойлгож байгаа хүмүүс мэр сэр байх шиг байна. Яг бодит байдал дээр яах вэ? гэдгийг би хэлж өгье.

Ямар нэгэн гадны улс орон, эсвэл НҮБ-аас ч юм уу Афганистанаас гарч байгаа дүрвэгсдэд бүгдээрээ туслая гэвэл Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу, гадны санхүүгийн дэмжлэгтэйгээр тодорхой тооны хүмүүсийг түр байршуулах гэдэг ч юм уу, үүнийх нь хариуд НҮБ, эсвэл гадны улс орнууд талархаад эдийн засгийн хувьд тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллая гэдэг санал тавих магадлалтай. Манай төр засгийн удирдагчид хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг, хүн чанараа ухамсарлаад тодорхой тооны хүнийг байршуулья, та бүхэн санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлнэ үү гэдэг ч юм уу харилцан ашигтай байдлаар хэрэгжих боломж бий юм. Энд бол ихдээ хэдэн зуун хүний тухай л яриа байгаа.

Баярлалаа. Ярилцсан М.Чойжал : Сонин.мн

Хазаруудыг хялайж болно гэж үү? Уржнан “Stop Killing Hazaras!” хэвлэлийн хурлыг хамтран зүтгэгч нөхөдтэйгөө зохион байгуулсан чинь коммент-дайралтчин гэх хүмүүсийн давшилтад өртсөн билээ. “Өөрсдийгөө яая гэж байж”, “түүгээр байсан гайг үүгээр дуудав”, “20 сая хүн авчрах гэж байна”, “хазарууд монгол гэх баталгаа байхгүй”, “аймаар ядуу, бичиг үсэггүй”, “баялгийн сургаар ирэх гэлээ”, “террористууд орж ирнэ”, “хар тамхи, зэвсгийн наймаа хийнэ”, “шашин хоорондын дайн гарна”, “Хятад Орос хоёр хөршийн дургүйг хүргэнэ”, юу юу гэнэ вэ.

Өөрсдийгөө өөд нь татахыг бодохгүй байж, “яая гэж байж” гээд л хойш суугаад, аливаад арчаагүй хандаад байж болохгүй юм. Мэдээж хэн ч 20 сая хүн авчрах гээгүй, боломж ч үгүй, үндэслэл ч үгүй, Монголд олноор ирэх гээд, ирүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй. Хазарууд дунд баян, боловсролтой улс бишгүй бөгөөд, тэдний дундаас харин Монголыг сонирхоод, харин ядуу нь юун Монголд ирэхтэй манатай л байдаг юм билээ.

Монголын баялгийн сургийг ч сонсож мэдээд байгаа зүйл үгүй, өөрсдөө асар их байгалийн баялагтай л ард түмэн. Терроризмтой холбогддоггүй, терроризмыг эсэргүүцдэг үндэсний онцлог тэнд байна. Хар тамхи, зэвсгийн наймаа, шашны хийрхэлд ч автдаггүй, бидэнтэй л тал бүрээр төстэй зон олон доо. Хазартай нөхөрлөлөө гээд Хятад, Орос хоёр дургүйцэх зүйлгүй бөгөөд тэд хазаруудад найрамдал нөхөрлөлийн байр сууринаас ханддаг, тэгээд ч Монгол улс харин тэд дургүйцэхээр олон улс түмэнтэй нөхөрлөөд болоод л ирсэн шүү дээ.

Манай улсад гадаадын ажиллах хүч, цагаачид түм түмээрээ орж ирж, тэдэнд бүр сум тасалж өгөөд л байх юм. Тэгвэл яагаад ахан дүү хазарчуудыг Монголд ажиллуулж амьдруулж болдоггүй юм бэ? Харийнхан Монголын хуулийг зүсэн зүйлээр зөрчиж, монголчуудыг дарлаж, доромжилж, амь насыг нь ч хөнөөж, олон хурц асуудлыг үүсгэж, залуус “Гадныхныг цэгцэлье!” хэмээн түрхрэн тэмцэх гэж буй.

Тэгвэл монгол туургатан ахан дүүс тийм асуудал үүсгэхгүй бөгөөд, тэднийг ирүүлэх нь гадныхныг цэгцлэх нэг гол арга зам. Хорин хүн ирж ажиллаж амьдрах нь ч тодорхойгүй байхад, 20 саяыг авчрах гэлээ гэж дайрч давшлагсад эх орныхоо төлөө зовнигсод, тэмцэгсэд мөн үү, эсвэл хазаруудтай л тэмцэлдэгчид үү? Монгол улс үндэстнийхээ төлөө санаж бодож, оролдож хийж явах нь хууль зөрчсөн хэрэг биш байлтай. Гэм зэмгүй хүмүүс рүү дайрч доромжлох нь харин хууль ёсны хэрэг биш байлгүй.

Хазарчууд өөрсдийгөө хэдэн мянган жилийн өмнө өнөөгийн Афганистаны нутагт суурьшсан эртний монгол аймгийнхан гэж үзэх нь буй бөгөөд, үнэний хувьтай ч санагддаг. Монгол туургатны өмнөд хязгаар байсан энэ нутагт хойд зүгээс өвөг монгол, монгол аймгийнхан олонтаа очиж суурьшиж байсан нь тохиолдлын хэрэг гэж үү?

Одоогийн Афганистаны нутгийн эзэн байсан, Хазара Жат гэх түүхэн нэрийн дор зуун зууныг элээн суусан тэд Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах бадраахад чамгүй үүрэг гүйцэтгэж явсан гэдэг. Тэд перс хэл соёлын нөлөөнд автсан нь нэн хачирхалтай явдал бус агаад, дундад зууны байлдан дагуулагч монголчууд олноор перс хэл соёлд орж байсныг санацгаая. Перс монголчууд гэж ч хэлж болох тэднийг нэгэн судлаач маань эцэг талаасаа монгол гэж тодорхойлсон байдаг.

Хазарын ард түмнийг төлөвшүүлсэн гол хүчин зүйл юу вэ? Монголчууд юм. Төв азийн өмнөд монголоидууд энд маш эрт цагаас амьдарч байсан байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хазаруудыг ард түмэн болгон төлөвшүүлсэн гол хүчин зүйл, тэнхлэг нь монголчууд. Тийм ч учраас олон хазар хүнд өөрсдийгөө монгол гэх бат бөх ухамсар бий болж шүү дээ.

Нэг монгол хүн бичжээ: Өрнөдийн оронд хөлөө олохгүй явахдаа, арга ядаад хазаруудаас тусламж хүсжээ. Цаадуул нь тусалж, наад зах нь орогнох газар олж өгсөн аж. Гэтэл тэр хазаруудын тусламжийг голж чамлаж, өөлж өөнтөглөн, хазаруудыг муучилж, дайсагнагчдын эгнээнд орсон байгаа юм. Ийм байж болох уу? Бид бие биедээ боломжоороо харилцан туслалцаж л явах ёстой.

II. Хазар дүрвэгчдийг Науру улсад төвлөрүүлнэ. Афганистаны дэд ерөнхийлөгч асан, хазарын зэвсэгт тэмцлийн нэгэн баатар, үндэсний лидерүүдийн нэг Мохаммад Мохакик гэж хүн бий. Тэрбээр туслахаараа дамжуулан бидэнтэй холбоо тогтоож, улмаар Кабулд зочлохыг урьсан нь 2012 он. Багаа бүрдүүлээд, маршрутаа гаргаад, зардлын тооцоогоо илгээгээд байж байтал Афганистанд цуврал террорист акт гарч, улмаар аялал маань тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч үүнээс болж, Афганистанд айлчлах байснаа больж, Кыргызстанаас жолоогоо эргүүлж байсаан.

Тэр дэлбэрэлтүүд хазарчуудын эсрэг байв. Нэг халдлага нь тэр үеийн Афганистаны дэд ерөнхийлөгч, мөн Мохакикийн адил баатар Халилигийн эсрэг үйлдэгдсэн болой. Хазаруудын эсрэг хийж байсан алан хядах ажиллагаануудыг тоочин танилцуулах гэснээ болив. Уртаас урт жагсаалт болно. Сүүлийн 15 жилд хазаруудын эсрэг 130 гаруй террорист халдлага гарч, 1000 гаруй хүн алагдаж, 2500 гаруй хүн шархдаж, гэмтэж, эрэмдэг зэрэмдэг болсныг дурдъя. Энд талибануудын их хядлагын тоо ороогүй шүү.

Энэ мэт их зовлон зүдгүүрт өртөж ирсэн хазарчууд боломж л олдвол Монголын төрд ханддаг ч, туслах байтугай, бараг эсэргүүцэн ажилладаг байсан нь харамсалтай. 2001.12.6-нд тэдний зүгээс илгээсэн анхны албан бичгийг төр удтал нуун дарагдуулсан нь яг 10 жилийн дараа л тодорхой болж байсан.
Хазар ахан дүүсийг өмгөөлсөн Монгол дахь анхны акци (2011.10.1) даян дэлхийн хазаруудын сэтгэлийн утсыг хөндөж байж билээ. Фейсбүкэд тавьсан мэдээлэл зуу зуун шейр, коммент, лайк дагуулсан. Олон ч талархал ерөөл, сэтгэлийн үгс бидэн рүү хөвөрсөн дөө. Тэр хэвлэлийн хурал дээр, 10 жил нуун дарагдуулсан дээрх явдлыг дурдаж байсан.

Нэгэн хазар хүн бичсэн захидалдаа: “Хазарууд монголчууд бид нэгэн цустай. Энэ цус бол жаргал ч мөн, зовлон ч мөн. Түүх биднийг хуваасан ч, хазарууд Чингис хаанаараа бахархдаг, харанхуйд Чингис хаан биднийг гэрэлтүүлдэг, энэ гэрэлд салж хагацсан ахан дүүс бие биенээ таньж, ойртон золгох болно. Афганистан, Пакистанд бараг өдөр бүр бидний эсрэг террорист халдлага болж байгаа ч, дэлхийн улсуудын ЗГ-ууд ч, олон улсын байгууллагууд ч таг дүлий. Монгол ахан дүүс маань бидний зовлонг ойлгож, шархыг анагааж байна. Та бүхэн минь бидний гашуун зовлон, гаслант амьдралыг дэлхий нийтэд ойлгуулаарай, хүргээрэй, бидэнд авралыг дөтлүүлээрэй!” гэсэн байв.

Өнөөдөр дэлхий даяар хазарчууд болон монголчууд ахан дүү бололцож байгаа агаад, Монголд л тийм биш байна. Пакистаны Балочистаны сайд асан Мухаммади гэдэг хүн “Хазарчууд монголчуудын арьстны адил төстэй байдал, хамаарал” гэсэн ЭШБага хурал зохион байгуулсан байсан.

Монголчууд 3 хазар оюутны зардлыг нь даан сургаж буй билээ. Үүнд 52 мянган доллар шаардлагатай юмсанж. Хандиваар 16 мянган доллар цугласны 7680-ыг нь английн “Монгол ралли” аяллынхан (монголчуудад тусламж үзүүлдгийнхээ төлөө манай ухвар мөчид хэвлэлийнхэн, хүмүүст маш их хараан зүхэгдэж ирсэн), бусдыг нь 72 хувь хүн, ААН, ТББ бүрдүүлсэн юм билээ. Төрөөс 17,800 доллартай дүйх янз бүрийн тусламж үзүүлсэн ч, 52 мянгад хүрэх мөнгө цуглаагүй л байна. Солонгосын нэг ТББ 20 гаруй хазара оюутан авчраад Монголд сургаж байгаа бөгөөд, үүнийхээ төлөө их төлөв муу л үг дуулж ирэв.

“Mongolia: Afghanistan’s Minority Hazara Students Find Peace in UB” хэмээх, Eurasianet.org-ийн сурвалжлагыг үзэж байсан. Тэнд Анвар Салар (Дай Мирдад, Майдан Вардак) Насим Сахел (Бамиян), Нуржахан Назара (Шаристан, Дай Күнди), Хуссайн Бигзад (Дай Мирдад, Майдан Вардак), Разия Хоссейни (Бамиян), Сажжад (Мазара-и-Шариф), Захра Бахш (Бамиян), Мегдад Салехи (Бэсүд, Майдан Вардак) нарын оюутнууд үгүүлж байв.

Насим Сахел: “Афганистанд хазаруудыг Чингисийн дээрэмчин цэргээс гаралтай гэж хялайдаг. Талибууд хазаруудыг алж хядаж, паштун олонхтой газарруу хүчээр нүүлгэн аваачиж, боолчлуулж уусгаж байсан”,
Захра Бахш: “Хэлний бэрхшээл их байдаг. Монгол үгийг англи руу, англиас перс рүү тольдож байж ойлгох нь цөөнгүй. Гэхдээ энд тайван амгалан, тун сайхан байна. Афганистан хэзээ ч аврагдашгүйгээр хараагдсан орон мэт санагддаг”,

Мегдад Салехи: “Хазарчууд Монголд ямагт итгэл найдлага тавьж ирсэн. Улс маань биднийг хавчиж, боолчилж байхад энд “манай хүн шүү, та нар” гэж хэлж байна, өөрийн хүн шиг хандаж байна, ийм улс байна гэдэг юутай сайхан бэ. Улаанбаатарт байгаа хазар оюутнууд ирээдүйнхээ талаар маш бүдэг бүрхэг төсөөлөлтэй байна. Шинээр буудлага, дэлбэрэлт болсон гэх мэдээг сонсох бүр айж гайхан, юу руу бид буцаж очих гэж байна вэ гэж боддог” гэх зэргээр ярьжээ. Зарим оюутан Монголын иргэн болох хүсэлтээ илэрхийлээд байна.

Дай Күнди мужийн төв Нили, Бамиян мужийн адил нэрт төвийн захиргаа Улаанбаатартай ах дүү хот болох хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хоёр хазар мужийн захирагч нь хүн арддаа эхийн сэтгэлээр ханддаг эмэгтэй хүмүүс байдаг. Саяхан Афганистанаас 5 хүүхэдтэй, бэлэвсэн хазар эмэгтэй бид ер нь яаж амьдрах вэ, авраач туслаач гэж бидэнд хандан бичиж л байсан. Найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх гэсэн хазар нөхөд ирэн очин хөвөрсөөр. Пакистаны агаарын цэргийн маршалл асан Шарбат Али Чангэзи ирэх гэж байна.

Хазаруудыг харж үзэхгүй байж, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирэх гэж манай төр их хүчин чармайлт гаргаж ирсэн гэхэд нэг хүн “Хойд Солонгосын дүрвэгчдийг ад үзэх хэрэггүй байх. Авчрахад юу нь буруудах билээ” гэж коммент бичиж, хэд хэдэн хүн дэмжсэн байсан. Тэгвэл монгол цустай зүстэй гэж адлагдаж байгаа хазаруудад бид яагаад хүмүүнлиг, энэрэнгүй хандаж болохгүй байх билээ. Богд хаант Монгол улсын үед бол ч тэднийг ир ээ л гэх байсан байх. Сэтгэлгээний ялгаа гэж…

ГИХАЭГ-ын урьдын дарга Д.Мөрөн “Монгол улсад 14058 цагаач байж болно. 2076 байгаа. Он гарсаар нэг ч хүнд цагаачийн эрх өгөөгүй” гэж оны дундуур нэгэнтээ ярьж байсан. Цагаачийн эрхийг юуны өмнө монгол туургатан хүмүүс хүсдэг агаад, олон жил хөөцөлдөөд авч чадаагүй өчнөөн л хүн байдаг. Тэдэнд өгч болдоггүй л юм байх даа, 1-рт. Цагаачийн эрх авсан монгол туургатан хүнийг үүнийг бичигч бээр бараг мэдэхгүй юм, юун 2076 цагаач вэ, 2-рт. Үүний зэрэгцээ, монгол туургатан бус хүмүүсийн хувьд сонин процесс явагдаж байна. Нэг барилга дээр ажиллаж байсан 60 хятад ажилчны 15 нь бичиг баримтын зөрчилтэй байгаа нь илэрчээ.

Ингээд албадан гаргах гэтэл бүгд зөрчилгүй бичиг баримттай болсон байж. Ганди сайдад сурвалжлагч: “Монгол туургатан ажиллах хүч авчирч болдоггүй юм уу” гэхэд “Тэгвэл хүний эрх зөрчсөн болно шүү дээ” гэж байв. Монгол төрийн ажиллагаа иймэрхүү л чиг хандлагатай байж ирэв. Британий парламентад хазаруудын асуудлыг хэлэлцсэн. Монголын парламентад хэлэлцэх байтугай, Монгол-Хазарын парламентын бүлэг байж байх ёстой юм. Мэдээж алга аа.

Хазаруудад туслах мөнгө хөрөнгө байхгүй л гэх биз, гэхдээ ядаж Монголд амьдрах зөвшөөрөл олгочихож байгаач ээ, ядаж 14 хоног урьсан уриулсныг нь Аль-Кайда байгаа юм шиг шалгах зэргээр олон чирэгдэл учруулалгүй визийг нь олгочихож байгаач ээ гэмээр. Кабулд Монголын консулын газрыг байгуулах болсон нь яамай даа. Хазаруудын хүсэлт үүнд нөлөөлсөн байж болох юм, гэхдээ 12 жилийн дараа шийдвэр гарлаа, харин хэзээ байгуулахыг заагаагүй болохоор ахин 12 жил ч хүлээгдэж мэднэ.

Хэсэг нөхөд Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэг байгуулна гэж явна. Австрали олон хазар дүрвэгчээ яахаа мэдэхээ болиод янз бүрийн арга сүвэгчилж буй бөгөөд нэг нь Науру арал дээр төвлөрүүлэх төсөл. Хэдхэн мянган хүн амтай, алгын чинээ нутаг дэвсгэртэй энэ арал улс хариуцлагагүй уул уурхайн балгаар экологийн сүйрэлд нэрвэгдсэн. Австрали улсад бүхэл бүтэн улсаараа нүүж ирнэ ч гэх шиг сонин юм яригдаад байдаг. Гэтэл…

III. 13 сая хазарчуудын аль нь бидэнд ойр вэ?

Дэлхий даяар 5-8 сая хазара хүн байна гэдэг ч, хазарачууд өөрсдийгөө 13 сая ч гэдэг. Энэ 5-13 сая хүн цөм Монгол улсад нүүж ирэх гэж байгаа юм байна гэж ойлгож болохгүй. “Хэрэв чингэх аваас монголчууд персийн соёлд уусан алга болно” гэх болгоомжлол ч үндэслэлтэй юм. Хазар хүмүүс биднийг персийн соёлын нөлөөнд автуулахыг хүсдэггүй ч гэсэн.

Хазарачуудад өөрсдийн хайртай эх орон нь буй. Гадаадад амьдрахаас өөр аргагүй боллоо гэхэд, түүхэн нөхцөл байдлуудаас болоод Иран, Пакистан, түрэг орчин, лал орчин, Баруунд амьдрахыг хүсэгчид олонхи.
“Бид нэг ард түмэн” гэж хэлсэн бүхэнтэй санал нийлж, хүлээн зөвшөөрөөд байж болохгүй нь ойлгомжтой. Хамгийн их тэгж хэлдэг Их Дундад улсын үзэл санаатнууд байна. Пантюрк, пантуран үзэлтнүүд байна. Япон, Солонгос байна.

Төв Азийн өмнөд монголоидууд буюу Балба, Энэтхэгийн монголоид угсаатнууд байна. Балбын монголоидууд “Miss Mongol” гэх тэмцээн хүртэл байнга зохиогоод, бид монголчууд шүү л гээд байна. Индонезийн зарим ард түмний төлөөлөгчид тэгж хэлж байна. Тийм шүү гээд л толгой дохиод л байвал монгол үндэстэн дороо замхран арилах болно. Эдэн дундаас хазар, якут, татар, казах, кыргыз, кумык, хакас гээд л маргашгүй ах дүү ард түмнүүд маань буй. Тэгвэл эдэн дундаас, бүрэлдэн тогтноход нь монголчууд гол хүчин зүйл, тэнхлэг нь болж өгсөн, бидэнд хамгийн элгэн дотно ханддаг хазаруудыг л аргагүй онцлон авч үзэхээр байна.

Би монгол гэх хазар хүн олон. Гэхдээ өөрийгөө монгол хүн гэж үзэх төвшин, мөн өөр үндэстэн гэж давхар үзэх төвшин нь янз бүр. Өмнөд монголоид цус, түрэг цус, тажик, паштун, перс цус, мэдээж хэрэг монгол цус, өөрөөр хэлбэл гарвалийн төвшин нь ч янз бүр, үүнтэй уялдаад этно ухамсар нь янз бүр бөлгөө. Тэгэхлээр, мэдээж хэрэг хазар хүн бүр Монголд очоод суучихъя гэж санахгүй нь ойлгомжтой, бид ч үүнийг нь хүндэтгэх ёстой. Нэгэн судлаач, монгол хүний мэдрэмж нь хүчтэй хазар хүн 1 сая орчим, 1/10 нь Монголд амьдарч болно гэх бодолтой, 1/10 нь Монголд суурьшин амьдрах бодот боломжтой шиг байгаа юм гэж үгүүлж байсан. Үүнийг бичигчид бол эл тоо хэт даруу гаргасан шиг санагдаж байна.

Зарим хүн “хазар хазар л гэх юм, моголуудыгаа татаж авъя” гэдэг. Тэр зөв өө, моголчууд гэж онолын хувьд 50 мянган хүн байх ёстой. “Моголчуудтай холбоо тогтоож өг” гэж бид хазаруудаас хүсдэг. Гэвч зарим нь болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг, зарим нь могол гэж байхгүй болсон байх гэдэг. Үнэхээр тэд маань алга болсон шиг билээ. Эрдэмтэн У.Тадао 1950-иад онд тэднийг хайж хайж арайхийн хэдийг олсон агаад, тэр үед л бараг алга болсон байжээ. Тэгвэл түүнээс хойш 60 жил өнгөрчээ.

Монгол үндэстний нэг ястан болох моголчууд нь 20-р зууны эхээр монгол хэлний дундад зууны хувилбараар ярилцаж байж. Харамсалтай нь моголчууд эртнээс угсаа гарваль ойролцоо, гэхдээ түрэг рүү их хэлбийлттэй чараймак (У.Тадао чахар аймаг гэсэн үг байж магадгүй гэсэн) үндэстэнтэй эв түнжин муутай байж, олонтаа дайсагналцан тулалдаж, ялагдаж доройтоод ирэхээрээ паштун нартай холбоотой болжээ.

Ийнхүү нэгэн сүйрэл мөхлөөс аврагдсан ч, өөр сүйрэл мөхөлтэй учирчээ. Моголууд паштун нарт эрчимтэй уусаж эхэлсэн аж. Уусах тусмаа, паштун нарын дургүйцдэг монголоид царайгаа баллах гэж улам тэдэнтэй холилдон сүлэлдэж байжээ. Паштун хүнтэй л гэр бүл болохыг их нэр хүндтэйд тооцдог болжээ. Ингээд л могол хүн олдохоо байсан шиг байгаа юм. Гэхдээ бидний эрэл дуусаагүй. Могол хүнээ ч олно, Монголдоо ч урьж зална.

Харин хазаруудын тухай энэ үгүүлэлдээ тэдний этно онцлогийн талаар үргэлжлүүлэн ярья.Өрнөдөд хазара нарыг зүгээр л шийтүүд, шиа цөөнхүүд гээд байдаг. Бүхэл бүтэн ард түмнийг ингэж үгүйсгэнэ гэдэг бохир улс төрөөс л үүдэлтэй. Гэхдээ шийт шашинтай хүн шууд автоматаар хазара гэгдэн, бүрэлдэхүүнд нь хамрагдчих явдал ч байжээ. Хазаруудыг бид юуны өмнө ах дүү ард түмэн, үндэстэн гэвэл зүйд нийцнэ гэж бодно. Тэд өөрсдийгөө бие даасан үндэстэн, угсаатан, ард түмэн гэдэг болохоос, монголын нэг ястан гэдэггүй. Энэ статусыг нь бид хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой.

Түүхэн, генетикийн, угсаатны зүйн, антропологийн, шашны гээд олон хүчин зүйлүүдийн янз бүрийн цогц нөлөөллүүд хазар үндэстэн доторх ялгамжуудыг үүсгэсэн буй. Монгол цус ихтэй нь буюу монгол хазарууд ч мэдээж хэрэг тэдэн дунд буй бөлгөө. Энэ л монгол хазар “ястныг” бид тодорхойлж, монгол туургатны бүрэлдэхүүнд багтаан авч үзэж болох юм гэж бодож байна.

Нийгмийн зүгээс гарч ирсэн болгоомжлол, шахалт, санаа бодлууд, үндэсний үзэлтнүүдтэй ярилцаж хэлэлцсэн зэрэг маань “монгол хазарууд” гэх чиг баримжааг аажмаар төлөвшүүлсэн болой. Хазар хүмүүсийг Монголд суурьшуулах нь олон талын стратегийн ач холбогдолтой. Нэгийг хэлэхэд л, ирээдүйд Монгол улсад эдийн засаг өсөхийн хэрээр ассимиляцийн аюул учруулах хөрш том ард түмэнтэй антропологийн ижилслээр ойртсоор байж болох агаад, тэгвэл ондоошилд хазарын суурьшил тусална.

Хэнийг монгол хазар гэж үзэх вэ? Энэ асуудлыг анх 2013.1.17-ны хэвлэлийн хурлаар танилцуулсан. Юуны өмнө, хамгийн их аюулд өртөх магадлалтай өндөр эрсдэлийн бүлгийнхнийг авч үзье гэх хүмүүнлиг баримжаа буй агаад, монгол төрх тод байх тусмаа л эрсдэлийн магадлал нь өндөр байгаа юм.
1. Өндөр эрсдэлийн бүлэг 2. Этноменталитет, автодетерминаци 3. Тивийн монголоид төрх 4. Соёлын монгол онцлог 5. Овог аймаг гэсэн зүйлүүдээр монгол хазар хүнийг тодорхойлж болох юм байна гэсэн тойм шалгуур өдгөө бүрэлдээд байна.

Эдгээрт нэмэх хасах, цааш нарийсган тодруулах зэргээр боловсруулалт хийх шаардлагатай. Ямар нэг сөрөг нөлөө гартал дээрх зааг ялгааг эс баримтлан уугуулшуулах явдал байж болохыг ч үгүйсгэхгүй. Түүнээс гадна, тал бүрээр ахан дүүстэйгээ хамтран ажиллахад бол дээрх зүйлүүдийг баримтлах шаардлага төдийлөн үгүй юм.

Ч.Мөнхбаяр