БУСАДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЛАНА: Бэлгийн чиг хандлага нь хэвийн хүүхэд бусдыг дуурайж бэлгийн цөөнх болж өөрчлөгдөхгүй

Бэлгийн цөөнх залуусын төлөөлөл болсон загвар өмсөгч Ланатай тэгш эрх, бахархлын өдрүүдийг тохиолдуулан ярилцлаа.

-НАЙЗУУДААРАА ХАМТРААД “PODOLK” НЭРТЭЙ ДЭЛГҮҮР НЭЭСЭН-

-Сүүлийн үеийн сонин хачинаасаа хуваалцаач? -Ганц нэг зураг авалтуудад оролцсон. Өөрийн хувийн бизнест анхаарал хандуулж байгаа. Загварын чиглэлээр сайн төвлөрч ажиллаагүй байна. Найзуудаараа хамтраад “Podolk” нэртэй дэлгүүр нээсэн. Тиймээс бахархлын өдрүүдийг тохиолдуулаад бэлгийн цөөнх хүмүүст зориулсан туг, бэлгэдэг бүхий хувцаснуудыг гаргаж байгаа. Манай дэлгүүр очвол үүдэндээ андашгүй солонгын өнгөтэй туг, бэлгэдлүүд нь байгаа.

-Тэгш эрх, бахархлын өдрүүд ес дэх жилдээ үргэлжилж байна. Та энэ өдрүүдэд ихэвчлэн юу хийдэг вэ? -Бэлгийн цөөнх хүмүүст зориулсан Pride week үдэшлэг жил бүр зохион байгуулагддаг. Тэр нь өнөөдөр тохиож байна. Тиймээс миний хувьд ч гэсэн найзуудтайгаа хамтдаа явахаар цугларч байна.

-Бахархлын өдрүүдийг тэмдэглээд есөн жил өнгөрсөн байна. Хүмүүсийн хандлага, тэгш эрхийн тухай ойлголт хэр өөр болж байгаа нь ажиглагдсан бэ?

-Одоогоос таван жилийн өмнөхөөс одоогийн залуусын хандлага, нийгмийн ойлголт илүү гоё болсон байгаа нь анзаарагдсан. Наад захын энгийн жишээ дурдахад, хэрвээ анзаарсан бол автобусны буудлуудад ЛГБТИК төвөөс сурталчилгааны самбар, тугийг байршуулсан байгаа. Үүнийг харсан залуусын хандлага маш эерэг байгаа нь ажиглагдсан. Гэтэл өмнө нь бэлгийн цөөнх залуусыг ойлгохоос илүү, үзэн ядах хандлага түгээмэл байсан.

 

–Дарамт, сөрөг массын хандлагад эмзэглэдэг үү? -Хар масс хэцүү. Бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйл боллоо гэхэд бэлэн хар масс хэзээд отоод байж байдаг. Юу ч болсон түүнийг харлуулж, гутаан доромжилдог. Тиймэрхүү зүйлсийг нэг их тоогоод хэрэггүй л гэж боддог доо. Надад ч гэсэн хэцүү үе байсан. Телевизийн нэвтрүүлэгт оролцсоны дараа доор нь мянга мянган хараасан сэтгэгдлүүд бичсээр байдаг.

 

Ер нь л ямарваа нэвтрүүлэг, ярилцлагад оролцсоны дараа 10/100 хувь нь заавал хараал, сөрөг сэтгэгдэл байдаг. Би одоо тийм зүйлсийг тоохоо больсон. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг уншаад би тийм болох ч биш. Жаахан байхдаа сэтгэгдэл бүрийг уншаад, түүнд маш их ач холбогдол өгч гомдож, уйлдаг байлаа. Одоо бол тийм зүйлсийг даван туулсан. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэхэд, бусдын юу гэхийг бүү тоо. Ялангуяа сэтгэгдэл бүү унш гэж зөвлөе.

 

-БИ УХААН ОРСОН ЦАГААСАА Л ӨӨРИЙГӨӨ ӨӨР ГЭДГИЙГ МЭДДЭГ БАЙСАН-

-Өсвөр насны охид, хөвгүүд бэлгийн чиг хандлагаа илчилж, нийгэмд ил гарч байгааг юу гэж харж байна вэ?

-Өсвөр насны, шилжилтийн насны хүүхдүүд өөрийгөө нээлттэйгээр чөлөөтэй илэрхийлж гарч ирж байна. Энэ байдлыг хүмүүс бага насны хүүхдэд буруу үлгэр дууриалал боллоо гэж яриад байдаг. Гэвч би, миний эргэн тойронд байгаа ЛГБТ хүмүүс шилжилтийн насандаа өөрийгөө бэлгийн цөөнх гэдгийг мэдэрч байсан ч, нийгэм нь хүлээж авахгүй шалтгаанаар дардаг байсан. Харин сүүлийн үеийн охид, хөвгүүд өөрийн мэдрэмжээ нээлттэй, чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа нь өөрөө нийгэм сайхан болж байгаагийн илрэл юм болов уу.

 

-Таны хувьд өөрийгөө бэлгийн цөөнх гэдгийг хэзээнээс мэдсэн бэ? -Би ухаан орсон цагаасаа л хойш мэддэг байсан. Жаахан байхаасаа барби хүүхэлдэйгээр тоглох, охидтой хамт байх дуртай байсан. Гэвч тийм байлаа гээд барбигаар тоглосон эрэгтэй хүүхэд бүхэн бэлгийн цөөнх гэсэн үг биш. Хүүхэд ямар ч тоглоомоор тоглож болно. Заавал эрэгтэй хүүхэд барбигаар, эмэгтэй хүүхэд машинаар тоглож байвал бэлгийн цөөнх болно гэсэн үг биш. Тухайн хүүхдийн мэдрэмж, онцлогоос л хамаарах болов уу.

 

Зарим ээжүүд бас хэт өрөөсгөл ойлголттой байдаг. Яг ээжүүдэд хандаж хэлэхэд, хүүхэдтэйгээ ойрхон, нээлттэй байхыг хүсвэл дээрэнгүй, захирсан өнгө аясаар харьцахаас илүү тайвнаар хандаж найз шиг нь байх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ айдасгүй, чөлөөтэй харилцаатай хүмүүс бэлгийн цөөнх байсан ч өөрийн мэдрэмжээ хуваалцахаас эмээдэггүй. Ялангуяа бэлгийн цөөнх хүүхдүүдийн хувьд өөртэй нь ярилцах хүн маш хэрэгтэй байдаг. Мэдрэмжээ илэрхийлэх, зөвлөгөө авахыг хүсдэг.

 

–Бэлгийн цөөнх хүмүүст гэр бүлийн дарамт юу юунаас илүү хүнд тусдаг болов уу? -Нэлээн их бий. Бараг бэлгийн цөөнх хүн бүрд л ар гэрийн дарамт ирдэг байх. Миний хувьд анх 14 насандаа өөрийгөө илэрхийлж, чөлөөтэй гарч ирсэн. Тухайн үед миний мэдрэмжийг, намайг ойлгохгүйгээс маргалдах үеүд олон байсан. Одоо бол тийм зүйл байдаггүй. Намайг хамгийн ихээр ойлгож, дэмждэг.

-Бэлгийн цөөнх хүмүүсийг олдмол, төрмөл гэж хоёр ангилдаг гэх яриа байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

 

-Олдмол гэж хэзээ ч байхгүй. Хүмүүсийн дунд нэг хэвшмэл ойлголт бий. Хэвийн хүүхдүүд том болсон хойноо бэлгийн цөөнх гэдгээ илчлэхийг олдмол гэж ойлгоод байдаг. Гэтэл бэлгийн цөөнхүүд төрөхдөө л дотор нь мэдрэмж нь байж л байдаг. Хэдэн насандаа өөрийгөө нээж, илчилж байгаагаас  л шалтгаалаад байгаа юм. Эрт, хожуу л гэж бий. Түүнээс хэвийн хүүхэд бусдыг даган дууриаж бэлгийн чиг хандлага нь өөрчлөгддөг гэсэн үг биш. Энэ яриаг ер нь анхнаасаа хэн ч гаргасан юм.

 

-Таны хувьд ЛГБТ төвийн үйл ажиллагаанд хэр уялдаатай ажилладаг вэ? -Төвийн үйл ажиллагаа, өдөрлөг, эвент гээд бүхий л зүйлсэд идэвхтэй оролцдог. Гэхдээ би ганцаараа үргэлж яриад байвал бас хүмүүс надаас уйдчихна шүү дээ. Надад лекц уншаад өгөөч гэсэн хүмүүс олон холбогддог. Түүнд нь ч боломжоороо оролцоод л явдаг даа.

 

-“ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙ, ЗҮРХ СЭТГЭЛЭЭ СОНС” Л ГЭЖ ХЭЛЭХ ДУРТАЙ-

-Бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд ажлын байр хэр хүрэлцээтэй байдаг вэ? -Ажлын байр хэцүү. Ялангуяа транс охидод хүссэн ажлын байр нь олдох маш хэцүү, ховор. Миний мэдэх хэдэн транс охидууд кофе шоп ч юм уу үйлчилгээний ажил хийдэг. Гэй залуусын хувьд ажлынхнаас нуух, ичих асуудлууд их байдаг нь ажиглагдсан. Ажлын байрны хувьд үнэхээр асуудалтай.

 

-Та ямар мэргэжилтэй вэ? -Би 10 жилийн сургуулиа төгсөөд, их сургуульд орсныхоо дараа төгсөж амжилгүй гадаад руу явж загвар өмсөж эхэлсэн. Тиймээс одоогоор төгссөн мэргэжил байхгүй. Гэхдээ цаашид суралцана гэж бодож байгаа.

 

-Цаашид гэр бүл зохиовол эх орондоо амьдрах уу, эсвэл гадаадын улс орон руу явах уу? -Одоогоор гэр бүл зохиох тухай бодохгүй байна. Надад өөр хийх зүйлс зөндөө бий. Би одоо дөнгөж 24 настай шүү дээ. Тиймээс гэр бүл зохиох болоогүй ээ. Хэрвээ зохиосон нөхцөлд гадаадын орон руу явж амьдрах болов уу.

 

-Залууст хандаж юу хэлдэг, хэлэхийг хүсдэг вэ? -“Өөртөө үнэнч бай, зүрх сэтгэлээ сонс” л гэж хэлэх дуртай даа. Өөртөө үнэнч байлаа гээд гэхдээ эрсдэлээ мартаж болохгүй. Илчилнэ, ил гарна гэдэг өөрөө маш том эрсдэл. Гэр бүл, хамт олон, найз нөхдөө ч алдаж мэднэ. Тиймээс тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй. Хэрэв өөрийгөө нэгэнт ил болгосон бол түүндээ тууштай байж, битгий шантраарай гэж хэлээд яриагаа өндөрлөе.

 

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа. Эх сурвалж Эгүүр.мн

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

 

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

 

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү