АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

М.Зоригт: Монгол Улс 50 жилийн дараа байхгүй болчих вий !!!

УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа. Та “Андлалын хөшөө”-тэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ, нилээн ч бухимдуу харагдсан. Шалтгаан нь юу вэ?

Монголчууд бид нэг л өглөө босоод “Андлалын хөшөө”-г буулгаж байгааг харлаа. Би итгээгүй л дээ. Арай ч дээ, Монголчууд минь. Энэ тухай сонсмогцоо тухайн сумын Засаг дарга руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Аймгийн Засаг дарга руу нь залгатал утсаа авч байна. –“Үнэн үү?” гэхэд “Тийм ээ” гэсэн. Их цочирдсон байсан. Үнэхээр сэтгэлд багтаагүй л дээ. “Андлалын хөшөө”-г буулгаж байгаа энэ үйл явцыг хараад Монголчууд өнөөдөр хэн болчихоо вэ? гэдэг үүднээс би нилээн цочирдсон.

Хэнтий аймагт “Бидний цөөхөн Монголчууд” төсөл хэрэгжиж байхад би тэр хөшөөн дээр нэг бус удаа очиж байсан л даа. Хүмүүсийн яриад байгаагаар тийм их мөнгө зарсан уу? гэхээр тэгж харагдахгүй юм билээ.

Өнөө цагийн Монголчууд ямар нэг зүйлийг хийхдээ идэж уудаг, цавчдаг, тайрдаг тэр үзэгдэл бас явсан л байх. Мөн үнэхээр сэтгэл дутсан юм биш үү? гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ гол нь муу, сайн нь хамаагүй түүхийн ач холбогдол бүхий тийм сайхан газрыг тамгалаад авна гэдэг нь чухал байлаа.

Үр хүүхдээ дагуулаад түүхээ ярьдаг зүйл бий болж байгаад нь би баярлаж байсан юм. Дэлхийн улс орнуудаар аялж байхад түүхийнхээ үнэ цэнэ, ач холбогдлыг үеийн үед дамжуулж үлдээхийн тулд барилга байшин, хөшөө дурсгал босгож, цогцолбор, үйл ажиллагааны төвүүдийг барьдаг. Харин Монголд энэ тал дээр маш дутагдалтай. Сайндаа л ойр дотны хүндээ зориулж суварга босгохоос цааш зүйл хийгддэггүй. Харин “Андлалын өргөө” бол цоо шинэ ажил болж байсан юм.

Урд хөрш, Казакстан гэх мэтчилэн төв Азийн олон орнууд эртний Монголын Эзэнт Гүрний агуу түүхийг тасалж авах гэсэн, өөрсдөдөө нааж, тэр байтугай Чингис хаан бол Казак хүн байсан юм. Эсвэл Монголын нууц товчоонд болсон үйл явдлууд чинь Монголд биш, Хэнтийд биш Өвөр Монголын балгасанд болсон шүү гэж хэдэн талаас нь зулгааж байгаа ийм цаг үед “Андлалын өргөө”-г хийж байгаад нь би баяртай байсан. Тэдгээр улсуудад алсыг харсан маш том төрийн бодлого явж байгаа. Түүндээ асар их мөнгийг гаргаж байгаа шүү дээ.

Тэгэхээр муу, сайн нь хамаагүй.Засаж янзлаад, сайжруулж болно. Монголчууд бид мөнхөд авилгачаараа, хулгайчаараа байхгүй. Яваандаа илүү сайжраад өнгө зүс орох нь тодорхой гэж бодож байсан хөшөөг нураачихлаа. Хэнтий Аймгийн Засаг даргатай холбогдоход нутгийн иргэд нь хоосон орхиж болохгүй, оронд нь ямар нэг зүйл барина л гэж байна гэнэ. Энэ бол зөвхөн Хэнтийчүүдийн ажил биш, бүх Монголчуудын хийх ёстой ажил.

Монгол Улс гэж байх юм уу? Энэ хорвоо дэлхий дээр Монгол үндэстэн гэж үлдэх юм уу? Монгол хэл, түүх чинь балраад алга болчих юм биш биз? Тийм учраас би Хэнтий аймгийн Засаг даргыг хотод ирчихлээ гэхээр нь түүнтэй уулзлаа. Ганцхан Хэнтийчүүд гэхгүйгээр бүх Монголчуудаа хамруулж, хөдөлгөөн байгуулаад, данс нээнэ.

Энэ санаачлагыг Хэнтий аймгийнхан манлайлж авч явах юм шиг байна лээ. Энд Монголчууд маань хойш сууж үлдмээргүй байгаа юм. Монгол хүн юм бол, биднийг ямар нэг үнэт зүйл нэгтгэж байгаа л юм бол, Монгол гэдгээрээ бахархаж л байвал, Монгол хэл, түүхээ үеийн үед авч үлдэхийг хүсэж л байгаа бол бусад аймаг, сумд, гадаадад амьдарч байгаа хүн бүр уг санаачлагыг дэмжиж оролцоосой гэж би хүсэж байна.

Тэгэхээр “Андлалын өргөө”-г дахин босгоно гэсэн үг үү? Сандал тавина уу? хөшөө барина уу? Би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Монголчууд нийтээрээ хэлэлцээд, шийдээд хийвэл муу юм хийхгүй л байх гэж бодож байна. Харин заавал ямар нэг зүйл байх ёстой шүү гэдгийг л би онцолж хэлээд байгаа юм. Би загвар талаас нь санал шүүмжлэл хэлэх хэмжээний урлагийн хүн биш.

Түүхээс харвал БНХАУ, Монгол Улсын хооронд хил хязгаар тогтоох явцад хашаа байгаагүйгээс болж маргаан их гардаг байсан. Гэтэл хүүхдүүдийн айл гэр болж, тоглож өрсөн хэдэн чулууг үндэслээд зарим газар нутаг манайд үлдэж байсан түүх бий. Иймээс түүхийг тамгалж байх хэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод байсан эртний өвгөчүүлийн шарил, хөшөөг хусаж аваад байхгүй болчихлоо. Түүн шиг “Андлалын хөшөө” байхгүй болчихож байна.

“Андлалын өргөө” чинь уг нь яг Батноров сумын нутагт байгаа Хөхүүрийн тал шүү дээ. Гэтэл БНХАУ-ын ӨМӨЗО-нд Хөхүүрийн хөндий гэдэг нэртэй балгас, тосгон байгуулчихсан. Тэндээ Монголын нууц товчоон дээрх Монголын Эзэнт Гүрний түүхийг ярьж өгөөд, хажуугаар нь хуушуур буузаа зараад мөнгө олдог. Өнөөдөр хуушуур зарах ашгийн төлөө байгуулагдсан мэт байж болох ч 50-100 жилийн дараа хүн бүр тэнд жинхэнэ Хөхүүрийн тал байдаг гээд итгэчихнэ шүү дээ. Түүнийхээ дагуу нөгөө хүмүүс чинь шинэ түүх бичээд эхэлнэ. Тэгэхээр бид түүхээ атгаж л байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм.

“Андлалын өргөө” төсөл амжилтгүй боллоо. Үүний шалтгаан, алдаа нь юу байв? Бид хоорондоо эв найртай биш болж, үнэт зүйлээ мэдрэхээ байчихсан байна. Өнөөдрөөр л амьдардаг болчихжээ. Биднийг нэгтгэдэг, нийлүүлдэг зүйл байхгүй болж… Энэ олон намд хуваагдчихсан, нөгөө намын гишүүн нь дайсан шахуу, У.Хүрэлсүхийг дэмжсэн хүн нь АН-даа бол урвагч болдог. Гэтэл сонгууль болж өнгөрөөд

Монголчууд бид байж л байх ёстой шүү дээ. Энэ олон тийшээ харсан хазгай байдлаас болж энэ хөшөө нурчихлаа. Хөшөө барих, барихгүйдээ биш харин бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө үнэт зүйлээ мэдэрч, эрхэмлэдэг, хүсдэг, хайрладаг, хамгаалдаг байх ёстой. Монголчууд энэ тал руу өөрчлөгдөх ёстой гэдгийг хэлмээр байна.

Нэгэнт улс төр ярьсных үүнтэй холбоотой хэдэн асуулт асууя. Та Ардчиллын анхдагч, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны удирдагчдын нэг. АН маань өнөөдөр хоёр хуваагдсан байдалтай байна. Энэ талаар таны байр суурь? С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай гээд хоёр талын алийг нь та дэмжиж байна?

Алиныг ч дэмжихэд хэцүү болчихсон юм даа. Ардчилсан Нам ч тэр, ардчилал ч тэр булингартчихлаа. Энэ бүхэн бол С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гэдэг хүмүүс албан тушаал булаацалдаад байгаа төдий асуудал биш. Цаана нь бизнес, мөнгөний бүлэглэлүүд хоорондоо АН-ыг булаацалдаж байна. Улс төрөөр дамжуулж, эрх мэдэлд хүрэх юм байна. Эрх мэдэлд хүрчихээд тендерээ хувааж, лиценз авахын төлөөх тэмцэл яваад байгаа юм.

Үүнээс болж Монголд ардчиллыг авчирсан мундаг улс төрийн хүчнийг үгүй хийж дуусаж байх шиг байна. Хэрвээ би аль нэг талд нь орох юм бол Монголын ардчилалд, Ардчилсан Намдаа хор хөнөөл болно. Тиймээс болж өгвөл бидний үеийнхэн холдчихоосой. Харин өнөө цагийн залуучууд тойрч суугаад учраа олчихоосой. Тэр С.Эрдэнэ, О.Цогтгэрэл өөр хэн байна? Та нар зүгээр орхиод явчих л даа.

Маргаашийн эзэд, өнөөдрийн залуучууд чинь бэлэн болчихоод байна шүү дээ. Тэдэнд намаа удирдах боломжийг нь өгчих. Энэ залуус учрыг нь олоод явчихна гэдэг л байр суурьтай байна даа.

Гэхдээ яах ч аргагүй хууль ёсны бүртгэл, тамга тэмдэг нь С.Эрдэнэ талдаа байгаа учраас тэр хуульгүй яваад байгаа хэсэг нөхдөд хандаж, та нар хуультай газраа очиж учраа олооч гэж л хэлье.

АН 2012-2016 онд маш сайн ажилласан гэж өөрсдийгөө дүгнэдэг. Харамсалтай нь хоёр сонгууль дарааллан ялагдлаа. Энэ бүхний шалтгаан нь юу гэж та боддог вэ?

Ер нь бол тэр жилүүдэд түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Маш урт зам барьсан гэх мэтээр яривал их зүйл бий. Ханцуй шамлаад ажил хийе гэсэн сэтгэл нь үнэхээр байсан боловч бид засаглаж чадаагүй. Засаглах ур чадвар сууж чадаагүй байсан юм биш үү? Тийм л учраас дараалан ялагдаад явж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид муу ажилласандаа биш, засаглаж л чадаагүй.

Та “Бидний цөөхөн Монголчууд” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго юу вэ? өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлэв?

Төсөл эхэлснээс хойш 5-6 жил өнгөрчээ. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирусээс болоод хөдөлсөнгүй л дээ. Хүн хүнтэй уулзаж, айл хэсдэг төсөл учраас завсарлахаас ч өөр аргагүй. Ер нь бидний хийж байгаа зүйл бол энэ цагийг түүхчилж буй хэрэг. Улсын түүх, энэ цагийн түүх гэдэг чинь хувь хүн бүрийн л түүх. Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж байгаа бодол, санал, аав ээж, өвөг дээдсийн тухай дурсамжууд нийлж байж Монгол Улсын түүх болно. Чиний, миний, Дорж гуай, Бямбаа гуайн түүх нийлж байж Монгол улсын түүх болох учиртай. Тиймээс би нэг их ухаан зарж, цаг хугацааг ухрааж судлахгүйгээр, өнөө цагийн Монголчуудынхаа амьдрал ахуй, байгаа орчинг нь зураглаж түүхчилж байгаа юм.

Хэн нэг өвөөг сайн яриулаад авах нь чухал. Үүнийг 40, 50 жилийн дараа үзүүлэхэд л энэ цагийг хамгийн зөв ойлгуулж чадна. 10-аад хүний яриа сонсоход л тэр аймаг, сумын өнгө төрх гараад ирнэ.

Бид коронавирус намжмагц АНУ-д амьдарч байгаа Монголчууд руу явахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Эхлээд зүүн эргээр дараа нь баруун эргээр нь явахаар төлөвлөж байгаа. Вашингтон хотын Монголчуудын холбоо, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтарч “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхээ шинэ хэсгийг хэрэгжүүлэх гэж байна.

Бидний ярилцсан сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, таны хэлье гэж бодсон зүйл юу байна? Бид чинь цөөхүүлээ шүү. Цөөхүүлээ учраас бие биенийгээ хайрлаач ээ. Дэлхий даяарх Монголчуудыг будаа шиг цуглуулахад л 10 сая хүрэхгүй. Дэлхийн хотуудын хүн ам нь бараг дунджаар 30, 40 сая болчихсон. Гэтэл бид улс дотроо 3-хан сая. Нэг хүний амь нас, нэг айлын гал голомт бидэнд үнэтэй. Хүн бүр хариуцлагатай, эв нэгдэлтэй байгаач ээ. 50 жилийн дараа гэхэд Монгол Улс байхгүй, Монгол хэл нь устана, Монгол хүн байдаггүй болно гэсэн Япон ч билүү Сингапурын эрдэмтдийн судалгаа байдаг. Үнэн шүү дээ. Өөрсдөө анзаараагүй байхад бидний хэл, яриан дотор Англи болон бусад орны хэл ороод ирчихсэн байгаа. Монголоороо яриад байгаа мэт боловч аль хэдийн 10, 20 үг нь гадаад үг болчихдог. Энэ чинь уусч эхэлж байгаагийн илрэл.

Мөн бид түүхээ нураагаад эхэллээ. Уг нь тэнд “Андлалын өргөө” байсан бол Их Эзэн хаан ба Боорчи хоёрын тухай, Монголын нууц товчооныхоо түүхийг хүүхдүүддээ яриад зогсож байх байлаа… Дэлхийн хүмүүсийг авч ирээд гайхуулж байх ёстой газар. Гэтэл бид нураагаад л хаячихлаа. Монголчууд бид цөөхүүлээ шүү гэдгийг л давтан давтан хэлье.

Баярлалаа, таны ажилд амжилт хүсье. Sonin.mn-ынхэндээ ч баярлалаа. : Ярилцсан Н.Энхдэлгэр

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал