АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Д.НИНЖ: Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ ХОЁР С.ЗОРИГИЙГ ЗAXИAЛГAAP AЛУУЛCAH БАЙЖ МАГАДГҮЙ ОЛОН БАРИМТ БИЙ !!!

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүл дахин яллагдагчаар татагдсан мэдээлэл дуулиан дагуулж байна. Тэгвэл Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга асан Д.Нинжийн өмнө нь өгч байсан ярилцлагаас хүргэж байна. Тэрээр С.Зоригийн хэргийг илрүүлэх цаг нь болсон хэмээн үзэж, зарим нэг баримтыг холбогдох байгууллагуудад гарган өгч байсан.

Түүнчлэн өөрийгөө хамгаалалтад авахыг ТЕГ-аас хүсч байсан удаатай. Гэвч түүнийг Э.Бат-Үүлийг гүжирдсэн гэдэг зүйлчлэрээр ял оноож байсан юм. Ингээд түүний сэтгүүлч Ю.Гэрэлтуяатай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэе. Энэ бол 2011 оны ярилцлага гэдгийг сануулъя.

( ЗУРАГ ДЭЭР Д.НИНЖ, С.ЗОРИГИЙН ХАМТ )

-С.Зоригийн хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байхад чухам яагаад энэ хэргийг сөхөх болов?

-Энэ аймшигт хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байгаа нь Монголын төртэй шууд холбоотой. Хэргийг мартагнуулах үйл ажиллагааг Монголын төр зохион байгуулж байна. Монголын ард түмний хянан шалгах хорооноос Монгол Улсад улстөрийн захиалгат аллага хийж болдог, Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий бүлэг хүмүүсийг илчлэх, хууль бус болчихоод буй засаглалыг зөв гольдролд оруулах зүй ёсны шаардлага тавьж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгсэд ямар ч хариуцлага хүлээхгүй, өндөр албан тушаалд дэвшин ахиж болдог юм гэсэн ойлголтыг олон түмний дунд төрүүлэх гэсэн оролдлогыг хүмүүс хийж байна.

-Таныг шаардлага тавьсны дагуу арван хэдэн жил дарагдсан С. Зоригийн хэрэг нэг өдрийн дотор илрэх үү?

-С.Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавъяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ.

-Таны хувьд С.Зоригийн хэрэгт холбогдох есөн зүйлийг нийтэд ил болгохыг зорьжээ. Үүнд аллага болохоос хагас жилийн өмнө энэ тухай сонсч байсан гэсэн байна?

-С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Билэгтээс сонсч байсан. Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С. Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» хэмээн ярьж байсан. Үнэхээр С.Зоригийг амьд байсан цагт Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүйг хүн бүр мэднэ.

-С.Зоригийн аллага яагаад дээрх хүмүүстэй холбоотой гэж? -С.Зоригийн аллагыг тухайн үеийн улс төрийн өндөрлөгт очихыг зорьж байсан хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн хийсэн. Тухайн үед «Хөх толбо» сонинд Социал демократ намын «Алтан гадас» бүлэглэлийн нууц хуралдааны протоколыг нийтэлж байсан.

Үүнд өнөөгийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, их хэвлэн нийтлэгч Б.Баабар, Улаанхүү, Н.Алтанхуяг болон бусад гишүүд Нийслэлийн номын сангийн байранд нууцаар хуралдаж, С.Зоригийг хөнөөх тухай шийдвэр гаргаж байсныг илчлэн нийтэлсэн болно. Уг нийтлэлтэй холбогдуулан ямар нэгэн эсэргүүцлийг тухайн үед эдгээр хүмүүсийн зүгээс огт гаргаж байгаагүй нь анхаарал татдаг.

-Өөр ямар баримтууд таны анхаарлыг татаж байгаа вэ? -Э.Бат-Үүл хэргийн газар дээр малгайгаа мартаж үлдээсэн. Э.Бат-Үүл ирж, хэргийн газар дээр тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар дуудан авч ирж талийгаачийн цогцсон дээгүүр тодорхой зорилготой алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан.

Энэ нь Эрүүгийн хууль болон ЭБШ хуулийг зөрчсөн үйлдэл. 1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н.Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С.Зоригийн үхэлд Н.Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан нь олон хүнийг өнөө хүртэл гайхашруулсан хэвээр байна.

-Таны хувьд яагаад Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүртэл энэ хэрэгт хамаатуулан татаад байгаа юм бэ?

-1998 оны 10 дугаар сарын 3-ны үдээс хойш Нийслэлийн МҮАН-ын байрны өмнө цугларсан Ардчилсан нам, холбооны орон нутгийн гишүүд дээр Ц.Элбэгдорж хүрэлцэн ирээд баяр наадамд байгаа мэт өөрийн хөөр баяслаа дарж чадалгүй хүмүүстэй хөөрөг зөрүүлж байсан. Үүнийг тухайн үед телевизүүд хүртэл бичиж авсан. Энэ хүн яагаад тэгтлээ хөөрөн баяссан бэ.

Уг нь баяр наадам биш, дотно явсан хамтран зүтгэгч нь бусдын гарт зэрлэгээр алагдсан шүү дээ. Мөн 1999 оны зургадугаар сард өнөөгийн IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирэхэд нь Ц.Элбэгдорж уулзсан. Энэ уулзалт дээр Ц.Элбэгдорж «Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байдаг.

IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц.Элбэгдорж толгой дохин ном уншуулсан юм. Тэгээд өргөл болгон гурван сая төгрөг өгч, түүгээр нь Баасан лам Баруун дөрвөн замд байрлах уран дархнаар IX Богдын гарын тамга (бараг 3 кг цэвэр мөнгө) болон Мандал өргөдөг шашны үйлийн хэрэглэл зэргийг хийлгэсэн.

-Энэ бүхэн баримт болж чадна гэж үү? -1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай.

Ярилцсан Д.Очир

Ц.ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ XУУPAМЧ АРДЧИЛАГЧИД 30 ЖИЛ АРД

ТҮМНИЙ ТAPXИЙГ УГAAЖ ДOPOМЖИЛЛOO !!!

Өнөөдөр 2013 оны 5-р сарын 17-ны өдөр. Үүнээс арван хоёр хоногийн өмнө их Марксын төрсөн өдөр. Түүний мэндэлсний 195 жилийн ой болж өнгөрсөн. Тэгвэл 5-р сарын 6-ны өдөр одоогоос 23 жилийн тэртээд Ардчилсан хувьсгал зогссон түүхэн өдөр гэдгийг ч бид эргэж санах ёстой. Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад бид марксизм-ленинизмийн диалектик арга зүйг хэрэглэсэн гэдгийг 1990 оны 2-р сарын 18-нд болсон Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурал дээр Монгол түмэндээ зориуд сонордуулсан. Харин энэ их хурлаас хойш бараг сарын дараагаар МАХН-ын лут хурал болж МАХН марксизм-ленинизмээс татгалзсанаа маш даруухан, Монгол түмэнд үл сонсогдохоор чимээгүйхэн дуулгасан гэдгийг бид 23 жилийн дараа хэлэх ёстой.

Марксизм нь ажилчин ангийн язгуур эрх ашгийг тууштай илэрхийлж хамгаалдаг цогц үзэл мөн. Ийм цогц үзэлд ажилчин ангийн засаг (пролетарийн диктатур), социалист хувьсгал, шилжилтийн эрин үе, социалист бүтээн босголт, мөлжлөггүй аж төрөх ёс, хөдөлмөрчдийн эв нэгдэл, дэлхийн пролетариудын нэгдмэл тэмцэл тусгагдсан билээ.

Аж үйлдвэрийн хувьсгал, том хөрөнгөтнүүдийн ангийг, бас ажилчин ангийг ч бий болголоо. Аливаа ангийн тэмцэл бол улс төрийн тэмцэл мөн. Капиталын хуримтлал эрч хүчээ авах нь ангийн тэмцлийг хурцатгахдаа ажилчдын ухаарал, мэдрэмжийг сэргээдэг. Ажилчин анги пролетарийн намын ач буянаар бие даасан бодлого явуулж хөрөнгөтөн ангийн ноёрхлыг эцэслэж Засгийн дээд эрхийг ажилчин ангид шилжүүлж өгнө. Зарчмын дээрх томъёоллууд нь марксизмыг ажилчин ангийн онол үзэл бодлого болгож хувиргасныг бид дахин дахин дурьдаж сонордуулах ёстой.

Маркс-Энгельс хоёр хөрөнгөтөн ангийн улс төрийн балайрал болон завхралуудыг илчилж, улмаар ажилчин анги, бие даасан бодлогоор улс орноо залуурдах бүрэн чадвартай гэдгийг анх дэвшүүлсэн агуу онолчид, лут тэмцэгчид байсан аж.

1990 оноос өмнөх нам төрийн боловсон хүчнүүд, эрдэмтэд, нийгмийн судлаачид марксизм-ленинизмийн боловсролыг бараг бүгдээрээ олж авсан. Ийм боловсролыг ихэнх нь сурах бичгийн төвшинд олсноос биш улс төрийн тэмцлийн төвшинд марксист-ленинист арга зүйг бүтээлчээр хэрэглэж хөгжүүлэх оюуны чадварыг эзэмшээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Үүнээс болж 1990 онд МАХН марксизм-ленинизмээс татгалзсанаа зон олондоо дуулгахад нэг ч эрдэмтэн, нэг ч судлаач, нэг ч намын зүтгэлтэн эсэргүүцээгүй гэдгийг дурьдах хэрэгтэй. Марксизм-ленинизм нь либерализмыг, монератизмыг, консерватизмыг, социал-демократизмыг онолын хувьд, бодлогын хувьд, практик талаас нь илчилж ниргэснийг иргэд олон түмэн ойлгоогүй өнгөрсөн.

Өөрчлөн байгуулалт ч гэсэн, ардчилсан хөдөлгөөн ч гэсэн улс төрийн балмагдалд өртөж түүхэн замнал социализмаас болж, марксизм-ленинизмээс шалтгаалж уруудчихлаа гэсэн төөрөгдөлд автчихсан байлаа. Үнэндээ дэлхийн коммунист хөдөлгөөнийг, олон улсын ажилчин ангийн хөдөлгөөнийг манлайлж байсан ЗХУ-ын Коммунист нам олон жилийн турш марксизм-ленинизмийг баримталдаг хэмээн сурталчилдаг байсан ч гэсэн жинхэнэ практик ажиллагаанд жинхэнэ социалист бодлогыг биш, жинхэнэ марксистленинист бодлогыг биш, чухамдаа асар том цар хүрээт шовинист далд колониалист бодлогыг амилуулж чадсан байв.

Тэрбээр жинхэнэ хөгжингүй колониализмыг сүндэрлүүлсний учрыг нь олж чадалгүй хөгжингүй социализм гэж тунхаглаж явсаар 1991 онтой золгож хөгжингүй социализмыг байгуулж чадаагүй гэдгээ ЗХУ-ын коммунист нам анзаарч шал өөр нийгмийн тогтолцоог сүндэрлүүлснээ мэдмэгц улс төрийн тавцангаас өөрийгөө зайлууллаа.

1991 оны эцсээр ЗХУ том колоничлогч гүрний хувьд задарсан болохоос биш үүнийг дэлхийн социализм сүйрлээ гэж томъёолох нь үндсээрээ буруу байсан юм. ОХУ бол далд колониалист гүрний цөм нь болж хувираад байна. Далд колоничлолын ноён нуруун дээр өнөөгийн ОХУ тогтнож буйг хэн ч социалист улс гэж хэлэхгүй. 1721 онд сүндэрлүүлсэн Оросын аймшигт харгис колониалист тогтолцоо өнөөдөр хадгалагдан үлдсээр найман жилийн дара 300 жилийнхээ ойтой золгох гэж гэлдэрч явна.

Бид үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл марксизм-ленинизм зев онол бодлого байсан бөгөөд өнөө үед зөв үзэл бодлого хэвээрээ хадгалагдаад байна. Марксизм-ленинизм буруутсан биш, харин ЗХУ-ын Коммунист намын хэрэгжүүлсэн далд колониалист бодлого илчлэгдэж дампуурсан гэдгийг бид хэлэх учиртай.

Ажилчин ангийн агуу сургааль буруутаагүй шүү. Харин энэ лут сургаалиар бамбайлж далд колоничлолыг амилуулж байсан Оросын карьеристууд, Оросын шовинистууд, Оросын колоничлогчид илчлэгдсэн явдалд юуны өмнө монголчууд бид талархах ёстой.

Ийм түүхэн чухал агшинд барууны зальжин неоколониализм манай оронд үймээн самуун завхрал төөрөгдлийн сиймхийг ашиглаж орж ирснийг бид 1995-1996 онд либерал-монетар зах зээлийн бодлого гэсэн судалгаагаараа илчилсэн билээ. Бид Монголд өрнөсөн эдийн засгийн нууц дайн ба түүний хор уршгийг судалсны дараа зах зээлийн шилжилтийг том бодлогын төвшинд хөндөж шинэ маягийн далд колоничлолын жинхэнэ нүүр царайг гаргаж тавьсан юм.

Дахин давтаж хэлэхэд марксизм-ленинизм бол ажилчин ангийн агуу онол бодлого байсныг бид хэзээ ч мартаж болохгүй. Марксизм-ленинизм нь либерализмыг, неолиберализмыг, консерватизмыг, монетаризмыг, социалдемок-ратизмыг ажилчин ангид, хөдөлмөрчин олонд үнэн мөнөөр нь илчилж чадсан тийм лут сургаал байсныг ялангуяа залуу үеийнхэндээ дурсаж хэлэх ёстой.

Бид Ардчилсан хувьсгалын онол бодлогыг Монгол Улсынхаа бодит байдалд нийцүүлж боловсруулахдаа марксист-ленинист диалектик арга зүйг хэрэглэсэн гэдгийг их Марксын мэндэлсний 195 жилийн ойн өдөр, 5-р сарын 5-ны өдөр зон олондоо сонордуулж байгаадаа сэтгэл хангалуун байгааг хэлэх юун.

Харин 1990 оны 3-р сард ЗХУ-ын Коммунист нам марксизм-ленинизмээс татгалзсан гэдгийг МАХН-ын дээд удирдлага мэдэнгүүтээ 1960 оны социалист Үндсэн хуулийн заалтаас “бүхнийг ялагч марксизм-ленинизм” гэсэн томъёоллыг авч хаясан гэдгийг дурьдахын ялдамд ойворгон Э.Бат-Үүл 22 жилийн дараа 2012 оны 10-р сард, том хуйвалдаанаар Н.С.Хрущевыг Зөвлөлтийн дээд удирдлагаас зайлуулсан тэр түүхт өдөрт тохируулж аугаа Лениний хөшөөг буулгасан нэгэн мундаг танхайрлыг бас дурьдахад юу нь буруу байхав.

Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн гэдэг томъёоллоор Ардчилсан намынхан, хуурамч ардчилагчид, Ардчилсан хувьсгалын цуутай урвагчид 23 жилийн турш нийт монголчуудын тархийг угаасан төдийгүй, бас дэлхийн цөөнгүй лийдрүүдийг төөрөгдүүлж чадсан гэдгийг бид дахин ярих шаардлагатай болж байна.

1990 оны 5-р сарын 6-нд Ардчилсан хувьсгал дотоод болон гадаад лут лут бодит хүчин зүйлсээс шалтгаалж зогссон. Ардчилсан хувьсгал зогссоны 23 дахь жил саяхан хоёр хоногийн өмнө, 5-р сарын 6-нд тохиолоо. Ардчилсан хувьсгал 1990 оны 2-р сарын 18-наас эхэлж, мөн оны 5-р сарын 6-ныг дуустал үргэлжлэхдээ, бараг 3 cap энэ хувьсгал өрнөх явцад энэ хувьсгалаас болж нэг ч хүн нас барах нь байтугай хувьсгалд оролцогчдын дух шалбарсан тохиолдол огт гараагүй гэдгийг дурсах нь зүйтэй байх.

Ардчилсан хувьсгал тайван замаар цус урсгалгүй гуравхан cap үргэлжлээд л зогссон. Үүнтэй холбогдуулж хэд гурван баримтыг хөндье. Тухайлбал: “Ер нь 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж байх үед МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийн хуралдаанаар нэг ч удаа Ардчилсан хувьсгалыг заавал цус урсгаж байж л ялалтад хүргэнэ гэсэн томъёоллыг хэзээ ч ярьж байгаагүй гэдгийг миний бие хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Аливаа цуглаан жагсаалыг хийхдээ нэг ч хүний духыг шалбалж болохгүй гэсэн чиглэлийг бид өгч байсан бөгөөд цуглаан тарсны дараа тэндэх орчин, гудамж талбайг цэвэр цэмцгэр болгох заалтыг давхар өгч байсан гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав. Би хувьдаа МоАХ-ны зөвлөхийн хувьд, бас тус холбооны баримтлах мөрийн хөтөлбөр, улс төрийн илтгэл, өргөн барих бичиг тэдгээрийн онолын үндэслэлийг гаргахдаа ардчилсан хувьсгалаар заавал Ху намынхныг цусыг урсгана гэсэн асуудлыг хэзээ ч тавьж байгаагүй.

Харин цус урсгах аюул МАХН-ын дээд удирдлагын зүгээс гарч болзошгүй гэдгийг миний бие Ардчилсан холбооны дээд удирдлагынханд байнга хэлж байсан… Юуны түрүүнд Эрдэнэтийн үйлдвэрийг Ардчилсан холбооны залуучууд удирдлагыг нь гартаа оруулж авбал Зөвлөлтийн цэргийн анги цус урсгах аюултай гэдгийг би МоАХ-ны цөөхөн лийдэрт ярьж байсан.

Дараагийн цус урсгалт хэрэв эдийн засгийн гурван гол яам (Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Төв банк) бас Батлан хамгаалах яамыг, бас НАХЯ-ыг МоАХ-ын салбар зөвлөлүүдээр дэмжүүлж, удирдлагыг нь МоАХ-нд шилжүүлвэл Ху намын лийдрүүд цус урсгах хувилбарыг хэрэгжүүлнэ шүү гэдгийг хэлж байсан. Ер нь Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад би хувьдаа тайван замаар зөвшилцлийн замаар асуудлыг шийдэхийг гол болгосон болохоос биш цус урсгах хувилбарыг би хэзээ ч зөвшөөрч байгаагүй.

Өнөө үед энэ сүүлийн хорин жилд манай хоёр улс төрийн том нам хамтдаа туулсан хорин жилд доктор П.Нэргүй л цус урсгахыг хүсч байсан мэтээр олон түмний дунд мөн ч их панаалдаж дөвчигнөж явсаар эцсийн дүнд өөрсдөө 2008 оны 7-р сарын 1 -нд цус урсгасан шүү дээ” гэжээ. Ардчилсан нам Монгол Улсын улс төрийн бодит түүхийг жинхэнэ бодит байдлаар нь үлдээхийг хүсэхгүй гэдэг нь байнга нотлогддог болсон.

Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 23 жил болчихоод байхад 1991 оны 1-р сараас Д.Бямбасүрэнгийн засгийн газрын эхлүүлсэн зах зээлийн шилжилт, өөрөөр хэлбэл Монжооч зах зээлийн хувьсгал 22 жилийн турш тасралтгүй үргэлжилсээр өнөөг хүргэчихээд байхад Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн ч гэнэ үү, ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн ч гэх шиг дэмий балай томъёоллуудыг Ардчилсан намын удирдах нөхдүүд сүүлийн гурав дөрвөн жилээс их л идэвхийлэн ярьцгаадаг боллоо.

Тэр ч байтугай ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн, иргэний дайн гаргалгүй хэрэгжүүлсэн гэсэн утгаар нэгэнт зогсчихсон ардчилсан хувьсгалыг яриад байх нь ямар ч утгагүй зүйл болсныг, хуурамч ардчилагчдын хувьд инээдэмтэй, тоглоом тохуурхлын жүжиглэл болж хувирчихаад байгааг бид зон олондоо хэлж дуулгах ёстой.

Бид үүнтэй холбогдуулаад хоёр баримтыг дурдъя. “Улс төрийн тойм” сонины 2013 оны 1-р сарын 28-ны №29-т “Кофи Аннан Монголыг онцлов” гэсэн гарчгийн дор нэгэн чухал мэдээллийг монголчуудад, дэлхий нийтэд толилуулсныг дурьдвал: “Арабын хувьсгалын дүнд маш олон улс иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Бид Ливи болон Сирийн жишээнээс үүнийг харж болно. Гэтэл та бүхэн Монголыг хар. Тэд 20 гаруй жилийн өмнө тайван замаар социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, ямар ч дайн байлдаанд автаж, ард түмнээ хохироолгүй өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Тиймээс Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монгол руу хараасай гэж би бодож байна” гэж Кофи Аннаны хэлсэн лут үгийг дурьдав.

Дээрх үгс Ардчилсан намынханд таалагдсан байж болно. Гэхдээ энэ томъёололд зарчмын шинжтэй үл ойлголцсон санаа агуулагдаж буйг бид хэлэх нь зүйд нийцнэ. Арабын хэмээгч хувьсгал Ливи болон Сирид иргэний дайнд хүргэсэн бөгөөд энэ нь бие даасан хоёр улсыг далд неоколони улс болгож хувиргах чиглэмжтэй байсныг Кофи Аннан олж харсангүй.

Тэгвэл ийм чиглэлийг Ардчилсан намынхан бүр ч унаж мэдээгүй гэлтэй. Монгол Улс тайван замаар социалист нийгмийн тогтолцооноос Ардчилсан нийгэмд шилжээгүй гэдгийг бид хэнээр ч хэлүүлтгүй аль хэдийн томъёолсон аж. Монгол Улс социализмаас Ардчилсан нийгэмд шилжих стратегийг дэвшүүлээгүй бөгөөд харин далд колони улсыг хараат биш улс болгож хувиргах зорилтыг Ардчилсан хувьсгалаар дэвшүүлсэн гэлтэй.

Монгол Улс ямар ч л байсан Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 8 сарын дараа, өөрөөр хэлбэл 1991 оны 1 сард чөлөөт зах зээлд шилжих явдалдаа шууд уялдаж, иргэний дайнд өртөөгүй ч гэсэн дайн байлдаанд автаагүй ч гэсэн өөр нэг аюултай далд дайнд өртсөн гэдгийг бид судалж тогтоосон юм.

Энэ дайныг бид эдийн засгийн нууц дайн гэж нэрлэсэн бөгөөд Зөвлөлтийн импорт тав дахин багасахад л Монголын далд колони эдийн засаг тэр аяараа нурж 1995 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлого 300 доллар дээр унаж, 1945 оны төвшин дээр манай улс доошилж дордлоо. Эдийн засгийн нууц дайн Монгол Улсыг 50 жилээр ухрааж, нэг хүнд ногдох үндэсний орлогыг хоёрхон жилийн дотор 4.5 дахин багасгаж, асар том хохирол учруулсан гэдгийг хэлэх ёстой.

Эдийн засгийн нууц дайныг түүний хор холбогдлыг сүүлийн хорин жилд Ардчилсан нам ч, Ардын нам ч огт ярихгүй явсаар ирснийг бид зон олондоо дуулгах учиртай. Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 8 жилийн дараа эдийн засгийн нууц дайныг Зөвлөлтийн дээд удирдлага сэм санаачлан хэрэгжүүлснийг бид “Хөх толбо” сониноор сонордуулсаар ирлээ.

Орчин үед иргэний дайныг биш чухамдаа эдийн засгийн нууц дайныг, валютын дайныг, гадаад худалдааны дажинг амилуулдаг болчихоод байна. Бид одоо дараагийн нэг баримтыг дурьдая. Ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлсэн хэмээх томъёоллыг өнөөгийн хуурамч ардчилагчид бас өөр хэлбэрээр түмэн олонд хүргэх чиглэлийг баримталж байгаа. Ардчилсан хувьсгалыг дөвийлгөх замаар нэр сүрийг нь гуйвуулж гутаах явдал гарсаар байна.

2012 оны 12-р сард Ардчилсан нам байгуулагдсаны 12 жилийн ойг тохиолдуулж Ардчилсан намын лийдрүүд мөнөөх Ардчилсан хувьсгалыг гуйвуулсан томъёоллуудыг гаргаж тавьсныг бид “Хөх толбо” сонины энэ оны №11-д илчилж тавьсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалыг гуйвуулах оролдлого өөр нэг хэлбэрээр явагддаг боллоо. Тодруулбал гавъяат хуульч Бяраагийн Чимидийн эмгэнэлийн бичвэрт Улсын бага хурлын гишүүд Улс төрийн нэгэн томъёоллыг шургуулж оруулсныг бид хэлэх гээд байгаа юм.

Эл томъёоллыг сийрүүлвэл: “Б.Чимид нь… ардчилсан хувьс-галыг тайван замаар өрнүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр Ардчилсан хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж…” гэжээ.

Уг эмгэнэлийн бичигт Б.Чимидийг Ардчилсан хувьсгалын гол лийдэр байсан мэтээр түүхэн том үйл явцыг гуйвуулах хандлагыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Б.Чимидийн таалал төгссөний 49 хоног нь дууссаны дараа бид эмгэнэлийн бичигт Ардчилсан хувьсгалтай холбогдуулж Б.Чимидийг их гавъяатай хүн болгож дөвийлгөх гэсэн явуургүй оролдлогыг илчилж шүүмжилнэ гэдгийг “Хөх толбо” сонины Ерөнхий эрхлэгчид хэлж мэдэгдсэн.

Ер нь ингэхэд хуульч Бяраагийн Чимид Ардчилсан хувьсгалыг өрнүүлэхэд, Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад огт оролцож байгаагүйг бид хэлэх ёстой. Хэрэв өөрчлөн байгуулалтыг Ардчилсан хөдөлгөөний хэлбэрээр гардан удирдах том үйлсийг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Намсрай Засгийн газрын ордноос удирдан чиглүүлж байсан бол миний бие Ардчилсан хувьсгалыг Засгийн газрын ордноос биш, чухам залуу техникчдын ордны дэргэдэх 9 давхар байшингийн 5 дугаар давхраас, 53 номерын өрөөнөөс удирдаж байсан юм.

53 номерын өрөөнөөс Ардчилсан хувьсгалыг Б.Чимид Тайван замаар өрнүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж Улсын Бага хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар худлаа товойлгон үнэлж болохгүй шүү дээ. Б.Чимидийг Ардчилсан хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж гэсэн мундаг томъёолол эмгэнэлийн бичигт тусгалаа олжээ.

Миний гэрт үнэндээ ардчилсан хувьсгалын гол штаб болон хувирсан тэр өдрүүдэд Б.Чимид төв штабаар огт орж ирж үзээгүй бөгөөд манай гэрт улс төрийн зөвлөлдөх хэмээх зөвлөл огт хуралдаж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлэх учиртай.

Ардчилсан хувьсгалын төв штаб миний суудаг 53 номерын өрөөнд ажиллаж байсан болохоос биш энэ төв штаб Засгийн газрын ордонд ч юм уу, аль эсвэл Батлан хамгаалах яаманд, аль эсвэл нийгмийг аюулаас хамгаалах яаманд байрлаж байгаагүй юм. Харин монжооч зах зээлийн хувьсгалын төв штаб нь Засгийн газрын ордонд байнга байрлаж тусгай хамгаалалтад байсан гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав. Ардчилсан хувьсгалын төв штаб ямар ч хамгаалалтгүй байсан бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй.

Тэгвэл монжооч зах зээлийн хувьсгал сүүлийн 22 жил өрнөхдөө цаг ямагт улсын төсвөөс үлэмжийн их санхүүжилтээр амьдарч байсныг дурьдаж хэлвэл зохино. Ардчилсан хувьсгалаар халхавчилж монжооч зах зээлийн хувьсгалын учруулсан асар их хохирлыг нуух гээд байх хэрэггүй шүү.

Эмгэнэлийн бичвэрүүдэд Ардчилсан хувьсгалын нэрийг товойлгон гуйвуулах оролдлогыг цаашид гаргахгүй байх нь нэн чухал гэдгийг бас сануулж хэлмээр байна. Чөлөөт зах зээлийн нийгэм сүндэрлүүлэх явц Монгол Улсад гадны гурван давхар далд колоничлолыг амилуулахад гоц үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид сонордуулсаар ирлээ. 2012 оны УИХ-ын сонгуультай давхцаж өрнөсөн шударга ёсны хувьсгал нь эцсийн дүнд далд колоничлолыг эсэргүүцсэн чиглэмжтэй байсныг бид дэмжсэн юм. Шударга ёсны хувьсгалыг дэмжих болсны гол учир утга нь юундаа байсан бэ гэвэл том улс төрч Н.Энхбаяр МАХН-ыг шинэчилж байгуулахдаа уул намыг жинхэнэ бие даасан намын статустай болгож чадсанд оршиж байв.

Үүний нэгэн адил том улс төрч М.Энхсайхан үндэсний үзлээр Монголын үндэсний Ардчилсан намыг сүндэрлүүлсэн явдлыг бид талархан хүлээж авсан. Хамгийн гол нь энэ хоёр нам Шударга ёсны эвслийг улс төрийн 15 шалгуураар байгуулж, энэхүү эвслээр шударга ёсны хувьсгалыг Монгол Улсад 2012 онд өрнүүлсэн тэр том гавъяаг Н.Энхбаяр, М.Энхсайхан бусад хамтран зүтгэгчдийнхээ хамт хүртэх ёстой юм шүү.

Шударга ёсны эвсэл, шударга ёсны хувьсгалыг, шударга ёсны зарчмын дагуу удирдан чиглүүлж байсныг монгол түмэн өндрөөр үнэлдгийг бид заавал дурьдаж хэлэх учиртай. “Зууны мэдээ” сонины энэ оны 4-р сарын 19-ны дугаарт “Алсын бодлогогүй орнуудын тоонд Монгол багтаж байна” гэсэн хэнбугайг ч айхавтар цочроох нэгэн лут мэдээлэл нийтлэгдлээ.

Энэ мэдэгдлийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу хийснийг тодотговол: “Хямралаас шалтгаалж Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг сайнгүй байна. Тус бүсийн орнууд байгалийн баялгаа хэт ихээр ашигласнаас болж нийгэм, байгаль орчинд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа. Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах бололцоогоо сүйрүүлж болзошгүй аюулын дохиог өгч байна. Ийм дүр зураг харагдаж байгаа орнуудад Монгол багтана. Алсын хараатай байж өнөөдрийн бодлогоо тодорхойлох нь зохистой” гэжээ.

Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нэн чухал сэрэмжлүүлгийг монголчууд бидэнд өгсөнийг бид баяртайгаар хүлээж авах ёстой. Эрдэс баялгаа хүн амынхаа хэрэгцээнээс хэт ихээр гадагш нь зөөж цөлмөх нь манай улсын ирээдүйг сүйрүүлэх аюултай гэдгийг төрийн гурван өндөрлөг Монголын тэрбумтангууд бизнесмэнүүд анхаарах ёстой. Монголын асар их эрдэс баялгаар гадны бизнесмэнүүд тэрбумтангууд болж баяжихаас биш манай хэдэн олигархиуд тэрбумтан боллоо ч гэсэн Монгол Улсаа ямар ч эд баялаггүйгээр хоосруулах гольдрол руу улс орноо чирж оруулна гэдгийг анхааруулж хэлэх нь зөв байх.

Гадаадын элдэв банкуудад нууц данс нээж хөрөнгө мөнгөө сэм хадгалуулах нь манай олигархиудын ганц хийж чадах ажил энэ л болчихоод байна. Тэд улс төрийн бодлого мэдэхгүй, бас үзэл, итгэл үнэмшил нь төлөвшөөгүй. Тэгээд төрийн гурван өндөрлөг нь үндэснийхээ язгуур эрх ашгийг үл тоомсорлодог араншинтай болчихсон. Өөрсдөө л баяжиж хөрөнгөжиж байвал Монгол түмэн яаж ядуурсан ч тэдэнд падгүй болчихоод байна.

Монгол Улсаа гадныхны далд колоничлолд өртүүлэхгүйгээр бие даасан замналаар урагшлуулах том бодлогыг манай энэ олон намууд боловсруулж гаргаж чадсангүй. Харийнхны элдэв үзэлд өртсөн ийм намууд үндэсний язгуур эрх ашгийг хэзээ ч дээдэлж чадахгүй гэдэг нь нотлогдсон. Монгол Улсыг эрдэсийн асар их баялагтайг том гүрнүүд дунд зиндааны орнууд сайн мэддэг болжээ. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс 30 сая хүнтэй, аль эсвэл 300 сая хүнтэй улс орнуудтай харьцахдаа тэр тусмаа тэрбумаас давсан улс орнуудтай харьцахдаа эрдэс баялгаа яаж зөв зарцуулах лут чиглэлийг аль хэдийн гаргасан байх ёстой.

Өөрөөр хэлбэл 3 сая хүнтэй Монгол Улсаа 20 жилийн дараа, эсвэл 50 жилийн дараа, бас 100 жилийн дараа ямар дүр төрхтэй болгох вэ гэдгийг том улс төрчид, том намууд хараа хяналтаасаа гаргах ёсгүй. Эрдэсийн их баялаг руу анхаарлаа, оюун ухаанаа, хүч хөрөнгөө зориулж буй компаниуд бусад том гүрнүүдтэй өрсөлдөх гэж даналзах хэрэггүй шүү. Том гүрнүүдэд стратегийн ордуудаа өгч цөлмүүлж болохгүй. Богино хугацаанд түргэн баяжиж дэлхийн тэрбумтан болох гэсэн балайрлаасаа, танхайрлаасаа, туйлшралаасаа салж Монгол Улсаа жинхэнэ тусгаар тогтносон түвшин сайхны нийгэм болгох чиглэлийг алс хэтийн стратеги болгож тавих нь зөв байх.

Эрдэнэтийн орд дээр ч, Оюутолгойн орд дээр ч, Тавантолгойн орд дээр ч бидний хийсэн маш том алдаа бол эдгээр орд Монголын ард түмний төлөө биш харийн колоничлогчдын эрх ашигт захирагдах чиглэлээр ашиглагдах болсонд нэн их харамсаж явдгаа хэлье. Монгол Улс том том гүрнүүдийн хэрэгцээг хангана гэж олигархиудын аясаар хөдлөх нь маш буруу. 3 сая хүн амтай Монгол Улс хүнийхээ хэрэгцээнд нийцүүлж эрдэс баялгаа олборлох ёстой.

Тухайлбал Эрдэнэтийн орд жилд 6 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг олборлох учиртай. Өөрөөр хэлбэл нэг хүнд хоёр тонн хүдэр ногдохоор бодож төлөвлөх учиртай юм. Гэтэл Эрдэнэтийн ордыг 16 сая тонн хүдрийг жил бүр олборлохоор тооцоолсон явдал төр засгийн маань, бид бүгдийн хийсэн эхний алдаа болчихлоо.

Гэтэл жинхэнэ амьдрал дээр Эрдэнэтийн орд жил бүр 25 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг олборлож байгаа. Нэг хүнд 8 тонн хүдэр ногдох жишээтэй. Оюутолгой дээр бол бүр цадигаа алдаж байна. Монголын нэг хүнд 20 тонн хүдэр ногдохоор бодож жилд 60 сая тонн хүдэр гаргах гэж байгаа шүү. Энэ нь эрдэс баялгаа хэт ихээр ашиглаж 40 жилийн дараа, 80 жилийн дараа хөгжлийн ирээдүйгүй болчих аймшиг ингэж төлөвшиж эхэлж байгаа шүү.

Өнөөдөр Эрдэнэтийн орд жил бүр 25 сая тонн хүдэр гаргаад Монгол Улс биеэ дааж чадсан уу гэвэл чадаагүй. Оюутолгойгоос жил бүр 50, 60 саян тонн алт зэсийн хүдрийг гаргаад Монгол Улс бие даасан улс болж чадах уу, чадахгүй. Яагаад гэвэл том гүрнүүд энэ ордуудын 5 хувийг л монголчуудад үлдээж, 95 хувийг хуу хамж байгаа шүү дээ. Ийм замаар Монгол Улс хөгжихгүй. Харин ийм замаар сүйрэл сүйтгэлийнхээ замаар мөхөл рүү гэлдрэх болно гэдгийг бид “Хөх толбо” сониноор байнга анхааруулсаар ирсэн.

Гадны том гүрнүүд Монголын төрд бодлогоо тулгадаг, монголчуудын, монгол үндэсний язгуур эрх ашиг том гүрнүүдэд ямар ч падгүй зүйл болчихоод байгааг ойлгох хэрэгтэй. Зүй нь Оюу-толгойн энэ том стратегийн ордыг одоо ашиглах биш бүр зуун жилийн дараа 2150 оноос ашиглах ёстой байсан юм шүү. Бид Эрдэнэтийн ордыг 120-140 жил ашиглах боломжтой байсан. Алс хэтийн төлөвлөгөөтэй болж чадаж баймааж л алсын хараат бодлогыг явуулж болдог, тэгвэл бодлого хэрэгжих нь баталгаажна.

Тийм ч учраас эдийн засгийг тэдэн хувиар өсгөнө гэж сагсалзахын оронд цөөн хэдэн хүнийг баяжуулж олонх нь хоосрох гольдролоор явах биш харин эрдэс баялгаа ухаалгаар зарцуулж, асар их арвилан хэмнэлтийг том бодлогын төвшинд тавьж эрдэс баялгаа иж бүрэн боловсруулж ашиглах чиглэлийг даруй гол зорилго болгон дэвшүүлэх шаардлагатайг дахин дурьдаж хэлэх нь зөв байх. Иймээс алс ирээдүйн бодлогыг алс хэтийн цогцолбор төлөвлөгөөтэй шүтэлцүүлж ажиллах шаардлага хурцаар тавигдаж байгааг онцолж дурьдах шаардлагатай болсон. Цогцолбор төлөвлөлтийг элдвээр гоочилж ад үзсээр яваад эцсийн дүнд монголчууд бид өөрсдөө л хохирсон шүү.

Хэтийн зорилго байлаа ч гэсэн хэтийн төлөвлөгөө байхгүй бол алсын зорилго хэрэгжихгүй. Хэтийн төлөвлөлт харийнхны далд колониалист бодлогод өртвөл ийм төлөвлөгөө монголчууд бидэнд гай тарихаас тус болохгүй. Бид гол нь юуг хэлэх гэж байна вэ гэвэл алс хэтийн чиглэмжтэй хараат биш төлөвлөлтийг гадны элдэв тулгалтгүй хэтийн том бодлоготой шүтэлцүүлэх явдлыг эрхэмлэн дээдлэх шаардлагатай боллоо.

Доктор П.Нэргүй : Эх сурвалж: “Хөх толбо” сонин

МОНГОЛЧУУД 1990 ОНД Л ҮНЭНЭЭCЭЭ ТЭМЦCЭН, БУСАД НЬ XУДЛAA ЖҮЖИГ…

Монголчууд бид ерэн онд л үнэнээсээ тэмцэж, үнэнээсээ өлсгөлөн зарласан юм байна. Түүнээс хойших бүх жагсаал, өлсгөлөн цуглаан… бүгдээрээ хуурамч, хулхи, ямар нэгэн эрх ашигт үйлчилсэн, бусдыг дээш гаргах гишгүүр, эсвэл доош нь хийх хэрэгсэл болж байж. Энэ бүх хулхи жагсаалууд монголчуудыг унтраасан байна.

Одоо өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа, “Юмны үнэ тэнгэрт хадлаа, яаж амьдрах юм бэ” гэж гэртээ халаглаад суухаас өөр ид шидгүй үхээнцүүд. Аль ч утгаараа ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэх ёстой. Өдөр ирэх тусам амьдрал хүндэрч байхад монголчууд ажин түжин суусаар байгаа нь ирээдүйн муу цагийн дохио. Угаасаа муугийн дохио байдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилнэ. 1911 оны хувьсгал бол монголчууд тартагтаа тулсан хойноо л хийсэн хувьсгал шүү дээ.

Тухайн цагт ертөнцийн чихэнд юу гэж бичигдэж байсан гэхээр “Их газрын гүнд амьдардаг, бие дээгүүр нь жижигхэн хорхойнууд гүйлдэн байдаг цөөхөн үндэстнийг монголчууд гэнэ. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй үгүйтэй болсон, мөхөж байгаа юм. Тэдний нийслэл болох Их хүрээний гудамжинд олон зуун ноход хүмүүсийг гудамжинд үхэхийг хүлээгээд тойроод хэвтэцгээж байдаг.

Нэгнээ үхэж байхыг тоохоо больсон ард юм” гэж бичсэн аян замын тэмдэглэлүүдийг Европын номын сангаас одоо ч олж уншиж болно. Иймдээ хүрсний эцэст их үндэстний үлдэгдлүүд юм гэсэндээ босч тэмцэж, буцалж байж Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Шашны нэвт нөлөөнд автаж, даруу дорой байх үзэл сурталд идэгдсэн монголчуудыг мөхөл л хүлээж байсан юм. Ийм дорой үндэстнийг их гүрнүүд эрх ашгийнхаа талбар, зодоондоо түрээсэлдэг газар, жийргэвч улс болгосон юм.

Гэхдээ тэр үедээ тэмцсэн, тэмцсэн нь бахархмаар их ач тус, түүхэн үр дүн авчирсан билээ. Арван нэгэн оны энэхүү хувьсгал хийгдээгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ой гэж өнөөдөр байгаа ч үү, үгүй ч үү. Үүний дараа түүхэн ач холбогдлоороо 1990 оны Ардчилсан хувьсгал яригдана. Энэ цаг үе, нийгмийн үйл явцыг хүн бүр мэднэ. Хуарангийн амьдралаар амьдарсан соц нийгэм шүү дээ. Ихэнх нь эсгий гэрт, талх масло иднэ, ижилхэн хувцас өмсөнө, орой нь гурилтай шөлөө ууна. Үүнээс илүүг идэж ууж, эдэлж хэрэглэх хориотой.

Хувийн машин байтугай хувийн малтай байж болохгүй он жилүүд. Үзэл суртлын хүлээсэнд, нүдгүй, амгүй мэт явсан сэхээтнүүдтэй нийгэм, даргаа муулахад хувь заяа нь харанхуй нүхэнд булагдана. Сайн найз байтугай төрсөн дүү чинь чамайг НАХЯ-нд матна. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй. Ийм болчихсон ард түмэн тэгээд яах юм, босно, тэмцэнэ. Ингээд ерэн оны хувьсгал хийгдсэн. Өдгөө 30 жил өнгөрчээ…

Өнөөдөр бид ямар болчихсон байна. Гар утаснаасаа сошиалд хэн нэгнийг чөлөөтэй зүхэж дур тавьдаг эрх чөлөөндөө л ханаж цадаж амьдарч байна. Нэг дарга нь муухай харагдвал түүнийгээ зүхчихнэ. Талхны үнэ, махны үнэ, бензиний үнэ бүгд нэмэгдэхэд мөн л гар утсандаа агсам тавьчихна. Тэгэнгүүт болчихож байгаа юм шиг, өөрсдийгөө хуурсан өрөвдмөөр ард түмэн. Үнэн хэрэгтээ энэ улс орныг тонон дээрэмдэж, гадагш нь зөөж, гадныхны мөнгийг угааж байгаа хэдэн хүнд монголчуудын тэрхүү сошиал дахь агсам тавилт огтхон ч нөлөөгүй.

Ард түмнийг халамжаар амыг нь таглачихаад явж байгаа эрх баригчид, Их хурлын гишүүдийн хувьд “Жингийн цуваа явдгаараа л явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцаж л байг…” гэсэн тохуутай сууцгааж байна. Ер нь бол та бидний хэдэн постыг тоож унших ч үгүй, “жингийн цуваа”-нууд шүү дээ. Жингийн цувааны хойноос жингэрийн гөлөгнүүд хуцаад л үлддэг байхгүй юу.

Туурга тусгаар улсын ард түмэн ийм арчаагүй байж болохгүй. Өнөөдөр та нарын эрх зөрчигдөж, та нарын амьдрал хүндэрч, та нар нийгэмд дорд үзэгдэж байгаа бол Та бидний өөрсдийн хохь. Та бидний сонгосон төр. Та нарыг харахаараа инээж саналыг чинь авчихаад, хаалганы цаана “Эд муусайнуудад угаадасыг нь олигтойхон өгөөд, уяаг нь богинохон тааруулчихаарай” гээд инээлдээд сууж байгаа хүмүүс. Одоо утаа, түгжрэл хоёр эхэллээ. Ийм цагаар тэд эхнэр хүүхдээ аваад халуун тив, далайн эрэг рүүгээ ниснэ. Тэндээсээ утсаараа Монголын төлөө санаа зовж байгаагаа бичиж, нөгөө гараараа казино тоглон өвлийг өнгөрөөнө. Бодит үнэн энэ.

Басчиг Монголын ард түмэн нийтээрээ мангар тэнэг болчихоогүй болохоор зарим буруу зүйлд нүд хурц мэдрэмж байна. Тийм үед та нарын анхаарлыг дор нь өөр зүйлд чиглүүлнэ. Юу босч ирэх үед даруйхан Замын-Үүд дээр Засгийн газрын гишүүд давхиж очин баривчилгаа хийсэн нэр зүүж нийгмийн анхаарлыг өөр зүгт шилжүүллээ, сана даа. Дөнгөж сая юунд ард түмэн олноороо дургүйцтэл гэртээ баахан мөнгө хадгалсан хурган дарга нарыг баривчилж, шударга ёс тогтоож байгаа дүр эсгэв, дараа нь бүгдийг нь суллав… Өөр цаашид юуг юугаар дарах нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл явагдахыг мэдэхгүй.

Энэ бүхэн тэгээд үргэлжилсээр байх ёстой юу, монголчууд аа. 1911 оны үеийнх шигээ үгүйрэл хоосрол, өвчин зовлон, өр зээл, нөхөн үржихүй… бүгдийг нь шороотой хутгаж, ертөнцийн чихэнд хэн ч тоохооргүй болчихсон хойноо амаа барих гээд байгаа юм уу. Эсвэл ерэн оны өмнөх шигээ хуарангийн амьдралдаа орж, мал шиг хариулганд орсон хойноо сэрж санах гэсэн юм уу…

Одоо бол цаг үе өмнөх шигээ биш ээ, огт өөр. Бүх зүйл дээд зэргийн технологийн хурдаар хийгдэж байна. Технологийг сайн муу бүхэнд ашиглаж байна. Ийм цаг үед нэгэнт доошоо орсон ард түмэн дээшээ гарах боломжгүй болчихоод байна. Үндэстнийг мөхөөх нь тэдний санаанд багтдаг болчихсон тийм цөвүүн цаг үе ирчихээд байна. Монголчуудыг дотроос нь маш их сараачиж байна.

Ердөө хэдхэн хүний хүрээнд улс орны хувь заяа шийдэгдэхээр байна. Ийм эмзэг, хэврэг, хаашаа ч эргэж мэдэх цаг үед монголчууд бид ийм бэртэгчин байж болохгүй. Бэртэгчин байгаа тодорхойлолтыг чинь энд сайн хэлье. Жалга жалгандаа амиа аваад явдаг байсан бидний өвөг дээдэс, бидний уламжлал өнөө хэр бидний оюун санаанд хадгалагдаж байна.

Өнөөдөр та идэх хоолтой, өмсөх хувьцастай, унах унаатай, нэг муу байр оронтой, бусдаас хамааралгүй болоод байгаа байж болно. “За манайх гэдэг айл л болж байвал бусад нь хамаа алга” гэх шиг телевизийн удирдлагаа бариад диван дээрээ хэвтээд байж болно. Нэг л өдөр танай хаалгаар Монголын зовлон гуйранчлал орж очно.

Нэг л өдөр сургууль дээрээ сурч байсан хүүхдийн чинь эрх энэ зовлонд өртөнө. Нэг л өдөр төрийн дээрэнгүйлэл таныг машинтай чинь зам дээр зогсооно. Нэг л өдөр таны эрхэлж байсан жижиг бизнес рүү хуулийн хулгай гар дүрэн орж ирнэ, та орлогоо хураалгана. Таны алхам тутамд чинь өнөөдөр Монголд нүүрлэж буй хүндрэл бэрхшээл бүхэн мөр даран явж байна.

Энэ бүхэн нэг л өдөр танаар зогсохгүй, таны үр хүүхдийн ирээдүйн сайн сайхныг хулгайлчихсан байх вий. Тийм болохоор та иргэний ухамсраа сэргээ, улс орны хувь заяанд санаа тавь, хэлэх ёстой үгээ хэлэх ёстой газар нь, хэлэх ёстой цагт нь хэлж сур. Хэн өнөөдөр шударга үнэний төлөө дуугарч байгааг ялган салгаж хар. Монголын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ тэмцэж яваа бүх хүнийг та дэмж, санаа бодлоо нэгтгэж бай. Таны оролцоо заавал гудамж талбайд гарч жагссанаар хэмжигддэггүй юм. Ядаж л үнэний талд дуугарч байгаа чөлөөт хэвлэлүүдийг дэмжихээс эхлэхэд л болдог юм шүү дээ…

Б.НЯМАА : ӨДРИЙН СОНИН