АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Гадны хөрөнгө оруулалтыг xулгайлдаг, дэлхийтэй уялдуулан төрийн бодлогоо явуулах чадваргүй хүмүүсээр монголын төр дүүрчиж !!!

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа. 

Р.АМАРЖАРГАЛ: ҮНДЭСНИЙ ЛИДЕРЭЭ ГАРГААД ИРЭХ НИЙГМИЙН ОЮУНЛАГ ХЭСЭГ ХАРААХАН БҮРЭЛДЭЭГҮЙ БАЙНА. Шуудхан хэлэхэд “Би дарга, гадаадын хөрөнгө оруулалт бол миний баяжих боломж” гэж харж, сэтгэж байгаа хүмүүс гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ тусална, хамгаалдаг юм бий болгоно гэж мянга яриад нэмэргүй. Манай төрийн удирдлагууд Афганистанд өрнөж буй явдал, Гвинейн төрийн эргэлт, Байдены янз байдал, Австрали Англи Америкийн байгуулсан шинэ цэргийн холбоо, тэр холбоонд хандах Франц, ОХУ, Хятадын хариу байр суурь гэх мэтийг уялдуулж харчихаад төрийн бодлогоо явуулах учиртай. Харамсалтай нь тэгж харах чадвартай хүн УИХ-д, гүйцэтгэх засаглалд, ер алинд нь ч алга. Төсвөөс өөрсдийнхөө хамааралтай төсөл дээр яаж санхүүжилт авах вэ гэдэгт л анхаарч байна. Хойд хөрш манай хажуугаар нүүрсээ урд зах зээл рүү нийлүүлэх гайхамшигтай сайхан дэд бүтцийг бий болгочихлоо. Гэтэл бид эндээ ухаантай царайлаад, нэгнээ шоронд хийсэн шигээ л сууж байна.

-Ганц том төслийг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт бараг тасарчихлаа л даа. Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого явуулж чадаж байна уу?

-Бизнесүүд зогсчихоод уйлан дуугараад байгаа нь нэг л шалтгаантай. Том, жижиг аль ч бизнесийнхэн бүгд урд хөршид мөнгө өгдөг нэг нэг сайн ахтай. Цар тахлаас болж өнөө мөнгө нь зогсчихоор хэцүүдсэн хэрэг. Бид үүнийгээ хөрөнгө оруулалт гэж ойлгоод байдаг. Угтаа энэ бол хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалт гэдэг эцсийн дүндээ технологийн асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулаад шинэ технологи оруулж ирэх, технологийн шийдлүүдийг олох, үйлдвэрлэлийн шинэ соёл, үйлдвэрлэл дагасан ахуйн соёлыг бий болгох, ноу хауг оруулж ирэх учиртай.

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол ийм олон талтай багц асуудал. Гэтэл бид хөрөнгө оруулалтыг огт өөрөөр хардаг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн төсөлд бараагаа шахаж мөнгөжье гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Барааг нь авахгүй гэвэл шантаажилна. Адаглаад л ариун цэврийн байцаагч явуулж дарамтална. Шуудхан хэлэхэд “Би дарга, гадаадын хөрөнгө оруулалт бол миний баяжих боломж” гэж харж, сэтгэж байгаа хүмүүс гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ тусална, хамгаалдаг юм бий болгоно гэж мянга яриад нэмэргүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг арай ондоо өнцгөөр хардаг үе гараад ирсний дараа л байдал өөрчлөгдөх байх.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр гэх мэт учир мэдэх хүмүүс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тусгаар тогтнолын баталгаа гэж тодотгодог. Гэтэл бид энэ өнцгөөс нь хандаж чадахгүй яваад байх шигээ…?

-Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг бид төрийн бодлогын хэмжээнд авч үзэхдээ эдийн засгийн тусгаар тогтнолыг яаж хангах ёстой юм, Монголын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах механизм гэдэг өнцгөөс нь харах уу үгүй юү гэх мэт асуултуудыг өөрсдөдөө тавих ёстой.

Хэрвээ энэ өнцгөөс нь харах юм бол бид ямар үнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн юм, ямар үнийг хүлээн зөвшөөрч болохгүй вэ гэдгээ төрийн бодлогынхоо хэмжээнд зөв томьёолж зөв ойлгосон байх учиртай. Магадгүй зарим нэг юман дээр бид буулт хийх хэрэгтэй байх. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг дэндүү явцуугаар ойлгож хандаад байвал өөр хүний аманд орох, өөр хүний тоглоом болох эрсдэл бий. Зах зухаасаа ч мэдрэгдэж байгаа.

-Жишээ нь юун дээр мэдрэгдэж байгаа гэж? -Төмөр зам дээр гэхэд л явсаар байгаад хүний тоглоом болоод л дууссан. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж юу юм, ямар салбарт онцгой анхаарах ёстой вэ, зангилаа нь юу билээ гэдгийг бүрэн гүйцэд харж чадахгүй байна. Дахиад хэлэхэд, хаана нь өгөөд хаана нь хожих вэ гэдгээ бодох ёстой юм, уг нь. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх гэж ярьдаг даа. Манай төрийг өмнө нь удирдаж байсан мундаг хүмүүс бүх юмны уялдааг олж харчихаад хөдөлдөг байсан.

Зүй нь манай төрийн удирдлагууд Афганистанд өрнөж буй явдал, Гвинейн төрийн эргэлт, Байдены янз байдал, Австрали Англи Америкийн байгуулсан шинэ цэргийн холбоо, тэр холбоонд хандах Франц, ОХУ, Хятадын хариу байр суурь гэх мэтийг уялдуулж харчихаад төрийн бодлогоо явуулах учиртай. Харамсалтай нь тэгж харах чадвартай хүн УИХ-д, гүйцэтгэх засаглалд, ер алинд нь ч алга. Төсвөөс өөрсдийнхөө хамааралтай төсөл дээр яаж санхүүжилт авах вэ гэдэгт л анхаарч байна. Хойд хөрш манай хажуугаар нүүрсээ урд зах зээл рүү нийлүүлэх гайхамшигтай сайхан дэд бүтцийг бий болгочихлоо. Гэтэл бид эндээ ухаантай царайлаад, нэгнээ шоронд хийсэн шигээ л сууж байна.

-Нэгнээ шоронд хийх гэснээс гучаад оны хэлмэгдүүлэлт давтагдлаа л даа, сая. Хэлмэгдүүлэлт ингэсхийгээд зогсох болов уу, эсвэл дахиад үргэлжлэх процес уу?

-Гучаад оноос өмнө ч аймшигтай түүхүүд байсан.1920-иод оны сүүлээр алтан ургийнхныг шууд утгаар нь бүгдийг нь устгасан. Дараа нь гучаад оны хэлмэгдүүлэлт, залгаад сэхээтний төөрөгдөл гээд өчнөөн хүнийг хэлмэгдүүлсэн. Ийм давлагаалсан хүйс тэмтрэх үйл ажиллагааны үр дүнд Монгол төрийн ой санамж устсан. Хамгийн шилдгүүдийг нь барьж авч устгаж, монголчуудыг монголчуудаар нь хядуулчихаад, ямар ч ой санамжгүй болсных нь дараа, цэвэр цаасан дээр социалист коммунист идеалогио суулгаж өгсөн.

Одоо тийм сэтгэхүйтэй хүмүүс л тэр дээр байна. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ ганцхан манайд явагдаж байгаа процесс биш. Дэлхий даяар улс төрийн үйл ажиллагаа улам бүр популист шинжтэй болоод байгаа. Популизм гэдэг чинь эцсийн дүндээ эрх мэдэлтэйгээ үлдэхийн төлөө л хийж байгаа зүйл. Би л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагын илрэл. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэгчдийн хувьд ард иргэдээ харанхуй байлгах, нийгэм дэх гэгээлэг хэсгүүдээ нухчин дарах, иргэдийнхээ тархийг тасралтгүй угаах, тэтгүүлэх сэтгэлгээг дээд цэгт нь хүргэхийг л бодож, тэр зорилгынхоо төлөө ажилладаг. Нэг санаа зовоосон хандлага байна.

Төрийн албанд ажилладаг хүмүүсийн тодорхой хэсэг нь гэртээ цалингаа аваад суух байдалд бүр амташчихсан, хэзээ карантин тогтоох бол гэсэн өнгө янз анзаарагдах боллоо. Гэтэл нөгөө талд хувийн хэвшлийнхэн хөдөлж хөлсөө урсгахгүй бол ямар ч орлогогүй таг суучихаж байна. Баялаг бүтээдэг хэсгийнхний хувьд хөл хорио бол маш том эрсдэл.

-Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэсэн үгийг та дахиад өчнөөн улс төрийн хоригдлуудтай болно гэдэг утгаар хэлэв үү? -Хэлмэгдүүлэлт тасралтгүй явагдаж байгаа. Улс төрийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд дээд зэргээр явагдаж байна.

-Эдийн засгийн хүрээнд ээ? -Компаниудыг хэрхэн ялгаварлан гадуурхаж байгаагаас харчихаж болно. Заримыг нь яаж босгож, заримыг нь яаж нурааж явааг та ч анзаарч байгаа байх. Хэлбэр нь л өөр болчихсон. Өмнө нь алдаг хяддаг, цөлдөг, хүйс тэмтэрдэг байсан бол одоо хуулиар хэлмэгдүүлдэг болсон. Хууль гаргаад хэлмэгдүүлж байна. Товчхондоо хэлмэгдлийн үйл ажиллагааг соёлтой болгодог институциуд нь байна. Шүүх, прокурор, АТГ гэх мэт. Үнэн хэрэгтээ хөгжлийн өнөөгийн шатанд бизнестээ яаж хандах ёстой юм, бизнесүүд маань ямар байгаа билээ гэсэн өнцгөөс харах учиртай.

-АН эргэж сэргэх болов уу гэсэн асуулт олон хүнд байна. Та энэ асуултад ямар хариу өгөх вэ? -АН асуудал биш л дээ. МАН ч хүчтэй байх ёстой. Бусад улс төрийн намууд нийгмийн захиалгаа мэдрээд зөв мессэжээ хүргээд явдаг бол гайхамшигтай сайхан л байна. Харамсалтай нь улс төрийн намууд институцийнхээ хувьд бүрэн төлөвшөөгүй байна. Улс төрийн нам гэдгийг эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат гэж хардаг болчихсон.

Намуудын тухайд ерээд онд арай гэгээлэг байсан бол сүүлийн хориод жил эрх ашиг хөөдөг хүмүүсийн тоглоомын талбар, ашигладаг хэрэгсэл нь болоод хувирчихсан. Хулгайлсан мөнгөө яаж нууж хаах вэ гэсэн бодолтой хүмүүсээр дүүрчихсэн. Тэр хүмүүс өнөөдөр улс төрийн намууд доторх уур амьсгалыг тодорхойлж байгаа. Бүр сүүлдээ УИХ нь хүртэл шоронгоос зугтдаг хүмүүсийн орогнодог газар болчихсон нь нууж хаагаад байх асуудал биш. Засгийн газар ч ялгаагүй, Ерөнхийлөгчийн суудал ч гэсэн УИХ, Засгийн газартайгаа агаар нэг болчихсон.

-Ерөнхий сайдын янз байдлыг харахаар ядаж л зөвлөхөөрөө учир мэдэх улсыг аваад ажиллуулчихаасай гэж бодох юм…?

-Тэнэг хүн хажуудаа ухаантай хүн суулгана гэж байхгүй. Ухаантай хүн бол өөрсдөөсөө ухаалаг хүнийг дэргэдээ ажиллуулдаг нь хоёр гурван мянган жилийн түүхээр нотлогдсон зүйл.

-Та ярианыхаа эхэнд улс төр ярихгүй гэсэн болохоор улс төр чигийн халуун яриа ер нь өрнөсөнгүй. Гэхдээ асуух нэг зүйл байна. Танд сонгуульд нэр дэвшээч, улс төрд идэвхтэй оролцооч гэж хандвал ямар хариу өгөх вэ?

-Улс төрд орох орохгүйн тухайд хүний зан характер их нөлөөлдөг юм шиг. Жишээ нь, би хор найруулж явдаг хүн биш. Сураа ч үгүй. Сурах гэж оролдоод дийлээ ч үгүй. Миний ганц чадах юм бол санал болгох. Амаржаргал гэж нэг хувилбар байгаа шүү, авна уу авахгүй юу өөрсдөө мэд л гэнэ. Сая танд хэлсэн зан характераасаа болоод нам дотроо хүртэл гарч чадаагүй ердөө саяхны жишээ байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд ярихад л миний хувьд гарцаагүй номер нэг кандитат байсан. Тэглээ гээд хор найруулж чадахгүй байгаа биз дээ.

Ингээд харахаар ийм хүнээс юу ч хүлээж, хүсээд нэмэргүй байх. Гэхдээ асуудал Амаржаргалдаа байгаа юм биш л дээ. Маш том трансформаци 30 жилийн өмнө эхэлчихсэн. Дотооддоо хэдий чинээ их асуудал байна, гадны нөлөө төдий чинээ их орж ирдэг. Тэгээд тэр хагарч хугарсан орчин дээр нь тоглох орон зай хамаагүй илүү болдог юм байна. Ийм тохиолдолд “Эвтэй байхдаа хүчтэй” энэ тэр гэсэн уриа ажил болдог бол уг нь тийм ч хоосон үг биш. Үндэсний лидерээ гаргаад ирэх нийгмийн оюунлаг хэсэг хараахан бүрэлдээгүй байна. Хаа хүрч унаж байж ойлгох ёстой юм, мэдэхгүй.

-Ямар ч найдлага, гэгээ харагдахгүй байна гэж үү? -Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.

ДЭЭРХ ЯРИЛЦЛАГЫН ЭХНИЙ ХЭСЭГ: Р.АМАРЖАРГАЛ: ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС МОНГОЛ УЛСЫГ УДИРДАЖ  ЯВАА ЦАГТ САЙН, САЙХАН ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ !!!

-Ковидын үед Засгийн газрын явуулж буй бодлого хэр байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Нэг ийм орос үг байдаг юм. “Умные все стали” гэж. Ухаантай болчихож дээ, бүгдээрээ гэсэн утгатай. Аливааг өнгөрсөн хойно нь ухаантай царайлж шүүмжлээд суудаг жишиг тогтчихоод байна л даа. Мэдэхгүй ч хүн үгүй, чадахгүй ч хүн үгүй болчихож. Засгийн бодлогын хувьд бүтэлтэй явахгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан.

Ковид бол хүчтэй гадаад шок. Тухайн үед хямралын эдийн засгийг хэрхэн авч явж, яг яах ёстой талаар мэдлэг, туршлага, зангарагтай боловсон хүчин байгаагүй. Одоо ч байхгүй. Туршлагагүй, мэдлэггүй, яах ёстойгоо олж харж чадахгүй хүмүүс улс орныг удирдаж яваа нөхцөлд тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй. Тийм учраас ковидын үеийн засгийн бодлогыг тийм ийм гэж шүүмжлэх шаардлага надад алга.

-Төрийн бодлого алга гэж шүүмжлэхээс нийтээрээ залхаж байна л даа. Жинхэнэ стратегичид төрд гарч ирэх хугацаа нь хэзээ бол?

-Монгол Улс тоглоомын дүрмээ 1990 онд тогтчихсон. Төр засгаа сонгуулиар бүрдүүлье, сонгуульдаа болж өгвөл гайгүй хүмүүс дэвшүүлж шударга сонгууль хийж байя, хамгийн сайныг нь сонгоод тэднээрээ удирдуулаад явъя гэж тохирсон. Тэгээд шилж сонгоод гаргаад ирсэн нь энэ шүү дээ.

-Жамаараа л хөгжиж яваа процесс, хугацаа их шаардана гэж хэлэх гээд байна уу? -Ерөөсөө л тийм. Том зургаар нь харвал, гарцаагүй нэгээс хоёр үе шаардах процесс. Шинэ үе гарч ирж байна. Дахиад нэг шинэ үе гарч ирсний дараа хандлага, үнэлэмжийнх нь түвшин ойртож, мэдлэг, чадвар, ойлголцдог хэл нь нэг болоод ирнэ. Тэр үед цэгцрээд ирэх байх. Тийм цаг иртэл нэг их сүрхий царайлж шагширч, шүүмжлээд байх шаардлагагүй.

-Ковидын үед улс орнуудын төр засгуудад илүү их эрх мэдэл төвлөрөх болсон. Зарим улсын тухайд энэ эрх нь хэтрээд засаглалд нь сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсчих юм биш байгаа, жишээ нь манай улсын хувьд…?

-Дэлхийн түүхийг харахад дайчилгааны эдийн засгийг бүрдүүлж байж л хүчтэй шокийг давж гардаг. “Ковид-19” дэлхийн хоёрдугаар дайн шиг нөлөө цараатай том шок биш. Гэхдээ дэлхийг донсолгосон хүчтэй шок мөн үү гэвэл мөн.

Ийм үед эдийн засгийг тодорхой хэмжээнд дайчилгааны хэлбэрт оруулах ажил хийгдэх ёстой. Парламент дээр өдөр шөнөгүй цэцэрхээд суух боломжгүй. Тодорхой хэмжээнд дайчилгааны хэлбэрт оруулахын тулд шуурхай удирдлага гарцаагүй хэрэгтэй. Шуурхай удирдлагыг хангаж чадах институци нь үндсэндээ Засгийн газар. Тийм учраас Засгийн газарт тодорхой хэмжээнд эрх мэдэл шилжүүлж, ажиллах бололцоогоор хангаж өгөх нь зайлшгүй асуудал. Тэрийг нь эрх зүйн хувьд хэлбэржүүлж өгөх ажил хийгдсэн гэж ойлгож байгаа. Ямар эрх, үүргийг Засгийн газартаа шилжүүлж, ямрыг нь өөртөө авч үлдэж, шилжүүлсэн эрх, үүргийнхээ хяналтыг хэрхэн хангах ёстой вэ гэдэг нь УИХ-ын хийх ажил. УИХ тэр ажлаа хийж чадаж байгаа эсэх нь тусдаа асуудал.

-Ковидын эхэн үед санагдаж байна, одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг гэж байхгүй, төрийн зохицуулалттай эдийн засаг гэж л бий” гэсэн утгатай үг унагасан удаатай. Тэгээд л танаас ковидын үеийн засаглалын талаар асуумаар санагдсан юм…? -Үнэхээр тэгж хэлсэн бол би хувьдаа тэр мэдэгдлийг тэнэглэл гэж хэлнэ.

-Төрийн зохицуулалт уул уурхай дээр тод анзаарагдах болсон. Нэг иргэнээр гомдол гаргуулаад лиценз цуцлах шийдвэрүүдийг шүүхээс гаргачихдаг, тэр нь бүр байдаг л үзэгдэл болчихсон, “Эрдэнэс Монгол”-ын доор охин компаниуд нэмж байгуулсаар яваа гээд тоочвол өчнөөн кейс байна л даа? 

-Төрийн зохицуулалт гэж юу болохыг зөв томьёолох хэрэгтэй. Тухайлбал өмчийн эрхийн асуудал байна. Хүн өмчтэй байж л юм бүтээдэг. Бүтээснийхээ үр шимийг хүртэхгүй бол өмчтэй яваагийн утга гарахгүй. Өмчийг нь хэн нэгэн айлгаж сүрдүүлээд дээрэмдээд авчихвал бас утгагүй. Тийм учраас өмчийн эрх гэж байх учиртай. Ажил, бизнес хийж амьдрал ахуйгаа залгах гэж яваа хүмүүсийг өмчтэй байлгаж, өмчийн эрхийг нь баталгаажуулж, өмчөө өсгөж үржүүлэх болон өмчийг нь ямар нэгэн халдлагаас хамгаалах гэх мэт орчныг төр бүрдүүлж өгөх ёстой. Энэ чинь төрийн зохицуулалт. Төрийн зохицуулалт дээр бас нэг асуудал бий.

Монголын төр улс орныг, эдийн засгийг удирдаж авч явах үйл ажиллагаандаа чухам хэнд түшиглэх вэ гэдэг асуудал. Би бүгдийг мэднэ, би чамаас ухаантай, учир нь би төрийн тэргүүн, УИХ, Засгийн газрын гишүүн гэж ойлгодог нэг хэсэг байна. Зүй нь төрийг удирдаж залж чиглүүлж яваа эрх мэдэл маань ард олноос угшилтай, тэдний надад итгэж өгсөн зүйл учраас би ард иргэддээ итгэх ёстой гэсэн хандлагаар ажиллах учиртай. Ийм том философийн асуудлыг төр удирдаж яваа хүмүүс маш сайн ойлгосон байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр тийм юм алга. Ямар нэг асуудал гарлаа гэхэд гал унтраах зарчмаар ажиллаад, тэр ажлаа хэрэгжүүлэхдээ аль болох ард иргэдээ үгүйсгэсэн өнгөөр хандаад байна л даа. Засгийн газрын ковидын үед гаргаж байгаа шийдвэрүүд нь иймэрхүү өнгөтэй яваа.

-Иргэддээ итгэсэн өнгөгүй гэж үү? -Тэгж л анзаарагдаж байна. Нэг л их “Би мэднэ, би чадна” гэсэн хүмүүс харагдах юм. Хамгийн сайн чаддаг ажил нь хорь, хаа, зогсоо, буулга гэсэн хандлага л байна.

-Ер нь төр компани байгуулаад хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөөд явах нь хэр зөв хандлага гэж та харж байна?

-Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь “Хамгийн түрүүнд төрийн өмчит компаниудаа бүгдийг нь хувьцаат болго, тэгэхгүй бол наад компаниуд чинь булай болж гүйцлээ. Асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, өр зээл, алдагдалтай, улс төрийн шахааны хүмүүсийн цугладаг газар болчихлоо” гэсэн утгатай үг хэлж байсан. Хэрвээ төрийн өмчит компаниудыг хувьцаат болгочихвол наад зах нь улстөрчдийн ойр тойрны шахааны хүмүүс гэсэн асуудал арилна. Бизнесийнхээ зарчмаар яваад ирэхээр улстөрчдийн элдэв бохир юм хийх үүд хаагдана. Улс төр тодорхой хэмжээнд цэвэрших процесс өрнөнө.

-Хувийн бизнесийнхнийг дарамтлах төрийн шахалт багасахгүй, харин ч ихсэх шинжтэй анзаарагдах юм. Танд бүр тод анзаарагддаг байх…?

-Төр хувийн бизнес рүү орж дарамталж шахдаг тухай асуудлыг яриад нэмэргүй. Мэргэжлийн хяналт энэ тэр гээд яривал замбараагаа алдсан. Яаманд сууж байгаа хүн бүр өөрийгөө дарга гэж ойлгодог. Жишээ нь, Боловсролын яамны дарга, мэргэжилтнүүд өөрсдийгөө манай СЭЗИС-ийн багш нарын дарга нь гэж ойлгоод байна. Тийм ч, ийм ч хүүхэд элсүүл гэж шахаад. Боломжгүй гэсэн хариу өгчихвөл шалгуулна гэж дарамтална. Бизнесийнхэн энэ хандлагын эсрэг дангаараа тэмцээд дийлэхгүй болохоороо авлигыг нь өгье, хүүхдийг нь элсүүлье гэдэг. Энэ хандлага бүр норм маягийн болчихсон.

Үүний эсрэг дуугарч нэгдэж чадах мэргэжлийн холбоод нь бүрэн гүйцэд төлөвшиж амжаагүй байна л даа. МҮХАҮТ гэж нэг газар бий. Дуугарах гээд оролдоод байгаа харагддаг. Гэхдээ хийж байгаа ажил нь юу вэ гээд харахаар хэдэн дарга нартай бизнесийнхнийг уулзуулахаас хэтэрдэггүй. Бизнесийнхэн өнөө арга хэмжээн дээр нь очиж зовлонгоо тоочоод л өнгөрдөг. Би нэг тийм уулзалтын дараа нэлээд том даргатай уулзсан юм. Өнөө дарга “Хэдэн бизнеснийхний хийг нэг өдөржин гаргалаа” гэж яриад сууж байх жишээний. Төр, бизнесийнхний уулзалтын гол зорилго нь хувийн хэвшлийнхнээр зовлонг нь яриулж хийг нь гаргах гээд та төсөөл дөө. Гадна талдаа МҮХАҮТ, төрийн том дарга нар ажил хийсэн болж харагдаад өнгөрч байна. Ийм маягаар л бидний ажил явж байна.

-Саяхан Европын нэг улсын Ерөнхий сайд жаран насны ойгоо ойр дотныхонтойгоо тэмдэглэж ковидын дэглэм зөрчсөн гээд 3000 еврогоор торгуулсан. Гэтэл манай Ерөнхий сайд олныг хамарсан шоунд оролцчихоод өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хийгээд өнгөрсөн. Улс орны хөгжилд улстөрчдийн этик гол нөлөө үзүүлээд байх шиг санагддаг. Манай улстөрчид өндөр ёс зүйтэй болоход бас л түрүүн хэлсэн шиг хоёр үе солигдох хэрийн хугацаа шаардах уу?

-Улс төрийн этик төлөвшдөг процесс мөн л тодорхой хэмжээгээр хугацаа шаардана. Сая таны хэлдэг жишээний хувьд бодлого, үйл ажиллагааных нь зөрчил илэрч байгаа хэрэг. Ковидтой тэмцэнэ, нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж болохгүй гэчихээд дараа нь тэрийгээ үгүйсгэсэн мэдэгдэл хийгээд суусныг бултаараа харсан. Тэр арга хэмжээг зохион байгуулсан учир шалтгааныг би сайн мэдэхгүй байна. Үнэхээр технологийн чигээ хөгжүүлье гэсэн чин хүсэл байсан уу, эсвэл ээлжит шоугаа хийж ухаалаг царай гаргая гэсэн үү бүү мэд.

Гэхдээ анхаарах нэг зүйл бий. Ковид биднээс салахгүй. “Ковид-19” гэдэг бол зүгээр л цэцэг нь. Жимс нь гарах болоогүй. Ковид 29, 39, 49 гээд үргэлжилнэ. Ийм нөхцөлд бид яаж амьдрах, төр засаг нь юу хийх, бизнесүүд нь яах ёстой юм гэдгийг цоо шинээр томьёолж харж ойлгож, болзошгүй трендүүдийг гаргаж ирж тодорхойлох ёстой. Товчхондоо болзошгүй аюулт үйл явдлуудад хэд хэдэн сценарийг гаргаж ирээд, тэрэндээ тулгуурлаж бодлогоо томьёолоод явах ёстой. Дахиад хэлэхэд, ковид биднээс богино хугацаанд салахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ковидтой яаж зэрэгцэж аж төрөх вэ гэдэг асуудал л чухал болоод байна.

-Ковид дэлхийн дэгийг өөрчилнө гэсэн үг давтамжтай сонсогдох боллоо л доо. Ковидтой зэрэгцэж амьдрахын тулд бид эхлээд дэлхий яаж өөрчлөгдөхийг харах ёстой байх, тийм үү?

-CNN-ийн алдартай тоймч Fareed Zakaria “Ковидоос авах арван сургамж” гэсэн ном бичсэн. Ковид төрийн зохион байгуулалт, эрүүл мэндийн салбар, гадаад бодлогыг яаж өөрчилж байна вэ гэсэн асуулт тавиад анализ хийсэн байна лээ. Ковидын нөлөөг хүмүүс янз бүрийн сценари гаргаж ирээд зүсэн бүрээр бичиж байна. Миний хувьд нэг зүйлийг л олж харах гэж оролдоод явна. Ковид хүний үйл хөдлөл, зан байдал, мөн чанарт ямар эффект үзүүлж байна вэ гэдэг нь сонирхолтой санагдаад байгаа.

Хүн гэдэг амьтан хаа сайгүй зугаалж, хэсүүчлээд явдаг зуршлаасаа салж эхэлсэн үү, сонголт хийхдээ рациональный буюу зохистой сонголт хийж байна уу, эсвэл өмнөх шигээ сэтгэлийн хөдлөлдөө автаж сонголт хийдэг янз байдлаараа аж төрж явна уу гээд ухаж харах асуулт олон байна. Монгол ялна гэхээр дайраад орчихдог, та баялагтаа эзэн шүү гэхээр хөөрч алга ташаад явна уу, өөрчлөгдөв үү гэдэг их сонирхолтой сэдэв.

-Тэгвэл ковид хүнийг хэр өөрчилж байгаа бол? -Судалгаа бий, хийгдэж байгаа. Ковидыг байгальдаа дэндүү харгис хандаж ирсний сануулга дохио ч гэж харж болохоор. Энэ утгаараа ногоон хөгжлийг дэмжсэн бодлого, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах хандлага хүчтэй байна л даа. Төр засгуудын хандлагыг ярихаа азная. Хувь хүмүүс дээр гарч ирж буй трендүүд сонирхол татаад эхэлчихлээ. Өмнө нь хүн бүр хувьдаа дугуйтай, машинтай, оффистой амьдрах хандлага хүчтэй байсан бол одоо бүгдийг дундаа хэрэглэх соёл түгж байна.

Би саяхан шоконд орохоор нэг мэдээ уншлаа. АНУ-д залуус нь жолооны үнэмлэхтэй болохоос татгалзах тренд гараад ирж. АНУ бол машингүй хүн хөлгүйтэй адил болчихдог, машин нь өдөр тутмын хэрэглээ болчихсон улс. Гэтэл ийм онцлогтой улсын залуус нь байгальдаа ээлтэй аж төрөхийн тулд жолооны үнэмлэхээс татгалзаж нийтийн тээвэр хэрэглэе гэцгээж байна. Ийм концепци, сэтгэлгээ, соёл залуусын дунд түгж эхэлж байгаа нь гайхамшигтай. Би Английн “Тотенхем спүрс” багийг дэмждэг юм. Тэр багийн тамирчин Лукас Моура саяхан лайв хийхдээ хөгжөөн дэмжигчиддээ хандаж “Бидний тоглолтыг үзэхээр ирэхдээ болж өгвөл эко аялал хийгээрэй” гэж уриалсан.

Нийтийн тээврээр, дугуйгаар ч юмуу, боломжтой бол алхаад ирээрэй, хөлбөмбөг үзэхдээ эко аялал хийж ирвэл байгаль дэлхийгээ, ногоон эдийн засгийг дэмжиж байгаа хувь нэмэр чинь шүү гэсэн утгатай уриалга байсан л даа. Энэ бол иргэддээ итгэсэн гоё хандлага, сэтгэлгээний том соёл. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хүн бүр оролцож болно гэсэн итгэл нийгэмд төрнө гэдэг том үр дүн. Гэтэл манайд эсрэгээрээ, Ерөнхий сайд нь гарч ирчихээд “Манай Засгийн газар ногоон эдийн засгийг хөгжүүлнэ” гэж цээжээ дэлддэг. Иргэндээ итгэсэн эерэг хандлага үнэртдэггүй.

Уг нь Ерөнхий сайд нь уриа хашгирч, Ерөнхийлөгч нь сэлэм эргүүлээд байх шаардлагагүй. Хүн бүр хувь нэмрээ оруулаад явбал энэ дэлхий ертөнц өөр болно. Харин төр иргэдийнхээ байгалиа хайрлаж, ногоон эдийн засгийг илүүд үзэж байгаа хандлагыг дэмжих ёстой. Наад зах нь дугуйн зам тавиад өгчих хэрэгтэй. Харамсалтай нь манайд тэгэхгүй байна л даа. Асуудал гарахаар л өдөр тутмын юм руу гүйлдэж ороод, өнөөх нь бүтэлгүйтэхээр “За за, бүтэхгүй юм байна. Ингэснээс ийм өндөр албан тушаал дээр байгаа дээрээ хэтэвчээ зузаатгаж, ойр тойрныхноо мөнгөжүүлээд бууя” гэсэн сэтгэлгээтэй өдөр хоногийг өнгөрөөж байна.

Үргэлжлэл бий… Ярилцсан Ц.Баасансүрэн : Өдрийн сонин

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ХҮНИЙ МЭДЭХ 10 ЗҮЙЛ

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг.  Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.  Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг,  агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн  уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик  нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг.  Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж,  гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С  уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол  С 250мг , +12 наснаас дээш бол витамин С  500мг , +18 наснаас дээш хүмүүс Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний  өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй.  Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн:  Б.Даваацэрэн Хүний их эмч, Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

ХҮНИЙ ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЮУ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг.

Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг.

Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр  ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг.

9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй.

Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

МОНГОЛ ШАР ТОСНЫ ИД ШИД ДАРААХ ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ УВИСТАЙ

МОНГОЛ ЦЭВЭР ШАР ТОСЫГ ШҮТЪЕ: Хүүхэд усанд оруулсны дараа хөлийн ул, хөлийн эрээн булчин, гарын алганд нь жааааханыг түрхээд массаж хийж өгөх. Маш хурдан биеэнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй.

Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихнө. Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийгээрэй. Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүү.

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, амин дэм, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ.

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон амин дэм А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй.

Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна. Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

“Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна. Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм. Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй. Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй. Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно.

Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт. Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй хайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Бэлтгэсэн : А.Тэргэл

ИЗРАИЛИЙН НОГООН ПАСПОРТ БУЮУ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮР ДҮН

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

 Орчуулсан : Б.Адъяахүү