БУСАД

К.САЙРАН, Х.БАТЫРБЕК ХОЁРЫН ХЭН НЬ ШАШНЫ ЗҮТГЭЛТЭН ЮМ БЭ?

 Үндэсний статистикийн хорооны 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 3,9 хувь нь буюу 128886 казах үндэстэн гэсэн тоо гарчээ. Тэдний 77,1 хувь нь баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймагт ажиллаж, амьдарч байна. 30 жилийн хөгжил буюу К.Сайраны “ноёрхол” Одоогоос 30 гаруй жилийн өмнө, тодруулбал 1990 онд Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар монгол нутагт суурьшсан казах иргэдийн уламжлалт шашин шүтлэг сэргэж, анхны ислам шашны байгууллага өрхөө татсан түүхтэй.

Түүхийн хуудсанд 1990 оны намар, 10 дугаар сард Улаанбаатар хотод “Монголын мусульманы нийгэмлэг”-ийг байгуулж, тэргүүнээр нь тухайн үед Ардын их хурлын депутат байсан К.Сайраныг сонгосон байдаг. К.Сайран ч үүргээ сайн гүйцэтгэсэн. Саудын араб улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж, Монгол дахь ислам шашны хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан ч хувь хүнийхээ шуналыг барьж дийлээгүй. Энэ үеэс л эрхэм К.Сайраны хэмжээшгүй их “ноёрхол” эхэлж, ислам шашныг бизнес болгон тэрбумтан-нууц ноёнтон болсон. 2010 он хүртэл К.Сайраны нэр алдар, хөрөнгө мөнгө арвай будаа шиг өсөхтэй зэрэгцэн олон асуудлыг араасаа дагуулсан байдаг.

Тэрээр өдөр өдрөөр унаж буй нэр хүндээ өргөхийн тулд ислам шашны нэгдсэн төв байгуулахаар Саудын Араб улсаас 10 орчим сая ам.долларын хөрөнгө татсан. Гэвч урьдчилгаа болох 1 сая ам.долларыг нь хувьдаа завшиж, шашны мөнгөөр хэрхэн тэрбумтан болсноо олон улсад зарлаад орхих нь тэр. Түүний энэ увайгүй үйлдэл нь Монголд исламын шашныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтуудыг царцааж, хоморгонд нь бусад шашны зүтгэлтнүүдийн нэр хүнд унасан байдаг юм.

Төд удалгүй шашны тэрбумтан маань эх орноосоо урвасан гэх хэргээр тагнуулын байгууллагад шалгагдаж, арга буюу “Монголын мусульманы нийгэмлэг”-ийн тэргүүний албан тушаалаа өөрийн “баруун гар” болох Х.Батырбект шилжүүлсэн. Гэвч Х.Батырбек гэж хэн бэ, шашны зүтгэлтэн мөн үү гэдэг асуудал албан тушаалаа авсан тэр өдрөөс өнөөдрийг хүртэл тавигдаж байна.

Шашны нийгэмлэгийн тэргүүний туйлын хүсэл зорилго нь шашин, төрийг хослуулан барих гэнэ. Энэ амбицаа нууж чадахгүй байгаа тэрээр эгзэг нь таарвал Баян-Өлгий аймгийн АН-ын дарга болох, улмаар УИХ-ын сэнтийд тухлах туйлын хүсэл мөрөөдөлтэй. Мэдээж, улс төрд зүтгэхэд мөнгөтэй байх шаардлагатай тул тэрээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ислам шашныг бизнес болгож буйд шашиндаа үнэнч имам нар дургүйцэж, түүнээс салах цаг болсныг нуулгүй ярьцгаах болжээ. Нэг баримт дурдахад, Х.Батырбек Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт байрлах ММНХ-ны харьяа “Нур” гэх мечетийн газрыг 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдсан байх юм.

Гэтэл энэ газар нь К.Сайраны эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүнээс үүдэн тэд “чи, би”-дээ тулж, зам салах дээрээ тулсан ч халал махны стандарт зөвшөөрөл гэх ширхэг нь 2000 ам.долларын үнэтэй цаас тэдний харилцааг торгоож байгаа бололтой. “Амтшсан хэрээ арван гурван удаа”… өнөөдрийг хүртэл шашинтан олны хандив, иргэний өөрийн итгэл үнэмшлээр бий болгосон мечетүүдийн газрыг хүчээр “Монголын мусульманы нийгэмлэг”-т бүртгүүлэх ажлыг гардан гүйцэтгэж, өмчлөх эзэмших эрхийн төлөө хууль шүүх дээрээ тулж, адгийн зарга арав хоногтой гэдгээр Баян-Өлгий аймаг руу байнгын “явдалтай” болсон гэдгийг би биш тэд хэлээд өгнө.

Мөнгө олдож байвал нүдээ ухаад арай л өгчихгүй гэдэг яриа ч шашны зүтгэлтнүүдийн дунд байсаар л байна. Эргэн сануулахад хөрөнгө оруулалт татах нэрээр олон улсад хориглосон, террорист нэрээр алдаршсан исламын шашны “Таблиг жамаат” урсгалд хамаарах гадаад иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхээр завдаж байсныг сийрүүлэх нь илүүц бизээ. Зөвхөн эндээс л Х.Батырбек гэж хэн бэ гэдгийг цухас харж болно. М.Азатханд боломж бий юу Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 66 мечетийн имам нарт БНТУ-ын шашны хэрэг эрхлэх газар буюу Диянет байгууллага 2018 оноос эхлэн сар бүр 200 ам.долларын цалин олгож эхэлсэн байдаг.

Энэ мөнгө “Монголын мусульманы нийгэмлэг”-ээр дамжиж ирдэг ч эзэндээ 100 хувь хүрдэггүй хэвээр байгаа нь харамсалтай. Харин үүнийг нь Туркийн тал мэддэг болов уу…? Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна. 200 ам.долларыг төгрөгт хөрвүүлбэл 569.600 төгрөг болох бөгөөд имам нарт тус бүр 400 мянган төгрөг өгч, үлдсэн нь Х.Батырбект, К.Сайран нарын халаасанд орж байгаа нь нууц биш. Үүнийг имам нар мэддэг ч хэн юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Яагаад гэж үү…? тэд магадгүй 400 мянган төгрөгөө хэзээ ч авахгүй байж болох учраас тэр биз. Зарим хүмүүсийн хувьд ноёнтойгоо сөрнөөс нохой сөрсөн нь дээр байгаа л даа.

Харин одоо бол цаг өөр болсон. Исламын шашны имам нар Х.Батырбек, К.Сайран нараас шашнаа аварч, тэдний эцэс төгсгөлгүй луйврыг одоо л зоригтой таслан зогсоохгүй бол дахин хэдэн жил үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй тул цаг хугацаа анхааруулж байна. М.Азатхан нэгэн цагт К.Сайраны удирдлага дор Х.Батырбектэй хамт ислам шашны үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Гэвч тэд эд хөрөнгө, эрх мэдэл, үзэл бодлын төлөөх зөрчилдөөнөөс үүдэн зам салцгааж, М.Азатхан “Монголын ислам шашны муфтиат холбоо”-г байгуулж, тэргүүнээр нь ажиллах болсон байдаг.

Түүнийг дэмжигчид өнгөрсөн хугацаанд Х.Батырбект төвлөрч ирсэн эрх мэдлийг сулруулах, улмаар М.Азатханыг шашны тэргүүнээр өргөмжлөх санал гаргах болсон тул АБНЕУ-д шашны боловсрол мэдлэг эзэмшсэн иргэд, Х.Батырбекийн эсрэг үзэл бодолтой имам нарыг эгнээндээ нэгтгэн шашны байгууллагуудын нэгдсэн хурал зохион байгуулах асуудлыг хөндсөн байна. Хэрвээ тэд зорилгодоо хүрч, энэ хурлыг амжилттай зохион байгуулж чадвал “шашны бизнесмэнүүдийн ноёрхол” унаж Монгол дахь исламын шашны 30 жилийн түүхэнд шинэ хуудас нээгдэх, шашин зөв голдиролдоо орох таатай боломж байж болох юм. Үүнийг олон, олон имамууд хүсч байгаа ч “Монголын мусульманы нийгэмлэг”-ээр дамжуулж авдаг 400 мянган төгрөгтөө амаа үдүүлсээр өнөөдрийг хүрсэн байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ тэд 400 мянган төгрөгтөө ч биш, өнөөгийн шашны бурангуй тогтолцоог халж, чөлөөт ардчиллын зарчмаар тэргүүнээ сонгодог, чөлөөлдөг, хариуцлага тооцдог шинэчлэлийг эрэлхийлж байгаа нь сайшаалтай. Харин эрх мэдлээ алдахаас айсан Х.Батырбек хурал зохион байгуулахыг эсэргүүцэн багагүй саад учруулж байгаа гэдэг мэдээлэл байна.

Тэрээр аргаа барахдаа холбооныхоо харьяа мечетийн имамуудаас шашны боловсрол, мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авахаар шийдвэрлэж, имам Х.Даулетбек, М.Нурмурат нарт лүндэн буулгажээ. Тэд ч даалгаврыг биелүүлж аймгийн төвийн мечетүүдийн имамуудаас шалгалт авч эхлэх үеэр эсэргүүцэлтэй тулгарч, аргагүй эрхэнд түр зогсоосон сурагтай. Мөн имам нарыг 400 мянган төгрөгөөр нь хэрхэн барьцаалж, их хүсэл шуналаа торгоох гэж тэвдэж байгааг ч энэ удаа цухас дурдаад өнгөрлөө.

Мөн цаашид исламын шашныг үзэл суртал, номлолоор нь хөгжүүлэхэд та шинэ салхи оруулж чадах уу гэдэг асуултыг имам нартаа үлдээе. Шинэчлэлт хийх хэн нэгнийг тодруулж чадахгүй аваас дараагийн шашны тэрбумтанг та бүгд биш “эзэд” чинь төрүүлэх биз ээ. Эцэст нь К.Сайран, Х.Батырбек хоёрын хэн нь шашны зүтгэлтэн байсан юм бэ? гэдэг асуултыг та бүхэнд нээлттэй үлдээе Үргэлжлэл бий…