ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

ЭМЧ Д.ДАВААДОРЖ: ӨДӨРТ 2-3 АЯЛГА КОФЕ УУВАЛ XOPT XABДPAAC 40 ХУВЬ СЭРГИЙЛНЭ

Moнгол Улсын дотрын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, профессор Д.Даваадоржтой ярилцлаа.

-Хоолоо сойж биш, хоолныхоо хэмжээ, хөдөлгөөнөө зохицуулбал турах боломжтой-

 -Сүүлийн үед монголчууд кофег өргөнөөр хэрэглэх болсон. Кофег хэрэглэсний эерэг сөрөг тал юу байх вэ?

-Кофенд хүний биед сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй. Кофены найрлагад орсон ургамлыг жимсээр хийдэг. Өдөрт 2-3 аяга кофе уухад хавдраас 30-40 хувиар сэргийлдэг гэдгийг дэлхий баталчихсан. Элэгний эмгэгтэй хүмүүс өдөрт 2-3 аяга кофе уухад хавдрын эрсдэлийг 40 хувиар бууруулна гэж үздэг. Кофе нь өөрөө антиоксидант. Ганц элэг ч гэлтгүй бүх төрлийн хавдраас сэргийлдэг.

-Монгол Улсад хоол боловсруулах замын өвчлөл эрс нэмэгдэж байна гэсэн статистик байна. Яг ямар төрлийн өвчлөл илүү тохиолдож байна вэ?

-Монголд хоол боловсруулах системийн өвчлөл нэмэгдэж байгаа нь үнэн. Үүн дотроо ходоод, элэг, нойр булчирхайн үрэвсэл хамгийн их тохиолдож байна. Манай улс хоол боловсруулах замын өвчлөлөөр дэлхийд эхний тавд орж байна. Хоол боловсруулах замын хавдрын өвчлөлөөр мөн эхний 1-2-т ордог. Үүнд элэг, улаан хоолой, ходоодны хавдрын өвчлөл их нөлөөлж байна. Манай орны хувьд хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа гол шалтгаан нь хоолны нэр төрөл, бэлтгэх арга, буруу хэрэглээтэй холбоотой.

Ходоодны үрэвслийн асуудал дээр хеликобактерийн халдвар их, элэгний В,С вирусийн халдвар өндөр байгаа нь нөлөөлж байна. Мөн өөх тостой хоол ихээр хэрэглэж байгаагаас нойр булчирхайн өвчлөл үүсгэх гол шалтгаан болж байна. Сүүлийн үед Монголын эрүүл мэндийн салбарын оношилгооны чадвар сайжирч ходоодны хеликобактери, В,С вирусийн өвчнийг бүрэн нарийн мэргэжлийн өндөр төвшинд оношилж чаддаг болсон.

-Бараг хүн бүр хеликобактеритай гэж зарим хүн ярьдаг. Ер нь энэ хеликобактерийг бүрэн устгах ямар эмчилгээг хийж байна вэ. Хүндэрвэл ямар аюултай вэ?

-Эмчлүүлэхгүй яваад байвал ходоодны үрэвсэл болж, үрэвсэл нь шарх, шарх нь хавдар болох өндөр магадлалтай. Амны хөндий эвгүй үнэртэй болно, нүүр хүзүүгээр тууралт үүсэх зэргээр шинж тэмдэг илэрдэг. Хеликобактери утсгах антибиотекийг, ходоодны шүүрэл дарах эмтэй хамт гурвалсан эмчилгээг хийдэг. Үүнийг анагаахын оюутнаас эхлээд бүх нарийн мэргэжлийн эмч нар мэддэг, хэрэглэж байна. Сүүлийн үед Монголд ходоодны шархлаа буурсан нь үүнтэй холбоотой.

Гэхдээ өмнө нь байсан шархлаа болон үрэвслээс үүссэн ходоодны хавдар буурахгүй байна. Элэгний В, С вирустэй хүмүүсийн хувьд одоогоос 20-30 жилийн өмнө авсан халдваруудын хүндрэл нь өнөөдөр элэгний хатуурал, хавдар болон илэрч байна. Вирусийн халдвар аваад эмчилгээ хийлгэхгүй яваад байвал 20-25 жилийн дотор элэгний хатуурал нь хавдар руу шилждэг. Манай Монголын нөхцөлд энэ үе нь илүү их бүртгэгдэж байгаа. Вирустэй иргэдийн хувьд эмчилгээний асуудал бүрэн шийдэгдсэн. Элэгний С вирусийг бүрэн устгах боломжтой болсон.

В вирустэй хүмүүст дельта вирус хавсарч байдаг учраас хатууралд хүргэх нь хурдан байдаг. Хатуурал хавдар болсон тохиолдолд ихэнхидээ шинж тэмдгийн эмчилгээг хийж байна. Хавдрын үед элэг тайрах, элэгний хавдрын судсыг бөглөх, түлэх эмчилгээг хийдэг. Харин төгсгөлийн шатандаа орсон хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо хийж эхлээд байна.

-Эмнэлгийн нөхцөлд оношилгоо, эмчилгээний чанар сайжирч байгаа ч нөгөө талд иргэдийн хариуцлага, өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх талын мэдлэг сул байгаа юм шиг санагддаг. Наанадаж л хоол хүнсээ зохицуулж хэрэглэхгүйгээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна?

-Ер нь Монголчуудын хувьд хувийн эрүүл мэндийн боловсрол тун муу төвшинд байна. Хүүхдийг бага наснаас нь эрүүл амьдрах хэв заншлыг бий болгох ёстой. Гараа хэрхэн зөв угаахаас л хувь хүний ариун цэвэр эхэлдэг. Дараагаар нь, шүд болон амны хөндийг цэвэр байлгах, хоол ундныхаа эрүүл ахуйн байдлыг сайн хангах гэсэн шатлал байдаг. Хуучин энэ чиглэлд хувь хүний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ажил нэлээд хийгддэг байсан. Харин өнөөдөр эрс муудсан. Иргэдийн ч энэ талын анхаарал, болгоомжлол муудсан.

Эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас төрөл бүрийн эмнэлгийн бус эмчилгээ, оношилгоо хэрэглэх нь элбэг болсон. Гэтэл энэ нь тухайн хүний өвчнийг хүндрүүлэх, цаг хугацаа алдах эрсдэл рүү оруулдаг. Шинжлэх ухаанаар баталж, нотолсон эмчилгээг хийлгэхгүйгээр бариа засал, энерги заслын арга хэрэглэнэ гээд явчихдаг. Энэ нь өвчтөнд цаг хугацаа алдахад нь нөлөөлж байна. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол гэдэг нь хэрхэн дулаан хувцаслаж, хэрхэн хувцсаа тохируулах, хэрхэн амны хөндийгөө эрүүл байлгахаас л эхэлнэ.

Энэ бүгдийг хэвийн төвшинд байлгаж чадвал олон өвчнөөс сэргийлдэг. Тухайлбал, гоо сайхны газар, шивээс хийдэг газруудад эрүүл ахуйн халдвар хамгаалал муу байдаг учраас тэндээс вирусийн халдвар авах магадал маш өндөр байдаг. Энэ нь хүний халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн шүдний хувийн эмнэлгүүдийн ариутгалын асуудал муу байдаг. Багажныхаа үнэ өртгийг хэмнэх зорилгоор ариутгалын асуудлыг орхигдуулснаар өвчтөн халдвар авах тохиолдол гардаг. Үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

-Хоол хүнсний хувьд? -Монголчууд өмнө нь хагас өлсгөлөн байдалтай амьдарч ирсэн. Энэ нь маш сайн зөв хооллох арга шиг санагддаг. Учир нь, хоол хүнсээр олж авсан энергиэ 100 хувь зарцуулаад илүүдэл жингүй байсан. Илүүдэл жингүй байх нь эрүүл байхын нэг үндэс. Сүүлийн жилүүдэд амьдралын бололцоо сайжирч, өдөрт 2-3 удаа мах хоол идэх нь элбэгшсэн. Жилийн дөрвөн улирлын турш махан хоол идэж, илүүдэл жинтэй хүний тоо эрс нэмэгдсэн байна. Гурван монгол хүний нэг нь жингийн асуудалтай болох нь.

Хөдөлгөөн муу байна. Үүнээс хамаарч хотжилтийн өвчин буюу бодисын солилцооны өвчин нэмэгдэж байна. Хоол ундны найрлагын хувьд Монголчууд маш эрүүл хооллож ирсэн. Зундаа цагаан идээгээ хэрэглэж, өвөлдөө мах иддэг байсан. Монголчууд ногоо иддэггүй байсан гэж ярьдаг. Үгүй, монголчууд маш сайн ногоо иддэг байсан. Тэр дундаа ногоон төрлийн ногоог ихээр хэрэглэдэг байсан. Ногоон төрлийн ногоо гэдэг нь одоогийнхоор юуцай, бууцайны төрлийн бүтээгдэхүүн. Энэ нь хамгийн сайн төрлийн нарийн ногоонд ордог.

Хоол боловсруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулахдаа маш сайн. Лууван төмс нүүрс ус ихтэй учраас амархан таргалуулахад нөлөөлдөг. Ер нь таргалалт буюу илүүдэл жингийн асуудлаас шалтгаалан бүх өвчин үүсч байна. Зүрх судас, үе холбоосын өвчин,элэгний өөхжилт, бөөрний асуудлууд таргалалтаас үүсч байна. Монголчуудын хоол ундад агуулагддаг нүүрс усны хэмжээ ихэссэн. Үүнтэй холбоотойгоор илүүдэл жингийн асуудал үүсч байна.

-Гэхдээ монголчууд нэг үеэ бодвол жингийн асуудалдаа анхаардаг болсон. Хоолны дэглэм барьж, сойж турах аргыг ихээр хэрэглэдэг болсон. Энэ хэр зөв юм бэ?

-Хоолоо сойж турах нь сайн зүйл биш. Хамгийн зөв арга бол хоолныхоо хэмжээг тааруулж, хөдөлгөөнөө нэмбэл турах бүрэн бололцоотой. Хоол сойж турна гэвэл хоол боловсруулах замд ямар нэгэн өөрчлөлтүүд гарч, эргээд өвчлөх магадлал ихтэй байдаг. Жишээ хэлье. Өнгөрсөн жил 40 орчим насны эрэгтэй хоолоо сойж турах арга хэрэглэсэн. Нарийн ногоо, өвсөн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэсэн. Гэтэл хоолонд нь өөрчлөлт орсонтой холбоотойгоор нойр булчирхай нь гэнэт өвдөж, хүндэрснээс болж сар гаруй эмнэлэгт эмчилгээ хийж биеийн байдал нь тогтворжиж байсан.

Өөрөөр хэлбэл, хэвийн баланстай зүйлийг өөрчлөхийн тулд аажмаар өөрчлөх хэрэгтэй. Тэгснээр бие организм өөрөө дассан зохицно. Тэгэхгүй гэнэт өлсч байгаад ихээр идэх, идэж байгаад сойх нь хоол боловсруулах замыг өөрчилдөг. Хоолны найрлагаа өөрчлөхөөс илүү идэж байгаа хоолныхоо хэмжээг багасгаж, хөдөлгөөнөө нэмээд байвал жингийн асуудлыг шийдэхэд илүү дөхөм. Өөрийнхөө жишээг ярихад жин хасах гээд хоолныхоо хэмжээгээ багасгаж, гурван сар дугуй унасан. Ингэхэд гурван сарын хугацаанд 10 кг хасч чадсан. Тиймээс амьдрал дээрх бодит жишээг харахад хоолоо багасгаж, хөдөлгөөнтэй байх нь илүүдэл жингийн асуудлыг шийдэх боломжтой арга юм болов уу гэж бодсон.

Манайх шиг эрс тэс цаг агаартай газар мах идэж дархлаагаа сэргээх ёстой. Ингэхийн тулд өдөрт ядаж нэг удаа махан хоолоо идэж байх ёстой. Бусад цагтаа хөнгөн хоолловол илүүдэл жингийн асуудлыг шийдэж болно. Өдөр тутамдаа хөдөлгөөнтэй байхын тулд шатаар алхаад гарчихдаг, болбол өдөрт 3-4 км алхдаг байх ёстой. Тэгж чадахгүй, амжихгүй байгаа бол гэртээ ирээд шалаа угаах хэрэгтэй. Дээр үеийн хүмүүсийн бие сайтай байсан нь хоолны нэр төрөл бага хэр нь чанартай, дээр нь байнгын хөдөлгөөнтэй байснаараа эрүүл байдаг байсан. Өнөөдөр бүгд хөдөлгөөнгүй компьютер шагайж завсаргүй идэж байна.

-Зарим хүн хоол идчихээд тэр дор нь ч юм уу, эсвэл орой нь гүйлгэдэг эм, бүтээгдэхүүн хэрэглэж өтгөнөө гаргадаг. Энэ нь хэр зөв зүйтэй арга юм бол?

-Төрөлхийн гэдэс урттай хүмүүс гэж байдаг. Ийм хүмүүст өтгөн хаталтын асуудал тулгарах нь элбэг. Энэ нь голдуу эмэгтэй хүмүүст их тохиолддог. Үүнийг дасгал хөдөлгөөн болон хоолоороо зохицуулдаг. Хоол хүнсэндээ ногооны төрлийн бүтээгдэхүүн, хар чавга харэглэж, хөдөлгөөнөөр зохицуулж хэвийн өтгөнөө гаргадаг. Хуучин урт гэдэстэй хүмүүст хагалгаа хийж, гэдсийг нь тайрдаг байсан.

Гэтэл энэ нь сөрөг нөлөөтэй гээд гэдэс тайрах хагалгааг хийхээ больсон. Тиймээс хоол, хөдөлгөөнөөр л зохицуулахаас өөр аргагүй. Эм, химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж өтгөнөө гаргаж болно. Гэхдээ аливаа зүйлийн тун нь хэтэрвэл эм биш хор болдог. Тэгэхээр байнгын хэрэглэх нь буруу.

Ярилцсан А.Тэргэл