АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЧAДBAPГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ МОНГОЛ УЛСАД MAШ AЮУЛTAЙ !!!

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягтай ярилцлаа. -“Одоо боллоо” бүх нийтийн жагсаалыг зохион байгуулах гол зорилго нь юу вэ?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн уналт, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хоомсдол, гааль тээврийн асуудал зэрэг төрийн буруутай үйл ажиллагаа, эрсдэлийн менежмэнт хийж чадаагүйгээс болж иргэдэд ихээхэн ачаа, дарамт үүссэн. Энэ нь иргэд, жижиг дунд бизнес гээд бүх л байгууллага, хувийн хэвшилд маш хүндээр тусч байна.

Ардчилсан намд “…бидний төлөө дуугараач ээ. Дуу хоолойгоо илэрхийлээч” гэсэн санал хүсэлт иргэдээс их ирсэн. Иргэдийн энэ саналд үндэслэж “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Энэ жагсаал нь МАН-д анхааруулах сануулах жагсаал байсан. Жагсаалын гол шаардлага нь нэгдүгээрт, Ковидын хуулийг хүчингүй болго гэсэн. Ковидын хуулиар ковидын дарангуйллыг бий болгож байна. Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрсөн.

Энэ хууль бол УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон, хараа хяналтгүй байдлыг дэвэргэсэн хууль. Энэ хуулийн хүрээнд Засгийн газар хэт их эрх мэдлээр маш их хөрөнгийг ямар ч үр ашиггүй үрэн таран хийж байгаа. Тиймээс хуулийн гадуур явж буй энэ бүх бузар булхайг үгүй хийхийн тулд Ковидын хуулийг хүчингүй болгох шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсан.

Олон сайдын чадамжийн асуудал байна. Ямар ч чадваргүй байдал нь иргэдэд маш их ачаа болж байна. Улс төр, удирдлагын хүрээнд шийдэж болох маш олон ажил байсан. Хамгийн сүүлд л гэхэд Дижитал-Монгол шоу зохион байгууллаа. Цаг үеэ олоогүй энэ шоунаас болж маш олон иргэд цар тахлаар өвчиллөө. Өөрсдөө халдварын тархалтыг бий болгочихоод нөгөө талдаа хувийн хэвшлийг хааж, боомилсон. Өөрсдөө болохоор дур зоргоороо бүх нийтийг цуглуулдаг, үйл ажиллагаа явуулдаг, ковидын тархалтыг ихэсгэдэг.

Гэтэл нөгөө талд иргэдийн явуулж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааг хааж боодог байж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгж нь дампуурсан, ямар ч орлогогүй, өр зээлэнд баригдсан байна шүү дээ. Ингэж эдийн засгийн “цусны эргэлтийг” бүрэн зогсоосон. Ийм байдалтай байна. Тиймээс Засгийн газар энэ бүхний төлөө хариуцлага хүлээх ёстой. Чадвартай Ерөнхий сайдаар удирдуулсан чадвартай төртэй болохыг иргэд хүсч байна.

-Засгийн газар чадамжгүй байгаа нь үнэн ч төр засаг тогтвортой байх ёстой гэдэг талаас харах иргэд ч байна…?

-Чадамжгүй Засгийн газар тогтвортой байх нь улс оронд маш аюултай. Сангийн сайд нь өөрөө “Энэ байдлаараа удаан байвал төсвийн асуудал хэм хэмжээнээсээ хэтрээд байна” гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ. Төсвийн хэмнэлтээ хийхгүй бол болохоо байлаа. Бид ингээд дуусч байна” гэдгийг Ерөнхий сайд нь ч өөрөө хэлсэн.

Ийм хэмжээнд авааччихаад цаашаа юу хийх гээд байгаа юм бэ. Ийм хэмжээнд хүргэсэн Засгийн газрыг цаашид ажиллуулах бололцоогүй харагдаж байна. Тиймээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавьсан. Засгийн газрыг огцруулахад МАН өөрөө ч санаачилгатай ажиллах ёстой. Өөрсдийн байгуулсан чадамжгүй Засгийн газар өнөөдөр ард иргэдийг яаж, ямар амьдруулж байгааг өөрсдөө газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.

( АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг )

-Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа кандидатуудынхаа тухай та юу хэлэх вэ?

-Хэнтийчүүдийн УИХ-д сонгож гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёулаа эрх мэдэлд хүрлээ. Гэхдээ Монгол Улсын нийт ард иргэд байг гэхэд хэнтийчүүдийн төлөө юу хийсэн юм бэ. Андлалын хөшөөнөөс өөр юу хийсэн бэ. Хэнтийчүүд үүнийг бодох хэрэгтэй. Түүнээс биш цээжний бангаар ярьдаг хүмүүсийг хэнтийчүүд минь битгий сонгоосой. Л.Оюун-Эрдэнэ Андлалын хөшөөг барьж 400 сая жуулчин авч ирнэ гэж ярьсан.

400 сая жуулчин Монголд ирэх ямар ч боломжгүй. Ингэж цээжний бангаар ярьж болохгүй. Дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлдэг Франц улсад л гэхэд 70, 80 сая жуулчин авдаг. Манайд ийм хэмжээний даацыг жишээ нь, нисэх буудал дийлэхгүй. Цагт бараг 150 онгоц зэрэг бууж байж тэр жуулчдыг хүлээж авах байх. Ийм хүчин чадалтай онгоцны буудал манай улсад байгаа билүү. 400 сая жуулчныг хаана байрлуулах вэ гээд наад захын зүйлүүдийг бодоод үзэхээр тийм хэмжээний жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж ярилаа. Мод тарих нь уг нь зөв. Гэхдээ цээжний бангаар хамаагүй ярьж болохгүй, тэр тусмаа НҮБ-ын индэр дээрээс. Ингэж дэлхийн жишиг болж болохгүй шүү дээ. Тэрбум модыг тарина, хэзээ яаж тарих вэ гээд тооцоод үзье л дээ. 2030 он хүртэл тэрбум мод тарина гэж байгаа. Найман жилийн хугацаанд 342 мянган модыг нэг өдөрт тарих нь. Цагт 14 мянга, дойлд 237 тарих нь.

Амжихгүй шүү дээ. Ингэж боддог, ярьдаг нөхдүүдийг битгий сонгооч ээ. Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийн хувьд Эдийн засгийн байнгын хороог өмнө нь удирдаж байсан, олон ч ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг хэнтийчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ажил хэрэгч, хэлснээ хийж чаддаг, эдийн засгийн тооцоололтой ийм л хүмүүс өнөө цагийн УИХ-д хэрэгтэй. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нэр дэвшигчийг дэвшүүлсэн. УИХ-ын 62 суудал дээр МАН хоёр суудал нэмээд ямар үр дүн гарах юм бэ.

Ямар өөрчлөлт гарах юм бэ. Үүний оронд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл иргэдийн төлөөлөл болоод суувал ямар өөрчлөлт гарах бол. Хөшигний цаана байгаа бузар булхайг илчилдэг, зоригтой шүүмжилдэг, дуугардаг хүмүүсийг сонгох хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах хүн нь яах аргагүй Э.Бат-Үүл. Хэнээс ч айдаггүй, бүхнийг хийж дуугарч чаддаг. Э.Бат-Үүлээс МАН айдаг. Айдаг ч учраас энэ хүнийг гүтгэдэг. Гүтгэдэг учраас энэ хүнийг өнөөг хүртэл янз бүрийн нэр хоч зүүлгэх оролдлого хийж ирлээ.

Тиймээс энэ хүн тэдний бузар булхайг УИХ-ын тахимаас Сонгинохайрханчууд, ард түмэнд хэлж чадна. Ийм л учраас бид энэ хоёр хүнийг дэвшүүлсэн. МАН-ын 62 суудал дээр хоёр суудал нэмээд ямар ч хэрэггүй. Үүний оронд сөрөг хүчиндээ хоёр суудал өгөөч ээ. Тэгж чадвал бид хөшигний цаана байгаа бузар булхайг илчилж, тэмцэнэ. Дарангуйлал тогтоохгүйн төлөө энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн юм шүү.

-Улс орны хөгжилд сөрөг хүчний үүрэг оролцоо чухал байдаг. Ялангуяа өнөөгийн түвшинд хүчтэй сөрөг хүчин ихээхэн үгүйлэгдэж байна. АН ойлголцлын ширээнд суусан байсан ч дотоод маргаан нь хараахан цэгцрээгүй байгаа. АН-ын дотоодод байгаа асуудал хэзээ нэг тийшээ болох вэ?

-Нэг ширээний ард сууснаар шуудхан л ойлголцол бий болохгүй. Ойлголцолд хүрэхийн тулд үе шаттай олон алхам шаардлагатай байна. Миний бодлоор анхны алхмыг Э.Бат-Үүл баатар хийсэн гэж харж байгаа. Хоёр талын залуучуудтай уулзаж, ойлголцлыг бий болгохын төлөө нэлээн том алхмыг хийсэн. Өнөөдөр бид ойлголцолд хүрэх ёстой. Ард иргэдийнхээ төлөө сөрөг хүчин гэж байх ёстой. Тэгэхгүй бол дарангуйллыг бид бүхэн даван туулах ямар ч боломжгүй. Ардын намын эсрэг тэмцэж чадах нам бол Ардчилсан нам.

Хүчтэй намын эсрэг тэмцэж чадах өөр нам байхгүй. Хүмүүс ХҮН гэж ярьдаг. ХҮН Ардчилсан намын хэмжээнд хүрч МАН-тай тэмцэхийн тулд хамгийн наад тал нь 20 жил хэрэгтэй. Эхлээд намын бүтэц болж өөрчлөгдөх ёстой шүү дээ. Намын хөгжлийн цаг хугацаа гэж бий. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, хороодод өөрийн гэсэн дэмжигч бүтэцтэй болтол наад тал нь 20 жил хэрэгтэй. Ингэж байж МАН-тай тэмцэнэ. Ингэж байж МАН-ын карманд нь багтаж, үг, хуйвалдаанд нь орохгүйгээр тэдний эсрэг зогсож чадна. Тэрнээс нааш ХҮН МАН-ын эсрэг хүчтэй зогсох нам байж чадахгүй.

Тиймээс л МАН-ын эсрэг хүчтэй зогсож чадах намыг Ардчилсан нам гэж хэлдэг. Ардчиллыг хамгаалж, манаж байгаа ганц нам нь Ардчилсан нам шүү дээ. АН дотор байгаа хэсэг бүлэг, тодорхой хүмүүсээс шалтгаалж манай намын нэр хүнд олны дунд унасан зүйл бий. Гэхдээ АН бүхэлдээ тийм биш. Итгэл үнэмшлээрээ явж байгаа олон зуун дэмжигчид, залуус, бизнесмэнүүд бий. Улс орноо өөрчлөх юмсан, хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэдгийн төлөө бүх насаа зориулж байгаа мянга мянган гишүүд бий. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй. Тиймээс ч АН өнөөг хүртэл оршин тогтнож байна.

Р.ХИШИГЖАРГАЛ: ӨДРИЙН СОНИН