АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЖИЛИЙН ӨМНӨ ТЭРЭЛЖЭЭС УЧИР БИТҮҮЛГЭЭР AЛГA БOЛCOH БҮСГҮЙH MӨPӨӨP…

2020 оны долдугаар сард буюу жилийн өмнө Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 25 настай эмэгтэй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байсан юм. Харин тухайн үед…

Тэрэлжийн ойр орчимд хүн төөрөх ой мод, живэх ус алга. Тэр бүсүй хаачив

( 2020.08.27 )

Охид бүсгүйчүүд сураггүй алга болох хэрэг үргэлжлэн гарсаар байна. Алга болсон бүсгүйчүүдийн зарим нь олон сарын дараа амиа алдсан байдалтай хээр хөдөөнөөс олддог бол огт ор сураггүй болсон нь ч бий.

Хамгийн сүүлд буюу 16 хоногийн өмнө л гэхэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн Мэлхий хадны орчимд 25 настай н.Оргил хэмээх бүсгүй бясалгал хийж байгаад ор сураггүй алга болсон. Уг бүсгүйн сураг, ажиг өдөр хоног бүрт бүдгэрч, ар гэрийнхэн нь санаагаа чилээн сэтгэлээ шаналгаж байна. Цагдаа, Онцгой байдлын алба, дотоодын цэргийнхэн нийлж нэлээн их хүч хаян бүсгүйг хайж буй ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл олоогүй хэвээр л байна.

-ТЭРЭЛЖИЙН ОЙР ОРЧИМД ЦАГДААГИЙН МАШИНУУД ДУУТ ДОХИОГОО ХАНГИНУУЛАН ДАВХИЛДАХ БӨГӨӨД МОРЬ УНАСАН АЛБА ХААГЧИД Ч БАЙВ-

Түүнийг хэрхэн, хаашаа алга болов гэсэн асуулт олон хүний эргэлзээг төрүүлж, битүүхэн бодолд автуулсаар хэдийн арав гаруй хоночихжээ. Өдөр бүр Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны сайтаас бүсгүйн тухай мэдээллийг хайхад “Эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ” гэснээс өөр шинэ мэдээ үгүй. Харин олон нийт дор бүрнээ бүсгүй хаачив, усанд урсаж, уул хаданд төөрсөн юм биш биз, алга болсон газрын ойр орчим нь ямаршууханэй юм, гэмт хэрэгтнүүдийн гарт оров уу гэх мэтчилэн ярьсаар л байна.

Тиймээс бид н.Оргил бүсгүйн алга болсон Тэрэлж тэр дундаа “Тэнгэрийн энерги” бясалгалын төвийг зорьж ойр, орчмыг сурвалжиллаа.

Гадаа халуун ч Тэрэлжийн ногоон байгаль, Туул голын үзэсгэлэн зохицсон гэж жигтэйхэн өдөр санж. Тэрэлжийн замд  автомашины цуваа тасрахгүй. Тэдгээр автомашинууд дунд дохиогоо хангинуулсан цагдаагийн дөрвөн машин бидэнтэй зөрж өнгөрсөн нь Тэрэлжид ямар нэгэн түгшүүртэй, учир битүүлэг хэрэг гарсныг илтгэнэ. Бид явсаар Мэлхий хаданд ирэхэд зургаа даруулсан хүмүүсийн хөл хөдөлгөөн их ч морь унасан хэд, хэдэн цагдаа тэр хавиар явж буйтай таарсан юм.

Тэдний нэгээс эрлийн талаар лавлахад “Эрлийн ажиллагаа үргэлжилсээр л байна. Одоогоор ямар нэгэн сэжүүр, сураг ажиг олдоогүй байна” гэсэн юм. Ингээд бид Мэлхий хадны хажуугийн засмал замаар хойд зүгт 4 км орчим яваад бүсгүйн алга болсон газар болох “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд хүрч очив. Тус төв авто замаас тавхан алхамын зайтай байрладаг бөгөөд ойр орчимд гол ус, ангал ан цав байхгүй газар аж.

Улбар шар төмөр хашаатай дотроо хоёр гурван гэртэй мөн манаачийн байр гэмээр жижигхэн байшин, ганц хоёр чингэлэгтэй газар аж. Төв замын яг хажууд уулын бэл дагуу байрласан тус төв нь үйл ажиллагаагаа өнгөрсөн жилээс эхлүүлж бага, багаар төвхнөж яваа гэлтэй. Дээр дурдсан хоёр гэр, хэдэн чингэлэг, асар, саравч гэх мэт байгууламжаас гадна хоёр том модон байшин барьж эхлэн дутуу орхижээ.

Бид тус төвийн хашаан дотор ногоо усалж байгаа хоёр эгчтэй тааран мэнд мэдээд хамгийн том гэрийнх нь гадаа очиход дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй биднийг юун хүмүүс болохыг асуув. Бид ч хэрэг зоригоо ярилцан дотогш ороход тухайн газрын манаач гэх эмэгтэйгээс асуу гэсэн хариултыг өгсөн юм.

-“ТЭНГЭРИЙН ЭНЕРГИ” БЯСАЛГАЛЫН ТӨВИЙН ХАШААНД ХЭДЭН ХҮН НОГОО УСЛАН ЗОГСОЖ БАЙСАН БӨГӨӨД ТУХАЙН ӨДӨР ЮУ БОЛСОН ТАЛААР н.СОЛОНГООС ТОДРУУЛАВ-

Тус газрыг хардаг гэх дөч гаруй настай гэмээр эмэгтэйг н.Солонго гэх бөгөөд бүсгүйг алга болсноос хойш ухаантай, ухаангүйн дунд хүндхэн өдрүүдийг үдэж байна гэсээр биднийг угтсан юм. Мөн энэ үед хоол хийж байсан залуухан эмэгтэй “Цагдаагийн газраас хүмүүст янз бүрийн мэдээлэл битгий өг гэж анхааруулсан. Хүмүүс шашны гаж урсгалтай байгууллага мэтээр буруу, зөрүү ярьж байх  шиг байна лээ” хэмээн дургүйцсэн шинжтэй хэлэв.

Харин бид тухайн өдөр юу болсон талаар н.Солонго гэх эмэгтэйгээс тодруулсан юм.

-н.Оргил яг хэдний өдөр хэдэн хүнтэй бясалгахаар ирсэн юм бэ? -Сүүлд өнгөрсөн сарын 29-ний үдээс хойш дөрвөн хүнтэй хамт ирсэн. Манай энэ байшинд завсар хийж байгаа хоёр залуу олон хамт бясалгал хийдэг н.Жаргалмаа нартай ирсэн. Нөгөө нэг охиных нь нэрийг сайн мэдэхгүй байна. Бас л бясалгал хийдэг, цагаан хоолтон байсан. Засварынхан өглөө ирээд ажлаа хийж байгаад орой хот руу буцдаг. Хамт ирсэн хоёр эмэгтэй нь тэдэнтэй хамт оройдоо явсан. Харин н.Оргил надтай хамт хоёр өдөр бясалгал хийхээр үлдсэн юм.

-н.Оргил хэзээ хот руу буцах болсон юм. Тэр өдөр энэ хавьд ямар хүмүүс байсан юм бэ? -Дээр хэлсэн хоёр засварчнаас гадна сантехникийн ажилчид гэх зургаан эрэгтэй хойд гэрт байрласан. Тэднийг авч ирсэн дарга нь эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан байхаа, шуугиад л байсан. Мөн гэрийн буурь хийхээр гурван эрэгтэй хүн ирсэн. Хоёр өдөр тэнгэр бүрхэг байсан болохоор би Оргилд “Эгч нь түлээгүй боллоо. Гурван хоног аадар орно гэж байна. Галгүй гэрт чи зутрах байх. Гэртээ харьсан нь дээр биш үү. Бороо хур орохоо болихоор эргээд ирж болно шүү дээ” гэж хэлж байсан юм.

Надад “Үгүй ээ, би бүтэн сайн хүртэл бясалгал хийнэ” гэсэн. Гэтэл орой нь н.Оргил “Солонго эгч ээ, нөгөө хүмүүс чинь буцах гэж байна уу. Би хамт хот руу явъя” гэсэн. Өөрөө мэдэж байгаа байлгүй гэж бодоод гэрт сууж байтал  төд удалгүй “Би багтсангүй ээ” гээд ороод ирсэн юм.

-Тэгээд ээж рүүгээ залгаж “ирж аваач” гэж хэлсэн гэсэн? -Тийм ээ, тэр үед оройн 22:00 цаг болчихсон байсан байх. Нэлээн харанхуй болсон байсан. Оргил ээж рүүгээ залгаад “ирж аваач” гэж ярьсан. Би тэр үед нь “Энэ харанхуй шөнө ээжийгээ нааш нь явуулж яах гэсэн юм бэ. Санаа нь зовчихно. Өнөө шөнөдөө хоночихоод, маргааш хүмүүс ирэхээр суугаад явахгүй юу” гэж хэлсэн юм.  Оргил хэсэг байж байгаад ээж рүүгээ “За за, би бүтэн сайн өдөр хүртэл бясалгахаар боллоо.

Ирж аваад хэрэггүй. Гэр рүүгээ буц” гэж ярьсан. Харин ээж нь “Бид нар Налайхад ирчихсэн байна. Чи байж бай, одоо очоод авлаа” гэх шиг болно лээ. Түүнээс хойш гэнэтхэн гэрийн гадаа хүмүүс дуугараад явчихсан. Гэтэл Оргил “Ээж ирчихсэн юм шиг байна. Гадаа хүмүүс дугараад байна” гээд гарсан юм. Удалгүй “биш байна” гээд буцаж орж ирсэн. Харин тэр хүмүүс нь манайд бясалгахаар ирдэг хэдэн хүмүүс байсан. Тэр хэд хамт орж ирцгээгээд бид нар хэсэг юм ярьж суусан юм.

н.Оргил жаахан сууж байгаад “одоо ирчихсэн байх” гээд ахиад гарсан. Тэгээд орж ирээгүй. Харин түүнийг гарснаас 10-20 минутын дараа ээж, ах хоёр нь асуусаар орж ирсэн. Тэр үед гайхаад бүгд гадуур гарж хайцгаасан. Ингээд гэнэт алга болчихно гэж бодоогүй. Бид тэр шөнөжин үүр цайтал хайсан.

-ОРОЙ 22:00 ЦАГИЙН ОРЧИМД ЭЭЖИЙГЭЭ ИРЖ АВАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙХДАА ХОЁР УДАА ГЭРЭЭС ГАРЧ ХАРСАН БА СҮҮЛД ГАРСАНААС 20 МИНУТЫН ДАРАА ЭЭЖ, АХ ХОЁР НЬ ИРЖЭЭ-

-Танайх яг ямар учиртай байгууллага вэ. Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?

-Цагаан хоолтнуудын “Веган дэлхий” хоршоо гэдэг байгууллага. Бид цагаан хоол иддэг болохоороо бясалгал хийдэг. Тэрнээс биш, манайх элдэв гаж урсгалтай, шашны байгууллага биш. Замаар явж буй хүмүүст цагаан хоолоо амтлуулж, сурталчилдаг. Хүн байтугай байгаль дэлхий, ан амьтдад ч хор хүргэдэггүй хүмүүс. Одоо энэ хашаандаа олон төрлийн жимс ногоо тариалж эхэлсэн. Хүмүүс ирж бясалгаж, цагаан хоол идэж, хийж сурангаа ногоонд усалгаа хийдэг. Олон жил болоогүй ээ. Энэ жил л эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна” гэсэн юм.

Бид эдгээр мэдээллийг аваад гэрээс гарахад бясалгахаар ирж буй бололтой үүргэвч үүрсэн хоёр гурван хүн бидэнтэй зөрөв.

Тус төвд хооллох соёлоороо нэгдсэн хүмүүс ирж санал бодлоо солилцох, бясалгал хийх, хамтдаа хоолоо хийж идэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Хүмүүс уг төвд хэд ч хоног байрлах боломжтой юм байна. Гэхдээ Тэрэлж дэх уг төвд ирэх хүсэлтэй хүмүүс жинхэнэ гишүүнчлэлийн бүртгэл үүсгэн тодорхой хэмжээний татвар хураамж төлж байж  үйл ажиллагаанд нь хамрагддаг байж болзошгүй баримт тэнд байсан. Тодруулбал, тус төв рүү ороход хамгийн эхэнд таарах жижигхэн байшингийн хаяг нь “Бүртгэх хэсэг” гэсэн нэртэй аж.

Тус байшингийн цонхон дээр гишүүнээр элсэх хүсэлтэй хүмүүсийг хэрхэн бүртгэх тухай мэдээллийг наажээ. Мэдээллийг уншвал гишүүнчлэл үүсгэхдээ тодорхой хэмжээний мөнгө тушаадаг тухай бичсэн байв. Уг үйл ажиллагааг дэмждэг бүхий л хүнд энэ энэхүү төвийн үүд хаалга нээлттэй гэдгийг н.Солонго хэлсэн юм. Гэхдээ уг байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч хэн болох ямар үйл ажиллагаа явуулдаг сонирхсон хүмүүс хэрхэн нэгддэг талаар тэрбээр нэг ч үг хэлээгүй бөгөөд ярихгүй гэдгээ ч бидэнд учирлаж байлаа. Тэдний ярианаас дүгнэвэл Улаанбаатар хотод тус байгууллага хоолны сургалт явуулдаг аж.

Бүсгүйг алга болсноос хойш цагдаа болон онцгой байдлын алба хаагчид тус энергийн төвөөс доохон талд буюу замын эсрэг талд байрлан эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд бид тэдэн дээр очиж эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар тодрууллаа.

Эрлийн ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа алба хаагч “Өдөр бүр тогсон тооны алба хаагчид эрлийн ажиллагааг хийж байгаа. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр хүн нийт хоёр автомашин, арван морьтойгоор эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Мөн мөрч нохойг ч ашиглаж байгаа. Цэргүүдийг дайчлан нэг өдөр 289 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Бид зөвхөн Тэрэлж хавиар ч биш орон даяар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн мэдээлсэн юм. Бусад мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас асуу гэсэн юм.

Тэд 6-7 автомашинтай авто замын цаад талд буудаллажээ. Ноход болон морьдоо модноос уяад ээлжлэн эрэлдээ гарах аж.

Тус бүсгүй хаачсан байж болох вэ, хэрвээ ямар нэгэн золгүй байдлаар ой модонд төөрч, хөл алдан усанд унасан бол тэр хавийн бүх уул ус, ой модыг самнан эрэн хайж байгаа алба хаагчдад олдохгүй байна гэж үгүй. Тиймээс ямар нэгэн гадны нөлөөнд өртөж, хэний ч санаанд оромгүй газар аваачсан байх магадлалтай биш гэж үү гэх таамаг хүмүүст бий.

Жилийн өмнө буюу 2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 25 настай эмэгтэй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байсан.

Түүнийг алга болсон тухай дуудлага ОБЕГ-т долдугаар сарын 31-ний 22:35 цагт ирж, яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Ингээд ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, цэргийн ангийн албан хаагчид “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-ийн ойр, орчмоос эхлээд Тэрэлж хавиар хайсан ч олоогүй бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр нь эрэн хайх ажиллагааг эхлүүлж өнөөдрийг хүртэл хайсаар байсан.

Тэгвэл ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр жорлонгоос олджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өчигдөр 17.00 цагийн үед иргэн өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллахад 25 настай эмэгтэй О-гийн илжирж муудсан цогцос модон жорлонгоос олджээ.

Хэргийн тухайд тодруулахад, охин шөнө Тэрэлжид байдаг бясалгалын төвөөс харина гээд гарч яваад сураггүй болсон байдаг. Алга болохоосоо өмнө аав руугаа залгаад “Миний утасны цэнэг дууслаа, ирж аваач” гэж утсаар яриад холбоо тасарсан байдаг юм.

Энэхүү харамсалтай хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН