АЛДАРТНУУДСПОРТЭРҮҮЛ МЭНД

П.Дуламрагчаа: Мэдрэлийн ядаргаанд орсныг дараах 3 хүчин зүйлээр мэдэж болно

Гранд мед эмнэлгийн мэдрэлийн их эмч П.Дуламрагчаагийн ядаргаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай өгсөн зөвлөмжийг хүргэж байна.

-Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ, ядаргаанд орсноо хэрхэн мэдэх вэ ? -Мэдрэлийн ядаргаа хувь хүний бие болон сэтгэл зүйн ядаргаанаас харилцан үүсдэг эмгэг. Мэдрэлийн ядаргаанд нөлөөлдөг голлох хүчин зүйлүүд хувь хүний амьдралын буруу хэвшил, дадал, нийгмээс хамраалтай сэтгэл зүйд нөлөөлдөг таагүй мэдээ, мэдээлэл сонсож стресттэх, улмаар тархины үйл ажиллагаа хэт их идэвхиж, түүндээ дасан зохицож чадахгүй болох үед илэрдэг. Их эмч П.Дуламрагчаа: Мэдрэлийн ядаргаанд орсныг дараах гурван хүчин зүйлээр шалгаж, мэдэж болно

Мэдрэлийн ядаргаанд орсноо гурван хүчин зүйлээр шалгаж, мэдэж болно . Нэгдүгээрт, сэтгэл зүй талаас уур, уцаартай болох, бухимдах, сэтгэл түгших, гутрах шинж тэмдэг илэрнэ. Хоёрдугаарт, нойргүйдэлтэй холбоотой хүчин зүйлс нойр муутай болж сэрвэлзэх, унтаж амарсан ч нойр ханахгүй байх. Гуравдугаарт, бие мах бодийн талаас амархан ядарч, бие сульдах, толгой өвдөх, хууч өвчнүүд хөдлөх, амархан мартах, ойр ойрхон ханиад томуу тусах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

-Чих шуугьж, нүдээ ойр ойрхон анивчих, зовхи татах нь мэдрэлийн ядаргааны үед илрэх шинж тэмдэг мөн үү?

-Чих шуугих, нүд аничвих, зовхи нь ядаргааны шинж тэмдэг байж болно. Гэхдээ шууд мэдрэлийн ядаргааны үед илэрдэг шинж тэмдгүүд гэж ойлгож болохгүй. Өөр хүчин зүйлээс шалтгаантай байж болно. Тухайлбал, тархины бүтцийн өөрчлөлт, чих хамар хоолойн өвчний үед чих шуугих шинж тэмдэг илэрнэ. Зовхи татах ч ялгаагүй эмгэг хөдөлгөөний тоонд багтдаг. Мэргэжлийн эмчид үзүүлж байж шалтгааныг нь тогтоох хэрэгтэй.

-Хүүхэд мэдрэлийн ядаргаанд орсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Том хүнийхтэй адил байх уу?

-Хүүхэд мөн мэдрэлийн ядаргаа тусдаг. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хүүхдүүд маш олон эх үүсвэрээс мэдээлэл авч байна. Хэт их мэдээлэлтэй байх үед тархи амардаггүй. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд мэдрэлийн ядаргаа тусдаг. Хэт их мэдээл авсан үед хүүхдийн тархи амархан цуцаж ядран, түүнээс үүдэлтэй хичээлдээ сонирхолгүй болж, уур уцаартай болно. Бие махбодийн талаас хүүхэд ойр ойрхон нүдээ анивчиж, хоолойгоо засах, нойргүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Хүүхдийн нүдний доогуур хөхрөх нь ядаргааны шинж тэмдэг мөн үү. Хэрхэн эмчлэх вэ?

-Нүдний доогуур хөхрөх бол цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага буйтай холбоотой байх магадлал өндөр. Нэг талаас мэдрэлийн ядаргаа гэж харж болох ч нөгөө талаас амьсгалж байгаа агаартай холбоотой өвчин байж болно.

-Хатиг гарах нь ядаргаанаас үүдэлтэй юу? -Олон сараар мэдрэлийн ядаргаа үргэлжлэх юм бол хүний биеийн бүх эрхтнийг дээд цэгт хүрч ажиллахыг шаарддаг. Эрхтнүүд бүх нөөцөө шавхаж, дархлааны тогтолцоо шавхагдаад ирэхээр хүний биед эрүүл байхад илэрдэггүй байсан нян бактерууд идэвхждэг. Үүний нөлөөгөөр хатиг гардаг. Хатиг гарсан үед зөвхөн хатигийг эмчлэх бус биеийн дархлаа сайжруулах хавсарсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Хаврын ядаргааны үед дархлаа дэмжих витамин, бэлдмэл хэрэглэх нь зөв үү. Ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

-Мэдрэлийн ядаргааны үед эмийн эмчилгээнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Төрөл бүрийн витамин дархлаа дэмждэг ч ядаргаанаас гаргах шалгарсан арга бол биш байдаг. Хүмүүс ядаргааны үед витамин D хэрэглэх нь их байдаг. Витамин D хэрэглэснээр мэдрэлийн ядаргаанаас гаргана гэдэг нь буруу ойлголт.

Хамгийн түрүүнд амьдралын буруу, дадал хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Байнгын суугаа ажилтай хүн бол өөртөө 10-20 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн өөрийнхөө дуртай зүйлээ хийж, цэвэр агаарт гарах, ууланд авирах хэрэгтэй. Ядаргааны үед хөдөлгөөн хийх нь маш чухал байдаг. Аль болох хөдөлгөөнтэй байх юм бол ядаргаанаас сэргийлж чадна.

Эх сурвалж : Itoim.mn