СПОРТ

Э.ЭНХБАТ НАЧНЫ БИЕ НЬ САЙЖИРСАН ГЭХЭД ХЭЦҮҮ БАЙДАЛТАЙ БАЙНА !!!

Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх, идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учиртал зодсон хэрэг гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Нийгмийг цочроосон уг харамсалтай хэргээс болж, Улсын өсөх идэр начин Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтсэн.

Түүнд эмч нар яаралтай авч хэрэгжүүлэх бүхий л эмчилгээг хийсэн ч, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Э.Энхбат начны биеийн байдал хэр байгаа талаар түүний төрсөн дүү Аймгийн заан Э.Энх-Амгалангаас утсаар тодрууллаа.

-Ахын тань биеийн байдал хэр байна вэ? -Ахын бие эмчлэгдээд л байж байгаа даа. -Биеийн байдал нь сайжирсан уу. Хаана эмчлүүлж байгаа вэ? -Солонгостоо л эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайжирсан гэхэд хэцүү л байдалтай байна.

-Хэрэг гараад зургаан сар болжээ. Энэ хугацаанд эмчилгээний зардал их л гарч байгаа байх. Нөгөө талаас эмчилгээний зардлыг гаргаж өгч байгаа юу? -Тэр тухай нарийн мэдээллийг бэр эгч маань л мэднэ. Солонгост ахыг маань сахиад байж байгаа.

-Энэ хэргийг саяхан прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан. Хэргийн явц, шийдвэрлэлт хэр шударга явж байгаа гэж боддог вэ?

-Хэрэг нь шалгагдаад л явж байгаа. Хууль шүүхийн байгууллага нь шударга шийдээд өгөх байх. Бүх л зүйл хууль журмын дагуу явна гэж итгэж байна. Одоо бидний ганц хүсэж буй зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах болоод байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Н.Түвшинбаярт холбогдох хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаажээ

Цагдаагийн байгуулллагаас Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байгаагаа прокурорт уламжилжээ. Уг хүсэлтийг прокурорын байгууллагаас хүлээн авч, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст буцааж, шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Учир нь, хохирогч Э.Энхбатын зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шалгах хүсэлтийг гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж, хүнд гэмтэл авч өнөөг хүртэл гадаадад эмчлүүлж байгаа билээ.

 Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч дуусаад эмнэлэг руу буцжээ

/2021.04.03/ Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч, тархины дотуур гэмтэлтэй гэсэн үндэслэлээр эмнэлэгт эргэн хэвтжээ. Хэргийн талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тодруулахад “Хэрэг үүсгэн, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Ирэх Даваа гаригт (2021.4.5) ерөнхий мэдээллийг өгнө, Н.Түвшинбаяр “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.

Монгол Улсын гавъяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж. Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр “Интермед” эмнэлгээс очиж баривчилжээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Өчигдөр /2021.04.02/ орой 21:00 цагийн үед тус хэрэг гарч, цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Бид ирэх Даваа гаригт /2021.04.05/ албан ёсны тайлбар, мэдээлэл хийнэ” гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлж байсан бол түүнийг “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар “Интермед” эмнэлгээс тодруулахад “Өвчтөний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай эмнэлэгт хэвтэж байгаа эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө.

Харин Улсын начин Э.Энхбат ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгаа тухай эхнэр нь цахим хуудаснаа мэдээлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан талаар мэдээлж байна.

Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр  “Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан” гэх мэдээллийг өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас хэргийн талаар тодруулахад “Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжинд болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монгол Улсаас анхны Олимпийн аварга болсон ба 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль  хүртсэн. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

Ө.Батмөнх