АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ШИНЭ НАМ БАЙГУУЛНА

Өчигдөр АН-тай холбоотой сонирхолтой үйл явдал болов. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хасаж буй тухайгаа зарласан .

Харин АН-аас хасагдсан гэх УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан. Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан. Энэ шийдвэртэй холбоотой байлгүй л гэж бодож байгаа.” гэсэн тайлбар хийсэн юм.

Тэгвэл энэ бүхний цаана юу болж байна вэ?

Д.Ганбатын хувьд “Женко” Х.Баттулгаас нүүр буруулаад удаж буй агаад тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга С.Эрдэнэ нартай илүү ойр хамтран ажиллах болсон гэнэ. Иймээс ч Х.Баттулга нэгэнт зам салсан түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулж, өөрийн итгэлт хүн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг оронд нь тавихаар зэхэж байсан тул ийнхүү Д.Ганбат өрсөн хөдөлжээ. Мэдээж АН-ыг Х.Баттулгын талынханд алдаж болохгүй гэж үздэг С.Эрдэнэ тэргүүтнүүд өөрийн талын АН-ын Үндсэн Дүрмийн Хороо гэгчээрээ шийдвэр гаргуулан, түүнийг дэмжсэн.

Хамгийн гол нь үүний цаана АН-ыг өөрийн мэдэлд авах гэж буй Х.Баттулга ба түүнийг, тойрон хүрээлэгчдийнх нь хамт АН-аас нэгмөсөн шахах зорилготой С.Эрдэнэ тэргүүтний тэмцэл өрнөж буй нь тодорхой юм. Одоогийн байдлаар Х.Баттулга энэ тулаанд ялагдаж, УИХ дахь АН-ын бүлэгт гэхэд л Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар гэсэн цөөхөн хүнийг эс тооцвол дийлэнхи нь хэдийн нүүр буруулжээ.
Мөн АН-ын даргаар өөрийн хүнийг томилуулах түүний санаархал ч хууль, эрх зүйн хувьд боломж тун тааруу болоод байна.

Үүнийг ч анзаарсан Х.Баттулга хэдийн Б хувилбараа боловсруулж эхэлжээ. Энэ нь шинэ нам байгуулах.

Тодруулбал тэрээр Монголын Ардчилсан Холбоо буюу МоАХ-ы Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй, харин ч удахгүй гишүүдтэйгээ биечлэн уулзаж, холбооны ажлаа эрчимжүүлнэ гэдгээ зарласан гэх. АН-аас дутахгүй гишүүнчлэл, зохион байгуулалттай энэ бүтцийг тэрээр шинээр байгуулах намынхаа суурь болгоно гэж тооцоолж байгаа аж.

Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монголын Ногоон Нам, Иргэний Зориг-Ногоон Нам зэрэг Улсын Дээд Шүүхэд дээгүүрт бичигддэг улс төрийн намын удирдлагуудтай албан бус уулзалт хийж, хамтран ажиллах тухай тандсан байна. Юутай ч Х.Баттулга чадвал АН-ын удирдлагыг өөрийн багтаа авах, ядвал МоАХ-ы бүтцэнд суурилсан шинэ Ардчилсан Нам байгуулах зорилготой байгаа нь тодорхой болжээ.

Э.Мягмар

Тийм ээ, амьдрал баян Ерөнхийлөгч өө, таны Монгол Улсын

төлөө хийсэн бүхэнд тань талархая…

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа. Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө.

Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа. Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан.

АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан. Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно.

Монгол Улсын төрийн тэргүүнээр дөрвөн жил ажилласан Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн ярилцлагадаа “АМЬДРАЛ БАЯН” гэж хэлнэ лээ. Үүнийг дурдахын учир нь, улс төрийн тогооны ширэм циклийн дагуу улайсч, хурц үйл явдлууд өрнөж байсан 2012 оны дөрөвдүгээр сард түүнээс УИХ-ын гишүүнийх нь хувиар ярилцлага авах үед АМЬДРАЛ БАЯН гэх энэ үгээ хэлж байсныг тодотгох гэснийх.

Тухайн үед хэвлэлүүдийн бичиж, нийтэлж байсан нийтлэг өнцгийг харвал “Х.Баттулга намдаа, улс төрд ганцаардаж байна”  гэхчлэн бичсэн нь давамгайлдаг. Тэгвэл есөн жилийн дараа буюу өнөөдрийн тухайд ардчилсан нийгэмд  “тогтмол” эрх мэдэл үгүй гэдгийг харуулан, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөх цаг болсон байна.

Өнгөрсөн дөрвөн жилд төрийг тэргүүлсэн Х.Баттулгын Мөрийн хөтөлбөрийн гол цөмийг харвал “Эх оронч Ерөнхийлөгч” байна гэсэн агуулга байдаг. Бүрэн эрхийн хугацаандаа гол анхаарал хандуулсан асуудлуудаа “Гадаад бодлого, Төмөр зам, Оффшор, Шударга ёс, Ахмадын зээлийг тэглэхэд чиглэсэн” гэж өөрөө хэлсэн байсан.

Түүний үйл ажиллагаанд алдаа, онооны аль аль нь л бий.  Үндсэн хууль болон бусад 70 гаруй хуулиар эрх мэдэл, үүрэг хариуцлага нь зохицуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхийн тулд олон асуудлыг хөндөж, уудлах хэрэгтэй.

Хэдий тийм ч шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, хуучин Ерөнхийлөгч албан ёсоор явахын өмнө нэр бүхий эрхмүүдээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлттэй үдэж байгааг нь асууж, тодруулснаа хүргэе.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй утсаар холбогдон, асуухад Монгол Улсын төрийн тэргүүний дөрвөн жилийн үйл ажиллагааны талаар ярихад их олон зүйл ярих хэрэгтэй болно гэдгийг онцолж байсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайн, муу гэж ганц хоёр үгээр хэлэмгүй байна. Ер нь бол сайн ажилласан. Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа.

Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө. Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа.

Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан. АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан.

Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно. Ганц нэг үгээр хэлэхэд хүмүүст итгэл үнэмшил ойлголт төрөхгүй л дээ. Сүүлийн үед сонгуулийн өрсөлдөөнөөс болоод, төр  дээд талдаа задарлаа л даа.

Ардын нам УИХ-д 60 гаруй суудлыг эзэлж байгаа нөхцөлд хэт давамгайлал гаргахгүй байх, улс орныхоо эрх ашгийг ухааруулах үүднээс төсөвт хориг тавьсан. Энэ нь та нар буруу юм хийж байна шүү гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. 2020 оны сонгуулиас хойш УИХ Ерөнхийлөгчийн санаа бодлыг харгалзахгүй, дураараа аашилж байна. Өөр асуудал л байх л даа” гэсэн юм.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров эрхмээс  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар асуухад,  “Би соёл, урлагийн чиглэлийн онолын судалгааны хүн учраас улс төр, эдийн засгийн, геополитикийн том дүгнэлтүүдийг хийх нь надад ч зохихгүй, хүмүүс ч үнэмшихгүй” хэмээсэн.

Тэрбээр хэлэхдээ “Х.Баттулга дөрвөн жилийн хугацаанд, хуулийн хүрээнд, Ерөнхийлөгчийн үүргийг зохис ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Өнөөдөр тийм алдаа гаргасан, хөгжлийн түлхүүр  асуудлуудыг шийдсэн гэж хэлэх бол эрт.

Бид өнөөдөр  Чингис хаанаа ч сайн үнэлж чадаагүй, 800 жилийн өмнөхийг ч ялгаж, салгаж чадаагүй байна. Тэгэхээр ойрхи  цагийн Ерөнхийлөгч нарын бүх зүйлийг дүгнэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхийлөгч гараад л, өчигдрийн Ерөнхийлөгч сайн байж, муу байж гэх нь дэндүү сэтгэлийн хөөрлөөр хандсан асуудал болно. Миний ажигласнаар, Монголчууд бид 20 дугаар зуунд, өөрийнхөө уламжлалт ухамсар, ахуйгаас айхавтар хөндийрсөн.

Гадныхныг их дуурайдаг болсон. Тэгэхээр соёлын талаас нь аваад үзвэл Монголыг, монгол хүний хүсэл мөрөөдлийг монгол болгоход их хичээсэн. Тэр нь ч манай нийгэмд нөлөөлсөн гэж бодож байна. Монгол болгохын төлөө зүтгэж, Монгол бичгийг телевизээр заав. Х.Баттулгаас мянга дахин илүү гоё бичдэг, мянга дахин илүү дүрэм мэддэг, хэлний мэргэжилтнүүд байна.

Гэхдээ ямар утга байна вэ гэхээр 21 дүгээр зуунд Ерөнхийлөгчөөсөө эхлээд Монгол хүн Монгол байх ёстой гэсэн үг хэлж байгаа юм. Ийм учраас Монгол хүн байхыг би өөрөө үлгэрлэх ёстой гэж үзэж. Хүүхдүүд тойруулж суулгаж байгаад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэ бол хүүхдүүдэд хичээл заах гээд байгаа юм биш, ерөөсөө л орчин цагт технологийн болон хөгжлийн бүхий л ололтуудыг гаднаас авахдаа гагцхүү Монгол байж л авч чадна шүү гэдгийг хэлээд байгаа юм. Монгол хувцсаа  өмсөхөд ч гэсэн шууд үлгэрлэж байгаа. Монгол дээлээ элдэв юмгүйгээр өмсчихөж байгаа юм.

Гудамжинд ч нэг сайхан эр ингээд явж болно. Наадам дээр ч ийм энгийн сайхан хувцастай хүн явж болно. Төрийн тэргүүн ч тэд нар шигээ  л явж болно, ялгаатай юм байхгүй ээ гэж харуулж байгаа юм. Х.Баттулга уран цэцэн яриа хөөрөөтэй хүн биш, сэтгүүлч, орчуулагч, гүн ухааны мэргэжилтэн биш.

Мань хүний хэлж ярьж байгаа үг нь ардын үг л байгаад байгаа. Ардын гэдгийг би хашилтад хийж, хэлж байна. Ерөнхийлөгч бол тусгай хүн биш, өөр хүн биш. Ерөнхийлөгч бол орчин цагийн Монгол хүний нэг л байх ёстой. Энэ бол явж явж эцсийн эцэст оффшорын хэдэн төгрөг оруулж ирснээсээ үнэтэй шахуу эд байхгүй юу.

Ерөнхийлөгч болсны дөрвөн жилийн дараагаар хэчнээн сайхан залуучууд кэттэй ч бай, пүүзтэй ч бай монгол дээлээ өмсөөд сонгууль өгөөд байгаа биз. Энэ чинь мөнгөнөөс илүү үнэтэй зүйл байхгүй юу. Монгол хүний оршин тогтнохын  дархлаанд юм хийж өгч байгаа юм” гэж байр сууриа хуваалцлаа.

Тийм ээ, АМЬДРАЛ БАЯН, Ерөнхийлөгч өө…