АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ: ТӨР ШҮГЭЛ ҮЛЭЭГЧЭЭ HAMHAЖ, ДAPAHГУЙЛЖ БАЙНА !!!

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа. -”No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү нарыг баривчлах үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр очсон өмгөөлөгч А.Пүрэвдуламд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Өмгөөлөгч нар энэ асуудал дээр байр суурь нэгдэн хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 01:30 цагийн орчим иргэн Д.Монголхүүг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлах үед өмгөөлөгч А.Пүрэвдулам өөрийнх нь хүсэлтээр, түүнд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр СБД-ийн цагдаагийн хэлтэст очсон байдаг. гэвч цагдаа нарын зүгээс д.монголхүүг өмгөөлөгч А.Пүрэвдуламтай уулзуулахгүйгээр цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан асуудал болсон. энд үндсэн хуулиар олгогдсон иргэний өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн.

А.Пүрэвдулам өмгөөлөгч хуульд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсан. үүнээс үзэхэд монгол улсын үндсэн хуульд заасан иргэний өмгөөлүүлэх болон өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж өмгөөлөгч нар эсэргүүцэж байгаа.

Одоогийн байдлаар 20 гаруй өмгөөлөгч нэгдэж, өмгөөлөгч А.Пүрэвдуламд хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Өмгөөлөгчдийн холбоондоо өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа алдагдсаар туйлдаа хүрч, сүүлийн үед өмгөөлөгч нарыг иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн тул нэн даруй гишүүнийхээ эрхийг хамгаалан ажиллах талаар санал хүсэлтээ албан бичгээр өгсөн байгаа. Өмгөөлөгдчийн холбоо нааштай арга хэмжээ авч, өмгөөллийн үйл ажиллага явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ тал дээр хүчтэй арга хэмжээ авч ажиллана гэж найдаж байгаа.

-Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх давхар зөрчигдсөн асуудал байх нь ээ?

-Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөх байдал түгээмэл болоод байна. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс ямар нэг байдлаар нам, улс төрийн дэмжлэгтэй байх юм бол эрх нь хамгаалагдаж, харин эсрэгээр улс төрийн намын дэмжлэггүй жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэхээр цагдаа хуулийн байгууллага хариуцлага тооцох, хууль зүйн туслалцаа авах, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл байдлыг хууль зөрчсөн гэдэг асуудлаар таслан зогсоох арга хэмжээ аваад байна.

Үүнээс харахад цагдаагийн байгууллага хуулийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлж байгааг харж байна. Бусдад саад учруулахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа байдлаа тайлбарлахаар Цагдаагийн байгууллага нь маргана. Үзэл бодлоо илэрхийлэхдээ ашиглаж байгаа хүүхдийн хос гутлыг авч зугтаана, иргэд “Гутлаа авъя” гэснээр одоогийн энэ байдал хүртэл үргэлжлээд хууль сахиулагчийг эсэргүүцсэн болоод давхар давхар асуудал үүсээд яваад байгаа юм.

Өмгөөлөгчийн хувьд харахад сонгуулийн маргаан, Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд, мөн дээрээс нь эрх мэдэл албан тушаал бүхий хүмүүсийн оролцсон гэмт хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчдөд маш их дарамт шахалт ирдэг. Нөгөө талаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг шууд таслан зогсоодог.

Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагын зүгээс авдаг байдал газар авлаа. Тэгэхээр цаашид үзэл бодлоо илэрхийлсэн, сонгуулийн ямар нэгэн маргаантай, албан тушаалдтнуудын эрх мэдэлтэй холбоотой хэргүүд дээр өмгөөлөл үзүүлбэл өмгөөлөгч нарт халгаатай юм байна гэдэг сөрөг үр дагавар бий болж эхлэх нь.

Одоогийн байдлаар А.Пүрэвдулам өмгөөлөгчийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Тодруулбал, Д.Монголхүүд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр очсоныхоо төлөө ийм байдалтай болчихоод байна.

-Хуульчид энэ хэргийг хамгийн хурдан шалгаад шийдвэрлэж байгаа хэрэг гэж онцолж байсан…

-Тийм. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад хэргийг танилцуулсан явдал түүхэнд байгаагүй хамгийн хурдан шалгагдаад прокурорт шилжчихээд байна. Үйл явдал нь 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө болсон. Өмгөөлөгчийг аравдугаар саын 6-нд гэрчээр асуугаад, аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад 12-нд хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлээд байна. Түүхэнд байгаагүйгээр маш хурдтай өмгөөлөгчийн эсрэг, мөн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа процесс боллоо.

Энэ хэрэг дээр УМБГ-ын тусгай субьектэд холбогдсон гэмт хэргийг шалгах хэлтэсээс 5-6 мөрдөгчтэй ажлын хэсэг байгуулан ажилласан. Гэтэл өмгөөлөгч А.Пүрэвдулам тусгай субьект биш л байхгүй юу. Энэ хэлтэс хууль зөрчиж ажилласан мөрдөгч нарыг шалгадаг болохоос үзэл бодлоо илэрхийлсэн жирийн иргэн, түүнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг шалгадаг хэлтэс биш л байхгүй юу. Хэлтсийнхээ нэрнээс тодорхой байхад цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны харьяалал зөрчиж, ажлын хэсэг байгуулан шалгасан.

Тушаал авсан мөрдөгч нар болдог бол татгалзаад явмаар байгаа юм даа. Даанч бас л амьдрах гээд явж байгаа мөрдөгч нар харьяалал зөрчиж ажлын хэсэг байгуулж байгааг эсэргүүцэх боломж байхгүй л байх. Тухайн мөрдөгч нар өөрийнхөө хяналт шалгалтад байгаа хэргийг хойш нь тавьж байгаад долоо хоногийн дотор энэ хэрэг дээр ажилласан юм билээ. Тэд өчигдөр хэргээ прокурорт шилжүүлчихээд “За одоо үндсэн хэрэг рүүгээ оръё” гэж ярьж байх жишээтэй. Үүнээс харахад цагдаагийн байгууллага хүч хаях юм бол зарим хэрэг дээр ингэж ажлын хэсэг байгуулаад өргөн бүрэлдэхүүнээр ажилладаг л юм байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаатай байдаг. Тухайн мөрдөгчид тодорхой тооны хэрэг байлаа гэхэд түүнийг хуульд заасан хугацааны дотор шалгах ажиллагаанд жигд явуулах өөрөөр цагаа жигд хуваарилан ажиллах ёстой. Гэтэл нэг хэргийг онцолж шалгаад явдаг байдлыг энэ хэрэг дээр харагдаж байгаа юм. Долоо хоногийн хугацаанд цагдаа нарын ажиллагаа явуулж чадаагүй хэргийн хохирогч, холбогдогч нар хэн аль нь цаг хугацаагаараа хохирч л байгаа нь шууд ойлгогдож байгаа байх. Цаашид төрийн байгууллага иргэддээ жигд, тэгш хандаж байх үүргээ зөрчөөд байж болохгүй ээ.

Төрийн үйл ажиллагааны зарчим хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль дээдлэх зарчимын дагуу явагдах ёстой. Нээрээ цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг ингэж хурдан явуулдаг бол өмгөөлөгч бид нар талархмаар байна. Гэтэл тийм байдаггүйг хүмүүс мэднэ. Яг одоо би насанд хүрээгүй хүчингийн гэмт хэргийн хохирогчийг өмгөөлж байна. Гэтэл 2021 оны 7 дугаар сард гомдол гаргаснаас хойш таг гацсан байдалтай байна. Зохих шатанд нь гомдол гаргаад л явж байна. Цагдаагийн байгууллага хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүний амь нас эрсдсэн хэргүүд дээр ингээд ажлын хэсэг байгуулаад ажилла л даа, чадахгүй байна шүү дээ. Үйл ажиллагаагаа жигд явуулчих л даа. Энэ мэт зүйлс иргэд болон өмгөөлөгч нарын бухимдлыг төрүүлээд байна шүү дээ.

-Манайд хэрэг хянан шийдвэрлэхэд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль тохиромжтой гэх агуулгыг цагдаагийн удирдлагууд ярьсан тухай улстөрчид онцолж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар хүний эрх зөрчигдөхгүй байх механизмыг бүрдүүлэхийн төлөө 2002 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гарсан. 2015 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт ороод хэрэгжээд явж байгаа. Тэр яриад байгаа 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь хүний эрхийг хангаад байсан юм хууль санаачлагчид 2002, 2015 онуудад хуулийг шинээр батлаад байх шаардлагагүй л байсан байхгүй. Ойлгомжтой биз дээ. Цагдаагийн дарга үнэхээр социализмын үед мөрдөгдөж байсан хуулийг цохон тэмдэглэж тийм зүйл ярьсан нь нийгмийн харилцааны түвшинд бодоход ч ухралтын шинжтэй агуулгыг ярих хэмжээнд хүрсэнд хуульчийн хувьд харамсаж байна.

Уг нь Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ягштал баримтлаад, эрүүгийн хэрэгт холбогдсон хүн бүхэнд тэгш байдлаар хандаж хэрэгжүүлээд, холбогдсон хүмүүсийг өмгөөлөгч авах болон бусад хуульд заасан эрхийг нь эдлүүлээд явахад хүний эрх зөрчигдөхгүй байх боломжтой. Хамгийн гол нь хэрэгжүүлж байгаа субьектүүдийн хүний эрхийн мэдрэмж, харилцаа хандлагаас хамаараад хүний эрх зөрчигдөөд байгаа тохиолдол гараад байна. Өөрөөр хэлбэл, тэгш бус хандаад байна.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, талууд байр сууриа илэрхийлах шатанд явж байгаа юм билээ. Шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил эхэлж байхад нөгөө талд хууль сахиулагчид шүгэл үлээгчдийн эрхийг зөрчиж байгаа явдал харагдаж байна, тийм үү?

-Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах улс орнуудын туршлага гэж байдаг. Эндээс харахад нийгмийн бугшсан асуудалд үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа хүмүүсийг хамгаалах нь нийтийн эрх ашгийн төлөө эрх баригчид, эрх мэдэл бүхий субьектүүдийн эсрэг дуугарч байгаа амь нас, аюулгүй байдлаа зольсон зоримог алхам байдаг тул улс орнууд шүгэл үлээгч нарт зориулсан, тэдний эрхийг хамгаалсан хууль гаргах хүртэл хэмжээнд авч үзэж байна. Манай улс энэ жишгийн араас явж Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хуулийн төсөл санаачлаад явж байгаа нь сайшаалтай боловч, Шүгэл үлээгчийг хамгаалах гээд байгаа төрийн үйл ажиллагаа нь бараг шүгэл үлээгч нараа барьж, амыг хамхих механизм болж хувирч байгааг манайд болж буй сүүлийн үеийн баривчилгаануудаас харж болно.

Шүгэл үлээгч нарын үйлдэл нь эрх мэдэл бүхий этгээдүүдийн эсрэг чиглэсэн байх тохиолдол түгээмэл байдаг тул эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн зүгээс шүгэл үлээгч нарын эрх чөлөөнд халдах нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг. Тийм учраас энэ хүмүүсийг хамгаалах, харин ч шүгэл үлээгч олноо бий болж байж тухайн нийгэм цэвэршинэ, шүгэл үлээгч нарыг хамгаалах дэмжих, урамшуулах, нийгмийн эрүүлжүүлж байгаа үйлдэл гэдгээр нь хууль батлуулахаас нь эхлээд л тэднийг таниулах ажлыг хийх ёстой юм.

Гэтэл хууль батлах үйл явц өрнөж байгаа үед шүгэл үлээсэн этгээдийг нийгмээр нь жигшүүлж, улмаар иргэдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хойшлуулшгүй тохиолдолд” заасан нөхцөл байдал үүсээгүй байхад иргэдийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр олноор нь баривчилж байгаа нь зарим тохиолдолд шүгэл үлээгч нарыг мохоох, айдаст автуулах зэргээр нөлөөлөх магадлалтай. Угтаа Хууль гараагүй байсан ч энэ хүмүүсийн дэмжих, эрхийг нь хамгаалах бололцоог хяналтынхан хэрэгжүүлж байх ёстой.

Сэжигтнийг баривчлах ажиллагааг хэрэгжүүлж байгаа субьект жаахан л эрх хэмжээгээ хэтрүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй байх эрх зөрчигдөх, улмаар хүнийг эрүүдэн шүүсэн хэлбэр рүү орчихдог нарийн ажиллагаа байдаг. Тийм учраас л иргэний халдашгүй байдалд халдах буюу баривчлах тохиолдолд заавал шүүхээс зөвшөөрөл авдаг юм.

Халдашгүй байх эрх нь хүний, иргэний хамгийн “нандин” эрх. Энэ эрхэд халдах тохиолдлыг хуулинд хойшлуулшгүй тохиолдол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа байдал гэж хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд л сэжигтнийг баривчлахаар заасан байдаг.

Ер нь практикт Цагдаагийн байгууллага ямар үед хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлах вэ гэхээр гэр бүлийн хүчирхиийлэл үйлдэж байгаа, хоёрт хүний амь нас бүрэлгэсэн гэх мэт хүнд гэмт хэрэг дээр хэрэгжүүлдэг. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй цагдаагийн албан хаагч мөргөлдсөн асуудлыг шалгасан байж болно. Гэхдээ шалгалаа гээд Д.Монголхүү, Э.Одбаяр, Ц.Чинбат, Г.Ган-Очир нарт хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан нь өнөөдөр үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал гарч ирээд байна. Өөрөөр хэлбэл, хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор цагдаагийн байгууллага нь эрх мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлсэн үү, улмаар эрүүдэн шүүсэн үү гэдэг асуудлууд дагуулаад байна.

Дээрээс нь өмгөөллийн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгчийн үйл ажиллагаанд нь халдаж эрүүгийн хэрэг болгож шалгаж байна. Энэ бол давхар, давхар хүний эрхийн маш ноцтой зөрчил болж байгаа юм. Үүнээс үзэхэд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ямар нарийн нягт байх ёстойг харуулж байгаа бөгөөд жаахан л хариуцлага алдахад ар араасаа хөвөрсөн хүний эрхийн зөрчлүүдийг үүсгэдэг хариуцлага алдаж болшгүй төрийн байгууллага юм.

Б.ЭНХЗАЯА : ӨДРИЙН СОНИН