АЛДАРТНУУДСПОРТ

Ц.Элбэгдорж: МАН-ын эрх баригчид Монгол Улсыг удирдах гэж алийгаа алдаж, хөгөө чирж байна !!!

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан Цахиагийн Элбэгдорж Ардчилсан намын Онц их хуралд илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол төрөөс Ардчилсан намынхан явж, ялагдаж болно. Харин Монгол Улсаас ардчилал, эрх чөлөө явахгүй ээ. Сая болсон СХД-ийн сонгууль бол МАН болон МАХН-ы хийсэн гэрээг л биелүүлсэн сонгууль боллоо. МАН сонгуульд ялж сурсан байна. Гэвч тэд ардчилсан арга замаар улсыг удирдаж сураагүй байна. МАН-ын эрх баригчид Монгол Улсыг удирдах гэж алийгаа алдаж байна, хөгөө хөлдөө чирж байна. Бид эв нэгдэлтэй байж тэдний бах тавыг хангаж болохгүй.

Ардчилсан намын санаачилсан баталсан “Ирээдүйн өв сан” руу Ардын намынхан хуруугаа дүрэх гэж байна. Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг, мэдрэмжийг хэн ч дарж чадахгүй. Ардчилсан намын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй, Ардын нам ч шийдэх ёсгүй. Ардчилсан намын гишүүд, намын олонхи та нар шийдэх ёстой.  МАН-ын эрх баригчид “Ирээдүйн өв сан” буюу хүүхдийн мөнгийг хулгайлж хүүхдэд нь буцааж өгөх гэж байна” гэв.

Э.Бат-Үүл: АН-ыг Ардын нам шиг дарга удирдах гэснээс хагаралдсан

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11-р сарын 5-ны энэ өдөр Ардчилсан нам “Онц Их хурал”-аа зарлан хуралдуулж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс “Онц Их Хурал”-даа оролцохоор 1318 төлөөлөгч Улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулж буй юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-Үүл нар оролцож, илтгэл тавьсан юм.

Э.Бат-Үүл илтгэлдээ: “Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан.Тэд бие биеэ нөхөж багц болж ажиллаж чадаж байсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан  хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж хувьсгал  амжилттай болсон. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй. Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа.

М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ.

Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай.
Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдагийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш  манлайлагч удирдаж авч явдаг шүү.” гэв.

Ардчилсан намын Онц их хуралд Э.Бат-Үүл илтгэл тавилаа. Тэрбээр “Залуучууд та нарын цаг нь ирсэн. Яг л ардчилсан хувьсгал хийж байсан бидний үе шиг нэгнийгээ нөхөж, ирлэж, чадаж байгааг хараад баярлаж байна. Одоо л эвлэж, нэгдэж чадвал миний насан дээр ирээд та нар дараагийн залуустаа хөөгдөөд зогсож байхдаа “Бид эвлэрсэн учраас энэ хүртэл ялсан юм аа” гээд хэлж зогсож байх болно. Ардчилсан нам эв нэгдэлтэй байсан бол өнгөрсөн 30 жилийн турш үргэлж ялах байсан гэдгээ л та нар минь үргэлж санаж яваарай.

Ардчилсан нам бол эрх чөлөөтэй хүмүүсийн нам. Ийм учраас Ардчилсан намыг Ардын нам шиг даргалж удирдахгүй. Энэ удаагийн хагарлын шалтгаан нь дарга удирдах гэж оролдсоноос болсон шүү гэдгийг залуус минь ойлгоорой” гэв.

Энэхүү Онц их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж, намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавих хурал болно гэж Ардчилсан намын зүгээс мэдэгдсэн.

УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа намын их хурлын төлөөлөгчдөд хандан үгээ хэллээ.

Тэрбээр” Эмэгтэйчүүд идэвхтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй ажилласаар ирсэн шүү. Эмэгтэйчүүдээ бодоод эвлэрч, нэгдээч гэж уриалж байна. Энэ заалнаас гар гараа бариад гарна гэдэгт итгэж байна. Ерөнхий сайд 100 хоногийн ажлаа хүний үхлээр угтлаа гэж чуулганы танхимд хэлэхэд маргааш нь АТГ-аас намайг дуудсан” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ.

Тэрбээр “Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа гэдгийг харуулж ирсэн та бүхэндээ баярлалаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр АН хаана байхыг Ардчилсан намын дарга хэн байхыг улсын бүртгэл, шүүх тэр бүү хэл МАН ч шийдэхгүй гэдгийг давтан хэлье. МАН-ынхан Дарханы замыг “будаа болгож” байхад тэндээс гурван гишүүн сонгогдоод байгааг л би гайхаж байна. МАН-ыг ялах нь бидний зорилго биш ээ. Монголыг хөгжүүлэх нь бидний зорилго шүү.

АН: Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон баталлаа

Ардчилсан намын Онц Их хурал өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ.

Төлөөлөгчид үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа.

Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон заалт бүхий тогтоолын төсөл гаргаж, төлөөлөгчдийн саналаар төслийг дэмжив. Хурлын төлөөлөгчид Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал үр дүнтэй боллоо хэмээн дүгнэжээ. Мөн хурлаар Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа хэмээн АН-аас мэдээлэв.

 АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томиллоо

Ардчилсан намын Онц Их хурал өчигдөр (2021.11.05) хуралдаж, Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталсан билээ.

Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл “Онц Их Хурал”-ын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-г хуралдуулах санал гаргасны дагуу ҮБХ хуралдаж, Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэлэлцэн дэмжлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Лувсаннямын Гантөмөр “Ардчилсан нам одоо дотоод зөрчил, маргаан гэдэг асуудлын тухай ярилцахгүй. Би таван асуудалд төвлөрч, хариуцлага, сахилга баттай ажиллана. АН 6-8 мэргэжил, туршлагатай шилдэг Нарийн бичиг, 10 гаруй хэлтэс ажиллана” гээд ажиллах багаа ч төлөвлөжээ.

М.Оргил