АЛДАРТНУУДСПОРТ

Ц.Элбэгдорж: Бид МАН-ын эрх баригчдын бахыг хангаж болохгүй, бид нэгдэж байгаагаа харуулах хэрэгтэй !!!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж, ажлаа хүлээлгэж өгснөөс хойш хууль, хяналтынхны үүдийг сахиж яваа Ц.Элбэгдорж ил гарч эхэллээ. Тэрбээр өнгөрсөн баасан /2021.10.05/ гарагт “Улаанбаатар палас”-т болсон АН-ын Онц их хуралд оролцож, үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.

Ц.Элбэгдорж: Сонгуульд Монгол Ардын Нам ялж сурсан байна. Гэхдээ ардчилсан аргаар удирдаж сураагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу авч явж чадахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болоогүй. Сонгогчид тэр нөхөн сонгуулийг хүлээн зөвшөөрөөгүй. Талаас илүү хувь нь ирээгүй. Энэ бол өнөөдрийнх шиг эрх баригчдын хүлээж авахгүй гэдгээ л харууллаа.

-Намын дарга хэн байхыг шүүх шийддэггүй. Намын хамт олон нь шийддэг юм. Улаанбаатарт нам хоёр толгойтой болжээ гэхээр орон нутагт байгаа даргын толгой хоёр болж болохгүй ээ. Хүнийг дарж болно. Тэр олонд танигдсан улстөрчдийг нь дарж болно. Гэхдээ Монголын ард түмнийг дарж болохгүй, чадахгүй. Монголын ард түмэн АН байгаа болохоор, тэр үзэл санаа байдаг болохоор хүчтэй байдаг юм.

-Нам ямар байхаас төр тийм байгаа. Төр ямар байхаас улс тийм байгаа шүү. Намаа өөрчлөх гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Улс төрийн нам бол гишүүддээ харьяалагддаг, ард түмэндээ харьяалагддаг, тэдний хүсэл зорилгыг биелүүлдэг байх хэрэгтэй. Нам гэдэг хэн нэгний хүүхэлдэй, хэн нэгний дагуул, хэн нэгний заасан замаар явдаг байж болохгүй.

-Манай нам дээрээ ялагдсан ч, суманд ялна. Суманд манлайлал үзүүлж байх ёстой. Аймагт манлайлж байх ёстой шүү дээ. Аймгийн улс төр, сумын улс төр, багийн улс төр чинь ёстой тарчлаан байхгүй юу. Өнөөдөр АН-ын доторх хэрүүлийг харах гэж, түүнээсээ кайф авах гэж эрх баригчид сууж байгаа. Тэдний бахыг хангаж болохгүй. Бид нэгдэж байгаагаа харуулах хэрэгтэй байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын төрийн тэргүүний суудлаа өгсөн Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа Ц.Элбэгдорж болон М.Энхсайхан нартай холбоотой 170 гаруй хуудас материал нотлох баримтыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.

Эл хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас дуудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хориогүй ч, дуудаж тайлбар мэдүүлэг авсан юм. Түүний дараахан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд өөрийгөө хоёр үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд албаныхан ч түүний мэдээллийг тухайн үед үгүйсгээгүй.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаас эхэлж, олон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Одоо хоёр үндэслэлээр л хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бусдыг нь хэрэгсэхгүй болгосон” гэж ярьсан бөгөөд түүнийг “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж, АН-аас явуулж байгаа ажилд идэвхтэй оролцох болжээ. Харин түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч хэрэг нь прокурорын байгууллагад шилжээд удаж байна.

М.Оргил