АЛДАРТНУУДСПОРТ

Х.Тэмүүжин: Ц.Нямдорж иргэдийг цагдаагаар айлгахдаа бүр гаршсан дарангуйлагч !!!

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хууль шүүхийн шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ярилцлагаа одоо УИХ дээр ид хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар эхлүүлэх нь зүйтэй санагдлаа. Жишээ нь, Хувь хүний нууцын тухай хуульд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр тухайн хүний нууцыг задруулна гэсэн заалт орж буй. Гэхдээ уг заалт нь сэтгүүлчдэд үйлчлэхгүйг тодотгосон. Энэ хэр зүй зохистой вэ?

-Тогтолцоогоо бүрэн дүүрэн ойлгоогүйн алдаа байх. Хувь хүний нууцын тухай хууль бүх иргэнд хамаатай хууль. Тиймээс иргэдийн нууцлавал зохистой хувийн мэдээллийг хэн нэгэн хайж олоод, бусдад дэлгэснээс болж хувь хүний ажил, амьдралд сөрөг үр дагавар гардаг байж болохгүй. Дэлхий нийтээрээ хувь хүний эрх чөлөөг баталгаажуулахын тулд иргэний хувийн нууцтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд хатуу хамгаалах зарчим баримталдаг. Энэ зарчмыг сэтгүүл зүйн зорилгоор гэх үндэслэлээр үгүйсгэж болохгүй.

Энд сэтгүүлч гэдэг мэргэжилд давуу эрх олгож, хүний хувийн орон зай, хувийн мэдээллийн хамгаалалтыг эвдэх тухай ярихаас илүү харин хүний хувийн мэдээллийн нууц гэдэг ойлголт хэнд хамаарахгүй, хязгаарлагдаж болохыг зааж өгөх нь илүү чухал, бас зөв. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан буюу иргэний төлж буй татварыг захиран зарцуулж, тэдний итгэл сонголтоор эрх мэдэлд хүрч, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах учиртай этгээдүүдийн хувьд хувийн мэдээлэлтэй холбоотой хуулийн хамгаалалт ямар хэмжээнд үйлчлэхгүй байж болохыг тодорхой зааж өгөх ёстой. Албан тушаалтныг авлигын мөнгөөр амьдралаа дээшлүүлж байгааг зарим талаар түүний хувийн мэдээлэл дотроос олж авахаас өөр арга олон нийтэд байхгүй байж болно.

Иргэдэд чиглэсэн хувийн нууцын тухай асуудлыг аливаа албан тушаалтан “иргэн” гэх нэрийн дор халхавчлан давхар эдэлж, давуу байдал олж авахаас сэргийлэх ёстой.

Иргэдэд хамаатай хувийн нууцын халдашгүй байдлыг хэн ч хөндөхгүй. Харин төрийн тодорхой түвшний албан тушаалтнуудад энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй байхаар зааж өгөх нь олон улсын жишигт ч нийцэх биз.

Энд гэхдээ бас зөвхөн төрийн албан тушаалтан гэлтгүй улс төрийн нөлөө бүхий этгээд байхыг зааж өгөх нь зөв болов уу. Жишээлбэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга төрийн албан хаагч биш. Гэхдээ тэр хүний хувийн мэдээлэл намын дотор явж буй авлига, албан тушаалын хууль бус хэлцэл, томилгоотой холбоотой асуудлыг олж харах түлхүүр болж болно. Энэ түвшний улс төрд нөлөөтэй намын албан тушаалтан ердийн иргэнд зориулсан зохицуулалтаар хамгаалагдаад, асуудлаа “нуучихдаг” байж болохгүй. Түүнээс сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээлд хамаарахгүй гэх нэрийн дор нөгөө талд эрх мэдэлгүй жирийн иргэний хувийн нууцад халддаг хаалга үүдийг нээвэл энэ хуулийг баталж буй утга учир алдагдана.

Нөгөө талаас сэтгүүлч биш ч гэсэн авлигын эсрэг тэмцдэг төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд, эрх ашиг нь хохирч буй иргэд албан тушаалтныг авлигад автаж буй эсэх, албан тушаалдаа тэнцэж буй эсэхийг тэр хүний хувийн мэдээллээс хайх боломжтой байх ёстой.

-Шүүхийн тухай багц хууль 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн давуу тал, онцлогийн талаар та юу хэлэх вэ. Эрх баригч намынхан уг хуулийг сайн хууль болсон гэж магтаж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр талтайг шууд хэлэх ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоомжийг системчлэх, тодорхой зохицуулалтыг төрөлжүүлэх чиглэлд ухралт хийсэн. Тухайлбал, нэг хуулиар шийдэх бололцоогүй дотроо зарчмын суурь ялгаатай, эрх мэдлийн хуваарилалтын хувьд нэг уутанд байх боломжгүй, чиг үүрэг зохион байгуулалтын өөр өөр арга хэлбэр шаардах харилцаануудыг Шүүхийн тухай гэх нэг хуульд хүчээр чихэж шийдэх гэж оролдсон нь том ухралт.

2012 онд уул нь Шүүхийн багц хууль гэж батлаад, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх байдлын тухай хууль гэх мэтчилэн хэд хэдэн хуулиас бүрдсэн төрөлжсөн систем бий болгосон байсан. Харамсалтай нь, дээрх хуулиудыг нэгтгээд, нэг хууль болгоод баталчихсан. Тэгэхээр нэг хуульд багтах боломжгүй олон төрлийн харилцааг механикаар нэгтгэж, зохицуулалтын хүртээмж, арга хэрэгслийг хавчигдмал болгосон нь нэг их удахгүй засвар, өөрчлөлт хийх шаардлага үүсгэх л байх. Товчхондоо хуулийн төрөлжилт, хууль зүйн техник талаасаа ухралт болсон.

Харин агуулгын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж хийгдэж буй учраас ердийн хуулийн түвшинд шийдэж чадахгүй байсан цөөнгүй асуудлыг Үндсэн хуулийн тусламжтайгаар шийдэх болсон нь дэвшилтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн улс төрийн хамаарлыг багасгаж, шүүгчид хариуцлага ногдуулах механизмыг ШЕЗ, дээд шүүхийн хамаарал, улс төрийн нөлөөнөөс гаргах гэж оролдож буй нь маргаангүй дэвшил. Үүнийг үгүйсгэж болохгүй.

Саяхан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өргөн бариад буй шүүхээс гэм буруугийн хэрэг байцаадаг байдлыг зогсоох гэж оролдож буй алхмууд бол зөв шүү. Зайлшгүй хийгдэх ёстой ажил.

-Хэрвээ шүүхээс хэрэг буцдаггүй болчихвол гэмт хэрэгтнүүд ял завших вий гэсэн болгоомжлол нийгэмд байна?

-Ял завших гэдэг утга муутай яриа. Хууль засагладаг улс оронд хангалттай нотлогдохгүй байгаа бол ял завших гэж харахаасаа илүү хүн хэлмэгдэх нь гэж харах ёстой. Хэрэв илт хэн нэгэн хүн ял завшиж байна гэж харагдаж байгаа бол тэнд прокурор, мөрдөгч ажлаа хийж чадахгүй байгаа тухай ярих болохоос биш хоосон хардалтаар иргэнийг хуулиас гадуур яллаж, шүүх тэр яллагчийн ажлыг прокурорын өмнөөс хийх тухай ярьж болохгүй. Цалин, эрх мэдэл, цаг хугацааг хангалттай авчихаад, гудамжинд байгаа иргэнд байхгүй хүчтэй техник, арга хэрэгсэлтэй мөртлөө тухайн хүнийг гэмт хэрэг хийснийг нь нотолж чадахгүй байна гэдэг тэдний ажлын хариуцлагын асуудал болохоос шүүхийн, эсвэл иргэний хариуцлага ерөөсөө биш.

Харин эсрэгээрээ бид яагаад шүүгч төвч байж, шүүхийн ажлаа хийхгүй прокурорын өмнөөс ажиллаж шүүхийн үндсэн чиг үүргээ зөрчих гээд байгаа юм бэ гэж асуух учиртай. Хараат бусаар бие даан, төвийг сахисан байр суурин дээрээс хуульд заасан “Нотлох баримт үнэлэх, хууль хэрэглэхэд эргэлзээ үүсч байгаа бол шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн процессын амин сүнс болсон зарчмыг амилуулах бол шүүгчдийн хуулийн төдийгүй ёс зүйн хувьд хүлээх гол үүрэг нь шүү дээ.

Хоёрдугаарт, дан ганц Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар бүх зүйл сайхан болчихно, өөрчлөгдчихнө гэж бодож болохгүй. Шүүхийн тухай хуулиас гадна шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж буй хуулиудад өөрчлөлт оруулах ёстой. Энэ хуулиудыг дагаад мөрдөгч, прокурорын арга барилыг сайжруулах чиглэлд өөрчлөлтүүд орох ёстой. Мөн шүүхийн шинэ практик тогтоох зорилгоор нэгдсэн системтэй сургалтууд хийх ёстой. Боловсон хүчин, хандлага, арга барил, хууль зүйн хэл, дэд бүтцийн зэрэг нэлээд хуучинсаг тогтолцоонуудад шинэчлэл хүлээгдэж байгааг зөвшөөрөх ёстой.

Тэр өөрчлөлтүүдийг хийхгүй бол шүүхийн тухай хуулийн өөрчлөлт өөрөө өөрийгөө чирээд уначихна. Ийм өөрчлөлт угаасаа л хэрэгждэггүй юм байна гэдэг үгтэй үлдвэл их аюултай, бас харамсалтай.

-Хүний эрхийн түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан. ХЭҮК-оос Монгол Улсад хүний эрх хумигдаад байгаа гэсэн тайлбар өгч байна лээ. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ганцхан Монгол биш, олон улсын түвшинд хоёр зүйлд санаа зовж буй. Нэгдүгээрт, цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм Засгийн газруудад ердийн үеийн эрх мэдлээс их хэмжээний эрх мэдэл, санхүүгийн нөөц төвлөрүүлэх болсноор тэд эрх мэдэл, мөнгөө парламент болон иргэдэд хянагдахгүйгээр ашиглаж байгаа нь ардчилалд сөрөг нөлөөтэй байна гэж дүгнэж байна.

Ардчилалд сөрөг нөлөөтэй гэдэгт Засгийн газруудын зүгээс хүний эрхэд халгаатай арга барил ихээр ашиглагдаж, тэр нь дадал болох тийшээ хандаж буйг онцлоод байна. Нөгөө талаас хүний эрхийн стандартууд, хэвийн ажиллаж байсан ардчиллын механизмууд унтаа хойрго байдалд орж буй нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Товчоор хэлбэл цар тахлын үеийн дэглэмээ жирийн үеийн дэглэм болгоод үргэлжлүүлчих вий гэдэг сэрэмж, болгоомж их байна. Харамсалтай нь сэрэмж, болгоомж цөөнгүй Засгийн газарт бодит байдал болчихлоо. Түүний нэг нь Монгол.

Цар тахлыг далимдуулаад иргэд үзэл бодлоо илэрхийлэх, Засгийн газрыг шүүмжлэх, таалагдахгүй бодлогыг өөрчлөхийг хүсэх, үнэнийг хэлэх нь буруу зүйл мэт болж, үг хэлснийхээ төлөө ямар нэгэн хуулийн зөрчил рүү очдог, баригдаж, хоригддог, айдас заналхийлэл дор амаа хамхихад хүрдэг маягтай боллоо. Энэ бол бодитойгоор хүний эрх, ардчиллын дуу хоолой боогдмол болж байна гэсэн үг.

-Эрх баригчдын барьж буй бодлого дарангуйллын шинжтэй болж буйг иргэд шүүмжилж байна. Тухайлбал, Э.Одбаяр, Д.Монголхүү нарт тохиолдсон бодит кэйсүүд гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ. Хууль шүүхийн процессын алдаанаас болж хүнийг хэлмэгдүүлэх тохиолдол хэд хэд гарлаа шүү дээ?

-Дурдсан жишээний хариуцах ёстой эзэн нь шүүх өөрөө. Шүүхийн шийдвэргүйгээр тэднийг хориогүй. Шүүхэд тийм хэмжээний зүйлийг оруулж байгаа нь прокурор, цагдаа увайгаа алдаж байгаагийн л шинж. Шүүх прокурорыг ийм алдаа руу түлхчихээд, ямар ч хувиралгүй худал мэдээлэл нийтэд өгч буй цагдаагийн байгууллагыг харахаар Монгол хэзээний харгис цагдаатай болж гэдгийг хэлэхээс өөр аргагүй. Яг үнэндээ шүүх, прокурор, цагдаагийн хийж байгаа үйлдэл тэдний гэхээсээ тэднийг ашиглаад шүүмж, хяналтгүйгээр эрх мэдлээ дураар ашиглаад авах гэсэн бодолтой улс төрчид, тэдний хүсэл, тачаал ямар хэмжээнд очсоны илрэл.

Бодитойгоор цар тахлыг ашиглаад энгийн үед нээлттэй, хяналттай хийдэг байсан ажлыг огт хяналтгүйгээр, хаалттай хийнэ гэдэг өөрсдийн дураар юу хүссэнээ хийдэг Засгийн газартай болж байна гэсэн үг. Тэгээд тэр Засгийн газар нь энэ таатай байдлаа хүчирхийллээр ч болтугай зөвтгөөд, хадгалж үлдэх тухай бодож чадаж байна, тэд дарангуйллыг бодитойгоор бодож, хүсч чадаж байна гэсэн үг.

-УИХ-д МАН дангаараа Засгийн эрхийг гартаа авч, ажиллаж байна. Одоогийн Засгийн газрын хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлогод та ямар дүн тавих вэ. Ер нь хэр зөв зохистой явж байна вэ?

-Хэт их эрх мэдэлтэй, сөрөг дуу хоолой нь сул болчихсон улс төрийн орчинд эрх мэдэл ихтэй байгаа хэсэг нь ардчилсан аргаар асуудлыг шийдэхээс илүүтэй хүч төрөх гэж оролдож эхэлдэг нь бараг жам. Бусадтай ярилцах, хамтрах нь төвөгтэй санагдаад зүгээр л дуугүй хүчиндээд хийчих нь илүү хялбар мэт бодогдоно.

Хоёр удаагийн парламентад МАН хэтэрхий савалсан эрх мэдлийг авчихлаа. Тэд эрх мэдэлдээ сохорч, засаглаж буй муу арга барилдаа дасаж байна. Хүчээр асуудлыг шийдэж болдог, заримдаа хууль бидэнд ямар хамаатай юм бэ гэдэг байдал руу хэт хол алхчихлаа. Хуулиас давсан шийдвэр, хуультай зөрчилдсөн алхмуудыг олон хийх тусмаа хожим ирэх улс төрийн тэнцвэр, хяналтаас айж эхлэнэ.

Тэнцвэртэй улс төр хуулийг амилуулж, юу зөв буруу вэ гэдгийг эрүүл саруул ухаанаар шүүн хэлэлцэх боломж олгодог. Тийм нөхцөлд эрх мэдлээр түрж шийдсэн үйлдлүүд заримдаа гэмт хэрэг болох ч тохиолдол гарна. Тэгэхээр ардчилал, хууль ажиллаж эхлэхэд гэмт хэрэг болж болзошгүй үйлдлийг эрх мэдэл ихдсэн ойворгон байхдаа бага хийх нь улс төрийн хурц зөрчилдөөн үүсэх, хүчирхийлэл гаарахаас сэргийлэх явдал гэдгийг аль аль талдаа ойлговол уул нь зүгээр.

Нэгэнт гэмт хэрэг, төрийн дээрэм хийгээд эхэлчихсэн хүмүүс буруу зүйлд нь хариуцлага тооцох дараагийн шинэ хүмүүс гарч ирэхээс их айж, цэрвэдэг. Тэд яаж ийгээд сонгуулийг луйвардаж, өөрөө эсвэл өөрсдийн хамсаатнуудыг гаргаж ирэх гэж улайрдаг. Эрх мэдэлдээ хадагдаж үлдэх, өөрсдийгөө эрх баригчдад мөнхлөх гэсэн шунал ардчилалд хамгийн хор аюул үзүүлдэг гэдэг нь үнэн юм даа. Хяналтгүй хэт их эрх мэдэлтэй Засгийн газрын сүүдэр нь том хэмжээний авлига, ашиг сонирхлын зөрчил байдаг нь хууль.

-УИХ-д сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байна. АН-ын хэрүүл тэмцэл нэг талдаа гаралгүй одоо ч гэсэн үргэлжилсээр. АН-ын гишүүд шинэчлэл хийх хэрэгтэйг ярьдаг, шүүмжилдэг. Гэхдээ яг ямар шинэчлэл хийх хэрэгтэй юм бол?

-АН арчаагүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Буцаад иргэдийн итгэлийг хүлээж авахын тулд алдаагаа бусдад нялзааж, худал ярихаа болих хэрэгтэй. Бидний хоорондын хэрүүл, талцал олон нийтэд огт сонирхолгүй, жигшим байгаа. Худал хуурмаг, хулгай тонуулаар олонд танигдсан хүмүүсээ намын нэрээр төрийн нүүрэнд аваачиж наадгаа зогсоох хэрэгтэй. Үүнийг зогсоохгүй бол АН-д хэн ч итгэхгүй. Хөгжил ярьдаггүй хөнжлөө булаацалддаг нам хэнд хэрэгтэй гэж.

-Саяхан болсон АН-ын онц их хурлаас гишүүд, дэмжигчдийн хүлээлт өндөр байлаа. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн сонгуулийн өмнө АН нэгдэхээ зарласан. Гэтэл онц их хурлаас өмнө М.Тулгат даргатай АН-ынхан хуралд оролцохгүйгээ хэллээ. Сонгуулийн өмнөхөн “АН бүх юм сайхан болно” гэж иргэдэд амлалт өгчхөөд, сонгуулийн дараа нэгдэхгүй гэдэг нь байж боломгүй биз дээ?

-Улстөрчдөд нэг зарчим байх ёстой. Өөрийнхөө биелүүлж, хийж чадах зүйл дээр тохирч, гар барьж сурах хэрэгтэй. Тохирч гар барьсан бол түүнийхээ төлөө ямар ч эрсдэлийг даваад, хамтын зарчмаа босгож, амилуулахын төлөө урагш алхаж сурах хэрэгтэй. АН-д буй хамгийн том сул тал бол тохироод гаргахдаа “Би чамайг хулхидана даа” гэж бодож гардаг ах нарынхаа занг өвлөчих гээд байгаа нь. Намаа хамтраад босгож чадахгүй байгаа хүмүүс улс орныг босгоно гэж байхгүйг л ойлгох хэрэгтэй. Тиймээс ойлголцох ёстой, оролцох ёстой. Ойлголцохгүй хаалгаа савж гарах хэрэггүй.

Нөгөө талаас нэг нь түрээд, нөгөө нь гэдийгээд байвал ойлголцохгүй. Үзэл санаа нэгтэй хүмүүс зарчим бодлогоо нэгтгээд, зам зуурын маргаанаа орхичиход эвлэхгүй гэх шалтгаан гарахгүй л дээ. Нэг нэгэндээ өшөөрхөж, дайсагнах хэмжээний урт түүх ардаа үлдээгээгүй залуус шүү дээ.

Уул нь залуусын өмнө хийж бүтээх урт зам л бий. Саяны хурлыг би манай намын хуучин, залуугүй сэтгэл өвдөн намаа эвлүүлэх гэж зүтгэн хийж буй нэг алхам л гэж харж байна. Процесс үргэлжилж байна.

-Шүгэл үлээгчийн тухай хуулийг та сайн хууль болсон, гэхдээ хөрсөн дээр буухад хугацаа хэрэгтэй гэж та хэлж байсан?

-Шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй. Ер нь өөрт тань шууд нөлөөлж чадахгүй, ажил, амьдралын хамааралгүй бол хэнийг ч хүн хөндлөнгөөс зоригтой шүүмжилж, буруутгаж чаддаг. Харин байгууллага, систем дотор, үйл явдлын дунд байгаа, тэгээд үнэнийг илчилснийхээ төлөө ажил, амьдралаараа хохирч магадгүй хүмүүс тэр системийн дотроос зориг гарган гадагш асуудлыг ил болгоно гэдэг бол хэцүү. Үүнийг шүгэл үлээх гэдэг. Тэгэхээр шүгэл үлээгчийг тэр ажлын орчин, салбараас нь гаргахгүйгээр хамгаалах гэдэг маш чухал. Мөнгө өгч урамшуулах бол зөвхөн нэг тал нь.

Тэр хүн шүглээ үлээчхээд гудамжид хөөгдөж гарах биш дуртай ажил, сонгосон мэргэжлээрээ салбартаа үлдэж, нэр төртэй байх гэдэг нь энэ хуулийн гол зорилго. Авлигыг шүгэлдсэнийхээ төлөө ажлаасаа гарч, салбараасаа шахагдана, хүрээллээ сольж, мөрөөдлөө гээнэ гэдэг байж боломгүй доромжлол, арай л дэндүү бахархалгүй амьдрал шүү дээ. Төр шүгэл үлээгчид зөвхөн мөнгө өгөх тухай яриад орхивол хүний сурсан боловсрол, эзэмшсэн мэргэжил, итгэсэн ёс зүйг авлигач, хүчирхийлэгчидтэйгээ нийлээд нулимж байгаатай ялгаа үгүй. Бид ийм зэрлэг байж болохгүй. Шүгэл үлээгчийг хамгаалахын тулд тухайн хүнийг хамгаалах сайн системтэй байх ёстой. Тахарын албаа устгачхаад шүгэл үлээгчийн хууль хийнэ гэдэг үндсэндээ шилний цаанаас чихэр долоолгож байна л гэсэн үг.

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар улс төрийн манлайлал үзүүлэх ёстой атал, иргэдийг цагдаагаар айлган сүрдүүлдэг байдал хэрээс хэтэрлээ гэж харж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Ганцхан Х.Нямбаатарын хувьд биш ээ. Ер нь үе үеийн сайдууд, тэр дундаа Ц.Нямдорж энэ арга барилд бүр гаршсан дарангуйлагч хүн. АН 2012 онд Засгийн эрх бариад хамгийн түрүүнд Хууль зүйн яамыг онцолсон. Энэ яамыг зүгээр ч Хууль зүйн яам гэж нэрлээгүй. Дотоод хэргийн гэдэг хэсгийг нь мартсан төдий ч юм биш. Яагаад ийм үг хэлж байна гэхээр “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэдэг нэр өгөөд, сайд тавиад ажиллуулахаар Дотоод хэргийн сайд “амилаад” хууль зүйн сайд нь алга болчихоод байсан юм.

1992 оны Үндсэн хуулиас хойш 29 жил болоход Монгол Улс 25 жилд нь Хууль зүйн яамгүй, хууль зүйн сайдгүй явлаа. Дотоод хэргийн яамны бодлого, Дотоод хэргийн сайдын ааш аяг, цагдаажсан төрийн дээрэнгүй, түрэмгий тушаал дэгээр хууль зүйн яамы нийгэмд үзүүлэх нөлөө, манлайллыг орлуулж болохгүй л дээ.

Уул нь Хууль зүйн яам гэдэг хүний эрх, шударга ёсны талд зогсож, хөгжлийн эрх зүй бүтээж байх ёстой яам байдаг. Харамсалтай нь, манайд хүчирхийлэл, айдсын талд зогсдог, хоцрогдлыг хамгаалж манадаг тийм яам байгаад байна. Дотоод хэргийн биш, Хууль зүйн сайдын манлайлал, харизм энэ төрд илүү хэрэгтэй байгаа. Гэвч харамсалтай нь Монголын төрд энэ огт байхгүй зүйл. Тогтолцоонд огт байхгүй, байгаагүй зүйлийг хувь хүнээс нэхэх ч лүд л дээ.

Хууль зүйн яам, Дотоод хэргийн яамыг салгаж, Дотоод хэргийн яамыг процесс гүйцэтгэдэг, хэрэгжүүлэгч түвшинд нь буулгаж, Хууль зүйн яамаа ерөнхий чиг үүргийн яамны эрх хэмжээнд нь татан ажиллуулж, түүний үндсэн чиг үүрэг болох хүний эрх, шударга ёсны хэмжүүрээр Дотоод хэргийн яамаа хянадаг олон улсын жишиг рүү очихгүй бол цагдаа зантай сайдууд засгийн толгойд суусаар л байна. Цагдаа ааштай “Засгийн газрын гэсгүү” маягийн сайд нар гарч ирээд байгаа нь тогтолцооны л гажиг.

-Ярилцсан Э.Ариунаа :  Эх сурвалж : News.MN