ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

СЭТГЭЦ НЬ ЭРҮҮЛ ХҮМҮҮСИЙН 8 ШИНЖ-Танд хэдэн шинж нь байна вэ?

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь ердөө л сэтгэцийн өвчингүй байхыг хэлдэггүй. Шинжээчдийн үзэж байгаагаар сэтгэцийн эрүүл мэнд нь “нийгмийн үнэт зүйлстэй хөг нийлүүлэн өөрийнхөө чадварыг ашиглахад хүмүүст туслах дотоод тэнцвэрийн хөдөлгөөнт байдал” аж. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ямар шинж чанарыг өөрсдөдөө агуулдаг вэ?

1. Сэтгэл санааны байдал хувьсах нь хэвийн үзэгдэл гэдгийг мэддэг

Баяр баясал, уйтгар гуниг аль аль нь л хэрэгтэй, зайлшгүй тохиолдох сэтгэл хөдлөл. Тэд нэг нэгнээ нөхөж, амьдралд амт нэмж байдаг. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл тохиох нь зайлшгүй гэдгийг мэддэг, гэхдээ үүнийгээ хэрхэн даван туулахаа сайн мэддэг аж. Ийм хүмүүст уйтгар гуниг тохиож, өөрөө даван туулж чадахааргүй бол дотроо хадгалаад байлгүй ойр тойрныхон эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авч чаддаг.

2. Тэд амьдралдаа сэтгэл хангалуун

Сэтгэц нь эрүүл хүмүүс сөргөөс илүү эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, баярлаж, хайрлахыг хичээдэг. Тиймдээ ч тэд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, асуудалд олон талаас ханддаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө дэмий буруутгадаггүй хүмүүс.

3. Тэд нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг

Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ганцаардлаас болж шаналдаггүй, мөн хүмүүсээс зугтаадаггүй. Түүнчлэн өөрийгөө нийгмийн эрх тэгш оролцогч гэдгээ ухамсарлаж, нийгэмд ч урагшлахад нь өөрийн үйлдлээрээ тусалдаг.

4. Тэд амьдралаа чадварлагаар удирдана

Баяр, гунигийн адилаар унах босох үе мөн л зайлшгүй тохиолдоно. Заримдаа эргээд хөл дээрээ босож чадахааргүй мэт санагдахуйц уналтад орох нь ч бий. Гэхдээ эрүүл сэтгэцтэй хүмүүс биеэ барьж, азгүйтлийг даван гарч, алдаанаасаа суралцан, цааш явдаг.

5. Тэд “үгүй” гэж хэлж чаддаг

Энэ нь ямар нэг зүйлийг үгүйсгэх талаар биш. Харин сэтгэлзүйн хил хязгаарыг хэлж байгаа юм. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ийм хил хязгаарыг сайтар мэдэрч, хамгаалж чаддаг.

6. Тэд бусадтай эрүүл харьцаа үүсгэдэг

Сэтгэц нь хэвийн, тогтвортой хүмүүс ойр тойрныхоо хүмүүст шударга ханддаг. Өөрөөр хэлбэл тэд зүй ёсны хүндэтгэл хүлээхүйц хүмүүсийг хайрлан, хүндэтгэж, харин “дэмий” хүмүүст цагаа зарцуулдаггүй. Түүнчлэн өөрт таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгаа хүмүүстэй харилцах харилцаагаа эргэн нэг хардаг. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөлөөр шийдэлгүй, тайван, шат дараатайгаар “дэмий” хүмүүсээс салдаг байна.

7. Тэд бүх хүнд таалагдах гэж хичээдэггүй

Хүн юу ч хийж, юу ч өмсөж зүүж, ямар ч ааш авир гаргасан байлаа үргэлж л таны байдал огт таалагдахгүй хүмүүс гараад л ирнэ. Хүн сэтгэцийн хувьд эрүүл бол бусдад таалагдахгүй байх нь зүй ёсны үзэгдэл гэдгийг ойлгодог. Тиймээс өөрт нь дургүй хүмүүстэй ч эелдэг харьцах бөгөөд гэхдээ таалагдах гэж хичээдэггүй.

8. Тэд өөрсдийгөө бодитоор үнэлдэг

Сэтгэц нь эрүүл хүмүүс хүн бүр өөр өөрийн үнэ цэнтэй гэдгийг сайтар ойлгодог тул өөрсдөдөө хэт өндөр шаардлага тавьдаггүй. Гэхдээ тэд өөрсдийн нөөц боломжийг сайн мэддэг, мөн аливаа амжилтад хүрч чадсангүй гэж огт гутардаггүй6

Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн сайжруулах вэ?

Мэдрэмжээ ярьж сур. Асуудлыг үгээр илэрхийлэх гэдэг нь түүнийг шийдэх эхний алхам. Түүнчлэн та асуудлаа ярьснаар ойр дотныхон сонсож, тэд дэмжлэг өгч, та өөрийгөө ганцаардмал биш гэдгээ мэдэрнэ. Амьдралын идэвхтэй хэв маягтай бай. Спорт, хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэх итгэлийг дээшлүүлдэг.

Тухайн цагт нэг л зүйл дээр анхаарлаа хандуул. Нэг дор олон ажил амжуулах нь ихээхэн түгээмэл, хүмүүс ч ийм чадварыг эзэмшихийг хүсдэг ч гэлээ сэтгэлзүйчид энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж анхааруулдаг юм. Нэг дор хэд хэдэн ажил амжуулахад стресс, түгшүүрийн төвшин нэмэгддэг байна. Тиймээс олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүй харин ажлуудаа дугаарлан, хамгийн чухлаас нь эхлээд хийж, анхаарлаа төвлөрүүлэн гүйцэтгэж сураарай.

Тэмдэглэл хөтөлж сур. Эрдэмтдийн хийсэн судалгаганаас харахад бичиж тэмдэглэх, шинэ туршлагыг задлан дүгнэх нь стресс, түгшүүртэй байдлыг бууруулж, таагүй үйл явдлыг сөрөн зогсоход тусалдаг байна. Завсарлага авч сур. Нэг ажлаас нөгөө рүү шилжихдээ 10 минутын кофены завсарлаг ав. Өдөржин завгүй ажиллах шаардлагатай ч хэд хэдэн удаа таван минутын завсарлага авч, цонхоор харж, орчныг ажиглаарай.

Бэлтгэсэн А.Ариунгэрэл