АЛДАРТНУУДСПОРТ

Д.Монголхүү: Би Арлчиллын амин сүнс хүний эрх, эрх чөлөөг сэрээж чадсандаа баяртай байна !!!

“No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөний хязгаартайгаар суллагдаад байгаа юм.

-Таныг баривчлагдах үед гэмтэл авсан гэж дуулсан. Хэр байх юм, одоо? -Есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаал дээр болсон үйл явдлын үеэр зүүн талын эгэм мэдээ алдаж, сарвуу хөөж хавдаад гар атгах боломжгүй болчихсон. Маргааш өглөө нь нуруу их л зовуурьтай босч ирж, цусаар шээсэн. Гэсэн хэдий ч тэр өдөр гараа сойлттойгоор Эрх чөлөөний талбай дээр очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Гэтэл нөгөөдөр нь бүр хэвтэрт орчихсон. Бүтэн нэг хоног хэвтэж байж хөл дээрээ босч ирээд Хэнтий явж ирсэн. Ирээд л баригдсан.

Тухайн үед мэдэгдээгүй юм, гэтэл одоо баруун мөр бас л зовуурьтай байгаа. Бас түрүү булчирхайны асуудал үүсч байгаа бололтой. Уг нь хорих ангид байхдаа эход үзүүлэхэд “Зүгээр байна” гэсэн. Гарч ирээд эмнэлэгт үзүүлтэл “Хэвийн биш байна, томорсон” гэсэн онош сонслоо. Маргаашнаас эмчилгээ эхлүүлж байна. Яах вэ, цагдаа нар энэ асуудал дээр “Монголхүүгийн биед халдсан уу, үгүй юү” гэдгийг тогтоохоор ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэс шалгалт хийж эхэлсэн. Ямартаа ч хүч хэрэглэж, миний биед халдсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсэх хэмжээний гэмтэл биш байна гэж асуудлыг замхруулж байх шиг байна.

-Дээр нь таны хөдөлгөөнийг хязгаарлачихсан биз дээ. хөдөлгөөнийг яаж хорьж байна вэ? -А.Одбаярыг суллахдаа хуулийн байгууллага-гэр-эмнэлэг гэсэн маршрутаар гаргасан байдаг. Тэгсэн чинь Э.Одбаяр маань хуулийн байгууллага юм чинь гээд Хорих 461 дээр очоод үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн. Мөрдөгч, прокурор нь яаж ч чадаагүй. Тэгээд намайг гаргахдаа дахиад ингэж болзошгүй гээд “Яг энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаа, прокурор, шүүхийн байгууллага, гэр гэсэн хязгаартайгаар хөдөлгөөнд оролцож болно” гээд нарийвчлаад заагаад өгчихсөн байдалтай байна.

-Таны баривчилгаан дээр олон эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Хорих анги дээр оргуулаад явсан гээд л…

-Есдүгээр сарын 30-нд болсон үйл явдал дээр биднийг мэдээлэл өгч болохгүй гэдэг баталгаа гаргуулж авчихаад цагдаа, прокурор зэрэг эрх бүхий нөхөд өөрсдөө хэргийг дэлгэж яриад байгаа юм билээ. Ж.Болд генерал нь гарч ирээд л хайрцагтай гутал яасан ийсэн, хууль бус жагсаал цуглаанд бид хүндэтгэлтэй хандсан гээд яриад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг өөртөө ашигтай байдлаар яриад байна.

Харин би бол энэ хэргийг нэг талд шийдсэний дараа баримттайгаар ярина гэсэн ойлголттой байна. Хүчээр хэрэг зохиож чадаад байгаа хүмүүс миний хэлсэн үгэн дээрээс яаж ийгээд л дахиж сэдэл гаргаад намайг шоглохоор анаад сууж байгаа. Тиймээс ийм болгоомжлол байна. Ер нь нийгэмд ямар зүйл харагдсан бэ гэхээр “Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн” гэх агуулгыг их явуулсан байна лээ. Дээр нь миний цагдаатай өндөр дуугаар ярьж байгаа бичлэгийг ч явуулсан. Энэ хоёроор “Энэ нөхөр чинь өөрөө болдоггүй юм” гэсэн мессэжийг өгөхийг оролдсон.

Харамсалтай нь жагсаал дээр энэ зүйл эсрэгээрээ байсан. Би цагдаатай мэндэлж эхлээд ямар хуулийн үндэслэлээр биднийг жагсахыг хорьж байгааг асуудаг. Энэ тухай бичлэг хангалттай олон нийтэд хүрсэн. Намайг зургадугаар сард барихад, сүүлийн баривчилгаан дээр байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Ганбат гээд хурандаа бий. NTV-гийн сэтгүүлч асууж байгаа бичлэг байдаг даа. “Жагсаж байгаа хүмүүсийг эндээс гаргаж ирэхгүй байгаа шалтгаан юу вэ” гэхэд “Шалтгаансаад…” гээд юу ч хэлж чадахгүй таг гацчихдаг даа. Тэр хүн 9 дүгээр сарын 30-ны жагсаал дээр ч тийм л байсан. “Цагдаагийн албан хаагчид та нарт хууль ёсны шаардлага тавьж байна” гэдэг.

Би хариуд нь “Шаардлага нь юу вэ” гэхээр бултаад зугтчихдаг. Ерөөс жагсаал дээр би ямар ч асуудал эхлүүлээгүй. Эхлээд цагдаагийн ажилтантай мэндлээд, иргэн хүнийхээ хувьд хууль ёсны шаардлагынх нь үндэслэлийг нь сонсохыг хүссэн. Энэ бол иргэн хүний мэдэх эрх. Цагдаагийн албан хаагч хуулийн мэдээллээр иргэнийг хангах үүрэгтэй. Хэрэв би хууль асууж байвал надад тайлбарлаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Ийм процессыг л хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж биед нь халдсан гэж яриад байгаа юм. Цагдаагийн газраас бүх нотлох баримтаа дэлгэчихлээ. Би бол юу ч дэлгээгүй байгаа. Бид шүүх дээр дэлгэнэ.

-Жаахан бүрхэг болчихлоо. Ямар баримт вэ? -Маш ноцтой баримтууд бий. -Агуулгын хүрээнд хэлж болно биз дээ? -Жишээ нь, Э.Одбаяр улсын тусгай субьект рүү халдаж, хүч хэрэглээд Д.Монголхүүг өргөөд аваад явчихсан гэж цагдаагийн дарга мэдэгдсэн. Түүн дээр юу болсон талаарх нотлох баримтууд нь байгаа.

-Ж.Болд даргын ярьсанчлан тийм явдал болсон уу? -Болоогүй. -тэгвэл д.Загджав даргын тайлбар үнэний ортой гэсэн үг үү? -Тэр хүн яг үнэн хэлсэн. Өөрийнх нь байгууллагын камерын бичлэг байгаа. Тэр бичлэгийг үзэж байж мэдэгдлээ хийсэн байж таараа.

-Танд одоо ямар, ямар зүйл ангиар хэрэг үүсгэчихээд байгаа юм бэ. Нэлээд олон үйлдэл байх шиг байсан?

-Нийтдээ зөрчлийн гурав, эрүүгийн хоёр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн нэг хэрэг нь удахгүй шүүхээр орох гэж байгаа Эрүүгийн хуулийн 23.1. Нөгөө нь хорих 461 дээр болсон Ж.Болдын хэлж байгаагаар хүч хэрэглэж оргон зайлж зугтаасан гэдэг зүйл анги. Тэр хэргийг прокурор дээр “Тийм зүйл болоогүй байна” гэж өөрсдөө батлаад хэрэгсэхгүй болгосон. Зөрчлийн нэг хэрэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой хоёр пост, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбоотой нэг постон дээр хэрэг үүсгээд хоёр нь хэрэгсэхгүй болсон. Нэг нь сая намайг 461 дээр байхад онлайнаар шүүх хурал нь болж, шүүх хэрэгсэхгүй болчихлоо. Тэгэхээр таван хэргээс дөрөв нь хэрэгсэхгүй болчихсон гэсэн үг.

-Одоо цагдаагийн албан хаагчийн биед халдсан үйлдэл үлджээ? -Тийм. Би чинь Джеймс Бонд юм байна. Зургаа, долоон цагдааг зэрэг зодчихдог.

-Уг нь энэ хэргүүдээр үндэслэж сар орчим цагдан хорьсон байж таарна. Таныхаар бол бараг ихэнх нь хэрэгсэхгүй болж байгаа юм байна. тэгэхээр хорьсон үндэслэл нь юу болж таарах нь вэ?

-Одоо үлдсэн 23.1 гэдэг нь бас зохиомол хэрэг. Шүүх энэ хэрэг дээр шийдвэрээ яаж гаргахаас шалтгаалж иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл хаашаа эргэх нь тодорхойлогдох байх. Гэсэн ч миний хувийн итгэл үнэмшил шүүхийн шийдвэр яаж ч гарсан байлаа би хуультай, эрх чөлөөт орны иргэн. Зөвхөн хуулинд захирагддаг. Философийнхоо хувьд шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн байдаггүй. Харин нийгмийн амьдралын эцсийн шийдвэр л байдаг. Шүүхийн шийдвэр буруу ч гарсан, зөв ч гарсан түүнийг бид даган мөрдөж биелүүлэх нь хууль дээдлэх зарчим.

Яах вэ, шүүх намайг буруутай гэж үзвэл тэр л биз. Буруугүй гэж үзвэл миний эрх өнгөрсөн хугацаанд ингэж зөрчигдлөө гэж үзээд эргээд хууль, шүүхийн байгууллагаас эрхээ нэхэмжлэх үү гэж асуугаад байна, тийм үү. Надад тэгж явах хүсэл сонирхол алга. Тэртэй тэргүй шүүх гэм буруугүй гээд үзчихвэл олон нийт мэдэж л таарна. Миний анхны зорилго бол хууль шүүхийн байгууллагатай асуудал үүсгэх биш байсан. Ковидын энэ олон үхэл, бизнесийн дампуурлууд, энэ олон худалдааны салбарын ажилчдын бизнесийн уналтыг хяналтандаа аваач гэж Засгийн газрыг шүүмжилсэн.

Та нар хэрэв чадахгүй бол дараагийнхаа багийг оруулж ажиллуул гэсэн шаардлагыг тавиад явж байх үед урдуур шал өөр, цагдаа, прокурорын нөхөд орж ирээд асуудлыг сарниулаад байна. Тиймээс би өөрийнхөө эрхийг нэхэж хууль шүүхийн байгууллага дээр хугацаа алдаж, нийгмийн харж байгаа үнэ цэнийг сарниулаад баймааргүй байна. Бүх асуудлын эх үүсвэр Засгийн газар байгаад байхад бид яагаад цагдаа нартай зууралдаад байх ёстой гэж.

-Та ер нь яагаад анх жагсаал цуглаан болоод явчихав. дабль стандарт гэж эсэргүүцэж эхэлсэн шалтгаан юу байсан юм бэ?

-Уг нь энэ асуудал ийм түвшинд ирнэ гэж огт төсөөлөөгүй. “No Naadam” ч тэр, тийм хэмжээнд хүрэх чинээ санаагүй. Анх клаб хаус дээр хэсч яваад ажиглахад нийгмийн асуудлаар чухал зүйл яриад байсан нь твиттерийн өрөө. Тэнд байгаа хүмүүсийн ярьж байгааг сонсоход Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолоо хийнэ гэнэ. Тэгсэн хэрнээ хувийн хэвшлүүд хаалгаа барьчихсан байдаг гээд л агуулгууд яригдаж эхэлсэн. Би ч тухайн үед тэр асуудалд ихэд бухимдаж байсан. Твиттерийн өрөөнд тухайн асуудлаар зургадугаар сарын 25-нд талбай дээр очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр хүмүүс ярьж эхэлсэн. Тэгээд л яваад очсон. С.Зоригийн хөшөөн дээр цөөхөн хэдэн хүмүүс байсан.

Цагдаа нар хөөгөөд л. Тэгээд над дээр ирээд “Та нар тарцгаа” гэсэн. Би ч “Болж байна. Та эхлээд Ерөнхийлөгчийн парадыг тараачих” гэсэн. Тэгэхэд “Би тэр парадыг тараах хүн биш” гэнэ. “Тэгвэл та биднийг тараах ёстой” юм уу гэхэд “Тийм” гэсэн. Тэгээд л эгдүүцэл төрөөд явчихсан. Яг л дабл стандарт байгаа биз дээ. Тиймээс шууд самбараа бариад урагшаа зам руу гараад зогсчихсон. Гэтэл явган хүний зам руу гаргахгүй гээд л эхэлсэн. Би бас л хууль асуусан. “Байрлал зааж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хуулийн заалт хаана байна, байхгүй бол битгий намайг хоригло” гэсэн. Тэгээд л цагдаа нар хүч хэрэглээд баривчилгаа болсон нь тэр. Түүнээс л би хүний эрхийн асуудал хүнд түвшинд болж байгаа юм байна гэж харсан.

Би бол эрх чөлөөнд маш харамч хүн. Гэтэл тэрхүү эрх чөлөөгөөр минь оролдоод байгаа юм байна. Тэгэхдээ бүр миний мэдэхгүй барьц ахиулчихсан юм байна. Урд нь гар бариад, бугуй бариад л, одоо бол хэзээний шилэн хүзүүн дээрээс зуурчихсан байгаа юм байна гэж мэдэрсэн. Хэрэв ингэж байгаа юм бол үүнд иргэдийн хяналт хэрэгтэй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл бид улс төрийн сөрөг хүчиндээ найдах аргагүй болчихсон. Улс төрийн бусад намууд нь ямар ч үүрэг рольгүй. Дөрөв дэх засаглалдаа найдъя гэхэд байхгүй. Бүгд хаалтын гэрээтэй.

-Та үүн дээр баримттай хэлэх хэрэгтэй…? -Ер нь дийлэнх нь. Улс төрийн дархлааг нь барьж байдаг цорын ганц институци нь шүүх засаглал хэдий ч улстөрчдийн халаасанд яваад орчихсон. Тэгээд л эцсийн найдвар иргэд өөрөө өөрсдөө юм байна гэж бодоод л хөдөлсөн хэрэг.

Анх тэр жагсаал дээр энд тэндээс үхрийн бөөр шиг нийлсэн хүмүүстэй юм ярихад ер нь ойролцоо сэтгэдэг хүмүүс цугларсан байж таарсан. Аяндаа тэгээд л нэгдээд явчихдаг юм билээ. Амраа Соёлын төв өргөөний урдаас баригдаад, Одко гэрийнхээ үүднээс баригдаад, би Зоригийн хөшөөн дээр баригдаад гурвуулаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр таарч, анх удаа нэгнийгээ олж харж байх жишээтэй. Зовлон нэгтэй найзууд гэдэг шиг сүүлдээ найзууд болоод л явчихсан.

 -Энэ үйл явдал хүний эрх, тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай томоохон акц өрнөх шинжтэй болж байна. Энэ тухай олон нийтийн дунд ч, Төрийн ордонд хэлэлцэгдэж эхлээд байна?

-Ер нь манайд бодлоготойгоор, далдуур, нууцаар монголчуудыг хүний эрх гэдэг ойлголтоос холдуулж байсан юм байна. Тэр нь төр хүчтэй байх ёстой, цагдаа нарыг төр нь хамгаална, төрийн төмөр нүүрээ үзүүлэх ёстой гэсээр нийгмийн сэтгэлгээ энэ тал руугаа хазайчихсан байна. Төрийн үйл ажиллагаа нь бодлоготойгоор хүний эрхийн мэдрэмжээс нь холдуулсан. Би харахдаа хамгийн эхнийх нь сар бүрийн эхнээс архи зарахгүй гэсэн шийдвэрээс эхэлсэн гэж боддог. Ковид анх дэгдэхэд Засгийн газар шууд сургууль, цэцэрлэгийг хаасан. Түүнээс Засгийн газар өвчинтэй тэмцэх гээгүй юм байна, улс төрийн хожоо харах гэж байгаа юм байна гэж харсан.

Зүй нь энэ цэнхэр гариг чинь 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг. Хүн гэдэг төрөл зүйл 2.5 сая жилийн настай. Хүний олон төрөл хувьсан өөрчлөгдсөөр 70 мянган жилийн өмнө ухаант хүн буюу хомосапиенс үүссэн. Хүн 12 мянган жилийн өмнө хамгийн анх хөдөө аж ахуйн хувьсгалыг хийсэн. Тэр нь улаан буудай тарьж эхэлсэн цаг үеэс тоологддог. Ингээд 18 дугаар зуунд аж үйлдвэрийн хувьсгалтай нүүр тулсан. Энэ хүртэлх хүн гэдэг амьтны амьдарч ирсэн 2.5 сая жилийн хугацаанд амьтдыг, байгалийг, бурхныг шүтдэг байж. XVIII-XIX зуунд техник мэдлэгийг олж аваад XIX зуунаас хүн өөрийгөө шүтэж эхэлсэн байдаг. Бид өөрсдөө лаг юм байна, байгалийг ялж эхэлж байгаа юм байна гэж. XX зуунаас хүн өөрийгөө шүтэх үзэл буюу хумманизм эхэлсэн. Энэ нь өөрөө дотроо гурав салбарласан. Тэр нь фашизмаар эхэлдэг. Манай үндэстэн лаг гээд л. Дараа нь коммунизм, тэр нь ажилчин анги лаг гэсэн агуулгатай. Энэ хоёр хоёулаа 20 дугаар зуунд туршигдаад дууссан.

Нийгэм өөрөө хувь хүнээс бүрддэг, хувь хүний эрх дээр суурилдаг юм байна гэсэн либериализм үзэл 21 дүгээр зуунд шалгарч үлдсэн. Өөрөөр хэлбэл, надад ийм эрх байгаа, чамд ч бас байгаа учраас хоёулаа хэн хэнийхээ эрхийг зөрчихгүй байя гээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Олон улс нэгдэж НҮБ-ыг байгуулаад бие биеийнхээ эрхэнд халдахаа больж эхэлсэн. Үүнд манайх 1961 онд нэгдэж ороод 1992 онд хувь хүний эрхийг дээдэлсэн философитой Үндсэн хуультай болсон. Би үүнийг л шаардсан. Бид 1992 онд ийм Үндсэн хуультай болчихоод одоо яагаад органик хуулийн хэрэгжилт нь коммунизмын үеэр явдаг юм бэ. Яагаад ангийн ялгаа гаргаад байгаа юм бэ. Хуулийн бичилт нь нэг л өгүүлбэр хэрнээ хэрэгжилт нь яагаад ялгаатай хоёр өөр байна вэ. Хэрэв дабл стандарт үүсч, хоёр өөр ялгаатай хэрэгжих юм бол үүний аюул нь юу байдаг гээч.

-Таныхаар юу гэж? -Нийгмийн сэтгэл зүй хямрал руугаа явчихдаг. Иргэд нь хуулиа ойшоохгүй болж эхэлнэ. Хуулийн үнэ цэнэ унаж эхэлдэг. Ингэвэл хуулиа мөрдөхөө больж эхэлнэ, ийм иргэд олон болбол хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийнхаа хууль руу орно. Өөрөөр хэлбэл, үймээн самуун болж, иргэний дайн эхэлнэ. Үүний анхдагч нөхцөл нь бүрдчихээд байна. Иргэд орлогогүй болж хүүхэд нь өлсөж байна. Хүүхэд нь өлсөж байгаа хүнээс зарчим нэхдэггүй юм. Нөгөө нь Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж ковидоор гэр бүлээ алдчихсан хүмүүс байна. Тэд өс зангидаж байгаа нь лав. Өлссөн, өс зангидсан хоёр хүнд нэг л ижил шинж чанар байгаа. Тэр нь аюулыг хайхрахаа болих. Ийм иргэд олон болох тусмаа босч ирнэ. Тэгээд л нийгмийн хямрал руугаа орно. Ийм л дабл стандартыг болиоч, хуулийн үнэ цэнийг унагаагаад байна гээд хууль шаардаж, жагсаж эхэлсэн юм.

-Хууль, хүчний байгууллагын хөлд хүний эрх зөрчигдөж байгаа асуудал их яригддаг. Та бүхэн ч үүний нэг жишээ болж байна. Тэд хүний эрх зөрчиж байгаагаа хүлээн зөвшөөрч байна уу. Та яг тэдэнтэй хэдэнтээ нүүр тулсан хүн. Хөшигний ард ямар байдаг юм бол?

-Хүний эрхийг зөрчиж байгаа эсэхээ ялгаж харах, харьцуулах суурь ойлголт тэдэнд алга. Байхгүйг нь яаж мэдсэн бэ гэвэл 461 дүгээр ангид хоригдож байхдаа би ХЭҮК-оос гаргасан 2017 оны тайлангийн итгэлийг уншлаа. Тэр илтгэлд маш ноцтой зүйл бичигдэж. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж ороод 30 жил болж байхад одоог хүртэл хуулийн боловсрол олгодог их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээл байдаггүй юм байна. ХЭҮК 11 сургуульд энэ талаар судалгаа хийснээс тав нь заавал үзэх хичээл гэж хүний эрхийн хичээлийг оруулсан. Үлдсэн зургаа нь сонгож үзэх хичээл гэж оруулахад нэг ч оюутан сонгож үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүгч, тагнуул зэрэг хууль сахиулж байгаа, дээрээс нь УИХ-ын гишүүд хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй гэдгийн баталгаа нь тэр.

Тэгэхээр миний ярьж байгаа, Одкогийн бодож байгаа хүний эрхийн асуудал эрх барьж байгаа хүмүүстэй, хууль сахиулагчидтай долгион таарахгүй зөрөөд байх нь аргагүй юм байна.

-Хорих ангид нөхцөл байдал ямар байх юм? -Хорих ангийнхан цагдаагийн байгууллагыг бодвол хамаагүй илүү хүний эрхийн мэдрэмжтэй юм байна гэж харагдсан. Хүний жам ёсны эрхийг хангах тал дээр хийсэн ажилтай ч байна лээ. Хоол унд, ажилчдын харьцаа, зан байдлаас харахад цагдаа нараасаа илүү иргэнлэг гэж дүгнэсэн. Харин тэнд өмгөөлөгч авах мөнгөгүй, ар гэрийн анхаарал сул байдлаар хаягдсан хүмүүс зөндөө. Бүр хоёр жил ч болсон залуус байна. Тэр бол маш том эмгэнэл. Гэхдээ тэд шүүхийн шийдвэрийнхэнд хамаагүй, тэд шийдвэр л гүйцэтгэж байгаа хүмүүс. Харин тэр шийдвэрийг гаргаж байгаа прокурор, цагдаа нар нарын асуудал маш их юм билээ. -Тэнд бас та өлсгөлөн зарласан байх аа? -Тийм ээ, тав хоног өлсгөлөн зарласан.

-Тэгээд таныг суллах шийдвэр гаргах шиг боллоо? -Би “Намайг суллаач” гэж өлсгөлөн зарлаагүй. Би “Засгийн газар огцор” л гэсэн. Та нар биднийг дэлхийн аль ч буланд аваачсан шаардлагаа тавьсаар байна гэдгээ илэрхийлсэн хэрэг.

Тэнд нэг зүйл ажиглагдсан нь цагдаа, прокурорууд намайг өөрийнхөө итгэл үнэмшлээр цагдаж хориод, шалгаад байгаа юм биш. Дээрээсээ даалгавар авчихаад, даргадаа ажлаа хийж харагдах гэсэндээ яваад байгаа юм. Тэдэнтэй нүүр тулаад нэг ширээний ард суугаад ярихаар нүдэнд нь ямар ч итгэл үнэмшил байхгүй, үгэнд нь ямар ч хүч байхгүй нь мэдрэгддэг. Би прокурортойгоо хоёр удаа уулзсан. Ажлаа хийж байгаа байр байдлаас нь хүн үнэхээр өөртөө итгэлтэй бол өөр байдаг даа. Даанч тийм биш байсан.

-Таныг баригдахад, шоронд байхад олон хүн дэмжсэн. Залуус та бүхний тавьсан шаардлагыг үргэлжлүүлэн Төв талбайд жагссаар байсан. Бүр өлсгөлөн зарласан. Тэр мэдээллийг авч байв уу?

-Авалгүй яах вэ. Хүн тийм орчинд орчихоор нэг тийм эмо болчихдог юм байна. Чинбаа өлсгөлөн зарлаж байна гэнэ, Жавхлан суулт хийж байна гэнэ, Оюунгэрэл эгч дэмжиж байгаагаа илэрхийлж ирсэн гэнэ гээд л олон зүйл сонсоод тэнд батарей цэнэглэгдэж байлаа. Гол нь тэд намайг хамгаалахдаа биш. Бидэнд нийтлэг нэг л эрх ашиг байгаа. Тэр нь хүний эрх, эрх чөлөө шүү. Үүний төлөө л бүгдээрээ явж байгаа юм.

-Та аль намын гишүүн бэ. Таныг АН захиалсан гэсэн хардлага яваад байна? -Би 1999 оны АН-ын гишүүн. Намайг 16 нас хүрэхэд ээж маань АН-ын гишүүнээр элсүүлчихсэн. 2017 он хүртэл дуу хуур, кино, тулааны спорт гээд өөрийнхөө хоббиг хөөгөөд явж байгаад улс төр, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн. Үнэндээ зургадугаар сарын 25, долдугаар сарын 1, “No double standart” АН-ын захиалга байсан бол би илүү баярлана. Сөрөг хүчний хүч нь суларчихсан байхад биднийг хэн хамгаалах юм бэ. Хүн өөрөө өөрийгөө л хамгаалах цаг болчихсон юм байна. Тэгж л гарч ирлээ шүү дээ, бид. Би АН-ын гишүүн байснаараа иргэнийхээ хувиар үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн үг биш. Тал талаас нийлсэн залуус дунд АН-аас би байна, ХҮН-ынх байна, Зон олны намаас байсан. Ногоон намын Бум-Ялагч гуай талбай дээр ирээд дэмжлэгээ илэрхийлээд явдаг. Оюунгэрэл эгч дэмжээд явдаг. Жавхлан тэнд дэмжээд л цэвэр иргэдийн органик тэмцэл болсон.

Үүнийг анхнаас АН зохион байгуулаад гүйцэтгээд явсан бол би бүр баярлах байсан. Учир нь АН яг өөрийн үндсэн амин сүнсэн дээрээ байна гэж харагдах ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөний төлөө. Тэд сая л гарч ирлээ. Намайг хоригдсон байхад Хууль зүйн яамны гадна жагсаад, УИХ дахь бүлэг нь хөдөлгөөнд орж эхэллээ. Урд нь хүний эрх ийм доод түвшинд хүрсэн байна гэж нөхдүүд анзаараагүй байсан байхүй юу. Иргэдийг гудамжинд гаргаж ирээд балбаад эхлэхээр АН одоо л жинхэнэ ажлаа хийж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ыг ажлаа хийх хөдөлгөөнд оруулсан бас нэг өдөөлт нь болж чадсандаа бахархаж байна.

-Танд АН-аас дэмжлэг үзүүлье гэв үү? -Тийм байдлаар холбогдсон. Гэхдээ намын туг барьж дэмжлэг үзүүлэхгүй. Би АН-ын гишүүн нь үнэн, бас иргэн хүн. АН-ынхан иргэнийхээ хувиар дэмжих бол нээлттэй. Харин намаас гэвэл тусдаа акц үүсгээд яваарай л гэсэн.

-Ямартаа ч энэ асуудал нэг талд хүний эрхийн асуудлыг хөндөж сэрээж, нөгөө талд бас хардлага ч үүсгэж харагдаж байна, тийм үү?

-Хардаж байгаа нь ч гэсэн хүний жам ёсны эрх. Тролл биш, жинхэнэ хаягаараа хардаж байгаа бол би баярлана. Тэд жам ёсны эрхээ эдэлж байна. Түүнээс миний үнэн байх, миний нэр төр ямар байх нь сонин биш. Нөгөө талаасаа хүний жам ёсны эрх төрөөс олгогддог эрх биш. Хүн төрөхөд хамт ирдэг эрх. Үүнийг төр харин хамгаалах үүрэгтэй. Төрд захиран зарцуулах эрх байхгүй, өмчийн эрх байхгүй. Төрийн өмч, мөнгө гэж байхгүй. Бидний өгсөн татварыг хамгаалаад ард түмний төлөөлөгчид нь очоод захиран зарцуулах эрхээ эдэлдэг. Улс төрийн философиороо төр гэдэг ойлголт ч байхгүй болчихоод байна, дэлхий дахинд.

-Та бүхний тавьсан шаардлага, эсэргүүцэл Засгийн газар, эрх баригчдын эсрэг байгаа. Эрх баригчдын зүгээс энэ асуудалд ямар нэгэн ньюанс үзүүлэв үү?

-Үгүй. Ямар нэгэн эргэх холбоо үүсгээгүй байгаа. Гэхдээ таны асуултаас МАН-ын эсрэг яваад байгаа юм шиг ноцтой зүйл сонсогдож байна. Надад энэ намын эсрэг явах ямар ч ашиг сонирхол байхгүй. Гол ньюанс юу вэ гэхээр тэд эрхээ авсан, ажлаа хийж байна. Үр дүн гарсан, тэр нь хасах үр дүн. Энэ Засгийн газрыг унагаахаар АН-ын Засаг тавигдахгүй. Дахиад л МАН-ын Засаг гарна. Тэгэхээр би МАН-ын эсрэг яваагүй. Харин чаддаг хүмүүсээр нь ажлаа хийлгэ гэж шаардаж байгаа юм. Учир нь өнөөдөр хүмүүс нас бараад байгаа тоо нэмэгдэж байна гэдэг маргааш миний гэр бүлээс хүн үхэх эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг. Тийм учраас боож үхчих гээд байгаа юм.

ЯРИЛЦСАН Б.ЭНХЗАЯА : ӨДРИЙН СОНИН