ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

Хүн залуугаараа байх 5 дадал, эдгээрийг та хэрэгжүүлснээр аз жаргалтай урт удаан амьдарна !!!

Хүн залуугаараа байх таван зуршил, хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг юм. Хөшинг байгаа цагт хүн амархан өтөлдөг. Бид “Өөрийгөө хайрлах сар”-ын хүрээнд эрүүл, зөв амьдралын хэв маягийг уншигч та бүхэндээ уриалж байгаа билээ. Амьдралдаа зөв хэв маягийг дадал болгох нь эмэгтэй хүний наслалтыг дунджаар 14 жилээр, эрэгтэй хүний наслалтыг 12 жилээр ихэсгэдэг гэсэн Харвардын судалгаа гаржээ. Тэдгээр амьдралын зөв хэв маягт бидний сайн мэдэх хэдий ч магадгүй төдийлөн анзаардаггүй 5 дадал багтсан байна. Урт удаан, бас аз жаргалтай амьдралыг цогцлооход гол үүрэг гүйцэтгэдэг болох нь батлагдсан 5 энгийн дадлыг танилцуулж байна.

ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Дасгал хөдөлгөөн биед сайн гэдгийг бид бүгд сайн мэднэ. Дасгал хөдөлгөөн хийдэггүй хүн тогтмол дасгал хийдэг хүнийг бодвол, зүрхний өвчнөөр нас барах магадлал нь 6 дахин их байдаг гэнэ. Долоо хоногт хамгийн багадаа 150 минутыг дасгал хөдөлгөөнд зориулах нь насанд хүрсэн хүнд хамгийн тохиромжтойд тооцогддог. 150 минут их сонсогдож байж магадгүй ч нэг дор биш, бага багаар гадуур 10 минут алхах, шатаар дээш доош буух зэргээр тогтмол хөдөлгөөнтэй байх багтах юм. Хөдөлгөөнтэй байх нь зөвхөн урт наслалтыг дэмжээд зогсохгүй биднийг бүтээлч болгодог. Бие махбоддоо анхаарал хандуулахад бидний аж амьдрал ч дагаад цэгцрээд ирдэг шүү дээ.

ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОХ

Бидний өдөр тутмын амьдрал агаар, хөрсний бохирдол, тоосжилт гэх мэт олон асуудлуудаар хүрээлэгдсэн байдаг. Биднээс хамаарахгүй эдгээр асуудлууд эргэн тойронд байгаа үед бид өөрсдөөсөө хамаарах буюу эрүүл хооллож сурах нь харин хамгаас чухал.

Дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт жагсдаг Окинава арал дээр амьдардаг хүмүүсийн нууц нь ерөөсөө л хөнгөн шингэн, тослог багатай, шим тэжээллэг хоол хэрэглэдэгт байдаг гэдгийг та мэдэх үү? Окинава арлын 3 хүний тутмын нэг нь 90 нас давдаг. Тэд өдөр тутмын хоол хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн, шар өнгийн төрөл бүрийн ногоо, шинэ болон хатаасан жимс зэргийг түлхүү хэрэглэдэг ажээ.

ӨӨРТ ТОХИРСОН БИЕИЙН ЖИНГ БАРИХ 

Хүний биеийн жингийн индекс (BMI) 18.5 – 24.9 хооронд хэлбэлзэж байх нь хамгийн эрүүлд тооцогддог гэсэн судалгаа байдаг. Харин хүний биеийн жингийн индекс нь дундаж түвшнөөс их байх нь эрт нас барах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Илүүдэл жингээсээ ангижрах энгийн бөгөөд сонирхолтой заль мэхүүдийг танд танилцуулж байна.

1. Өдөр бүр бүтэн биеийнхээ зургийг авч хараарай. Таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө. Зөвхөн сельфи биш байх нь байна шүү.
2. Хүнсний дэлгүүр орохоосоо өмнө алим идэх нь дэлгүүр дотор зөв сонголт хийхэд тусалдаг гэнэ.
3. Тетрис тоглох идэх дур хүслийг бууруулдаг болохыг та мэдсэн үү?
4. Өдөрт дор хаяж 30 минут алхах нь огт дасгал хийхгүй байснаас л дээр аж.
5. Долоо хоногийн нэг өдрийг cheat day болгох буюу бүтэнсайн өдөр бүр өөртөө пицца идэхийг зөвшөөрөөрэй. Бусад өдөр нь та илүү “сэтгэлийн хаттайгаар” дэглэмээ барьж чадна.

АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ИХ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

Удаан уулзаагүй найзуудын цугларалт, ойн баяр, төрөл бүрийн үдэшлэг, хүлээн авалт гээд бидэнд “хатуу юм” хүртэх шалтаг бишгүй л олддог. Гэвч согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь тархи, хоолой, ходоод, элэг, шулуун гэдэс болон хөхний хорт хавдраар нас барах магадлалыг ихэсгэдэг болохыг тогтоожээ. Согтууруулах ундааны хэмжээгээ эрс багасгах буюу хэрэглэхээ болих нь хорт хавдраар өвчлөх магадлалыг багасгахаас гадна амьдралд тань мэдэгдэхүйц олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна.

ТАМХИ ТАТАХГҮЙ БАЙХ

Хорт хавдраар нас барагсдын 30 хувь нь тамхины хэрэглээнээс үүддэг. Тамхины хор хөнөөлийн талаар хүмүүс сайн мэддэг хэдий ч орхих нь амаргүй аж. Гэвч энэ нь огт боломжгүй гэсэн үг биш юм. Хорт зуршлыг орхиход орчин цаг үед ухаалаг утсаа ч ашиглаж болно. Kwit апп нь өөртөө зорилт тавьж түүнийгээ биелүүлснээр урамшуулал хүртэх боломжтой тоглоом аж. Тамхинаас гарснаар хэр их мөнгө хэмнэсэн, татаагүй тамхины тоо зэрэг сонирхолтой мэдээллийг танд харуулах энэхүү апп таныг хорт зуршлаа орхиход тань туслах болно. Найзуудтайгаа нийлээд туршаад үзээрэй.

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ! 

Дэлхийд хамгийн өндөр дундаж наслалттай орнуудад хамгийн эхэнд Монако /89.4 нас/, Япон /85.3/, Сингапур /85.2/ улсууд тус тус жагссан байна. Харин хамгийн бага дундаж наслалттай орнуудаар Чад /50.6/, Гвиней Биссау /51/, Афганистан /51.7/ улсууд нэрлэгддэг.

Бидний дээр танилцуулсан таван зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэх нь дундаж наслалтыг эрс нэмэгдүүлж, хавдраас үүдэлтэй нас баралтыг 65 хувиар, зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг 82 хувиар бууруулдаг нь тогтоогдсон аж.

Эрүүл урт удаан амьдрахын тулд өдөр тутамдаа маш энгийн бөгөөд жижигхэн өөрчлөлтүүдийг хэвшүүлэхэд л болно гэдгийг та ямагт санаж яваарай. Зөв сайн дадлыг хэвшүүлж, буруу зуршлуудыг арилгах нь тийм ч хэцүү биш байгаа биз?. Эрүүл амьдралын дадлуудыг амьдралдаа хэвшүүлэхэд хэзээ ч оройтохгүй шүү.

аа