ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

Эмч Д.Цэнджав: Ковидоор өвдсөн хүний уушги сорвижиж, эргэшгүй өөрчлөгдөж буй талаар судалгаа бий !!!

“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсний дараах хам шинжийг эмчлэхийн тулд олон улсад сэргээн засах эмчилгээг хийж эхэлсэн. Манай улсын хувьд долдугаар сараас халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс сэргээн засах эмчилгээг эхэлжээ. Энэ талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджавтай ярилцлаа.

-Коронавирусийн халдварын дараа хүний уушги бүрэн эдгэрдэггүй сорвиждог гэх мэдээллийг эмч нар хэлж байна. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу? 

-Корорнавирусийн халдварын үед хүний биед үүсч байгаа өөрчлөлт болон дараа нь гарах сөрөг үр дагаварыг дэлхий нийт судалж байна. Манай эмч нарч энэ талаар судалгаа их хийж гадаадын олон эрдэмтдийн судалгааг уншиж, судалж байна. Ковидоор хүнд болон нэн хүнд өвчилсөн хүмүүсийн хувьд тодорхой хэмжээнд уушги нь сорвижиж эргэшгүй өөрчлөгдөж буй талаар олон улсын судалгаа бий. Гэхдээ халдварын үед эмчилгээний тактикийг зөв хийснээр тухайн хүний уушгийг эргэшгүй өөрчлөлтөд орохоос өмнө хэвийн болгон анагаах бүрэн боломжтой юм. Харин иргэд зүгээр л нэг ханиад биз гээд эмнэлэгт хандалгүйгээр дур мэдэн эмчлэх боломжгүй өвчин тул заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүст сэргээн засах эмчилгээ хийж байгаа гэсэн үү?

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн ч халдварын үед тухайн хүний эд, эрхтэн гэмтэж, өөрчлөлт удаан хугацаагаар үргэлжилж байна. Энэ нь хүн болгонд харилцан адилгүй. Зарим хүнд толгой өвдөх, ядрах, мартамхай болох, төвлөрөхгүй байх, үл ялиг ачаалалд амьсгаадах, хүйтэн хөлс гарах, нойргүйдэх гэсэн шинж тэмдэг илэрч байна.

“Ковид 19”-ийн халдвар уушги, амьсгалын замыг гэмтээж байгаа. Амьсгалын зам бол хүний биед гаднаас орох хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж өгдөг. Халдвар авах үед гаднаас авч буй хүчилтөрөгчийн хэмжээ эрчимтэй буурснаар бүх эд, эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдана. Энэ нь улмаар бодисын солилцоо багасахад нөлөөлж дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа юм.

Үүнийг эмчилдэг гол эмчилгээ бол сэргээн засах эмчилгээ гэж дэлхий дахинд үзэж байна. Улс орон бүхэн өөр өөрийн онцлогт тохируулан сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй явуулснаар иргэд энгийн амьдралдаа орж, эрч хүчтэй амьдарч байна.

-Манай улсад хэрхэн хийж байгаа вэ? -Бид олон улсын жишгийг баримталж, мөн өөрсдийн ард иргэдийн онцлогт тохируулсан сэргээн засах эмчилгээг хийж байгаа. Олон улсад сэргээн засах эмчилгээг дөрвөн төрлөөр хийж байна. Нэгд, хэвтэн эмчлүүлж байх үед буюу эрчимт эмчилгээний тасагт / хүнд, маш хүнд хүмүүст/. Хоёрт, энгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүндэвтэр хүмүүст. Гуравт, эмнэлгээс гараад гэрийн хяналтад байх үед. Дөрөвт, хөнгөн тусаж гэрээр эмчлэгдсэн хүмүүст ужиг хам шинж удаан үргэлжилж байгаа бол нийгэм гэр бүлд түшиглэсэн сэргээн засах.

Харин манай улсад анхан болон лавлагаа шатанд энэ эмчилгээг хийж байна. Анхан шатны эмнэлэг гэдэг нь сум, тосгон, өрхийн эмнэлгүүд. Энд хөнгөн өвдсөн эсвэл хүнд өвдөөд өрхийн эмнэлгийн хяналтад байгаа хүмүүст сэргээн засах эмчилгээг хийнэ. Харин лавлагаа шатны эмнэлэг буюу төрөлжсөн, төв, нэгдсэн, бүсийн оношилгоо шинжилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд маш хүнд болон хүнд өвдөж, амьсгалын аппаратад орсон хүмүүст хийх юм. Үүнийг анхан шатны эмнэлгүүдэд хийхгүй заавал лавлагаа шатны эмнэлгүүдэд хийнэ.

Сэргээн засах эмчилгээг эмч нар багаар хийнэ. Тухайн хүнд зүрхний хам шинж илүү илэрч байна уу, мэдрэлийн хам шинж илүү илэрч байна уу гэдгээс хамаарч багийг бүрдүүлнэ. Аль хам шинж түлхүү илэрч байна тэр чиглэлийн эмч нь багаа ахална. Багт нь, зүрх судас, мэдрэл, дотрын эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч багтаж болно. Ингэж багаар ажиллаж байж тухайн хүнд гарч байгаа олон өөрчлөлтийг сэргээн засаж чадна. Хүн болгонд өөр, өөр төлөвлөгөө гарна гэсэн үг. Заавал үзэж оношилж байж шийднэ.

-Эмнэлэгт хэвтэж, аппаратад орсон хүмүүс бол тухайн үедээ энэ эмчилгээг хийлгэх боломжтой юм байна. Харин хөнгөн тусаж, гэрээр эдгэсэн хүмүүс энэ эмчилгээнд хамрагдахын тулд хаана хандах вэ?

-“Ковид 19”-ийн шинж тэмдгүүд илэрч л байгаа бол анхан шатны эмнэлэг буюу өрх, тосгон, сумын эмнэлэгт хандана. Ингээд өрхийн эмч тухайн иргэний байдлыг нь үнэлээд Сэргээн засах төв, нэгдсэн эмнлэг болон сувиллууд руу илгээж болно.

-Энэ эмчилгээг ЭМД-аараа хийлгэж болох уу? -Болно. ЭМД-аар гэрээ хийсэн сувиллууд бий. Мөн нэгдсэн эмнэлэг, сэргээн засах төвүүдэд эрүүл мэндийн даатгалаараа хийлгэж болно. Харин хувийн эмнэлэг, сэргээн засах төвүүдэд зохих төлбөрийг нь төлөөд эмчлүүлж болно. ЭМД-тай гэрээ хийсэн 32 сувилал, эрүүл мэндийн байгууллага нийслэлд бий.

-Эмчилгээ нь хэр хугацаанд үргэлжлэх вэ, тухайн хүнээс хамаараад өөр, өөр байх уу? -Тийм ээ. Янз бүр байна. Зарим хүн 10-аад хоногт зүгээр болж байгаа бол зарим нь үүнээс ч удаж байна. Одоо эмч, эмнэлгийн ажилтны нөөц дутмаг байгаагаас хүртээмж муу байна. Үүнийг шийдэхийн тулд телемедициний арга буюу зайнаас эмчлэх аргыг дэлхий нийт хэрэгжүүлж байгаа. Бид ч мөн үүнийг нутагшуулахаар ажиллаж байна.

Сэргээн засах эмчилгээнд хамгийн чухал нь агаарт алхах, эрчим багатай хөдөлгөөн хийх. Яагаад гэвэл энэ нь уушгийг илүү хурдан амьсгалуулж, биеийн хөндлөн булчингууд ажиллаж, хүчилтөрөгчөөр хангагдан уушги сайн амьсгалж эхэлнэ. Сануулах зүйл нь, хөдөлгөөн хийж байна гээд хэтрүүлж болохгүй. Ачааллаа зөв тодорхойлох ёстой. Нөгөө талаар ачаалал авахаар улам амьсгаадаад байна гээд хэвтээд байж болохгүй. Бага багаар дасгаад, бага багаар эрчмээ нэмээд л байхад болно.

-Хөнгөн өвдсөн хүмүүс заавал сэргээн засах эмчилгээ хийлгэхгүйгээр эрүүл амьдралын хэв маягаар ч юм уу энэ хам шинжүүдийг даван туулж болох уу?

-Боломжтой. Хүн аливаа нэг өвчний дараа өөрийгөө тэнхрүүлээд авдаг. Хамгийн гол нь унтах цагтаа унтаж, амарч байх хэрэгтэй. Халдвар авсан үед дархлааны эсүүд вирусийн эсрэг дайчлагдсан. Тиймээс ядартлаа ажиллахгүй байх, илчлэг сайтай хоол идэх, агаар салхинд биеэ тэнхрүүлж алхах хэрэгтэй.

-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр  ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ.

Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй. Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээл эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна.

Иймд НЭМГ-аас коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм.

-Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ? -Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ.

Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байна  гэсэн үг.

-Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэдэгт ямар эмчилгээ орох вэ? -Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой.

Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидын дараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа.

Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе.

-Ярилцсан Н.Саруулдөл. Эх сурвалж : Itoim.mn