ДЭЛХИЙСПОРТЭРҮҮЛ МЭНД

В.Путин вакцинаар 3-р тунгаа тариулж дархлаагаа сэргээлээ !!!

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүйцэд туршигдаагүй байгаа коронавирусийн эсрэг шинэ төрлийн вакциныг хийлгэснээ өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ. Уг вакцин нь тариур хэрэглэдэггүй, хамрын хөндийд шүрших замаар дархлаа тогтоодог юм байна.

Путин өнгөрсөн Ням гарагт вакцины гурав дахь буюу нэмэлт тунг тариулснаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байв. Хэрвээ тэр шинэ төрлийн вакциныг хийлгэсэн нь үнэн бол энэ нь түүний дөрөв дэх тун болох юм. Өнгөрсөн хавар тэр Sputnik V вакцины хос тунг тариулж байсан бол Ням гарагт уг вакцины ганц тунт хувилбар болох “Sputnik Light”-аар дархлаагаа сэргээсэн байна.

Спутник вакциныг бүтээсэн Гамалейн хүрээлэнгийн дэд захирал Денис Логунов хамарт шүршдэг вакциныг албан ёсоор туршиж эхлээгүй, зөвхөн хүрээлэнгийнхээ цөөн ажилтныг сайн дурын үндсэн дээр туршилтад хамруулсан тухай Ням гарагт ярьж байжээ. ОХУ-ын эрүүл мэндийн яам шинэ вакциныг 500 сайн дурынханд туршиж эхлэх зөвшөөрлийг өнгөрсөн сард өгч байв. Уг туршилт эхэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа.

Ням гарагт ярихдаа Путин шинэ төрлийн вакцины туршилтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн байдлаар ОХУ өөрийн үйлдвэрийн дөрвөн вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаагаас Sputnik V, Sputnik Light вакцинуудыг түлхүү хэрэглэж байгаа. Тус улсын 146 сая орчим хүн амын 40 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Сүүлийн нэг хоногийн дотор ОХУ даяар 33,558 хүн халдвар авч, 1,240 хүн нас барсныг албаныхан Лхагва гарагт зарлажээ.

Шинээр илрэх халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурах хандлага ажиглагдаж эхэлсэн ч эндэгдлийн тоо өндөр хэвээр байгаа нь санаа зовоож буйг тус улсын цар тахалтай тэмцэх төвийн тэргүүн Татьяна Голикова өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр мэдээлжээ.

Эх сурвалж: Associated Press

 Нэг тунт вакцин – “Sputnik Light” (Спутник Лайт)

ОХУ-ын эрдэмтэд Covid-19 халдварын эсрэг “Спутник V” вакциныг сайжруулан Спутник-Лайт (Sputnik Light) хэмээх нэг тунт вакциныг гарган авч дархлаажуулалтад ашиглаж эхэлжээ. Өмнө нь хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай тариулдаг байсан бол Спутник лайт вакциныг нэг удаа тариулахад хоёр тун тариулснаас ч илүү дархлаа тогтоож байгааг эрдэмтэд онцолсон байна. Спутник лайт нь “Спутник V” анхдагч бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний 26 дугаар серотипийн, рекомбинант аденовирүс (rAd26) дээр суурилан бүтээгдсэн нэг тунт вакцин юм.

ОХУ-д олон нийтийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд, 2020 оны арванхоёрдугаар сарын 5-наас 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны хооронд тариулсан хүмүүсээс 28 хоногийн дараа авсан шинжилгээний дүнгээс харахад нэг тунт Спутник лайт вакцин нь 80 хувийн үр дүнтэй байгааг харуулсан. Үр дүнгийн түвшин ийнхүү 80 хувь байгаа нь дийлэнх хоёр удаа тарьдаг (хоёр тунт) вакциныхаас өндөр байгаа юм.

Спутник лайт нь цар тахлын бүх шинэ омгийн эсрэг үр дүнтэй болох нь Гамалея төвд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр нотлогджээ. Мөн вакцины аюулгүй байдал ба дархлаажуулалтын судалгааны I / II үе шатанд дараах үр дүнг харуулсан байна.

Үүнд: Туршилтад сайн дураар оролцсон хүмүүсийн 96.9 хувьд энэ вакциныг хийлгэснээс хойш 28 дахь хоногтоо антигений өвөрмөц IgG эсрэгбие үүсч байжээ. Дархлаажуулалтын дараах 28 дахь өдөр сайн дурынхны 91.67 хувьд вирусыг саармагжуулах эсрэг бие үүссэн байна. Сайн дураар оролцсон бүх хүнд (100%) SARS-CoV-2-ийн S уургийн эсрэг эсийн дархлааны хариу урвал үүссэн; Спутник лайт вакцин хийсний дараа ноцтой сөрөг үзэгдэл бүртгэгдээгүй;

SARS-CoV-2-ийн эсрэг дархлаа бүхий (өвдөөд эдгэрсэн) сайн дураар тариулсан хүмүүст Спутник Лайт вакцин тарьсны дараах 10 дахь өдөр бүгдэд нь (100%) IgG эсрэгбиеийн түвшин 40 дахин ихэсч байсан;
Спутник лайт тариулсан бүх хүнд, түүний дотор SARS-CoV-2-ийн дархлаатай байсан хүмүүст аюулгүй болохыг туршилтаар баталсан.

Спутник-Лайт (SPUTNIK-LIGHT) нь хүний аденовирусын векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирүсийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон бөгөөд, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй,  гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.

Эх сурвалж: www.prnewswire.com