АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Гавъяат багш Ц.Дэмбэрэл: Хүний Боловсрол нь ямар байнав, амьдрал нь яг тийм л байна !!!

Гавъяат багш Ц.Дэмбэрэл: Боловсрол нь хүний хамгийн сайхан гоёл. Боловсрол нь ямар байнав, амьдрал нь яг тийм л байна

Монголчууд бидний тухайд өнгөрсөн жилүүд нь боловсролыг шинэчлэх гэсэн олон үзэл баримтлал уралдсан, олон сайд солигдсон, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,… эцэстээ тун таагүй байдалд хүрсэн, нэг ёсондоо АЛДАА нь хэтэрсэн он жилүүд байж, энэ бүхний үр дүнд боловсролын төлөв байдал сүрхий муудаж, энэ цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна. Боловсролыг шүүмжлэх иргэдийн дуу хоолой нэмэгдлээ. УИХ–ын энэ удаагийн чуулганаар Боловсролын багц 6 хуулийг хэлэлцэж байна. Түүнд судлаачид, иргэдийн санал бодлыг тун нухацтай бодож тусгах ёстой. Юуны өмнө бид орчин үеийн БОЛОВСРОЛ ямар болоод байгаа, ирээдүйд яаж өөрчлөгдөх талаар нэгдмэл шинжлэх ухаанч чиг баримжаатай болмоор байна.

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй манай сурвалжлагч МОНГОЛЫН БОЛОВСРОЛ : ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ сэдвээр цуврал ярилцлага хийлээ.

Нэг : Боловсролд хандах шинэ хандлага

Орчин үед БОЛОВСРОЛ–д хандах хандлага нилээд өөрчлөгдсөн гэх юм, яг ямар чиглэлээр яаж өөрчлөгдөж байгаа бол ?

Боловсрол гэдэгт ЮУ–г хамруулах талаархи одоогийн хүн төрөлхтөний (тэр тусмаа Монголчуудын) үзэл номлол эрин үеийнхээ шинэ шаардлагаас хоцорч байна гэх шүүмжлэл бий. Энэ нь үндэслэлтэй байна.
Нэгд, Боловсрол нь хүний хамгийн үнэтэй ЭРДЭНЭС юм. Хүнд байж болох бүх эрдэнэсийн дотор БОЛОВСРОЛ хамгийн эхэнд нь байдаг. Үүнийг дэлхий даяар ухаарч буй. Сүүлийн жилүүдэд монголчууд үүнийг бас ч гэж мэдэрч байх мэт санагдана. Эдүгээ хүмүүс өнгө мөнгө, эд баялаг, хэргэм зэрэг, одон тэмдгээр нь хүнийг үнэлэх нь багасч байх мэт ээ. Монголчууд боловсролтой хүн цаанаа л өөр байдаг гэж ярилцана. Энэ чинь нэг ЮМ хэлээд байна аа.

Хоёрт, Боловсролыг хулгайд алдахгүй, бусдад булаалгахгүй,…өсгөж үржүүлж болно,..хэн ч зогсоохгүй. Гэтэл эд баялаг бол тийм биш.. ханш нь унана, хулгайд алдана,.. энэ утгаараа боловсрол нь хүний өөрийнх нь хамгийн үнэтэй, бат найдвартай БАЯЛАГ юм. Энэ тухайд 1996 оны Жак Делорын Боловсрол: түүнд нуугдсан эрдэнэс гэх алдартай илтгэлд нилээд үндэслэлтэй дурдаж, НҮБ–ын дэмжлэгийг авчээ. НҮБ, ЮНЕСКО–оос БОЛОВСРОЛ БОЛ БҮХ НИЙТИЙН ЭРХЭМ БАЯЛАГ хэмээн уриалсаар байна. Энд зүгээр нэг баялаг гээгүй, бүр тодорхойгоор эрхэм баялаг гэжээ. Хүний хөгжих ЭХ ҮНДЭС нь БОЛОВСРОЛ юм. Энэ утгаараа БОЛОВСРОЛ БОЛ БҮХ НИЙТИЙН ЭРХЭМ БАЯЛАГ мөн.

Гуравт, Боловсрол нь хүний хамгийн сайхан ГОЁЛ юм. Хүн ер нь ГОЁХ дуртай амьтан. Биеийнхээ энд тэнд элдвийн зүүлт, чулуу,..энээ тэрийг унжуулна, гар хөлдөө углана,..үс гэзгээ засаж янзална,.. хөөрөг, гаанс, гутал, хувцас, аяга,.эмээл, машин,.. гээд юу эсийг хэлэх. Орчин үед ГОЁЛ гэхээр эдгээрээс хавьгүй дээд утгаар ярилцах болов. Тухайлбал, боловсролоор гоёх. Энд боловсрол гэдэгт бакалавр, магистр, доктор, академич гэх мэтийн зэрэг цолыг хэлсэнгүй.

Биеийн хар хүч, шагнал одон, цол хэргэмийг бүр ч оруулсангүй. Боловсрол гэдэгт ЭРДЭМ ОЮУН-ыг хэллээ. Өөрөөс гадна, ангид байгаа ЭД, ЮМ–аар гоёдог цаг ард хоцорлоо. Хүмүүс хөөрөг зөрүүлэхгүй болж байна,.. энэ чинь маш ЗӨВ,.. хөөрөг бол КОВИД 19 -г баталгаатай тараагч золиг. Тэр чулуугаар юу хийнэ. Өөрт огтоос хэрэггүй, өрөөлд аюултай хүнд чулуу өвөртөлж явдаг хүнийг ЭРҮҮЛ СЭТГЭЖ байна гэх үү ?. Одоо хүн өөрт байгаа эрдэм оюун, сэтгэх чадвар–аар гоёдог үе. Эд бараа– ээмэг хөөрөг түр зуурынх, Эрдэм чадал – Оюун ухаан нэг насных аа. Энэ мэтээр яривал БОЛОВСРОЛ–ын үүрэг нөлөө улам тодорч, бас чангарч байна.

Тэгвэл бидний Монголчууд боловсролын талаархи үзэл баримтлалаа шинэчилж өөрчилж таарах нь ээ ?

Эдүгээ хүртэл манай боловсролынхон, судлаачид,.. гээд бараг бүх монголчуудын толгойд МАТЕРИ АНХДАГЧ, УХАМСАР ХОЁРДОГЧ гэх материализмын нөлөө хэвээрээ байна. Арга ч үгүй байх. Хүнд бүр багаас нь хэвшиж тогтсон үзэл баримталыг нь солино гэдэг тун амаргүй. Материализм нь ахуй, туршлага, баримтыг эхэнд нь тавьж, оюун ухаан–сэтгэлгээ, бодол санааг ард нь оруулдаг. Монголын боловсролд ХҮН эхэнд нь бус, БАРИЛГА, ШИРЭЭ эхэнд нь байсаар өдий хүрлээ. Энэ чинь нэг юм хэлээд байна. Ахуй орчныг эхэнд нь тавихаар тухайн иргэний өөрийнх нь хүлээх үүрэг багасдаг. Хүмүүс ахуй орчинг нь сайжруулаад байх хэрээр цааш улам л ахиад, янз бүрийн шалтаг олоод, түүнийгээ өмнөө барьдаг БАМБАЙ болгоно.

Өөрөө бараг хөдлөхгүй байж түүнийг үүнийг сайжруул,.. эхлээд бидний ахуй нөхцөлийг өөд нь тат, тэгвэл би сурна, хөдлөнө,.. гээд л ТӨР – өөс шаардаж байдаг МУУ зуршилд дасдаг. Монголд ийм боллоо. Монголчуудын энэ их бусдаас бүгдийг шаардсан, бурууг орчин ахуйруу тохсон,.. өөрөө өндөг шиг өөгүй гэх,..олиггүй араншин чинь социалист болхи материализмын уршиг юм шүү дээ. Ахуй анхдагч, оюун ухаан хоёрдогч гэх үзэл номлолоосоо бид яаралтай салах ёстой. Энэ бол үзэл баримталаа зүгээр энд тэндээс нь хэсэгчлэн урсгалаар нь шинэчлэх тухай бус бүр эх сууриар нь эрс өөрчлөх тухай асуудал шүү.

Дэлгэрүүлвэл? Та аливаа асуудалд материалист, идеалист гэх эсрэгцлэх байр сууринаас ханддаг манай өмнөх үеийг сануулчихлаа. Тийм байсан, тэр нь бидэндээ ихэд амар байлаа. Хялбар юм амар байдаг. Ийм гэнэн хялбар байдлаар эдүгээ аливаа асуудалд хандах ямар ч боломжгүй болоод байна. Болхи материализм үеэ өнгөрөөсөн. Үүнийг манай бодлого боловсруулдаг нөхдүүд, улмаар Төр мэдүүштэй. Ахуй анхдагч, оюун ухаан хоёрдогч гэж заавал аль нэгийг нь анхдагч, нөгөөхийг нь хоёрдогч болгох хандлага угаасаа буруу. Хүн ба нийгмийн хөгжил доогуур, бүдүүлэгдүү байх үед туршлага, бодит байдал, ахуй анхдагч нь юм шиг санагдана. Тэгээд хөгжил ахих тусам ТИЙМ БИШ болох нь мэдрэгдэнэ. Одоо чинь монгол хүнийг, монголын нийгмийг 1960 оны үеийн сэтгэлгээгээр удирдаж зохицуулна гэж бодвол том эндүүрэл болно. Болохгүй юм чинь энэ.

Материалистууд оюун ухааныг үзэж чаддаггүй учраас сэтгэн бодохдоо тун дургүй болчихсон байдаг,.. тэд Платон, Декарт гэвэл ДАЙСАН гэж боддог. Гэтэл эдгээр суутнуудын дэвшүүлсэн үзэл баримтлал эдүгээ ҮНЭ ЦЭНЭ–тэй болов. Хуучнаар, бидэнд зааж цээжлүүлсэнээр бол хорт муухай ИДЕАЛИЗМ чинь одоо үнэ орлоо доо. Өмнө дурдсан орчин үеийн боловсролыг авч үзэж буй шинэ хандлага гэдэг чинь ОЮУН УХААН–ыг өмнөө барьсан нөхцөлд л биелэнэ. Боловсролд оюун ухааныг эхэнд нь тавина гэдэг нь онолын хэллэгээрээ бол боловсролыг нейросайнс ( Neuroscience-тархи оюун судлал )-д суурилуулна гэсэн үг. Ингэвэл боловсролын суурь нь бидний мэддэг онолоор ( материализм ба идеализм гэх алдаатай онолоор ) бол идеалист суурьтай болох юм. Үүнд зөрчил байхгүй. Зөрчил бидний толгойд л байна. Бид Материализм, Идеализм гэх алдаатай, өнгөц, үеэ өнгөрөөсөн номлолд хүлэгдэж, бие биенээ би материалист, чи идеалист гэж цоллож эсрэгцлэн зогсох бус,.. харин ч нэг нэгнээ дэмжиж, орчин үеийн боловсролын шинэ хандлагыг эх орондоо нутагшуулах үүрэгтэй.

БОЛОВСРОЛ гэх ухагдахууны эх агуулга нь ? Боловсрох ( Educare ) гэх үгийн уг язгуур нь саван дотор байгаа юмыг хөгжүүлээд, өсгөөд, том сайхан болгоод гаргаж авах гэсэн санаа юм билээ. Үүнийг хүн дээр буулгавал, тэр хүний толгой тархи дотор байгаа тархи оюуныг хөгжүүлээд, өсгөөд, улам сайхан болгож боловсруулаад , нөөц боломжийг нь бүрэн дайчлах гэсэн утгатай болно. Эндээс БОЛОВСРОЛ нь мөн чанараараа ОЮУН УХААН-ых гэдэг нь тод харагдана. Гэтэл, манай бүх шатны боловсрол ОЮУН УХААН –д тун таагүй ханддаг. Оюун ухаанаас ангид боловсрол байна гэж одоо болтол сэтгэсээр байна. Энэ тун БУРУУ. Бидний алдаа нь, боловсрол дээр болхи материализмыг одоо болтол баримталж , ахуй орчин, барилга , жорлонгоор оролдсоор цаг алдаж байгаад оршино. Уг нь ХҮН–ээрээ л оролдох ёстой юм. Тэгж ярих аваас, бүр цаашлаад, хүнийхээ тархи оюунаар л оролдох учиртай.

Суралцагчийнхаа оюун сэтгэлгээг хөгжүүлэх гэхээр яг ЮУ г хэлж байна вэ? Суралцагчаа СЭТГЭЖ БОДОЖ сургахыг хэлж байна. Суралцагчийнхаа оюун сэтгэлгээг хөгжүүлж, тэднийгээ БОДОХ СЭТГЭХ урлагт сургахгүй юм бол тэгээд ЮУ-г нь
хөгжүүлж, ЮУ–нд сургах гэж ?.

Манайхан хүүхэд залуусаа шинжлэх ухааны МЭДЛЭГ–т сургана, сургасаар ч ирсэн,.. шинжлэх ухааны мэдлэг ТУРШЛАГА-с эхтэй байдаг,.. иймд баримт туршлагаа л гол болгоно, ..гээд матери махбод, ахуй орчинг түрүүлж анхаарах ёстой гэх биз. Тэд СЭТГЭН БОДОХУЙ гэдэг чинь хийсвэр, хүүхдийг багаас нь хийсвэр сэтгэдэг болговол АЮУЛ тарина гэдэг.

Тэд хөдөлмөр хүнийг буй болгосон ,..гэж онолдоно,.. тэгээд хөдөлмөр гэхээрээ биеийн хар хүчийг ашиглах талаа анхаараад, ..ингээд оюун сэтгэлгээний асуудал хоёрт ордог. Гэтэл энэ цаг үе чинь хүн төрөлхтөний хувьд цэвэр оюун сэтгэлгээний эрин болчихоод байна. Магадгүй эрт дээр цагт нийгмийн болоод хувь хүний хөгжилд оюун ухаан тэгтлээ хүчтэй нөлөөлж байгаагүй байх аа,.. харин одоо үед бол оюун ухаанаас өөр хүчтэй юм байхгүй боллоо.

Боловсролын салбар нь ИРЭЭДҮЙН УХААН–тай хэр холбогддог бол ? Манай боловсролд ирээдүйн ухааныг заадаг уу?,..Та Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэг (МИСН) –ийн тэргүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ ?

Боловсрол мөн чанараараа ирээдүйнх байдаг. Хүнийг өнгөрсөнрүү зориулж, 1990 онд буюу 31 жилийн өмнө амьдрахаар бодож боловсруулахгүй. Боловсрол Ирээдүй хоёр хүйн холбоотой. Боловсролоор Ирээдүйг Бүтээнэ. Боловсрол нь МУУ бол Ирээдүй нь МУУ. САЙХАН ирээдүйг авчрах нэг л арга бий, тэр бол ИРЭЭДҮЙЛЭГ боловсрол. Дүгнэлт : Боловсрол нь тухайн хүний ирээдүйг бүтээх үндсэн хэрэгсэл юм. Дахин дахин хэлэхэд, боловсрол нь суралцагчиддаа тэдний ирээдүйд нь хэрэг болох тийм л чадваруудыг олгох, заах, эзэмшүүлэх ёстой шүү,.. Тийм чадварууд гэвэл ОЮУНЫ ЧАДВАРУУД л байдаг. Энэ утгаараа Боловсрол бол хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ тухайд манай боловсрол тун хэцүү дээ,.. бараг ТАГ.

Боловсрол, ӨӨРЧЛӨЛТ хоёр ямар холбоотой вэ?,..Танай МИСН–н уриа чинь 4Ө буюу Өөрчлөлтөөс Өрсөж Өөрсдөө Өөрчлөгдье биз дээ ?

Боловсролоо өөрчилж байж шинэ ирээдүйг бүтээнэ, одоогийн хуучирсан хоцрогдсон энэ боловсролоор хуучин юм бүтнэ,.. түүнийг хэн ч тоохгүй, нохой ч долоохгүй,.. Өөрчлөлт хүмүүс Та биднээс ангид хол байдаг бус аа, харин ч өөрчлөлт та бидэнтэй хамт байдаг, хүмүүс өөрсдөө өөрчлөлтийг ЗАЛДАГ,.. өөрчлөлтийг өөртөө ашигтайгаар хөгжүүлдэг. Иймд зүгээр сууж огтоос таарахгүй. Тэгвэл хоцрогдлын дээд болно,..тэртээ ард хоцорно,.. Бид өөрчлөлтийг залж чаддаггүй юмаа гэхэд ядаж хоцрохгүй байхыг хичээх учиртай. Дэлхий ихэд өөрчлөгдсөнөөр хүн бидэнд олон талаас учрах ДАРАМТ нэмэгдсэн. Эдүгээ та бид тунчиг дарамттай орчинд амьдрах боллоо доо. Өөрчлөлт чинь өөрөө ДАРАМТ юм. Зугтах газар байхгүй. Өмнөх үед ёстой тайван амгалан, аясаараа л байж дээ.

Цаашид улам л ихсэнэ,.. энэ ДАРАМТ. Яана билээ. Энэ их дарамтаас биднийг боловсрол л аврах учиртай. Дэлхий даяар Их өөрчлөлт явагдаж байна, тэгэхлээр БОЛОВСРОЛ өөрчлөгдөж таарна, их өөрчлөлтийг дагахгүй юм бол тэрээр боловсрол биш болно, хүмүүсийг арагш нь чангаана,.. монголын боловсрол ийм болоод байна. Харамсалтай яа. Иргэдийн ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЧАДВАР–ыг өдгөө онц чухалд тооцох болов. Иргэдийг ийм чадвартай болгох үндсэн хэрэгсэл нь БОЛОВСРОЛ юм. Иймээс боловсрол өөрчлөлт хоёрыг нэг зоосны хоёр тал гэж үзэж байна. ӨӨРЧЛӨЛТ–өөс хөндий байгаа боловсрол бол БОЛОВСРОЛ БИШ гэсэн уриа гарсан байна лээ. Энэ шалгуураар
шүүвэл, манай өнөөгийн боловсрол МУУ дүн авах нь.

ӨӨРЧЛӨЛТ хийхэд эрэмбэ, түвшин, гүнзгийрэлт гэж байх уу,.. эсвэл хамаа намаагүй өөрчлөөд л байхаар болох уу ?

Ирээдүй рүү харж л байгаа бол өөрчлөхөөс өөр сайн зам байхгүй. Өөрчлөгдөх дургүй ямар ч тогтолцоо сүйрэх тавилантай нүүр тулдаг тийм онцгой цаг үе ирчихээд байгааг дахин давтан сануулъя. Боловсролын одоогийн байгаа энэ бүтэц, аргачлал, технологи маань өнгөрсөн зуунд их хэрэг болж байсаан, хамаагүй өөрчилж огтоос болохгүй гээд хүлээгээд суух аваас юу ч бүтэхгүй,.. дэвшил холдоно,.. бид улам л хоцрогдон хаягдана. Ирээдүйн ухаанд “ Хуучин юмыг хамгийн сайн хийснээс шинэ юмыг хамгийн муу хийсэн нь дээр “ гэх зарчим байдаг. Өөрчилмөөр юм боловсролд төдийгүй монголын нийгэм даяар мөн ч их байна даа. Өөрчлөхгүй юм даа,.. хэлэх үг ч алга.Өөрчлөлтөөс хоцорсон хэн ч гэсэн, ямар ч тогтолцоо, инстүүц хоцрогдох тавилантай. Энэ бол хөгжлийн жам,..иймд өөрчлөлтөөс ӨРСӨХ л хамгийн зөв зам. Өөрчлөлтийг бид ерөөсөө судалсангүй, хэрэглэсэнгүй өдий хүрлээ л дээ.

Гэтэл ӨӨРЧЛӨЛТ чинь өөрөө ирээдүйн ухааны цөм технологи болчихоод байна. 1–р түвшний , 2 ба 3 –р түвшний өөрчлөлт гээд явж өгнө. Тус тусдаа технологитой байдаг. Тулгарсан асуудлаа хэрхэн харах, хэн ямар түвшинд ойлгохоос хамаарч өөрчлөлтийн аль түвшинг сонгох нь тодордог. Өнгөрсөн 30 жилд монголд өрнүүлсэн өөрчлөлтийн үндэслэлүүд нь сул, замбараагүй болсон. Асуудлаа мөчид ухаарахаар тэрээр БОЛОМЖ биш, АЮУЛ болж харагдана. Тэгээд энд тэндээс нь өнгөц илэн таалж, түр зуур амиа аргацаасан байдалтай 1–р зэргийн өөрчлөлтүүдийг хийдэг. Өөрчлөлт хийгээд л байдаг, хийгээд л байдаг,.. гэтэл уг асуудал маань улам л томроод, араасаа улам олон асуудал дагуулаад байдаг. Өөрчлөлтийг уг язгуураар нь бариад авчихвал тийм ч аймаар ЮМ биш бөгөөд харин ч сайхан боломж болох нь мэдрэгдэнэ. Тийм л сайн суурь гүн өөрчлөлтийг манай нийгэм бүхэлдээ хүсэж байна.

Тийм суурь гүн өөрчлөлт хийсэн жишээ бидэнд байна уу , ер нь ? Байлгүй яахав. 1990 – 1992 онд монголчуудын хийсэн ӨӨРЧЛӨЛТ бол яахын аргагүй том бөгөөд язгуурын өөрчлөлт байжээ. Түүнд бид огтоосоо түүртээгүй билээ. Харин дараагийн өөрчлөлтүүд ёстой ЗАВХРУУЛСАН,.. одоо балаг нь улам л гүнзгийрээд, томроод байгаа юм. Тэр л үед боловсролоо орвонгоор нь сайжруулах ёстой байжээ.

Тэр үед байсан боловсролынхоо сайн шим шүүсийг хадгалаад огцом өндийсөнсөн бол эдүгээ боловсролын төлөв байдал их өөр байхсан. Даанч тэгсэнгүй л дээ. Үүний уршгаар эдүгээ жижигхээн өөрчлөлтийг ч гэсэн шууд улаан цайм эсэргүүцдэг, нураадаг, тэгээд дундаас нь өөртөө ашиг унагадаг бүлэглэл нийгэмд үүссэн. Надад энэ нь тод мэдрэгддэг ээ,.. учир гэвэл, би вээр шинжлэх ухааны хүрээнд инстүүцийн өөрчлөлт хийхээс нааш дээд боловсрол өндийхгүй , ШУА–н ажил ахихгүй гэж үзэж, үүний төлөө 25 жил байлдаж байна даа.

НҮБ–аас БОЛОВСРОЛЫГ НЭГДҮГЭЭРТ гэсэн санаачлага гаргаад дэлхий даяараа хэрэгжүүлж байгаа,.. энэ санаачлагын үндсэн агуулга чухам юунд чиглэж байна вэ ?

Боловсрол бол аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт юм . Иймд,.. НҮБ –ээс Боловсролыг нэгдүгээрт гэх санаачлага гаргасан. Энэхүү Боловсролыг нэгдүгээрт санаачлага нь : a. Хүүхэд бүрийг сургуульд сургах. Энэ нь монголд болж бүтэж байгаа гэж үзнэ
b. Боловсролын чанарыг дээшлүүлэх. Үүнийг монголд ярьж эхэлж байгаа. c. Дэлхийн иргэнийг хөгжүүлэх,.. гэсэн агуулгатай юм.

Бид ДЭЛХИЙН ИРГЭН гэдгийг нэг сайн ойлгож авмаар байна,..үүнийг энгийн яриа төдийгөөр өнгөрөөж огтоос болохгүй ээ.

Боловсролын тухай дахин эрэгцүүлэн бодох нь: гэдэг НҮБ –ээс гаргасан ном байна лээ. Яагаад ДАХИН ЭРЭГЦҮҮЛЭН БОДОХ гэв ?

Энэ цаг үе маань хүн бүрийн хувьд өнгөрснөө, одоогоо,.. бас маргаашийнхаа тухайд дахин нэг удаа эрэгцүүлэн бодох , сайтар тунгаах шинэ үе юм. Хүн төрөлхтөн өнгөрсөн үедээ ер нь ЮУ ХИЙЧИХЭВ ЭЭ гэж бодох цаг ирлээ дээ. Учир нь энэ янзаараа байвал хүн төрөлхтөн өөрөө алга болох нь ээ. COVID-19 бас шинэ анхааруулга өглөө. Одоогийн байгаа байдал төрх төлөвөө дахин нэг удаа сайн эрэгцүүлэн тунгааж бодъё,..тэгээд компьютэрийн программчлалын хэллэгээр RESET (дахин ачаалж, программаа шинээр дахин цэгцлэх ) хийх ёстой гэж үзэж байна. Боловсрол дээр үүнийг буулгавал, манай өнгөрсөн үеийн боловсрол ер нь болж байна уу ?,..үүнийг цааш нь энэ хэвээр нь үргэлжлүүлж болох уу ?, тэгвэл ЮУ болох вэ ?, Монголын боловсролын асуудлыг дахин эрэгцүүлэн бодож, эрс өөрчлөн шинэчилье,
янзалъя,..гэсэн асуудал болно. Монголчууд аа ! БҮГДИЙГ нэг удаа сайтар ЭРЭГЦҮҮЛЭН ТУНГААЖ БОДЪЁ. Одоо л эрэгцүүлэн шүүж, тунгаан боддог цаг. Хожимдвол бид асар ихээр хоцроно. Үүнийг хүн бүрт хандаж анхааруулъя.

EDUCATION 2030 : Инчоны ТУНХАГЛАЛ гэж гарчээ. Энэхүү ТУНХАГ–ийг батлахад манай БШУЯ–ны дарга нар оролцож дэмжиж, баталсан, .. одоо манайд хэрэгжилт нь хэр байх юм, таныхаар ?

Энэ ТУНХАГЛАЛ нь үндсэндээ боловсролын ирээдүйг 2030 он хүртэл тоймлон зураад ЮУг ЯАЖ хийхийг заасан үлгэрчилсэн ирээдүйн БАРИМТ БИЧИГ юм. Дотроо маш тодорхой 129 том заалтай, үүний зарим стратегийн чиглэлүүд нь 9 хүртэл дэд заалттай, ингээд энэ тунхаг нийтдээ 233 заалттай юм. Жишээ нь, 2030 он хүртэлх боловсролын шинэ алсын хараа гэх эхний том бүлэг–т Бүх нийтийг хамарсан эрч хүч, хүсэл тэмүүлэл бүхий шинэчлэгдсэн боловсролын хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлэхийг амлаж байна,.. гэжээ. Ингэж АМЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ,..

Монгол улсын Засгийн газар НҮБ –ийн өмнө, дэлхийн 120 гаруй орны төр засгийн өмнө ийм амлалтыг 2015 онд авсан хэрэг. Одоо чинь засгийн газрууд харилцан бие биенийхээ өмнө, ард түмнийхээ өмнө тодорхой үүрэг амлалтыг хүлээдэг болсон цаг. Одоо тэгээд 6 жил боллоо,..энэ амлалт ЯАСАН ВЭ ? гэж асууя. Ард түмэндээ ингэж амалсан юм чинь, НҮБ –ийн гишүүн 120 гаруй орны өмнө ийм үүрэг хүлээсэн юм бол одоо түүнийгээ хийл дээ,..гэж шаардах ёстой биз дээ. Эрч хүч, хүсэл тэмүүлэл бүхий шинэчлэгдсэн боловсролын хөтөлбөр нь хаана байна вэ ? Одоо болтол Байхгүй. Ийм байж таарах уу ?.

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй хийсэн МОНГОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ цуврал ярилцлагын 2-р хэсгийг хүргэж байна.

Боловсрол нь НЭЭЛТТЭЙ тогтолцоо юу, эсвэл ХААЛТТАЙ юу,..энэ талаар хүмүүс янз бүрийн санаа бодол хэлдэг юм билээ. Зарим нь нээлттэй гэх бол зарим нь өөрийн орны үнэт зүйлсээ алдана, хагас нээлттэй байх ёстой гэх мэтээр ?

Даяарчлал юуны өмнө боловсролд маш хүчтэй нөлөөлж, боловсролыг өөрийг нь даяаршуулж байна. Ийм үед боловсрол нь нээлттэй байхаас өөр замгүй ээ. Боловсролоо хаалттай байлгана гэх нь ҮХЭЛ. Энэ нь Монголын гэсэн өнгө төрхтэй боловсролын тогтолцоог үгүйсгэхгүй ээ. Харин түүн дотор өөрийн өнгө аясаа авч явах нь бидний л үүрэг. Бид өөрсдөө л ажиллах ёстой. НҮБ яагаад ДЭЛХИЙН ИРГЭН–ийг төлөвшүүлэх гэж уриалаад байгааг ухаарах ёстой. Үүн дээр манай эрдэмтэд жаахан санал зөрөлддөг тал бий.

Боловсролын бүрэлдэхүүний талаар асууя ? Боловсрол нь 7 том бүрэлдэхүүнтэй юм. Үүнд: Суралцагч, Багш, Куррикулум (хөтөлбөр, сурах бичиг), Үнэлгээ, Боловсролын институц, Мэдээллийн орчин, Зорилго. Монголд эдгээр бүрэлдэхүүнийг тоохгүй өдий хүрлээ. Барагбүгдийг нь мартсан гэж болно. Боловсролын бүрэлдэхүүний дурьдан буй дараалал маш чухал.Эхлээд суралцагч байх юм. Та бид хоёрын ярилцлага дээрхи бүрэлдэхүүнүүдийг л хамрах ёстой гэж бодно.

Амьдрал ахуй, цаг үе ихэд хурдан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад боловсролын тухай бидний ойлголт, ухаарал, хандлага маань өөрчлөгдөх ёстой гэдэг нь ойлгомжтой болов. Харамсалтай нь, манай боловсролынхон энэ тухайд тунчиг хөшүүн байх мэт ?

Нэгд, Эрт дээр үед цагаан толгойт бичиг үсэгт тайлагдах нь цөөн хэдхэн өндөр IQ -тэй, ухаантны чаддаг ажил мэргэжил байсан бөгөөд тэднийг маш өндөр боловсролтой гэж үздэг байжээ. Бусад хүмүүс нь боломжгүйгээс гадна ерөөсөө үсэг тогтоодоггүй байж. Цагаан толгой бол хүний зохиосон хиймэл зүйл.
Байгальд латин, монгол, ханз цагаан толгой гэж байхгүй. Тэр үеийн хүмүүс тийм зохиомол дүрэм журмыг ерөөсөө ойлгодоггүй, хүлээн авдаггүй байжээ. Гэтэл өнөөдөр бараг бүх хүн цагаан толгойт бичиг үсэгт тайлагдсан төдийгүй бага дунд боловсролтой болж байна. Тэгвэл, XXI зуунд бараг бүх иргэнээ дээд боловсролтой болгоно гээд зүтгүүлбэл юу нь буруу гэж? Боловсролд хандах хандлага цаг хугацааны дотор ингэж өөрчлөгддөг ажээ.

Хоёрт. Боловсрол нь нийгмийн инстүүц учраас тодорхой ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦАА–нд оршин байна. Боловсролын оролцогчид болох суралцагчид, багш, эцэг эхчүүд, удирдлага мэнэжмэнт, төрийн оролцоо дэмжлэг гээд бүх талууд хувьсан өөрчлөгдлөө.Жишээ нь: 1960 оны би, 2021 оны 5 настай хүүхдийн хооронд ТЭМЭЭ ЯМАА шиг ялгаа үүслээ. Ийм байхад боловсролын тухай ойлголт ухаарлаа өөрчлөхгүй байж яав ч болохгүй. Бид Монголын боловсролыг инстүүцийн талаас нь дахин сайтар тунгааж, өөрчлөн сайжруулах асуудлыг ч ярих ёстой,.. цаг нь ч болчихоод байгаа.

Гуравт. Монголын нийгмийн хувьд одоогийн хоцрогдолын эх нь боловсролын хоцрогдол болж хувирлаа. АСУУДАЛ сурагч оюутанд бус, сургалтын зорилго, агуулга, арга зүй технологи, үнэлгээнд байна. Монголын боловсрол монгол хүүхдийн хөгжлийг чөдөрлөж байгааг харсан гадаадын багш Та нөхөд XIX зууны арга технологиор XX зууны орчинд XXI зууны хүүхдийг сургаж боловсруулна гэх юм, үүнийг би ойлгохгүй байна хэмээн сануулжээ. Бодмоор л үг дээ.

Орчин үед хүний эрх, хүүхдийн эрх гэж их ярих болов. Манай боловсролыг ХҮНИЙ ЭРХ -ийн талаас харвал ямархуу дүр төрхтэй байх юм ?

Манай боловсролыг ХҮҮХДИЙН ЭРХ-ийн талаас харвал ёстой ТАГ. Угаасаа манай боловсрол нь хүнийхээ төлөө биш, тэр нэг ХАЧИН хөтөлбөрийн төлөө үйлчилдэг болсон. Монголын боловсрол нь одоо хүртэл монгол хүнийг дарангуйлан захирч, түүнийг ХҮН биш , МАНКУРТ БООЛ болгосоор байна. Зүй нь эхлээд ХҮҮХДИЙН ЭРХ–ээ яриад түүнээсээ ургуулан боловсролыг ярих учиртай. Гэтэл эсрэгээрээ. Боловсрол бол ЭРХ ЧӨЛӨӨ–нд хүрэх ХААЛГА юм. Харамсалтай нь, манайд суралцагчийнхаа чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг хаан боодог,.. нэг сэдэв заачихаад яг түүнийгээ эргүүлэн шалгана. Хүүхдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх ЭРХ, Эрх ЧӨЛӨӨ,..суралцагчийн СОНГОХ ЭРХийг үл тоож, тэдэнд хүчээр чи үүнийг цээжил, тогтоо гэж захиргааддаг, зааж тулгадаг технологи хэвээрээ байна.
Энэ бол хүний эрхийг онц ихээр зөрчиж буйн илрэл. Ийм учраас сурагчид хичээл сургуулиас залхаж байна.

Тэд ДАРАМТ–д орсноор янз бүрийн үгтэй шүлэг, дуу зохиох боллоо. Сургууль нураасай гэв үү.Манай боловсрол дотор ХҮНИЙ ЭРХЭМ НАНДИН ЧАНАР яригдахгүй,…түүнийг үл тооно.

Монголын одоогийн боловсрол нь монгол суралцагчид юуны түрүүнд төлөвшүүлэх, хүүхдийн дотроос сэргээн амилуулах учиртай ХҮНИЙ ЭРХЭМ НАНДИН ЧАНАР-ыг уландаа гишгэж, тийм нандин чанараа гээсэн, ХАЧИН СААРАЛ ӨНГӨГҮЙ ХҮН-ийг бэлтгэсээр өдийхүрлээ. Хүүхдийг багаас нь эвдэж, манкурт боолын төрхөнд оруулдаг.

Боловсрол, амьдралын түвшний хооронд холбоо байна уу? орчин үед Үүнийг судлаачид олон талаас нь нилээд нарийн судалсан. Дээхнэ үед Боловсрол ба Амьдралын түвшний хооронд тэр бүр эерэг холбоо харагдахгүй байсан. Энэ холбоо нь харин орчин үед нилээд тодорхой болжээ. (Би энд зах зээлийн эдийн засагтай орнуудын жишээг хэлж байна шүү,.харин Монголд бол арай өөр.) Яагаад ингэв гэхээр, боловсролыг ойлгох ойлголт өргөсөж, илүү олон талтай болсон юм.

Жишээ нь, XIX-XX зуунд бараг боловсролгүй атлаа бизнесийн их амжилт олсон хүмүүс цөөн бус байсан. Манай Монгол улсад ч тийм тохиолдол хааяа таардаг. Тэд төрөлхийн заяагдмалухаанаараа их амжилтанд хүрсэн. Гэтэл, судлаад байсан чинь, тэдгээр хүмүүс нь харин ч өндөр боловсролтой болсон хүмүүс байжээ. Тэд өөрсдөө амьдралаас, орчин тойрноосоо суралцсан аж. Эдүгээ тийм өөрөө суралцдаг хүнийг л хамгийн сайн гэж үзэх боллоо. Энэ чинь, БОЛОВСРОЛ–ыг ойлгох ойлголт ихэд өөр болсоныг хэлж байна.
Боловсрол нь ямар байнав, амьдрал нь тийм л байна. Энэ бол орчин үед тогтоод байгаа зарчим.

Боловсрол нь ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг устгах гол хэрэгсэл юм. Яг үүн дээр манай бодлого боловсруулагчид, ТӨР алддаг. Хүмүүсийг ажилтай болгоно гэх нь тэдэнд ажил олж өгөх асуудал ерөөсөө биш. Хүмүүс төрөөс өгсөн тэр ажлыг голно, хаяна, улам ахиад, цалин ихтэй амар хялбар ажил олж өг гэж уурлана, жагсана. Хүмүүст БЭЛЭН ХООЛ өгөх буруу. Тэднийг хоолоо өөрсдөө олж авах АРГА–д сургах нь илүү чухал. Энэ нь хүмүүсийг боловсролтой болгохыг хэлж буй. Хүнд загас өгөхийн оронд түүнийг агас барих аргад сурга гэдэг.

Тэр загас барих аргыг БОЛОВСРОЛ гэж үзэж байна. Боловсролыг ингэж АРГА-УХААН гэх аваас одоогийн манай боловсрол бараг боловсрол биш болоод ирнэ,..жаахан ахивал ЭСРЭГ БОЛОВСРОЛ болох тал нь илрээд эхлэнэ.Ингээд бөөн асуудал үүснэ.

Боловсрол ба Сэтгэл. Энэ хоёрын холбооны талаар тодруулъя. Манайд Сэтгэл гэдэг үгийг ЛАМ нар л ярьдаг,..?

Энд эхлээд СЭТГЭЛ, СЭТГЭЛ ЗҮЙ гэхийг ялгаж ойлгох учиртайг тэмдэглэе. Сэтгэлийг дээд түвшинд нь яръя. Тэгвэл сэтгэлтэй ХҮН гэж байхаас сэтгэлтэй МАЛ гэж байхгүй. Эндээс СЭТГЭЛ нь хүний ОЮУН УХААН–тай хамт байдаг болох нь тодорно. Монголд өдгөө хүртэл СЭТГЭЛ–ийг шашинтай холбодог, заримдаа бүр боловсролтой эсрэгцүүлэх хандлага байсаар. Гэтэл боловсрол сэтгэл хоёр шууд хамааралтай ажээ. Таны боловсрол хэдүй чинээн дээшлэнэв, таны сэтгэл төдий чинээн ЗӨВ болно гэнэ.
Ингэж үзэж байна. СЭТГЭЛ нь шашинд биш боловсролд хамаарах ажээ. Боловсрол өндөртэй бол тэр хүн шашин шүтдэггүй юмуу бүр шашинг эрс эсэргүүцдэг байлаа ч гэсэн боловсрол доогуур ламаас илүү ЗӨВ сэтгэлтэй байх нь ээ. Үүнтэй холбогдоод боловсролынхон ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛ гэж ярих болов.

Боловсрол Шашин хоёр ингээд айлсаж байгаа хэрэг үү ? Энэ асуудал нилээд маргаантай байна. Уг нь тун чухал сэдэв мөн үү гэвэл яахын аргагүй мөнөөсөө мөн. СЭТГЭЛ–ийг монголд ноёрхсон шарын шашны түвшинд ойлговол хэцүү. Харин дээд түвшинрүү нь ойртуулж, XIV Далай лам шиг асуудалд хандвал өөр л дөө. Данзанжамц вээр сэтгэлийг тун дээгүүр түвшинд аваачиж ярьдаг юм билээ. Буддын сургаалийг яг эхээр нь ойлговол боловсролтой айлсаж чадна.

Түүнийг манайхан шиг завхруулбал, боловсрол, шашин хоёр салангид байх нь зөв. Зүй нь, боловсролтой айлсахуйц түвшний шашинжсан сургааль гэвэл Буддынх, бусад шашинд тийм боломж бараг байхгүй ээ. Гэхдээ бас асуудал бий,.. Буддизмийн нэг том гэм нь тэрээр БҮТЭЭЛЧ БУС. Ерөөсөө, шашин нь дотроо хоёр янз, боловсролыг дэмждэг, эс дэмждэг. Буддын сургааль уг язгуураараа боловсролыг дэмждэг бол мухар сүсэг дээр тогтдог шарын шашин боловсролыг дэмжихгүй.Ингээд шашны дотоод асуудалруу хазайна. Энэ сэдвийг бүр тусад нь хэлэлцвэл онох байх аа.

Боловсрол ба Оюуны чадварын холбооны талаар ? Боловсролын агуулга өргөсөж, бас ихэд гүнзгийрэх тусмаа ЭРДЭМ ЧАДАЛ, ОЮУНЫ ЧАДВАР–ын зүгрүү шийдвэртэй алхаж байна. Оюуны чадвараар нь тэр хүнийг хэр боловсролтой гэдгийг тогтоох хандлагатай боллоо. Оюуны чадварын ерөнхий илтгэцүүр IQ доогуур хүн хичнээн олон эрдмийн зэрэг цолтой, одон тэмдэгтэй байгаад нэмэр бага юм. Харин ч түүнд олон түмэн дооглонгуй ханддаг болсон. Дүгнэвээс, боловсролыг үндсэндээ оюуны чадвараар илрэнэ гэж үзэх болов.

Энэ чинь манай одоогийн боловсролд голлож буй үзэл баримтлалтай нийцэх үү ? Боловсрол хэмээх эрхэм баялаг маань, нэгд ТӨРМӨЛ, хоёрт ТАРИМАЛ юм. Бид өдгөө хүртэл боловсрол нь таримал гэж үздэг байлаа. Гэтэл тийм биш ажээ.Боловсролтой ҮХЭР гэж байхгүй, боловсролтой ХҮН гэж л бий. Тэгэхлээр боловсрол нь хүний ОЮУН–тай заавал холбогдоно. ОЮУН бол төрмөл. Оюун ухаанаас ангид боловсрол бол ерөөсөө боловсрол биш гэж үзэж байна. Монголын боловсрол оюун ухаанаас ангид юм.

Тэр ч бүү хэл манай боловсрол оюун ухааны эсрэг шүү дээ. Ургуулан бодвоос, монголын одоогийн боловсрол бол язгуураараа боловсрол биш гэсэн дүгнэлтэд хүрнэ. Одоогийн монголын боловсролын суурь нь БОЛХИ материализм гэдгийг өмнө хэлсэн. Болхи сэтгэдэг материалистууд АХУЙ АНХДАГЧ гэх номлолд ихэд итгэх учраас боловсролын таримал талыг хэтрүүлдэг. Энэ нь ахуй орчныг нь өөрчлөх замаар ҮХЭР –ийг ХҮН -ээс илүү болгож боловсруулж болно гэсэн парадигм. Үүнийг ухвал БӨӨН АСУУДАЛ үүснэ. Түр азная.

Сүүлийн үед УХААЛАГ гэх үгс сонсогдоод байх боллоо, Ухаалаг амьдаръя ч гэх шиг.Энэ үг боловсрол дээр ямархуу агуулгатай бууж байгаа бол ?

УХААЛАГ гэх үгийг боловсролтой холбож хоёр санааг тодруулъя. Нэгд, Хүмүүс ӨНГӨ, МӨНГӨ–ний төлөө тэгтлээ өдөр шөнөгүй зүтгэж, өөрийгөө зүдрээхээс ерөнхийдөө жийрхдэг болжээ. ХҮН шиг ХҮН байя, УХААЛАГ амьдарцгаая гэсэн уриа гараад байгаа. Үүний цаана бас ч гэж бодууштай , ухаж бодмоор ЮМС байна. Хүн чинь уг төрхөөрөө эд баялаг, албан тушаалын төлөө төрөөгүй юм байна л даа. Мөнгө хөөсөн хүмүүс насныхаа эцэст хураасан хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөөх буяны үйлсэд хандивладаг боллоо. Өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албаа өгсөний дараа хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэх нь бараг хууль боллоо.

Монголын онцгой өндөр IQ -тэй 10 хүний анхдагч, Ардын багш, Профессор Л.Шагдар багш маань надад Хүн мөнгөө алдвал юу ч алдаагүй, эрүүл мэндээ алдвал хагасыг алдсан, харин НЭР ТӨР–өө алдвал бүгдийг алдах нь тэрээ гэж захиж билээ. Ухаантай хүний үг цаанаа л гүн байдаг. Эдүгээ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХ–ыг чухалчлах болов. Ухаалаг байж, сайхан цэвэр нэр төртэй амьдрахыг хүн бүр эрхэмлэвэл энэ хүн төрөлхтөн тун богино хугацаанд өмнөө тулгарсан асуудлаа шийдэж чадах юм.
Үүнийг манай ирээдүй судлаачид эртнээс хэлсэн.

Энэ замруу хүмүүс, улс орнууд эрхбиш ахисаар л байгаа. Үүнд боловсрол бүхэлдээ чиглэх ёстой юм. Хүн төрөлхтөн өнгөрсөн цаг үед нилээд УХААЛАГ бус байж дээ, одоо харахад. Өрсөлдөөд л, алалцаад л,.. нэг харсан чинь эргэн тойрон, хүрээлэх орчин маань бараг дахиж сэхэхгүй болтлоо доройтжээ,.. эдүгээ хүн төрөлхтөний тэргүүний хэсэг нь үүнийг харчихаад ,… буу зэвсэг агсаж, байлдаж байхаар хамтраад МОД тарьж байхгүй ЯАВ гэж амаа барьж байна. Ийм хэцүү байдал монголчууд бидэнд бүр ч илүү тулгамдаад байдаг, гэтэл түүнийг төр нь ч, олон түмэн ч мэдрэхгүй байгаа юм. Манай боловсрол УХААЛАГ бус байгаагийн хор уршиг энэ шүү дээ.

Хоёрт, Орчин үеийн нийгэмд ямар ч улбагар, сул тогтолцоо оршин байх боломжгүй болсон. Энэ нь хувь хүнд ч хамаарах юм. Өрсөлдөөн улам ширүүсэж байгаа гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна. Тиймээс ЭРЧ ХҮЧ гэх үгс моодонд орлоо. Нийгмээ яавал эрч хүчтэй болгохов гэдэгт хариулт бий. Нийгмийн эрч хүчний ундарга нь боловсрол болой. Ийм учраас боловсролыг эрч хүчтэй болгох, ингэхдээ УХААЛАГ байдалд оруулах шаардлага үүссэн. УХААЛАГ бөгөөд ЭРЧ ХҮЧТЭЙ боловсрол. Хүн төрөлхтөний өмнө хийх ажил маш их байхад чи би гэж өрсөлдөж цаг хүч оюунаа барах бус, аль болох хамтрах,.. тэгээд БҮТЭЭХ. Хамтран бүтээж амьдрах чадварыг хүмүүст боловсрол л олгоно. Ухаалаг боловсролын үр дүн нь ухаалаг амьдрал байх юм. Гэхдээ ЭРЧ ХҮЧ-тэй шүү. Та боддоо, монголын одоогийн энэ боловсрол бүх шатандаа үнэхээр ЭРЧ ХҮЧТЭЙ байж чадаж байна уу, арай түүний эсрэгдүү болсон биш биз ?
Эрч хүчгүй улбагар сул юмны хэрэг ер нь байх уу ?,.. жилээс жилд л өөрөө дотроосоо доройтсоор байгаад НУРЖ таарна даа.

Боловсрол ба хүн. Энэ хоёрын хувьд эрэмбэ дараалал гэж байх уу ? Боловсролыг явцуу буюу зөвхөн АЛБАН ёсны гэх жижигхэн хүрээгээр хязгаарлавал ХҮН буюу СУРАЛЦАГЧ хоёрдугаарт, БОЛОВСРОЛ нь нэгдүгээрт тавигдана. Ингэснээр,..БОЛОВСРОЛ ХҮН хоёр сална. Боловсрол хүнээсээ холдоно. Улмаар боловсрол нь суралцагчийг дарангуйлна.

ХҮН–ий ХҮН гэгдэх НАНДИН ЧАНАР далд орно. Өөрөөр хэлбэл,.. БОЛОВСРОЛ нь ХҮН–ий төлөө бус, ХҮН нь БОЛОВСРОЛ–ын төлөө болж,.. Суралцагчийн ДОТООД ИДЭВХИТ ЧАНАР буурна. Монголд ийм болсон. Зүй нь, монгол ХҮН нэгд, Боловсрол хоёрт байх учиртай. Манай боловсрол монгол хүнээсээ салж холдсон. Энэ ёстой МУУ.

Ярилцсан С.Сарнай : Сонин.мн