АЛДАРТНУУДСПОРТ

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ТАНАЙ АЛБАТУУД АРД ТҮМНЭЭРЭЭ ЯАГААД ТОХУУРХААД БАЙНА ВЭ !!!

Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна. Ирсэн албаны том дарга “Би нэг хүн дагуулж яваа” хэмээн дуулгав. Гэрийн эзэд бас л айхавтар том дарга орж ирэх юм байх даа гэж бодож байгаа бололтой хавчганан үүд өөдөө харцгаана. Гэтэл саяхан Их сургуульд явсан хүү нь ороод ирдэг байгаа. Аав нь ёс бодож мэнд амар болно. Ээж нь өөрийн мэдэлгүй голын дуугаараа “Миний хүү” хэмээн ямар ч жүжиглэлгүй дуу алдлаа.

Ямар энхрий зөөлөн, ямар их хайр илэрсэн гэж санана. Хүүгээрээ бахархах, хүүгээ хайрлах нь эхийн нүдэнд нэвт харагдаж уншигдана. Үзэж байсан хүмүүс өөрийн эрхгүй энэ зураглалыг хараад нүд нь чийгтэхээр. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж энийг л хэлдэг байх даа. Тэгвэл тэр хүүг гадаадад тэтгэлгээр сурахаар шалгарсныг дуулгах гэж яаж дээрэлхсэн гэж санана.

Бодвол Их сургуулийн мундаг дарга багш байлгүй, нэг эмэгтэй түүнийг дуудаж оруулж ирээд ял тулган байцаагаад л яг л ногоон малгайтан шиг “Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, яг одоо хэлбэл ялгүй” гэж хэлсэн ч бил үү, яалаа даа. Яг л цатгалан муужгай хулгана барьчихаад идэхгүй тоглож, тамладаг шиг тэр хүүгээр доог тохуу хийж маягласан. “Та тэтгэлэгт тэнцжээ” гээд л бол оо биз дээ.

Тэгж тоглоом хийж ард түмнийхээ хүүгээр наадах эрх тэр хүмүүст байгаа юу. Тэгж дорд үзэж тоглоом наадгай хийх байсан юм бол яах гэж тэр хүүг тодруулсан юм бэ. “Чамд бол ахдаж байна” гэж тэнд очсон бүх хүн биеийн хэлэмжээр хэлээд байсан. Бидний муусайн хүүхдүүд айхгүй яах юм.

Дөнгөж гэрээсээ холдож үзэж байгаа, дээрээс нь Их сургуульд ороод, хүн танихгүй, ёс мэдэхгүй хүүхдийн нүдийг хагалчих гээд яаж байгаа нь тэр юм бэ. Ерөнхийлөгч өө, та үнэн сэтгэлээсээ ард түмний хүүхдийг сургах гэж байгаа юм бол тэр хүүгийнд очиж ихэс дээдсээрээ гайхуулсан хүмүүстээ арга хэмжээ ав.

Бас ард түмний мөнгөөр хаа байсан баруун аймаг явж гайхуулж байхаар ганц и-мэйл бичээд л, үгүй бол сумын даргад нь утсаар хэлээд болно биз дээ. Таны албатуудын биеэ тоож өөрсдийгөө ихэд бодсон зан нь хэтрээд байгаа юм биш үү. Аль эсвэл та ингэвэл гоё гэж хэлж, хийлгүүлж байгаа юм уу.

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ : ӨДРИЙН СОНИН

 У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД Ч.ХҮРЭЛБААТАР

XУЛГAЙ, ЛУЙBPЫГ ИНГЭЖ ХИЙЖЭЭ !!!

Монгол хүн бүр үйлчлүүлдэг ХААН банкны хувьцаа эзэмшигч Савада 60 хувиа худалдаж байгаа мэдээлэл монголчуудын анхаарлын төвд байна. Энэхүү компани хоорондын наймааны асуудалд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хөндлөнгөөс гэнэт давхин орж ирсэн нь бантан хутгалаа. Товчхондоо тэрбээр чуулганы танхимд “Хаан банкны наймаа луйвар боллоо” гэсэн үг унагаж өнөөдөр улс төрийн хүрээнд ч, олон нийтийн сүлжээнд ч, сонин хэвлэлийн хуудсанд ч нийгмийг үймүүлж эцэстээ энэ банкны хувьчлал хэнд хаана очих, эцэстээ юу болж хувирах нь таашгүй ээдрээтэй зэвүүн байдалд орлоо.

Асуудал энэ хэвээр улс төрч Ч.Хүрэлбаатарын оролцоотойгоор цааш үргэлжилбэл Хаан банкны хувь заяа хаана, аль нүхэнд орохыг хэлж мэдэхгүй хэмээн мэргэжилтнүүд, эдийн засагчид ярьж болгоомжилж байна. Хаан банкны энэ асуудалд хөндлөнгөөс орж ирсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувийн эрх ашиг өдөр өнгөрөх тусам олон нийтэд улам тод болж байна. Угтаа тэрбээр өөрийн төрсөн ахынх нь бизнесийн хамтрагч “Таван богд” группт Хаан банкны хувьцааны тодорхой хувийг авч өгөхийн тулд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ ашиглаж байгаа юм байна.

Тэр зогсохгүй нь тодорхой болсон учраас Монголын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс анхааралдаа авах цаг аль хэдүйн болжээ. Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байсан. Энэ үедээ л тэрээр будлианыг эхлүүлжээ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын баланк дээр яг ижил дугаартай хоёр өөр албан бичгийг үйлджээ.

2019 оны нэгдүгээр сарын 25-ны “2019.01.25 11/386” дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёр өөр албан тоотын нэг нь буюу монгол дээрх нь тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд илгээсэн байдаг л нэг албан тоот. Тэгвэл англи хэлээр бичсэн, 25.01.2019 11/386 дугаартай албан бичиг нь ноцтой. Илт хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, Хаан банкны хувьчлал дээр “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байсан нь хэдхэн хоногийн өмнө нийгэмд ил боллоо.

Энэ хоёр албан бичгийн аль нэг нь хуурамч байвал үйлдсэн албан хаагчид нь эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хандан англи хэлээр бичсэн албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа.

ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” хэмээн бичжээ.

Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад чиглэл өгсөн бол тэрбээр ийм захидал бичих эрхтэй гэсэн үг. Гэхдээ Засгийн газраас эрх олгох тухай тогтоол 2018 оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сарын хуралдаануудаар хэлэлцсэн, эсэх нь ч эргэлзээтэй. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаснаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрх олгох тухай тогтоол баталсан шийдвэрүүд дотор алга байна.

Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд 11/386 дугаартай албан бичиг (захидал) Савада Хидео руу илгээсэн нь тухайн үеийн Засгийн газраасаа илүү эрх эдэлсэн, хууль зөрчсөн үйлдэл болжээ. Хуулиараа бол ХААН банкны хувьцаатай холбоотой асуудлаар Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Монголбанкны удирдлага хуралдаж, зохих чиглэл, зөвлөмж гарган Сангийн сайдад эрх олгож, Засгийн газрын нэрийн өмнөөс байр суурь илэрхийлэх ёстой.

Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх та өөрийн кабинетад Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатарын өнөөдрийн үйлдэлд анхаарлаа хандуулна уу. Өмнө нь ч тэрбээр Хотгор шанагын уурхайн лизензийг Солонгосчуудад дамлан худалдсан асуудлаар нийгэмд бөөн шуугиан тарьж, хоёр орны хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та мэдэж байгаа. Одоо харин Монгол Улсын хувьд хамгийн чухал түнш болох Япон-Монголын харилцаанд цав суух хэмжээнд асуудлыг хүндрүүлж эхэллээ. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү, Ерөнхийлөгч өө.

Б.БАЯРСАЙХАН : ӨДРИЙН СОНИН