АЛДАРТНУУДДЭЛХИЙЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

ЭРДЭМТЭД ТӨВД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ СУДАЛТАЛ : ТА ХАДГАЛААД АВААРАЙ

Эрүүл мэнд нь бидэнд нэг л удаа өгсөн бурхны үнэт баялаг билээ. Энэ үнэт баялгийг хүүхэд ахуй наснаасаа хайрлаж хамгаалж явах нь бидний эрхэм үүрэг. Хэрвээ ингэж чадаагүй бол битгий санаа зовоорой. Эрдэмтдийн зөвлөсөн энэ дасгалыг хийгээд эрүүл мэндийн байдлаа дээшлүүлж, илүү урт наслах бүрэн боломжтой. Хамгийн гол нь, таны амьдралын идэвх өөрөө ч мэдээгүй байхад тань нэмэгдэх болно.

Юуны өмнө, өөрийнхөө насанд тохирсонг хийгээрэй

Энэ дасгалыг хийхийн өмнө биеэ бага зэрэг халаана. Биеэ халаахдаа хэт хүчилж биеэ зовоолгүйгээр, энэ дасгалыг хийх гэж хэдэнтээ оролдоно. Ингээд бие тань халж, дасгал хийхэд бэлэн болно. Үүний дараа зурагт үзүүлснээр зогсоод урагшаа тонгойн хоёр гарынхаа алгыг шаланд хүргэх гэж хичээнэ. Ингэхдээ өвдгөө нугалахгүй бөгөөд нуруу тэгш байна. Эхний удаад хийгээд гарын хуруунууд тань хаана хүрч байгааг цээжлээд, эргэж босон дахин хийхдээ өмнө нь хүрч байсан цэгээсээ давуулахыг оролдоорой. Таны эцсийн цэг бол гарын алга тань газарт хүрэх юм шүү. Та энэ дасгалыг боломжоороо аль болох олон хийх хэрэгтэй.

Доор дурдсан байрлалаас насандаа тохирохыг сонгож аван хийж эхлээрэй

1. 20-25 нас: Энэ насныхан хоёр гарын алгаа газарт хүргэх ёстой. Өвдгөө нугалахгүй, нуруу тэгш байдлаар гарын алгаа газарт хүргэж энэ дасгалыг хийгээрэй. Ингэснээр булчингууд тань суларч, маш сайн амарна.

2. 25-38 нас: Шаланд гарын хуруугаа хүргэх хэмжээнд хийж болно. Мэдээж эхний ээлжинд ингэж хийгээрэй. Аажмаар ахиулан алгаа шаланд хүргэдэг болох хэрэгтэй. Ингэхдээ өвдгөө үл ялиг нугалж болно. Гэхдээ нуруу тань тэгш байх ёстой шүү. Ерөнхийдөө энэ дасгалыг хийхэд тийм ч хэцүү биш.

3. 38-50 нас: Гарын хуруунуудаа хөлийн доод хэсэгт хүргэх байдлаар эхлээрэй. Өвдгөө бага зэрэг нугалж болно. Булчингууд тань өвдөнө. Гэсэн ч хичээгээд хийгээд байгаарай. Та босч зогсмоор байсан ч боломжоороо үргэлжлүүлэн давтаж хийх хэрэгтэй.

4. 50-иас дээш насныхан: Гараа хөлөндөө хүргэж чадахгүй ч өвдгөө нугалж байгаад хүргэхийг хичээгээрэй. Танд энэ дасгал хүнд байх болно. Гэхдээ бүү шантраарай.

 

5. Таны уян хатан байдал ингэж сайжирна: Хэрвээ та дасгалын үр дүнд сэтгэл дундуур байвал битгий бухимдаарай. Дасгалынхаа тоог ихэсгэж өдөрт 30 удаа хийхэд хангалттай. Нэг сарын дараа таныг гайхалтай үр дүн угтах болно. Төвөдийн мэргэдээс гаралтай энэ дасгал хүнийг урт наслуулдаг ид шидтэй юм шүү. “Хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг дээ.

Энэ дасгал таныг уян хатан болгож, хөл, нуруу, аарцагны хөндийн өвчнөөс ангижруулж, цусны эргэлтийг сайжруулж, булчингуудыг тань суллаж өгдөг. Суурин амьдралын хэв маяг хүмүүст муугаар нөлөөлж, биднийг өвчлөмтгий болгож байгааг хүн бүр мэдэх ч үүнээс салах ганцхан арга нь энэ дасгал гэдгийг мэддэггүй. Та өдөрт энэ дасгалыг 30-иас дээшгүй удаа хийснээр эрүүл саруул болохоос гадна хоол боловсруулалт сайжирч, холбоос эд, зөөлөн эд, шөрмөс тань чангарч бэхжинэ.

6. Нэмэлт: Энэ сунгалтын дасгалыг хийсний дараа хэрхэн зөв амьсгалах вэ? Дээр дурдсан сунгалтын дасгалыг хийсний дараа таны амьсгал давчдаж, булчингууд тань цуцах болно. Тиймээс булчингаа амраах зөв амьсгалах аргыг зааж өгье. Мэдээж энгийн дасгал хийхэд булчингууд тань томорч, та хүчтэй болж, бие организм чинь хүчилтөрөгчөөр илүү их тэжээгддэг. Харин бидний өгүүлсэн сунгалтын дасгал таны гадна талын булчинг томруулж хүчирхэг харагдуулахгүй ч дотоод булчинг тань маш ихээр чангалж өгдөг. Ерөнхийдөө энэ дасгалыг бие дотроо хийж буй массаж гэж ойлгоорой. Ингээд олон зүйл нуршилгүй хэрхэн зөв амьсгалахыг хэлье.

– Амьсгалаа түгж – Амьсгалаа доошлуулж ходоодон дотроо оруулаад, ходоодныхоо ханаар бүхэлд нь эргүүл – Дахин нэг удаа амьсгал аваад амьсгалаа түгж – Ходоодоо агшааж, уушгин дахь бүх агаараа гаргана

Сануулга: Хэрэв та дээрх сунгалтын дасгалыг хийж чадахгүй хэмжээний үе мөч юм уу булчингийн ямар нэгэн өвчтэй бол эмчээсээ зөвлөгөө авч, өөрийнхөө уян хатан байдал болон булчингаа хэрхэн суллах талаар зөвлөгөө аваарай.

Эх сурвалж : Эрүүл мэнд сэтгүүл

ИХ ЭМЧ Ц.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ХҮН БИОЛОГИЙН ЦАГАА

ДАГАВАЛ БАГА ӨВЧИЛЖ УРТ НАСАЛНА

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй биологийн цаг байдаг. Хүн гадаад ертөнцийн цагаас гадна өөрийн биологийн цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлгийн босго элээж цаг, мөнгөө үрэх хэрэг цөөн гарах байсан нь гарцаагүй. Иймээс хүн бүр биологийн цагийн тухай бага ч гэсэн ойлголттой явж байхад илүүдэх зүйл ер үгүй. Биологийн цагийн хэмнэлийн талаарх ойлголт өгөх зорилгоор УНТЭ-ийн Мэдрэлийн тасгийн мэдрэлийн эмч Ц.Түмэндэмбэрэлээс тодрууллаа. 

-Биологийн цаг гэж юуг хэлдэг вэ? -Хүний бие махбод нь гадаад орчинд зохицон амьдрахын тулд амьтан бүхэн өөрийн дотоод цагтай байдаг. Энэхүү цагийг биологийн цаг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл 24 цагийн гэрлийн температурт зохицон амьдрахын тулд бие өөрийн дотоод зохицуулга, нарийн цагийн хуваарийн дагуу ажилладаг үйл явцыг биологийн цаг гэнэ. Биологийн цаг нь 24 цагийн хугацаанд хүнийг хэзээ хоол идэх, унах, ажиллах гэх зэрэг үйл ажиллагааг хэлж өгч зохицуулдаг. Энэхүү цаг нь биологийн мөчлөгөөр зохицуулагдаж байдаг.

-Хүн өөрийн биологийн цагаа тодорхойлж түүнийг мөрдөж чадвал бие өвдөх цаашлаад нас баралтаас хамгаалж чаддаг гэж ярьдаг. Тийм ээ. Гэрлийн температураас хамаарч хүний бие махбодыг гадна орчинд дасан зохицуулахаар тархинд булчирхай ажиллаж байдаг. Мэдээж хүн тогтсон цагт унтаж, амарч чадвал аливаа өвчнөөр өвчлөх нь бага байж чадна.

-Ажил, мэргэжлээс хамаарч зарим хүн унтах ёстой цагаараа ажилладаг. Ер нь биологийн цагийг хямраадаг ямар, ямар хүчин зүйлс байдаг вэ?

-Хүний биологийн цагийг хямраадаг гадаад, дотоод хүчин зүйлс байдаг. Гадаад хүчин зүйлсэд ээлжийн ажил, аяллаар явах, цагийн зөрүүнд орох зэрэг орно. Тухайлбал ээлжийн ажилтай хүний хувьд өрөөний гэрэл нь зохиомлоор гэрэлтүүлэг үүсгэсэнтэй холбоотойгоор хүний бие биологийн цаг маш их хямарч өвчинд өртөмтгий болдог. Иймд ээлжийн ажилтай хүн хамгийн наад зах нь нойргүй болно, дотоод шүүрлийн булчирхайнууд хямарснаас үүдэж бүх л биеийн эмгэгтэй болох, цаашлаад нас богиносдог. Цагийн зөрүүнд орсноос хүн маш их хямрах мэдрэмжийг авна цаашлаад өвчин үүсэх шалтгаан болно. Дотоод хүчин зүйлд мэдрэл сэтгэцийн эмгэг, булчирхайн эмгэгүүд орно. Эдгээр нь гормоны хямрал болно, нас богиносох шалтгаан болно.

-Зарим хүний биологийн нас нь хэт хөгшин байдаг. Энэ нь биологийн цагтай холбоотой байдаг уу?

-Гадаад орчинтой зохицохын тулд хүний биеийн нарийн цагийн хуваарийн дагуу явдаг. Хүн энэ хуваарийн дагуу ажиллаж амьдарч чадаагүйгээс болж бодисын солилцоо удааширч биологийн нас нь өөрийн наснаас хэт зөрүүтэй болдог. Монгол хүний дундаж наслалт бага байгаа нь монгол хүн биологийн цагийн дагуу амьдардаггүйтэй холбоотой байж болох уу? Монгол хүн жилийн дөрвөн улиралтай, цаг агаарын хүнд нөхцөлд амьдардаг. Нэгдүгээрт цаг агаарын байдалтай холбоотой, хоёрдугаарт биологийн цагаа мэддэггүйтэй холбоотойгоор дундаж наслалт бага байх боломжтой.

Биологийн цаг

05 цаг: Бөөр амарч, булчингууд суларч, бодисын солилцоо зогсон бие организм бүрэн амралтын байдалд байна. Зүүдний хэд хэдэн үе солигдож бие организм сэрэхэд бэлэн байна. Өглөө эрт босох шаардлагатай бол санаа зоволтгүй сэрүүлгээ тавьж болно. 6 цагаас илүү 5 цагт босоход бие илүү сэргэг байдаг.  06 цаг: Дотоод сэрүүлэг ажилд орж эхэлнэ. Хүний тархи толгой амарч байсан ч бие сэрэхэд бэлтгэдэг. 07 цаг: Дархлаажуулалтын цаг. Бага зэргийн халуун хүйтэн хоршсон шүршүүрт орж биеийн эсэргүүцлээ сайжруулахад нэн тохиромжтой. Энэ үед эм тариаг бие хамгийн хурдан хүлээж авдаг цаг.

08 цаг: Хоол боловсруулалтын үе. Элэг, ходоод зэрэг эрхтнүүд цэвэрлэгээ хийж эхэлнэ. Хоногийн турш цугларсан муу бодисыг цэвэрлэнэ. Энэ үед цайгаа уудаг хүн спиртийн төрлийн ундаа болон хүнд тослог хоол идэж болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь элэгний ачаалал хэт ихэддэг байна. 09 цаг: Зүрх бүрэн хүчээрээ ажиллана. Бие организм өвдөлтийг бага мэдэрнэ. Шүдний өвчнөө эмчлүүлэхэд тохиромжтой. 10 цаг: Энэ үед хүний бие организмын ажил хийх чадвар оргилдоо хүрнэ. Энэ цагт ер бусын хэцүү асуудлаа шийдвэрлэхэд боломжийн шийдлүүд тархи толгойд орж ирнэ. Харин амралтын өдрүүд таарсан бол спортоор хичээллэхэд илүү тохиромжтой.

11 цаг: Биологийн компьютер буюу тархи нь хүнд хэцүү асуудлыг бүгдийг шийдэхэд бэлэн байдалд байсаар л байна. Зүрх үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ямар ч ажлыг хийж чадах хэмжээнд очно. Ялангуяа фитнесс клубт очдог хүмүүс хүнд ачааллыг авч чадна. 12 цаг: Хүний бие организм дотоод хүчээ дээд цэгтээ төвлөрүүлэн юу ч хийхэд бэлэн байна. Энэ сайхан цагийг утсаар ярьж, тамхи татан эсвэл хоол идэж өнгөрүүлэх нь туйлын буруу гэдгийг анхаараарай. Энэ бүхнийг нэг цагаар хойшлуулсан нь хавьгүй дээр аж.

13 цаг: Амрах цаг. Дотоод эрч хүч буурч эхэлнэ. Хүний тархи толгойд хэрэгтэй бодисуудын хангамж багасна. Хоолонд орж эрч хүчээ нэмж авах цаг болсон байна. Ялангуяа эрэгтэй хүнд энэ цаг хойш нь тавьж болохгүй цаг юм. 14 цаг: Ямарваа нэг зүйлд хариу үйлдэл хийхэд хүний тархины үйл ажиллагаа болон тамир тэнхээ доод түвшиндээ хүрсэн байх үе. Учир нь энэ үед хоол идсэний дараа цус толгойноос доошилж ходоод руу орсон байдаг. Тиймээс ажлаа хийж эхлэхээсээ өмнө биеэ сул тавих хэрэгтэй. 30 орчим минут унтахад хангалттай сэргэлт авна.

15 цаг: Тархи толгой илт сэргэсэн байна. Дотоод мэдрэмж сайжирсан байна. Ажил хэргийн уулзалт хийхэд хамгийн таатай үе. 16 цаг: Бие организм болон тархи толгойн уналтын үе. Гэвч удаан хугацааных биш. Энэ үед кофе уун бага зэрэг амрах хэрэгтэй. 17 цаг: Хүний энерги сэдэрдэг үе. Ажлын бүтээмж өндөрсөн аливаа ажлыг хурдтай хийнэ. Спортоор хичээллэхэд тохиромжтой.

18 цаг: Хүний тархины үйл ажиллагаа аажмаар буурч эхэлнэ. Бие организмдаа анхаарал тавь. Тархиа амраах хэрэгтэй болжээ. 19 цаг: Харшил хөдлөн, толгой өвдөж, даралт ихэснэ. Уур уцаартай болохын дээр ялихгүй зүйлээс болж хэрүүл үүсгэх нөхцөл бүрдэж ирдэг тул ганцаараа байвал хавьгүй дээр. 20 цаг: Эрч хүч доод хэмжээнд очсон байна. Гэвч удалгүй анхаарал төвлөрөн хөдөлгөөн хурдасч эхэлнэ. Энэ үед тогтворгүй муу жолооч ч жолоо сайн барьдаг болно.

21 цаг: Олж авсан мэдээллээ батжуулах, аливаа зүйлийг цээжилж тогтоох үйлд хамгийн тохиромжтой үе. Унтахын өмнөхөн тархи толгойны үйл ажиллагаа хамгийн их сайжирдаг. Энэ үед ямар ч мэдээллийг тэр хэмжээгээр нь багтаах чадвартай болсон байна. 22 цаг: Хүний биеийн цусанд энгийн үед 5-8 мянга байдаг цагаан биетүүд нь энэ үед 12 мянга орчим болдог. Энэ нь бие организмын хамгаалалтын үйл ажиллагаа ихэсч буйн дохио гэнэ. Хүний биеийн халуун буурч унтахад бэлэн болсон байна.

23 цаг: Унтахаасаа өмнө орондоо сайн сайхан зүйлийн тухай бод. Хүний бие организм суларсан ч гэсэн эс болгонд сэргэх үйл ажиллагаа явагдаж байдаг гэдгийг анхаараарай. 24 цаг: Энэ үед нойрсож байгаа хүний тархи ажиллан зүүд зүүдэлнэ. Өдрийн туршид хүлээж авсан мэдээллүүддээ хуваарилалт хийж байх үе. 01 цаг: Энэ үед хүний нойр мэдрэмтгий цочмог болсон байна. Өвчинг мэдрэх мэдрэмж өндөр байна. Гэмтэж бэртээсэн хөл, өвчтэй шүд яг одоо л өвддөг цаг нь. Тиймээс тухай бүрт нь өвчнөө эмчилж байх хэрэгтэй.

02 цаг: Бараг бүх эрхтнүүд амарч байна. Харин элэг ажилласаар л байгаа. Тиймээс хэрвээ та энэ үед сэрүүн байвал ямар нэг шингэх зүйл огт уух хэрэггүй. 03 цаг: Хүний физиологийн уналтын үе. Артерийн даралт хамгийн доод хэмжээндээ хүрч, зүрхний цохилт болон амьсгаа үл мэдэгдэх төдий байдаг.

04 цаг: Энэ үед хүний тархи хамгийн бага хэмжээний цусаар хангагдаж байдаг. Сэрэхэд бэлэн биш байна. Гэвч их соргог болсон байна. Бага боловч авиаг тархи хүлээн авбал дорхноо сэрдэг. Та өөрийн биологийн цагийг тодорхойлохын тулд хоёр долоо хоног орчим өдрийн тэмдэглэл хөтөлж, өдрийн турш ажиллах чадвар, ой тогтоол, эрч хүч, дур хүсэл г.м. зүйлс хэрхэн өөрчлөгдөж, ихэсч багасч байгааг тэмдэглэн авах хэрэгтэй. Ийнхүү өөрийн био цагийг мэдэж авснаар элдэв стресс, хямрал, өвчин эмгэгээс сэргийлнэ.

Ярилцсан Э.Мөнхзаяа : Эх сурвалж: itoim.mn