ДЭЛХИЙСПОРТ

ШВЕЙЦАР УЛСАД AMИA EГҮҮTГЭX МАШИНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ !!!

Австралийн нэг компанийн 3D технологиор бүтээсэн үхлийн машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хууль ёсны зөвшөөрлийг Швейцарын эрх баригчид өгсөн тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ. Амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүсийг “зовлонгүй” үхүүлэх зориулалттай уг машиныг Exit International байгууллагын захиалгаар бүтээсэн юм байна. Швейцар улсад хүн өөрийн хүслээр амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг юм. Одоо тус улсад тусгай тарилгаар хүмүүсийн хүслийг гүйцээдэг. Дээрх машинд зөвшөөрөл олгосноор амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүст бас нэг сонголт бий болж байна.

Уг машины битүү бүхээгт орж суусан хүн нэг товч дарахад хүчилтөрөгчийн хэмжээ доторх агаарын 1 хувь хүртэл аажмаар буурч, оронд нь азотын хийгээр дүүрдэг ажээ. Ингэснээр хүн 30 хүрэхгүй секундийн дотор ухаанаа алдаж, ямар нэг зовлон шаналгаагүйгээр амьсгал хураадаг юм байна. Үхлийн машиныг Швейцарт ирэх онд багтаан ашиглаж эхлэхээр болжээ. “Assisted suicide” буюу бусдын тусламжтай амиа егүүтгэх арга АНУ-ын зарим мужууд, Нидерланд, Герман, Испани, Канад зэрэг улсуудад хуулиар зөвшөөрөгддөг. Ингэхдээ эдгэршгүй өвчин туссан байх зэрэг нэлээд өндөр шалгуур нөхцөл тавигддаг байна.

Эх сурвалж : Ikon.mn : Tribune News Service

ХҮН ЯАГААД АМИА ХОРЛОДОГ ВЭ ?

Хүнийг амиа хорлоход хүргэдэг шалтгаанууд нь харилцан адилгүй байдаг ба дийлэнхдээ дараах шалтгаантай байдгийг судалгаагаар тогтоожээ.

СЭТГЭЛИЙН ГҮН ХЯМРАЛ

Тэдний ихэнх нь амиа хорлох оролдлогыг эртнээс төлөвлөхөөс илүүтэйгээр гэнэтийн шийдвэрээр гаргадаг. Олон шалтгаан байдаг боловч хамгийн түгээмэл тохиолддог нь сэтгэлийн хямрал юм. Сэтгэлийн гүн хямрал нь хүнийг итгэл найдвараа алдахад хүргэж, шаналлаа дарахын тулд амьдралаа дуусгахаас өөр арга замыг олж харах чадваргүй болгодог. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хямрал нь даамжирсаар, асуудлыг шийдвэрлэж чадахгүй удаан явсаар тэд амиа хорлодог байна.

НИЙГМЭЭС ТУСГААРЛАГДАХ

Хүн найз нөхөд, хань ижлээ алдах, салалт, бие махбодийн болон сэтгэцийн өвчнөөр өвдөх, нийгмийн түгшүүр, тэтгэвэрт гарах, эсвэл шинэ газарт шилжих зэргээр олон шалтгаанаар хүн нийгмээс тусгаарлагдаж болно. Мөн тухайн нийгмийн тусгаарлалт нь өөрийгөө үнэлэх чадвар багатай гэх мэт дотоод хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Энэ нь ганцаардалд хүргэж, амиа хорлох эрсдэлт хүчин зүйл болох сэтгэлийн хямрал, архи, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг.

ӨНГӨРСӨН ҮЕИЙН СӨРӨГ ДУРСАМЖААС ҮҮДЭЛТЭЙ СТРЕСС

Бага насны бэлгийн хүчирхийлэл, эсвэл насанд хүрсэн үедээ мэдэрсэн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн болон дайны үеийн сэтгэц болон бие махбодийн гэмтэлтэй хүн амиа хорлох эрсдэл өндөртэй байдаг. Гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу олон удаагийн давтамжаар оношлогдох нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг.

ГАРГАСАН АЛДААНДАА ХАРАМСАХ, АЙХ МЭДРЭМЖ ТӨРӨХ

Гаргасан алдаандаа харамсаж хүн амиа хорлодог. Жишээ нь шалгалтдаа унах, баривчлагдах эсвэл шоронд орох, санхүүгийн асуудалд орох, ойр дотнын нөхөрлөл эсвэл хосын харилцааны төгсгөл, ажлаасаа халагдах, ажлын байраа алдах, бэлгийн чиг баримжааг найз нөхөд, гэр бүл нь хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн байр сууриа алдах зэрэг багтдаг.

ИТГЭЛ НАЙДВАРАА АЛДАХ

Богино хугацаанд эсвэл урт хугацааны турш итгэл найдвараа алдсан байдал нь амиа хорлох шийдвэр гаргахад нөлөөлдөг болохыг олон судалгаагаар тогтоогджээ. Тухайн хүн нийгмийн болон бие махбодийн бэрхшээлтэй тулгарснаар нөхцөл байдлыг сайжруулах арга замыг олж харж чадахгүйд хүрдэг. Нэг үгээр тухайн хүн итгэл найдвараа алдсан гэдгээ мэдэрч, түүнийгээ өөрчлөх чадваргүй үед энэ нь тэдний амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг “сүүдэрлүүлж”, амиа хорлох сонголтоос өөр арга зам үгүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Хөндлөнгийн хүмүүс бүх зүйл сайжирна гэж бодож болох ч гутранги байдал, цөхрөлд автсан сэтгэлийн хямралтай хүмүүс үүнийг олж харахгүй байх тохиолдол их.

АРХАГ ӨВЧИНТЭЙ БА ИХ ӨВДӨЛТИЙГ МЭДРЭХ

Эдгэрч, зовлонгоос ангижрах найдваргүй болсон хүнд өвчтэй хүн амиа хорлох тохиолдол бий. Зарим муж улсад ийм шалтгаанаар амиа хорлохыг зөвшөөрч, хуульчилсан байдаг. Америкийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны сэтгүүлд хийсэн судалгаагаар дараах төрлийн өвчтэй хүн амиа хорлох өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Үүнд багтраа, нурууны зовуур, тархины гэмтэл, хорт хавдар, зүрхний архаг дутагдал, чихрийн шижин, эпилепси, ХДХВ/ДОХ, цусны даралт өндөр байх, мигрень зэрэг өвчнүүд юм. Архаг өвдөлт нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралыг бий болгож амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судалгаанаас харахад архаг өвдөлттэй хүмүүс сэтгэлийн хямрал, түгшүүр нь өвчингүй хүмүүсээс дөрөв дахин их байдгийг тогтоожээ.

БУСДАД ХҮНД АЧАА БОЛЖ БАЙГАА МЭТ САНАГДАХ

Үнэндээ амиа хорлохоор шийдсэн ихэнх хүн хайртай хүмүүс нь эсвэл дэлхий ертөнц тэдэнгүйгээр илүү сайн байх болно гэж итгэдэг. Архаг эсвэл эдгэршгүй өвчтэй хүн эмнэлэг рүү олон дахин явах, гэр бүлийн ажил үүргээ гүйцэтгэж, эмнэлгийн төлбөр төлөхөд улам бүр хэцүү санагдаж бусдад дарамт болж байна хэмээн боддог. Тэдгээр хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө бусдын нуруун дээр үүссэн ачаа гэж бодон, улмаар өөрсдийгөө үнэ цэнэгүй гэж үздэг.

XAP TAMXИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ

Хар тамхи, согтууруулах ундаа нь хүнийг амиа хорлоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Нэг үгээр эрүүл байх үеэсээ илүү сэдлийг их төрүүлдэг байна. Нөгөөтээгүүр хар тамхи, согтууруулах ундааны тогтмол хэрэглээ нь амиа хорлоход хүргэх бусад шалтгаан болох ажилгүйдэл, харилцаагаа алдахад нөлөөлдөг байна. Сэтгэцийн хямрал болон бусад сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүсийн дунд мансууруулах бодис, архины хэрэглээний түвшин өндөр байдаг. Өөрөөр хэлбэл амиа хорлох эрсдэлийг улам нэмдэг байна. Хэрэв сэтгэл санааны тавгүй байдлыг мэдэрч, дээрх шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандах, бусадтай ярилцахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ourworldindata.org/suicide, www.verywellmind.com