ДЭЛХИЙСПОРТ

ТА ХОРТ ХАВДРААС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ СЭРГИЙЛЭХ ВЭ : ХАДГАЛААД АВААРАЙ

Дэлхийд жилд ойролцоогоор 14 сая хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, 8 сая гаруй хүн үүнээс болж нас бардаг байна. Монгол Улсын хувьд жилд ойролцоогоор 6000 гаруй хүн уг өвчнөөр өвчилж, 4000 орчим хүн хорт хавдрын улмаас нас бардаг аж. Энэ тоон баримт бол харьцангуй цөөн хүн амьтай манай орны хувьд аюулын харанга юм. Хамгийн харамсалтай нь Монголд хорт хавдраар өвчлөгчдийн 90 гаруй хувь нь 45 ба түүнээс дээш насныхан байгаа бөгөөд энэ тоо жил ирэх тусам залуужиж байгаа аж. 

Хүний хэвийн ДНХ орчин тойрны хортой химийн бодис, цацраг идэвхт туяа, вирус зэрэг маш олон төрлийн үүсгэгчээс шалтгаалан хавдрын эс болж өөрчлөгддөг. Энэ өөрчлөгдсөн ДНХ нь удамшдаг бөгөөд өвчилсөн хүмүүс нь ихэвчлэн хорт хавдрын эсүүд бусад эдүүдэд үсэрхийлсэн хожуу үед нь олж мэддэг байна.

Та магадгүй өмнө нь хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар хоорондоо зөрүүтэй олон зөвлөгөөнүүдийг уншиж байсан байх. Тухайн хорт хавдрын төрлөөс хамаараад урьдчилан сэргийлэх арга нь өөр төрлийн хавдраас өөрийгөө хамгаалах аргатай зөрчилдөж болох юм. Гэхдээ энэ талаарх хийгдсэн сүүлийн үеийн судалгаануудад хүний амьдралын буруутай хэв маягаас болж уг өвчин үүсэх нөхцөл бүрддэг гэж дүгнэсэн байдаг.

Тиймээс үхэлд хүргэж болохуйц уг өвчнөөс хэрхэн өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж байна. Мөн хорт хавдрын эсийг дарангуйлдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хавсарган хүргэж байна. Та эдгээр зөвлөгөөг өөрийн амьдралын зөв хэв маяг болгож хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.

1. Тамхинаас татгалз

Тамхинд агуулагдах химийн хорт бодисууд нь уушги, амьсгалын зам, залгиур хоолой, нойр булчирхай, давсаг, умайн хүзүү болон бөөрний хорт хавдрыг үүсгэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Та тамхи татдаггүй байсан ч дам тамхидалтад өртөх нь энэ өвчнөөр өвчлөх том шалтгаан юм. Тиймээс тамхинаас татгалзах хэрэгтэй.

Тамхи татах зуршил нь донтолттой холбоотой байдаг. Тиймээс та үүнийг таслан зогсоож чадахгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж өөрт тохирсон зөвлөгөөг авахыг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд тамхинаас гаргах янз бүрийн наалт, эм бэлдмэл зэрэг нь үр дүн багатай байдаг бөгөөд хэрвээ үйлчлэхгүй бол цаашид тухайн хүнийг улам донтуулах сөрөг нөлөөтэй байдаг аж.

2. Эрүүл хооллох

Эрүүл хоол хүнс хэрэглэх нь таныг хорт хавдраас сэргийлэх хамгийн сайн арга байж чадахгүй. Гэхдээ эрүүл хооллолтын хэв маяг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг буруулдаг болох нь судалгаагаар нотлогдсон зүйл юм. Үүний тулд калорийн өдөр агууламжтай болон сахар ихээр агуулсан хүнснээс татгалзаж бүхэл үрийн гурил болон бүх төрлийн шошийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь өгөөжтэй. Мөн архийг олон жил хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс элэг, хөх, уушги, бөөр болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал их байдаг аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн зүгээс өдөр тутамдаа их хэмжээний боловсруулсан мах хэрэглэх нь хорт хавдар үүсгэх шалтгаан болдог гэж анхааруулсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд оливийн тос болон самар тогтмол хэрэглэх нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой аж.

3. Дасгал сургуулилт тогтмол хийж хэвийн жингээ хадгалах

Илүүдэл жин нь хүнд хөх, түрүү булчирхай, шулуун гэдэс, уушги болон бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг өндөр болгодог байна. Тиймээс тогтмол дасгал сургуулилт хийж, хэвийн жингээ хадгалах нь зөвхөн хорт хавдар гэлтгүй зүрх судас болон өөр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэс болдог. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүн долоо хоногт хамгийн багадаа 150 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулж байх хэрэгтэй аж. Эсвэл долоо хоногт дор хаяж 75 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ тоо өндөр байх тусам үр дүн үүнтэй адил гэсэн үг юм.

4. Нарны хурц туяанаас хамгаалах

Нарны хортой туяа нь хамгийн түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрыг үүсгэдэг хэдий ч үүнээс сэргийлэхэд хамгийн амархан байдаг аж. Ингэхийн тулд та үдээс хойш буюу өглөөний 10-аас оройн 4 цагийн хооронд аль болох нарны хурц цацрагаас хол байж, гадаа гарахгүй байх хэрэгтэй. Нөгөөтээгүүр нарнаас хүн Д-амин дэмийг авдаг. Энэ нь хүний дархлаанд хамгийн ач холбогдолтой.

Тиймээс ялангуяа зуны цагт наранд гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэж, малгай, нүдний шил хэрэглэж заншин, аль болох даавуун цайвар өнгийн хувцас өмсөж байх хэрэгтэй. Учир нь нарны туяаг хэт их авах нь хордлогод оруулдаг бөгөөд хар бараан хувцас хортой цацрагийг өөртөө амархан шингээж арьсанд нөлөөлдөг байна. Мөн бүсгүйчүүд арьсаа борлуулах зорилгоор салонд шарлага хийлгэх нь нарнаас ч илүү аюултай байдаг аж.

5. Вакцин хийлгэх

Мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон вакцин хийлгэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Үүний дотор Гепатит Б-ын төрлийн вакциныг бэлгийн идэвхтэй амьдралтай насанд хүрэгчид хийлгэх шаардлагатай аж. Энэ нь зөвхөн хорт хавдар гэлтгүй бэлгийн зам болон цусаар дамждаг өөр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

6. Мэргэжлийн эмчийн хяналтад байж, тогтмол эмнэлгийн бүрэн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх

Хорт хавдраар өвчилснөө мэдсэн хүмүүсийн ихэнх нь үүнийг хожуу буюу зарим тохиолдолд эмчлэх боломжгүй хэт оройтсон үедээ илрүүлдэг байна. Тиймээс байнга мэргэжлийн эмчийн хяналт доор эмнэлгийн нарийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Тухайлбал хөх, умайн хүзүү, шулуун гэдэс болон арьсны хорт хавдрыг маш эрт илрүүлж, эмчилж болдог байна. Хорт хавдрыг эрт оношлох тусам эдгэх магадлал нь өндөр байдаг аж.

Хорт хавдрын эсийг дарангуйлдаг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцвал:

Ногоон цай, цагаан гаа, лууван болон бүх төрлийн ногоон өнгөтэй хүнсний ногоо, яргуй цэцэг, лаванда цэцэг, турмерик, эрдэнэ шиш, нэрс, бөөрөлзгөнө, шош, улаан хошингор, кофе, усан үзэм, улаан лооль, интоор, хар перец, сонгино, сармис, чавга, ганга, базил, орегано, загас, өндөгний шар болон үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хорт хавдрын эсийг дарангуйлдаг байна.

Орчуулсан О.Мөнхбат: Эх сурвалж : Mayoclinic, Foodrevolution