ДЭЛХИЙЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЗӨВЛӨГӨӨ: 16 гадаад хэл төгс эзэмшсэн эмэгтэйн өгч буй 10 чухал зарчим : Та хадгалаад аваарай

Унгарын орчуулагч хатагтай Като Ломб ( Kato Lomb )  нь 84 наслахдаа таван тивийн 40 улсаар аялж ”Дэлхийг тойрсон орчуулагч” номоороо олонд танигдсан юм. Тэрбээр хэлэхдээ  “Би хэрхэн яаж хэл сурдаг вэ” номдоо өөрийн 16 хэлийг төгс эзэмшсэн нууцаа хуваалцсан байдаг. Тэрээр физик, химийн мэргэжилтэй ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн олон хэлийг бие дааж сурсан байна.

Ямар нэгэн гадаад хэлийг бүрэн эзэмшинэ гэдэг хэзээд бэрх даваа байдаг. Тэгвэл нэг бус 16 хэлийг бүрэн судална гэдэг төсөөлшгүй хэцүү мэт санагдаж байгаа биз? Като хэл сурахад хамгийн чухал 10 зарчмыг ийн өгүүлжээ. 

1. Өдөр бүрийг суралцаж өнгөрөө. Хэлийг өдөр бүр давтаж байж сурдаг. Хэрвээ огт цаг байхгүй бол, дор хаяж 10 минутыг зарцуул. Ялангуяа өглөө давтах нь илүү үр дүнтэй.

2. Хэзээ ч утгыг ойлголгүйгээр бүү цээжил, үгийг өгүүлбэр, текстийн гол агуулгаас салгаж цээжилж болохгүй.

3. Цээжлэхэд хэцүү үг хэллэг, хэлцүүдээ давтан тэдгээрийг яриандаа аль болох их ашигла. 4. Боломжтой бүх зүйлсийг толгойдоо орчуулахыг хичээ. /үүнд: зар сурталчилгааны самбар, зурагт хуудас дээрх бичвэр, санамсаргүй байдлаар сонссон яриа зэрэг орно. /

5. Хэрвээ хичээл хийх хүсэлгүй болбол хүчээр бүү хий, гэхдээ бас хаяж болохгүй. Өөр ямар нэгэн арга бодож олоорой: номоо тавиад радио сонсох, сурах бичгийн дасгалаа орхиж толь бичгээ үзэх гэх мэт.

6. Зөвхөн багшийн зассан зүйлийг л маш сайтар цээжил. Өөрийнхөө засуулаагүй дасгалуудыг дахин дахин унших хэрэггүй: Олон удаагийн давтамжтай уншсанаар текстийг алдаатай нь хамт цээжилдэг байна. Хэрэв бие даан сурч байгаа бол зөвхөн баттай зөв зүйлийг л тогтоож ав.

7. Бэлэн хэлц үгсийг эзэн биеийн ганц тоон дээр цээжил. Жишээлбэл: “I am only pulling your leg” буюу “Би зүгээр л чамайг өдөж байна.”

8. Гадаад хэл бол бүх талаас нэгэн зэрэг цохилт өгөх ёстой ”цайз” юм. Өөрөөр хэлбэл сонин унших, радио сонсох, кино үзэх, гадаад хэл дээрх лекцэд суух, сурах бичигтэй ажиллах, харилцах, тухайн хэлийг сайн мэдэх найз нөхөдтэйгөө уулзах, ярилцаж, бүх чадвараа нэгэн зэрэг хөгжүүлэх хэрэгтэй.

9. Бусадтай харилцах, алдаа гаргахаас бүү ай, харин алдааг тань засаж залруулахыг гуй. Хамгийн гол нь алдааг тань засаж эхлэхэд бүү сэтгэлээр унаж гомдоорой.

10. Юу ч болсон бай өөрийн зорилгодоо хүрнэ хэмээн бодож, өөрийгөө ер бусын ур чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй бай.

Като Ломб хэл эзэмшихэд хамгийн чухал бөгөөд ойлгоход энгийн томьёог зохисон нь: зарцуулсан цаг хугацаа + сонирхол = үр дүн

Хялбарчилбал:  (зарцуулсан цаг хугацаа+сонирхол) / биеэ барих(алдаа гаргахаас айх) = үр дүн. 86 настай Като Ломб 54 настай өөрийн найзтай таарахдаа түүний амьдралд нэн чухал үгсийг хэлсэн нь: “Стив, чи залуу байна! Олон жил өмнө чинь байна, дахиад мөн ч олон хэл сурч болно доо!” гэжээ.

Орчуулсан Э.Уянга : Эх сурвалж : Big Picture

Хагас жилийн дотор гадаад хэл сурах ДОЛООН арга

Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу? Тэгвэл танд Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга” зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм. Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой.

1. ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ КИНО ҮЗЭХ, ЭСВЭЛ ДУУ, РАДИО СОНСОЖ ХЭВШЭЭРЭЙ

Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар нэгэн шалтгаантайгаар сураарай. Тэгээд тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй. Тэгснээр та зөв дуудлагаар нь ярьж чаддаг болно. Хэрвээ та кино үзмээр байгаа бол  losmovies.ws, playmoviez.co руу ороод үзэж болно.

2. ШИНЭ ҮГ ЦЭЭЖЛЭХ БИШ ЭХЛЭЭД УТГЫГ НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Аливаа шинэ үгийг сурахдаа шууд цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгоорой. Тэгээд сурсан үгээ өдөр тутамдаа ашиглаарай. Тэгвэл маш хурдан цээжлэгдэх болно. Эсвэл gamestolearnenglish.com руу ороод л тоглоом тоглонгоо цээжилж болно.

3. ШИНЭ ҮГЭЭ НЭР ҮГ, ҮЙЛ ҮГ, ТЭМДЭГ НЭР ГЭЖ ХУВААЖ ЦЭЭЖЛЭХ

Хэрвээ шинэ үгнүүдээ та нэр үг, үйл үг, тэмдэг нэр гээд ангилаад цээжилчихвэл дүрмээ сайн мэдэхгүй байсан ч хэлмээр байсан зүйлээ ойлгуулж чадна. Та learn-english-online.us/ сайтаар ороод өөрийгөө шалгаж, илүү их тэмдэг нэр, үйл үг сурах боломжтой.

4. ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГСИЙГ ЦЭЭЖЛЭХ

Англи хэлэнд гэхэд өдөр тутам хэрэглэгддэг 1,000 үг байдаг. Хэрвээ та эдгээр үгийг хэрэглээд сурчихвал тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн өдөр тутмын харилцан ярианы 85 хувийг ойлгох боломжтой юм. Тиймээс шинэ хэлийг сурахаар шийдсэн бол эхлээд хамгийн их хэрэглэгддэг үгсийг сураарай. Тухайлбал, www.englishspeak.com сайтаас ороод шинэ үг сурч болно.

5. АДИЛ ЗОРИЛГОТОЙ ХАМТРАГЧТАЙ БОЛООРОЙ

Та гадаад хэл сурч байхдаа өөрийгөө хуурч эсвэл бусдаас ичээд ярихгүй байх үе байдаг уу? Тэгвэл та адилхан зорилготой, сайн хамтрагчтай болоорой. Яагаад гэвэл таны хамтрагч таныг алдаж байвал бурууг нь зааж, зөвлөх учраас тэр.

6. ТУХАЙН ХЭЛЭЭР ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ДУУРАЙГААРАЙ

Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөн болон нүүрний хувирлыг нь сайтар ажиглаж, дуурайгаарай. Тэгж байж зөв дуудлагаар ярьж чадах болно. Мэдээж анх сурч байхад хэн ч гэсэн буруу дуудлагатай ярих үе байдаг. Энэ л үед та шантралгүй бага багаар урагшлах хэрэгтэй. Яагаад гэвэл хэн ч гэсэн анхнаасаа 100% шилдэг байдаггүй.

7. СУРЧ БАЙГАА ХЭЛЭЭРЭЭ БОДОЖ СУРАХ НЬ ЧУХАЛ

Хүн бүр гадаад хэлийг сурахдаа заавал унаган хэлээрээ орчуулаад, дараа нь сурч буй хэл рүүгээ хөрвүүлэн бодож байдаг. Гэтэл энэ арга нь маш их цаг шаарддаг. Тиймээс та тархи болон сэтгэл зүрхээ сурч байгаа гадаад хэл рүүгээ төвлөрүүлж, тухайн хэлээрээ сэтгэж, ярьж сурах нь хамгийн чухал. Хэрвээ та анхнаасаа энэ арга барилаар сурч чадвал ямар ч хэлийг төвөггүйхэн сурч чадах болно. Тиймээс сайн ойлгохгүй байсан ч тухайн хэлээр ярьж, бодох гэж хичээгээрэй​.

Эх сурвалж: tabi-labo.com