АЛДАРТНУУДСПОРТ

МАН ABЛИГЫH XЭPЭГT ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ XӨӨBӨЛ УИХ-Д ЦӨӨНХ БОЛНО !!!

Эрх баригч МАН хэдхэн хоногийн өмнө 30 дугаар их хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгосон. Шинэ бүрэлдэхүүнд МАН-ыг удирдаж, Ерөнхий сайдын албыг хүртэл хашиж явсан М.Энхболд, Сү.Батболд нарын олон хүмүүс багтаагүй билээ. Энэ үйл явдлын учрыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна. Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн намын халхавч дор нуугддаг, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлүүдийг таслан зогсоох алхам руугаа оръё гэж байгаа юм.

Иймээс намын дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаал хашихгүй гэдэг дүрмийн заалт оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй” гэж ярьжээ. Тэгэхээр МАН энэ заалтаа яс бариад явбал шинэ уур амьсгалаар давлагаалах бололтой.

Үүний эхлэл нь М.Энхболд, Сү.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хассанаар илэрч байна. Зөвхөн энэ удаагийн хасагдсан хүмүүс биш, цаашид ч МАН дэмжлэг үзүүлэхгүй хүмүүстээ энэ заалтаа ил тод зарлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, бүр ял шийтгэл авч байсан хүмүүс ч МАН-ын нэрээр сонгуульд ялж, энэ намын нэрээр элдэв албан тушаал хашиж байгаа. Тэр хүмүүст зориулж намын генсек ингэж зарлалаа гэж харагдаж байна. Тэдгээр хүмүүсээс цөөхнийг хэлье.

Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж Жаргалтулгын Эрдэнэбатыг буруутган шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Харин жил гаруйн дараа түүнийг суллахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ шүүхээс танилцуулсан юм. Ингээд тэр шоронгоос гараад шууд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Ё.Баатарбилэг гишүүн Архангайн Засаг дарга байхдаа авлигын хэргээр шалгагдан, хоригдож байсан нь энүүхэн хэдхэн жилийн өмнөх явдал.

УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт хамтдаа шалгагдаж, эгээтэй л ачигдалгүй үлдсэн.

Ш.Раднаасэд гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, олон хүнд ял завших боломж олгосон гэдэг. Түүнийг нөхөд нь “Ааяа” гэж авгайлдаг болохыг бид мэддэг болсон.

Сүхбаатарын Батболд гишүүний оффшор мөнгөний асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг баримтаар гаргаад ирсэн.

Энэ мэт барим тавим баримтаас гадна олны ам дамжин яригддаг, хийсэн үйлдэл нь нэр хоч болон үлдсэн гишүүд бий. Дорнодын цахилгаан станцын төсөл, 10 сая ам.доллартай шууд нэр нь холбоотой хүн одоо ч Төрийн ордонд заларч байна.

Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг ах дүүгээрээ дамжуулан гадныханд зарсан гэдэг хэл аманд холбогддог гишүүн, Тост, Тосон бумбын нурууныбайгалийн нөөц газарт уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг захирал гишүүн, Туул голын бургасыг огтолж барилга барьдаг гишүүн гээд одоогийн УИХ-д сууж байгаа олон хүний талаар ард түмэн мэддэг, дургүйлхдэг.

МАН энэ мэт алдааны цуглуулгуудаасаа бага багаар татгалзаж байгаагаа зарлалаа. Эхнээсээ татгалзаад байгаагууд нь тодорхой болсон. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажил хийх чадваргүй гэж үзэж эхэлж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх гишүүдээсээ татгалзвал хэтрүүлж хэлэхэд, УИХ-д цөөнх болох хэмжээний гишүүдтэй үлдэнэ гэдгээ нам удирдаж байгаа хоёр залуу тооцсон болов уу. Тооцсон ч эргэж буцахааргүй зоримог харагдаж байна.

Ийм эр зориг, ийм шинэчлэлийн салхи ханхлуулж байгаад нь МАН-ын шинэхэн залууудирдлагуудад талархах ёстой. Ажил хийх чадамж, чадваргүй хүмүүсээсээ эрхтхэн салбал намд төдийгүй Монгол Улсад хэрэгтэй. Монголчууд бидний амьдралд тустай юм. Авлига авбал, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг хийвэл, ёс суртахуунгүй хогийн үйлдэл гаргавал таны улс төрийн карьер дуусдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болбол нийгэм одоогийнхоосоо нэг алхам урагшилна. Намаар дамжин албан тушаал хашиж, авлига аваад баяжаад байдаг асуудал бага ч атугай цэгцэрнэ. Цүнх баригчдын үед төгсгөл ирнэ гэсэн найдлага төрж байна.

Тиймээс УИХ-ын сонгуулийг наашлуулж дахин зарлахад ч гэмгүй. Нэгэнт ажлын чадамжгүй хүмүүсээсээ эртхэн салж, холын замд хөл нийлж явах шинэ цагийн боловсон хүчнээ урин залах хэрэгтэй. Ажил эрт эхлэх тусмаа урагштай байдаг.

 ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА : ӨДРИЙН СОНИН