ДЭЛХИЙСПОРТ

Гайхамшигт түүх: 30 настай бүсгүй 1 үсний хавчаарыг бартерын аргаар байшин болгожээ !!!

Деми Скиппер (Demi Skipper) хэмээх бүсгүй эдүүгээ 30 настай залуухан эмэгтэй юм. Тэрбээр  өөрөөсөө сохор зоос ч гаргалгүйгээр нэг ширхэг үсний хавчаарыг бартерын аргаар бүхэл бүтэн байшин болгожээ. Тэрээр өнгөрсөн оны 5-р сард шинэ TikTok хаяг нээснийхээ дараа “Trade me” буюу “Надтай наймаалц” хэмээх төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд өдгөө 5 сая дагагчтай болж чаджээ. Деми үүнийхээ ачаар Теннеси мужид 80 мянган ам.долларын үнэтэй байшингийн эзэн болж чадсан юм.

2006 онд Кайл Макдоналд хэмээх залуу мөн цахим орчинд бартер хийх замаар бичгийн хавчаарыг байшин болгож чадсан явдлаас Деми үлгэр авч ийм зүйл хийх болсон байна.  Тэрээр Craigslist, eBay, Facebook зэрэг сайтуудад зар байршуулан өөрт байгаа зүйлийг бага багаар ахиулан солих хүмүүсийг хайсан бөгөөд наймаа бүрээ TikTok-оороо дамжуулан хүмүүст мэдэгдэж иржээ.

Ингэж явсаар Деми нэг мэдэхэд гурван трактортой болсон аж. Үүнийг нь Chipotle сүлжээ ресторан анзаарч, тэдгээрийг нь “алдартны эрхийн карт”-аар солих санал тавьжээ. Ийм карт нь 50 хүртэлх хүнийг нэг удаадаа үнэгүй дайлах эрхтэй байдаг бөгөөд дунджаар 20 мянган ам.долларын үнэтэй аж.

Деми зөв хүнээ олох юм бол ийм эрхийн картыг илүү өндөр үнэ хүргэн борлуулах боломжтойгоо ойлгосон учраас зөвшөөрөв. Тэгтэл удалгүй Канадын иргэн Алисса хэмээх бүсгүй Tesla-ийн нарны хавтан суурилуулсан аяллын чиргүүлээр түүнийг нь солих санал тавьжээ.

Ийнхүү Деми 40 мянган ам.долларын үнэ бүхий аяллын чиргүүлийн эзэн болсон байна. Харамсалтай нь Канадаас АНУ-руу тээврийн хэрэгсэл шилжүүлэхийн тулд тэрээр хэдэн долоо хоногийн турш бичиг цаастай зууралдсаны дээр бага сага засвар хийлгэсэн гэнэ.

Тэгтэл Теннеси мужид амьдардаг нэгэн эмэгтэй Демитэй холбогдож аль эртнээс өөрийг нь дагаж байсан бөгөөд яг таарах байшингаар чиргүүлийг нь солихыг хүсч байгаагаа хэлсэн байна.  Сан Франциско хотод байр түрээслэн амьдардаг бүсгүй ийнхүү нөхрийн хамт Теннеси мужид өөрсдийн гэсэн орон гэртэй болж чаджээ. Хосууд мөрөөдлийг нь биелүүлсэн үсний хавчаарыг эргүүлж олоод жаазанд хийж хадгалсан байна.

Демид 2 дүрэм байдаг:  

1.Тэр хамаатан садан болон ойр дотнын хүмүүстэйгээ солио хийдэггүй;
2.Тэр мөнгө үрэхгүйгээр зөвхөн солио хийдэг

Тэрээр нийтдээ 28 удаа бартер хийсэн бөгөөд ийм дарааллаар наймаа хийжээ.

 

Эхлэл: Үсний хавчаар

Эхний солио: Ээмэг (10 ам.доллар)

Хоёр дахь солио: Ээмэг (10 ам.доллар) – Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар)

Гурав дахь солио: Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар) – Хуучин тоос сорогч (60 ам.доллар)

Дөрөв дэх солио: Хуучин тоос сорогч (60 ам.доллар) – Сноуборд (95 ам.доллар)

Тав дахь солио: Сноуборд (95 ам.доллар) – Apple TV 4K төхөөрөмж (180 ам.доллар)

Зургаа дахь солио: Apple TV 4K (180 ам.доллар) – Шум шүүгчтэй чихэвч (220 ам.доллар)

Долоо дахь солио: Чихэвч (220 ам.доллар) – Xbox One (320 ам.доллар)

Найм дахь солио: Xbox (320 ам.доллар) – MacBook Pro 2011 (400 ам.доллар)

Ес дэх солио: MacBook Pro 2011 (400 ам.доллар) – Canon камер (550 ам.доллар)

Арав дахь солио: Canon (550 ам.доллар) – Off-White x Nike Blazers пүүз (750 ам.доллар)

11 дэх солио: Nike пүүз (750 ам.доллар) – Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар)

12 дахь солио: Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар) – Jordan 1 пүүз (1200 ам.доллар)

13 дахь солио: Jordan 1 пүүз (1200 ам.доллар) – iPhone 11 Pro Max (1095 ам.доллар)

14 дэх солио: iPhone 11 Pro Max (1095 ам.доллар) – 2008 оны Dodge Caravan автомашин (1200 ам.доллар)

15 дахь солио: Dodge Caravan автомашин (1200 ам.доллар) – Цахилгаан скейтборд (1500 ам.доллар)

16 дахь солио: Цахилгаан скейтборд (1500 ам.доллар) – Macbook Pro 2017 (1400 ам.доллар)

17 дахь солио: Macbook Pro 2017 (1400 ам.доллар) – Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар)

18 дахь солио: Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар) – 2007 оны Mini Cooper машин

Эндээс эхлэн тэрээр барааны үнийг нууцлах болжээ.

19 дэх солио: 2007 оны Mini Cooper машин – Алмааз, индранил шигтгээтэй зүүлт

20 дахь солио: Алмааз, индранил шигтгээтэй зүүлт – Peloton V3 дасгалын дугуй

21 дахь солио: Peloton V3 дасгалын дугуй – 2006 оны Ford Mustang GT Deluxe машин

22 дахь солио: Ford Mustang GT Deluxe машин – 2011 оны Jeep Patriot машин

23 дахь солио: Jeep Patriot машин – Аяллын чиргүүл

24 дэх солио: Аяллын чиргүүл – Honda CR-V автомашин

25 дахь солио: Honda CR-V автомашин – Гурван трактор

26 дахь солио: Гурван трактор – “Chipotle” рестораны эрхийн бичиг

27 дахь солио: “Chipotle” рестораны эрхийн бичиг – “Тесла” цахилгаан үүсгүүртэй чиргүүл

28 дахь солио: “Тесла” цахилгаан үүсгүүртэй чиргүүл – Теннесси муж дахь хувийн байшин

Орчуулсан А.Сарангуа

 ЭД БАЯЛАГ, АЗ ДУУДАХ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА

Эрт үеэс хүний нүүрийг уул болон голтой адилтган зүйрлэдэг байж ээ. Хүний нүүрэн дээр 9 цэг байдаг гэж үздэг байна. Эдгээр цэгүүдийн тусламжтай хүн эд баялаг болон эрүүл мэндийг өөртөө урин дуудах боломжтой ажээ. Та туршиж үзэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол бидний бэлтгэсэн энэхүү сонирхолтой мэдээллийг уншаарай.

1. Духан дээрх цэг – Муу муухай зүйлээс хамгаална

Духан дээрх цэг хамгийн их утга учиртай байдаг. Уг цэгийг “Диваажин дахь луугийн гэр” гэж нэрлэдэг бөгөөд өөрөөр “Жан” гэх нь ч бий.  Духан дээрх цэг амжилт бүтээл, хүч чадлыг бэлгэдэхээс гадна, муу муухай зүйлээс эзнээ хамгаалдаг.

Иймд уг цэгийг наранд түлэгдэхээс сэргийлж, батга гаргалгүй, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй юм. Харин нас ахих үед цэг байрлаж буй хэсгийн арьс үрчлээтэх нь байж болох асуудал гэнэ.  Мөн таны духан дээр хар өнгийн мэнгэ байдаг бол, авахуулах хэрэгтэйг Хятадын судар номонд бичсэн байдаг аж. Энэ нь азгүйтэхэд хүргэдэг байна.

2. Хамрын дээд хэсэг – Элбэг дэлбэг байдал, хүч чадал

Нүдний харалдаа орших хамрын уг цэгүүд нь “Жен” гэх нэртэй. Хятадууд үүнийг “Амьдралын их ордон” гэж нэрлэдэг аж. Энэ цэгийг байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Ямар ч нөсөө толбо, мэнгэ, батга байх ёсгүй. Яагаад гэвэл энэ цэг таны амьдралын хувь заяа болон хүч чадлыг бэлгэдэж байдаг.

3. Хамар – Эд баялаг

“Ин” буюу “Гол, горхи” гэж энэ цэгийг нэрлэдэг бөгөөд эд баялгийг урин дууддаг байна. Батга, хар өнгийн нөсөө толбо дээр нь гаргаж болохгүй. Эс бөгөөс эд баялгийн үүд хаагдаж, зарлагын үүд нээгдэх нь бий. Мөн амьдралд азгүйтэх нь ихэсч, байнга бүтэлгүйтдэг ажээ.

4. Уруул болон хамрын завсар – Гоо сайхан

“Гайхамшгийн сувд” гэх нэртэй уг цэг нь гоо сайхныг бэлгэддэг. Мөн сайн сайхан зүйлд хүргэх зам гэж үзэх нь бий. Мөн Хятадууд энэ цэг дээр дарснаар үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэж, түүнийгээ цаасан дээр төвөггүй буулгах эрдэмд суралцана гэж итгэдэг байна.

5. Ам – Мөнгө, аз

Хятадууд амыг нүүрэн дээрх хоёр дахь “Гол, горхи” гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүний уруул зөөлхөн бол, аз жаргалтай амьдралын үндэс гэж үзэх нь бий. Харин амаа хэзээ ч хуурай байлгаж болохгүй. Ингэх аваас азгүйтэл нөмөрч авах үндэс болдог байна. Хуурай байлгахаас сэргийлснээр үр дүнд нь мөнгөний үүд хаалга нээгддэг ажээ.

6. Эрүү – Урт наслах үндэс

Нүүрэн дээрх хоёр дахь “Уул” буюу эрүү нь цахирмаа цэцэгтэй зүйрлэгддэг бөгөөд урт, удаан амьдралыг бэлгэддэг. Харин хэт налуу эсвэл сулбагар эрүү нь богино амьдрал, үхлийг зөгнөдөг гэж Хятадууд үздэг байна.

7. Хөмсөг – Амжилтанд хүрэх шат

Хэрвээ та гэрэлтсэн мэт нүдтэй бол, танд эдийн засгийн салбарт гайхалтай амжилтанд хүрэх боломж байна. Түүнчлэн хөмсөг тань өтгөн бол, амжилтын түлхүүрийг бусадтай харьцуулахад илүү хялбар өөрийн болгож чаддаг гэнэ.

8. Хацар – Санхүүгийн амжилт

Таны хацрын яс шөвгөр бол, санхүүгийн эрх чөлөөг мэдэрч чадна. Харин туранхай хацартай байж болохгүй. Түүнчлэн Хятадууд хацрын ясны хэлбэр сайтай хүмүүс бусдаас илүү сайхан амьдардаг гэж үздэг байна.

9. Чих – Мэргэн ухаан

Дорвогор чихтэй байж болохгүй. Хэрэв таны чих махлаг, мөгөөрс нь тод бол, та мэргэн ухаантай байж чадах бөгөөд хүсч буй материаллаг зүйлсээ өөрийн болгох боломжтой юм.

Бэлтгэсэн : Б.Ариунгэрэл. Таны амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!