АЛДАРТНУУДСПОРТ

Э.Бат-Үүл: Орос, Хятад Улсууд эгзгийг нь тааруулаад Монголын Ардчиллыг уcтгаxыг санаархаж байна !!!

Олон улсын байдал улам хурцадсаар. Дэлхийн III дайн биш юм аа гэхэд Евразийн эх газрын баруун, зүүн эргийг хамарсан өргөн хэмжээний дайн болж мэдэхээр байна. Баруун эрэгт Орос, НАТО-той мөргөлдөхдөө тулна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ он гараад энэ мөргөлдөөн Орос, Украин руу дайрснаар эхлэх байх гэнэ. Магадгүй, Путин, хээрийн сургууль нэрээр Украины хил дээр 100 мянга орчим цэрэгтэй, асар майхнаар гэр хийсэн арми аваачаад ацан шалаанд уначихаад байна. Цэргээ буцааж татахаар нэр хүнд уначих гээд, НАТО-той байлдахаар Орос орон задрах эрсдэлтэй болчих гээд тун амаргүй байна. Зүүн эрэгт Хятад, Тайвань, Спратлийн арлуудаас болон Америк, зүүн өмнөд Азийн орнуудтай дайн бүхий байдалд орчихоод байна.

Номхон далайн дайн болбол Хятад бүрэн ганцаардах эрсдэлтэй. Украины дайнаас болоод Орос ч түүний холбоотон болж чадахгүй Украины асуудлаар санал зөрөлдөх учраас ийнхүү хоёр хөрш дайн бүхий байдалд ороод гацчихсан нь Монголын бүрэн эрхт байдлын дархлаа болох ардчилалд маань аюул занал болчихлоо. Учир нь угаасаа ардчилалд дургүй хоёр хөршийн удирдагчид дайн бүхий байдлаас болоод түүнийг бүр тэвчихгүй болж байна. Ардчилал дайнд халтай учраас ингэж буй!

Уг нь ардчилсан Монгол хоёр хөршид их хэрэгтэй. Дайны болон дайн бүхий байдалд орсон ч хэрэгтэй. Юу гэвэл, Монгол ардчилсан байвал хоёр хөршийнхөө тухайд төвийг сахисан байж чадна. Дайн яаж ч эргээ билээ.

Ороо бусгаа үед их гүрнүүд бие биеийнхээ “нуруунд хутга шаах” энүүхэнд. Тийм болохоор цэрэг стратегийн хувьд онцгой ач холбогдолтой түшиц газар болох Монгол төвийг сахих нь их гүрнүүдийн хэн хэнийхээ “ар нуруу руу хутга шаахгүй” байх баталгаа болно. Даанч ардчилал гэхээр дотор нь муухайрдаг, хоёр хөрш маань үүнийг ойлгохгүй л дээ. Тэд эгзгийг нь тааруулаад Монголын ардчиллыг дарж авах гэх байх. Эл хэрэг зорилгоо яаж гүйцэлдүүлэх бол?

Өдгөө Монголд ардчиллын нэр хүнд сайнгүй байгаа. Ардчилал хүмүүсийг эрх чөлөөтэй, тэр дотроо үг хэлэх эрх чөлөөтэй болгодог. Гэтэл хүмүүс энэ эрх чөлөөг эргээд ардчиллыг өөрийг нь гутаахад, харлуулахад тун эрэмгий ашиглаж орхидог. Учир нь хүмүүс “болж байна” гэхээсээ илүүтэй “болохгүй байна” хэмээн шүүмжлэх, гомдоллохдоо илүү гарамгай байдаг аж. Үүнийг аль Аристотелийн үеэс л мэргэд анхааруулж ирсэн!

Замгүй баян уул уурхайн эзэн чиг л, сэтгэн бодох эрх чөлөөгөө олж авсан сэхээтэн чиг л, хөндий дүүрэн малаа дааж ядсан мянгат малчин чиг л, хийд дүүрэн сүсэгтэн хуруулчихсан лам чиг л, интернэт, баараар дүүрэн эрх чөлөөндөө сагаж буй залуус чиг л, гудамжиндаа багтаж ядсан машиндаа түгжрэн саатах борчууд чиг л, ардчиллыг доош нь хийцгээж явна. Бүр хачирхалтай нь хойд Америк, Европт амьдардаг цагаач монголчууд хүртэл ардчилалд дургүйг яана. Ардчиллыг муулснаар өөрийгөө мундаг хүн гэж харуулах явдал моодонд орсон гэлтэй.

Хөөрхий, мөнөөх ардчилал нь хүмүүст эрх чөлөөг нь өгснөөс өөр гэмгүй атал одоо нүдний булай болчихов. Үнэндээ ардчиллын үеийг үзэж чадалгүй социализмын үед арилсан монголчууд өнөөдөр босч ирээд харах юм бол, энэ цагийн монголчуудыг “ямар даварсан юм бэ” хэмээн дуу алдах байсан нь лавтай. Гэтэл бидний үеийнхэн мэдсээр байж, социализмын үед сайхан байсан хэмээн худлаа ностальгидсээр залуусынхаа толгойг эргүүлж. Угаасаа залуу нас социализм гэх үгэнд дуртай, хамтач үзлийн сэтгэл хөдлөлтэй байдаг хойно. Залуус маань “социализм сайхан байжээ” гэж санааширцгаадаг болжээ.

Ажаад байх нь ээ, социалист үзэлтэй болсон залуус хойд Солонгос, Куба зэрэг социалист улсад очиж үзээд ирэхээрээ, социализмд ой нь гутсан байдаг. Тийм залуус “ардчилалд баярлалаа” гэж байхыг би цөөнгүй удаа сонссон. Үүнийг хараад, бүх залуусаа Хойд Солонгос, Кубад зургаан сараар аваачаад эргүүлж авчрахсан гэж өөрийн эрхгүй бодно. Манай үеийнхэн ч цагаа болохоор социализмдаа буцаж яасан ч очихгүй. Төрсөн нутгаа санаад байгаа хэрнээ Улаанбаатараасаа холдон тав тух алдаж чадахаа байсан хөгшчүүлтэй адилхан тунирхаж байгаа юм!

Тийм ээ, монголчууд ардчиллыг хичнээн муучлан нүдний булай болгож байвч, босгон дээр нь дарангуйлагч ирэхийн цагт “турсгаа хуулуулна” гэдгээ маш сайн мэднэ. Зүгээр л эрх чөлөөгөө эдлэн, ардчилалд эрхлэх дуртай улс ажгуу. Яс юман дээрээ ардчиллын төлөө бат зогсоно. Монголчууд эрх чөлөөгөө хамгаалах далд ухамсартай. Ийм далд ухамсар улстөрчдөд нь бүр ч их бий. Өнгөцхөн харахад, Монголын улстөрчид ардчиллын соёл тааруухантай харагдана. Гудамжинд явахдаа гаргуун ардчилсан үзэлтэй байх авч, эрх мэдэлд очихоороо дарангуйлагч болчих гээд байдаг.

Ардчилсан төрийн мөн чанар нь иргэддээ үйлчлэх явдал гэдгийг утгаар нь ойлгодоггүй, өөрт хуваарилагдсан эрх мэдлийг байнга чамлана. Нэн ялангуяа, намаасаа үл хамааран, лидерүүд нь эрх мэдлээ нэмэхдээ их ов мэхтэй хүмүүс!

Хэдий тийм ч Монголын улстөрчид 90 оны ардчилсан хувьсгалаас өмнөх 300 орчим жилд Монголын хэрэг явдлыг Бээжин, дараа нь Москвад шийдэж, үгэнд ороогүй удирдагчдыг нь Бээжинд толгойг нь авч, Москвад буудан хороодог байсныг маш сайн мэднэ. Хамгийн сүүлд Цэдэнбалыг Москвад аваачин хөл хорьсныг мартаагүй байгаа. Монголын улстөрчдийг хооронд нь хагаралдуулан нэгийг нь нөгөөгөөр нь хэлмэгдүүлж байсныг санадаг. Удирдагчдыг Москвад, эсвэл Бээжинд аваачин хороодог бурангуй ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Москвад, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Бээжинд аваачин цаазалж, Занданшатарыг Улаанбаатарт “Шинэ Коминтерн”-ын даалгавраар буудан хороож занданшуулдаг ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй.

Монголын улстөрчид, ардчилал байхгүй бол улсын бүрэн эрх устаж, тоглоомын улс болно гэдгээ мэдэх дотуур тамиртай. Тийм болохоор хэдийгээр ганц нэгээрээ байгаа үедээ аймхай боловчиг, ардчиллаа хэнд ч алдчихгүй байх хамтын эр зориг гаргаж чадна.

Парламентат ёсыг сонгосон учир энэ юм! Гэх мэтээр бодоход Монголын ардчилал дажгүй сайн дархлаатай мэт. Ийм байхад Монголын ардчилалд ямар эрсдэл байна вэ? Манай хоёр хөрш бол их гүрэн. Зүгээр ч нэг их гүрэн төдий бус, супер их гүрнүүд!

Супер гүрнүүд дотроо, Монгол мэтийн жижиг улсуудыг номхруулдаг олон янзын аргатайгаараа манай хөршүүд онцгой ялгарна. Нэн ялангуяа нийгэмд нь хүчтэй, үр дүнтэй нөлөөлдөг “үл үзэгдэх гар” нь маний байтугай, Америк Европын аргыг барж байгаа. Хоёр хөршийн маань “үл үзэгдэх гарууд” л Монголын ардчиллыг багалзуурдаж мэднэ. Нэг удаа энэ гар, манай ардчиллыг популистуудаар дайруулан сүйтгэх шахсан билээ.

Эрдэнийн БАТ-ҮҮЛ : 2021.12.22

Э.БАТ-ҮҮЛ: МАН БОЛОН ЭРХ БАРИГЧДЫН ЯМАРЧ ХАТУУ ШИРҮҮН

ЗАЛХААЛТЫГ БИ ДАВАХАД БЭЛЭН БАЙНА 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ. Энэ тэмцэл тун амаргүй тэмцэл байсан юм. Юу нь амаргүй байсан гэхээр нэг талаас гэр хорооллын иргэд өөрсдөө хашааных нь газар ямар их үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгохгүй байсан. Нөгөө талаас тэдний энэ байдлыг нь ашиглаж хашааных нь газрыг үнэгүйдүүлж авах гэсэн олигархиудын заль мэх нь гүйцэгдэхгүй байлаа.

2002 оны тавдугаар сард Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тус хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиуд батлагдсан. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд эрх баригчид яагаад гэнэтхэн газар өмчлөх асуудлыг хуульчлах сонирхолтой болсны цаад санаа илэрсэн юм. Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийн газраас өмчлөлийн төлбөр нэхэн төлбөрөө эс төлбөл “барилгажих талбай” нэрийдлээр хураахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд 2003 онд төвийн таван дүүргийн 11848 хашааны газартай айлыг, 61-ийн гарам, Жаргалант тосгон, Тахилт гэх мэт 18 байршилд 1271 га газарт шилжүүлэн нүүлгэж, суурьшуулах шийдвэр гаргаж байв.

Жил бүр ийм тооны айлыг хотын зах руу нүүлгэх тооцоотой ажиллаж байсан юм. Ийм хүний үнэргүй, чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэсэн шударга бус явдлыг хараад би Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан, тракторын цуваагаар манлайлсан жагсаалтай Сүхбаатарын талбайд орж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Тариаланчдын энэ тэмцлийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн.Гэр хорооллынхныг олигархиудын халдлагаас хамгаалсан жинхэнэ баатрууд бол “Газар” хөдөлгөөний тариаланчид билээ. Тухайн үед трактортай тэмцэлд гэр хорооллынхон минь идэвхтэй оролцоогүй, тэр цуглаанд ирээгүй нь харамсал төрүүлдэг.

Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм.

2012 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам анх удаа ялж олонх болсон. Бидний хамгийн эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийн нэг нь хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэр гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ бүх арга хэмжээний үр дүнд хашааны газрын үнэ огцом өсч үнэт хөрөнгө болсон. Хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ сонсоход 100 айлын долдугаар хорооллын орчимд газрын эзэн 0.05 га газраа 800 мКв үл хөдлөхийн талбайгаар сольсон байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсний, гэр хорооллын төлөө тэмцсэн бидний тэмцлийн үр дүн юм шүү.

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж, тэднийг өрөнд оруулсан. Дахин төлөвлөлтийн дараачийн алхам болж байсан “Сайн хашаа” хөтөлбөрийг шууд “устгахаа” ил тод зарласан.

Тэдний зорилго бол гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжих юм. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирсэн. Энэ санаархлаа гүйцэлдүүлж тэрбум тэрбумаар нь мөнгө угаасныг бүгд мэднэ. Үр дүнд нь утаа арилаагүй, ядуурал буураагүй, дахин төлөвлөлт зогссоныг нийтээрээ харж байна.
Гэр хорооллын хашааны газрын үнийг заавал унаган иргэдээ мэхэлж байхын оронд чөлөөт үнээр харилцан ашигтай тохирох дахин төлөвлөлтийн аргаар явж болно. Миний хүү Чулуудайн “Грандлайн” компани ийм боломж бийг тухайн үед үлгэр жишээ харуулж байсан юм.

Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. “Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улстөрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү!

Хүүтэй минь хамт, мөн миний удирдлага дор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцаж явсан гэм зэмгүй хүмүүсийг ажлаа хийснийх нь төлөө 2016 оноос хойш залхаан цээрлүүллээ. Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Эрх баригч Ардын нам 2016 онд төрийн залгамж халаагаа уландаа гишгэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосноос болж олон айл орон гэргүй болсон. Энэ бүх хог новшоо нэгэн гэр бүлийн аав, хүү хоёрт үүрүүлж, буруугаа тохож, золиослоод өөрсдөө мөнгө угаах гэсэн тэдний шуналт улс төр өнөөдөр намайг шоронд хийж хилсдүүлж чадлаа!

Үүний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч, бизнес хийх олигархиудын шунал юм гэдгийг одоо та нар ойлго.

Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!

Та бүгдийн төлөө тэмцсэн миний 19 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө миний бие МАН болон төрийн эрх баригч олигархиудын ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа. Ардчилсан намын гишүүд ээ! Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал,эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!

Эцэст нь хэлэхэд, олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлэхийг сонсоод маш ихээр цочирдсон. Үүнээс хойш аливаа удирдах албан тушаалтан улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого шийдвэрийнхээ төлөө ийм айхавтар залхаан цээрлүүлэлт хүртэж ял авдаг жишиг тогтох вий гэдэг харуусал тээн энэ дөрвөн хананы дунд сууна. Прокурорын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг яллабал Монголын хөгжлийг зогсоох асар том цохилт болно.

Ийм зүйлийн дараа зориглож, улсын хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт хийх хүн олдохгүй. Захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсных нь төлөө ялладаг жишиг тогтвол энэ төрд зориглож ажиллах хэн нэгэн гарахгүй шүү. Засаг даргын хувьд гаргасан бодлого, хийсэн үйл ажиллагааг минь гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол энэ залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг. Хуулийн дагуу оногдсон ажлаа хийсэн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон хилсдүүлж огтхон ч болохгүй. Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой. Хууль улам муудвал эцсийн зогсоол нь хэлмэгдүүлэлт байдаг юм шүү гэдгийг хууль шүүхийнхэн ямагт санаж, хүнлэг энэрэнгүй байх хүн ёсны итгэл үнэмшлээ сэрээгээрэй!

2021.12.19 Хорих ангиас