БУСАД

В.БАЯРМАА: ХҮҮХЭД СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН ЗАН ҮЙЛИЙН ЭMГЭГTЭЙ БОЛОХ НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА !!!

СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаатай ярилцлаа. -Өсвөр насны хүүхдүүдийн есөн хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн судалгааг танай төв гаргасан байдаг. Өсвөр насны онцлог ямар байдаг тухай болон яагаад сэтгэцийн эмгэгтэй болж байгаа талаар ярьж өгөхгүй юү?

– Өсвөр нас гэдэг шилжилтийн нас. Шилжилтийн насаа дагаад тухайн хүүхдийн бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардаг. Бие махбодод бэлгийн хоёр дахь шинж тэмдгүүд илэрнэ. Сэтгэл зүйд хүүхэд наснаас насанд хүрэгчид рүү шилжиж байгаа болохоор биеэ даах хүсэл эрмэлзэл, юмыг даган дуурайх, өөрийгөө хэн бэ гэж тодорхойлохын тулд эерэг, сөрөг бүх зүйлийг даган дуурайдаг. Нийгмийн талаас бол бие махбодод гарч байгаа өөрчлөлтөөс болж үе тэнгийнхэн, эсрэг хүйстэн рүүгээ илүү чиглэдэг. Тиймээс өсвөр насныхны хувьд шилжилтийн үе нь хүнд жаахан ойлгомжгүй байдал үүсгэдэг. Манай СЭМҮТ-өөс өсвөр насныхны тухайд 2013 онд, дээр нь 2017 онд давтан судалгааг нарийвчлан хийж байсан.

Судалгаанд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн 2250 хүүхэд, мөн ийм тооны эцэг эх, анги удирдагч 72 багшийг хамруулж, өсвөр насны хүүхдийн сэтгэцийн э р ү ү л мэнд ямар байна вэ гэдгийг судалж үзсэн. Судалгааны үр дүнд нийт хүүхдийн 60.5 хувь эрүүл, 30.5 хувь сэтгэл санааны хувьд асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн талаас ямар нэгэн эмгэгтэй байна гэсэн хариу гарсан. Хүүхдийн сэтгэцийн эмгэгт байдал гэдэгт биеийн өсөлт хөгжилтэй холбоотой, сэтгэл хөдлөлтэй холбоотой, зан үйлтэй холбоотой эмгэг гэсэн гурван бүлэгт хуваагддаг.

Тэр дундаас сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгүүд өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Өөрөөр хэлбэл, судалгаагаар гарсанчлан 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд дөрвөн хүүхэдтэй нь сайн тулж ажилла гэсэн үг. Тэр дөрвөн хүүхдийг зөв тийш нь залаад явчихвал ангид эерэг харилцаа, эерэг уур амьсгал бий болж, бие биендээ зөв үлгэр дуурайл үзүүлээд явна. Харин ажиллаж чадаагүй бол тэдэнд байгаа сөрөг шинж чанаруудыг бусад хүүхдүүд нь даган дуурайна гэсэн үг.

-Судалгааны багийнхан зөвлөмж гаргасан гэсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

– Хүүхдүүдийн дунд тохиолдоод байгаа асуудлуудтай яаж тэмцэх талаарх зөвлөмж гаргасан. Тодруулбал, хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар боловсрол олгоё. Тэгэхийн тулд эрүүл мэндийн хичээлийн агуулгад үүнийг оруулж өгөх ёстой гэж үзсэн. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн сурах бичгийн бүлэг 3, 4-т сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэсэн агуулгыг оруулж өгсөн.Хүүхдүүдэд энэ агуулгаар эрүүл харилцааг бий болгох, харилцааны зөрчил үүсвэл түүнийг хэрхэн эрүүл, зөв аргаар даван туулахыг заасанойлголт байгаа. Мөн дээр нь багш нарт нь арга зүйн сургалтуудыг хийсэн.

Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхэд боловсрол олгох гарын авлагыг ч гаргасан байгаа. Хүүхэд, багш, эцэг эх гэсэн гурван зорилтот бүлэг рүү тулж ажиллах нь чухал байна гэж үзээд арга зүйн сургалтууд хий гээд явж байгаа. Үргэлжлүүлэн Говь- Алтай аймаг дээр туршилт хийж байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарынханд сургалт хийж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч нарыг нь сургаж, аймгийн төвд дөрөв, алслагдсан хоёр суманд тус бүр нэг, нийт зургаан төв байгуулж, өсвөр үеийнхний тулгамдсан асуудал хэрхэн буурч байгаа эцсийн үнэлгээхийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг маань НҮБ-ын Хүүхдийн сан ивээн тэтгэсэн.

– Өсвөр үеийнхний эмгэгүүдийг яаж таних вэ. Хэрхэн илрэх вэ?

-Өсвөр насныхны дунд биеийн хөгжилтэй холбоотой эмгэг бага насанд тохиолдоно. Түгээмэл хоёр эмгэг нь аутизм, оюуны хомсдол хоёр бий. Аутизмыг 1.6 настайд илрүүлэх боломжтой. Оюуны хомсдолтой хүүхдийг төрөхөөс нь авахуулаад гурван нас хүртэл клиник эмнэл зүйгээр тогтоох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл найман нас хүрэхэд IQ шинжилгээг хийгээд тогтоодог. Гэтэл сэтгэл хөдлөл, зан үйлтэй холбоотой эмгэгүүд нь нийгмээс гаралтай. Энэ бол тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой үүсдэг эмгэг. Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлээс үүсээд байгаа юм. Айдас түгшүүр, гутралууд, архи тамхи хэрэглэх, мансууруулах бодист донтох, огцом уур бухимдалтай байх, тийм үедээ хүчирхийлэл үйлдэх зэрэг үйлдэл гаргаж байгаа бол шууд гэр бүлтэй холбоотой.

Өв тэгш зөв хүмүүжилтэй, эцэг эхтэйгээ харилцан ярилцаад нээлттэй өссөн хүүхэд ийм байдалд хэзээ ч орохгүй. Тодруулбал, эцэг, эх нь салсан, хойд эцэг эхтэй, эсвэл хамтран амьдрагч гэх мэт гэр бүлийн хувьд өв тэгш бус байгаа. Хэчнээн аав ээж нь байсан ч байнгын хэрүүл маргаан, дарамттай орчинд өссөн хүүхдүүд бага байхдаа асуудалгүй, хэвийн юм шиг харагддаг боловч өсвөр насанд нь илэрдэг. Тэр нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Хүүхдүүдэд үүсч байгаа айдас хүртэл насны онцлогтой. Хүүхэд бага байхдаа гэр бүл, аав ээжээсээ айдаг байсан бол жаахан том болоод ирэхээр нохой, муур зэрэг амьтнаас айгаад ирнэ. Сургуульд ороод төсөөлөх чадвар нь хөгжөөд мангас, сүнс гэх мэт зохиомол зүйлсээс айх гэх мэт эмгэгүүд илэрдэг.

-2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний багагүй хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна гэжээ. Түүнээс хойш нийгмийн нөхцөл байдал сайнгүй байна. Өсвөр үеийн хэнд тулгамддаг дээрх эмгэгүүд ямар болсон бол?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад асуудал ихэссэн байж болзошгүй гэж харагдаж байгаа. Нөгөө талаасаа илрүүлэлт сайжирсан талтай. Уг нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой судалгааг 10 жил тутамд давтаж хийгээд харьцуулж үзээд явж байх ёстой. Гэвч манай байгууллага түүнийг дааж хариуцаад хийгээд явах төсөв хөрөнгө байдаггүй. Олон улсын байгууллагуудад хүсэлт тавьчихаад байгаа.

-Сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй болсон хүүхдийг гэр бүлийн хүрээнд эмчилж болох уу?

-Хүмүүс сална гэж хоорондоо гэрлэдэггүй. Гэр бүлээс үүдэлтэй таагүй асуудалд хамгийн их дарамт авдаг нь хүүхэд. Тийм учраас хоорондоо таарч тохирохгүй, үзэл бодол нийлэхгүй асуудал дээр цаашид гэр бүлээ бүтэн авч үлдэх, хүүхдээ сайн сайхан амьдруулахыг хүсвэл хоорондоо харилцан буулт хийх л хамгийн оновчтой арга. Хэдийгээр дарамт, стресст өртсөн ч гэсэн хүүхэд л болсон хойно гэр бүл нь эвтэй найртай, сайхан уур амьсгалтай байхад стресс н ь тайлагддаг. Тиймээс хүүхдэдээ цаг гаргаж байх нь хамгийн чухал.

-Амиа хорлолтын нас залуужиж байгаа судалгааг мэргэжлийн хүмүүс хийдэг болсон. Хэдхэн хоногийн өмнө барилга дээрээс 13 настай хүүхэд үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өсвөр насны хүүхдүүд яагаад амиа хорлох алхмыг сонгодог болчихов оо?

-Амиа хорлох бол сэтгэл гутралын хүндэрсэн хэлбэр. Сэтгэл хөдлөл гэдэг сайхан зүйл харж баярладаг, муухай зүйл харж гутрахыг хэлдэг. Хүний сэтгэлийг байнга хараар будаж, муухай хэлээд, ад шоо үзээд байхаар дотогшоо хүн бол тэр таагүй байдлаа хэн нэгэнд ярихгүй байсаар дотроосоо ядарч, тамирдаад идэвхгүй болж ирдэг.

Хоёрдугаарт, гэнэт хүчтэй сэтгэл зүйн гэмтэл авснаас үүдэж амиа хорлох үйлдэл хийж болно. Магадгүй бэлгийн хүчирхийлэлд автсан байж болно. Эсвэл хайрлаж хүндэлж явсан ойр дотны хүн нь нас бардаг, гамшиг зудад өртдөг. Гэнэтийн хүчтэй сэтгэлийн гэмтэл авснаас болж “Надад тэр хүнгүйгээр, тэр орчин нөхцөлгүйгээр амьдрах сонирхол алга” гэсэн ганцаардсан, гутарсан мэдрэмж, сэтгэл зүйн хүчтэй гэмтлээсээ “Үхэх нь дээр юм байна” гэсэн сонголтод хүргэдэг. Ер нь сэтгэцийн өвчтэй хүн амиа хорлодоггүй. Хүмүүс ч тэгж боддог. Амиа хорлосон нийт тохиолдлын нэг, хоёр хувийг л ийм хүмүүс эзэлдэг. Харин 98, 99 хувь нь тулгамдсан асуудалтай, сэтгэц нь эрүүл, эмгэгийн завсарт байгаа, тулгамдсан асуудалтай хүмүүс асуудлаа шийдэх гарц гаргалгаа нь амиа хорлолт гэж үздэг.

-Ялангуяа өсвөр насны хүүхэд ийм сонголт хийхэд хүрч байна гэдэг их эмзэглэмээр явдал болоод байна шүү дээ?

-Манай СЭМҮТ-д сүүлийн 20 гаурй жилийн хугацаанд гарсан амиа хорлох үзэгдлийн талаар дата мэдээллээр нэгтгэж судалгаа хийж доктор хамгаалсан хүн бий. Тэр судалгаагаар амиа хорлолтын асуудал хамгийн багадаа тав зургаан настай, хамгийн дээд тал нь 50, 60 настай хүмүүсийн хувьд ганц нэг кейс гарч байсан. Саяхан болсон явдалд ноцтой нөхцөл байдал байсан байх. Сэтгэл зүйн маш хүчтэй гэмтлүүдийг авсан байх. Түүнээс үүдэж тийм үйлдэл хийхэд хүргэсэн байх. Хэрэв тэд хэцүү асуудалтай тулгараад байна, яах вэ гэж хоорондоо ярьж байх үедээ сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандсан бол өөр байх байсан.

Сэтгэл зүйч, сэтгэл засалчид ярилцах, тайвшруулах , шаардлагатай бол эмээр ч хамаагүй тайвшруулаад нэг амсхийгээд босгоод ирэхэд “Амиа хорлох буруу юм байна, Харин түүний оронд амьд явж тэмцэх ёстой юм байна” гэдэг сонголт олгодог. Сургуулиуд дээр явж байхад “Манай сургуульд сэтгэлзүйч хэрэгтэй байна. Хүнд асуудлууд их тохиолддог” гэсэн хүүхдүүд олон байдаг. Тэдэнд асуудлаа ярьдаг, зөвлөгөө авдаг, гарц гаргалгааг нь хэлээд өгдөг хүн хэрэгтэй байна. Тиймээс сэтгэл зүйчдийг сургуулиуд дээр бий болгож өгөөч гэхэд Боловсролын яам маш сайн дэмжиж, одоо 60 орчим сургууль сэтгэл зүйчтэй болсон. Цаашдаа ч энэ тоо улам нэмэгдэх юм билээ.

-Сэтгэцийн эмгэгт өртсөн болон асуудалтай тулгарсан хүүхдүүд сэтгэл зүйчид хандах ёстой гэж байна. Гэхдээ манайхны нэг онцлог нь дотогшоо хүмүүс. Европын орнуудыг бодоход хүүхдүүд асуудлаа илэн далангүй ярьж чадах уу, тусламж авч чадах уу гэдэг дээр эргэлзэж байна?

-Одоогийн хүүхдүүд өөр болсон. Тэд харьцангуй нээлттэй болж байгаа. Ер нь 0-18 насны хүүхдүүд таван насны мөчлөг дамждаг. Насны үечлэл бүр дээр өөрийн гэсэн стресс тайлах аргууд байдаг. Яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд харилцан ярилцах арга хамгийн тохиромжтой. Тэдний хувьд аав ээж, гэр орон, сургууль, үе тэнгийнхнээ таньж мэдчихээд одоо өөр рүүгээ хандаж байгаа үе. Өөрт чинь, найзад чинь асуудал тулгарсан бол сургуулийнхаа сэтгэл зүйчдээ хандаарай гээд мэдээлэл өгчихөд л тэд ойлгочихно. Тийм учраас сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулах, хүүхдүүд сэтгэл зүйчид хандах ёстой шүү гэдэг мэдээллийг өгөх ажил хамгийн чухал байна.

ЯРИЛУСАН БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА : ӨДРИЙН СОНИН