ДЭЛХИЙТҮҮХ

Өвөр Монголын малчин Саранхүү: Монголын бүх дуу хөгжим, урлаг мэдээллийг хорисон !!!

 ӨМНӨД МОНГОЛД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

Өмнөд Монгол. 2020 оны 10 дугаар сар. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь морьтой тосч, пүүзийг нь тайлуулж монгол гутал өмсгөж эсэргүүцлээ илэрхийлэв.

Эх хэлээ хамгаалахын тулд өмнөд монголчууд 2019 оноос хойш тэмцсээр байна. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнд Өмнөд Монгол төдийгүй Ар Монгол, Буриад, Халимаг, Тува зэрэг дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд нэгдэж, дэлхийн томоохон хотуудад хэлний мугуйд бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал ар араасаа болсон билээ. Тэмцлийн үеэр Өмнөд Монголд хэд хэдэн хүн эх хэлээ хамгаалахын төлөө Хятадын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж амиа зольж, Хятадын Засгийн газрыг буруутгасан нь олон улсын анхаарлыг татсан. Ар Монголд Өмнөд монголчуудыг дэмжсэн, өмгөөлсөн тайван жагсаал болж, Өдрийн сонин энэ асуудлаар НҮБ-ын Суурин төлөөлөгчид бичиг илгээж, байр суурийг нь нийтэд дэлгэж байсныг эргэн сануулъя.

Тэр үед Хятадын тал тэмцэлд оройлон оролцсон эцэг эхчүүдийг баривчилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хэдэн зуугаар нь шийтгэж, хүүхдүүд ч тэмцэлд нэгдэж сургуулиасаа зугтаж буй бичлэгүүд цахим ертөнцөд түгсэн. 2020 оны эхээр Хятадын Ухань хотод коронавирусийн халдвар гарч тус улс хилээ хааснаар Өмнөд Монгол одоог хүртэл хаалттай бүс нутаг болж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байдалтай байгаа бөгөөд тэнд чухам юу болж байгаа тухай мэдээ огт алга. Өнгөрсөн найм, есдүгээр сард Өмнөд Монголд очиж нөхцөл байдлыг сурвалжлах талаар хөөцөлдөхөд хилээр нэвтэрлээ гэхэд цааш явах ямар ч боломжгүй, хатуу хяналт шалгалттай, эвгүйтвэл шоронд орохоор байдалтай байв.

Тиймээс Wechat болон зарим мэдээлэл, харилцааны сувгийг ашиглаж, эх сурвалжуудтай таван сарын хугацаанд холбогдож мэдээ, мэдээлэл цуглуулж, тэндхийн нөхцөл байдлыг тандлаа. Өмнөд монголчууд байнгын хатуу хяналт дор амьдарч байгаа бөгөөд хоорондоо ч үг дуугарахад хүндхэн байдалтай аж төрж байна. Өмнөд Монголоос мэдээлэл цуглуулахад туйлын хүнд, олон давхар хамгаалалттай байсан учир нэг асуултын хариултыг 2-3 сараар ч хүлээх тохиолдолтой тулгарч байлаа.

Ингээд Өмнөд Монголын малчин Саранхүүтэй ярилцсанаа хүргэж байна. (Ярилцагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нэрийг нь өөрчилсөн болно.)

-2019 онд эх хэлний төлөөх тэмцэл Өмнөд Монголд өрнөж, 2020 онд хүчээ улам авсан. Ковидын үед хил хаасан нэрээр Өмнөд Монголыг гадаад ертөнцөөс тасалчихаад байна. Тийм болохоор наана тань чухам юу болоод байгааг бодитоор мэдэх боломж бараг алга. Та наанаа юу болоод байгааг хэлэх үү дээ?

-Бид чинь бараг та нартай адил мэднэ шүү. Телевиз, сониноор дандаа л бүх юм сайн сайхан байна гээд баахан тоо хэлдэг, үзэх унших сонин мэдээ ер үгүй болсон. Үнэн байдлыг огт хэлэхгүй юм. Сүлжээ холбоогоор хоорондоо үнэнийг мэдэлцье гэхээр хориотой. “Нам засгийн бодлогыг сөрлөө” гээд Амрыг хамгаалах газраас дуудна. Сүлжээ холбооны бүлэг бүрд нэг мэдээлэгч хүн шургаад орчихсон байдаг. Нууц далд үгээр хэлэлцэх гээд ч бүтлийг олсонгүй. Арга буюу “Өвс ямар үнэтэй байна”, “Танай тэнд цаг агаар ямар байна” л гэсэн юм сүлжээ холбоонд ярьдаг болсон.

Малчин бид олон газраар явж, олон хүнтэй уулзах биш дээ. Ойр дотны зарим хүнтэй л болгоомжтойгоор хэдэн үг солилцох юм. Соёлын хувьсгалын үеийг санагдуулаад байх боллоо.

-Та Соёлын хувьсгалыг нүдээр үзсэн үү. Ер нь энэ болоод байгаа үйл явдал чухам юунаас эхлэлтэй вэ. Манай энд “Өмнөд монголчууд коммунист Хятадад сайн дураар нэгдсэн” гэж нэг хэсэг ярьж, сошиалд сэтгэгдэл бичдэг хүмүүс олон болчихож. Үнэхээр та нар сайн дураар нэгдсэн гэж үү?

-Би ч ухаан орчихсон, юмнынаана цааныг гадарлахтай болсон байсан үе л дээ. Түүх жаахан сөхье. Бүх зүйлийг эхлэлээс нь яримаар байна. Дэлхийн дайны дараа Өмнөд Монгол БНМАУ-д нэгдэх хүслээ илэрхийлсэн ч БНМАУ хүлээж аваагүй. Ингээд тусгаар улс маягтай хэдэн жил байж байтал, манай Өмнөд Монголыг Хятадын ардын чөлөөлөх арми эзэлж аваад, “Тэгш эрхтэй, буцаад салж гарах эрхтэй улсуудын нэгдэл болох холбооны Дундад улс байгуулна” гэж худал ярьж, хуурамч хурал зохион байгуулж, тэндээсээ “нэгдэнэ” гэх шийдвэр хүчээр гаргуулж, байгуулагдаагүй улсад хууль бусаар, хүчээр нэгтгэсэн байдаг.

Дундад улсын бүрэн бүтэн байдлыг л зөвшөөрвөл, өөрсдөө бүгдийг мэдэцгээ, шийдэцгээ л гэж анх бидний Өөртөө засах эрхийг тайлбарлаж хэлж байсан. Гэтэл одоо тэр Өөртөө засах эрх хаа байна вэ.

-Өвөр Монголын Өөртөө засах орон гэгддэг биз дээ? -Тэгдэг л юм. Түүний дараахнаас, БНД (Дундад) АУ байгуулагдаагүй байхад л хятадууд “Нийгэм журмыг байгуулна” гээд Өмнөд Монголд их хядлага, харгислал хийсэн. “БНМАУ-д нэгдэх гэлээ” ч гэж их харгислаж байлаа.БНДАУ байгуулагдсаны дараа бас “Бэлчээр нутаг хуваарилах” буюу угтаа бол улсын өмч хэмээн булааж авах, “Баруунтан зүүнтэн”, “Засварлах үзэлтэнтэй тэмцэх”, “Их үсрэлт” гээд олон харгислал болсоон.

Гэхдээ 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалыг яаж гүйцэх билээ. Тэр бол жинхэнэ ад тамын 10 жил байлаа. Амиа алдсан, тамлуулсан, шоронд орсон хүмүүсийн тоо тодорхойгүй. Хүн нь хэлмэгдээгүй өрх байхгүй. Өмнөд монгол бид үлдэж хоцорсон нь гайхалтай.

Соёлын хувьсгалын сүүлийн жилүүдэд арай гайгүй болсон үеийг би санадаг юм. Тийм болохоор “Одоо Соёлын хувьсгалын үе шиг болоод байна” гэж хүнээс дуулснаараа хэлж байгаа юм биш л дээ. Үзсэн, харсан он жилүүдтэй минь адил болоод байна.

-Соёлын хувьсгалаас яаж ангижирсан бэ. Дараа нь юу болов. Ямархуу он жилүүдийг үдсэн бэ?

-Мао дарга өөрөө бүтэлгүй юм боллоо гээд зогсоосон, тэгээд удахгүй нас барсан. Ард иргэд жагсаж, шинэ аядуу зөөлөн бодлогыг шаардсан. Дэн дарга зах зээлийн бодлого эхлүүлсэн. Идэх хоолгүй болсон учир идэх хоолтой болох гэж зах зээлд орсон. Мэнд үлдсэн хэдэн малаас малчдад өгсөн. 1982 онд малчдын бэлчээр нутгийг хашаалж эхэлсэн. Өмнө нь газар зөвхөн улсын өмч байсан. Гэхдээ малчид урьдын адил нүүсээр байлаа. Үүнийг болиулах гэж, МАА-н салбарт “Хамтын өмч” гээч хэлбэрийг бий болгосон, улсын өмч, хамтын өмчийн заагийг тогтоосон.

Ингээд “хамтын өмч” гэх хашаалсан жаахан газарт биднийг хааж хориод, бусад бүх аугаа их газар нутгийг маань “улсын өмч” гээд урьдын дээрмээ ахиад л давтчихсан. Бид газраа өмчилсөн, өмчтэй болсон юм байхгүй. Харин урьдынх шиг нүүж болохоо байчихсан. Хамтын жаахан газартаа хүн малгүй хашигдсан.

Нүд алдам цэлгэр сайхан тал нутагт минь гадны этгээдүүд яасан ч дурын хэрэг болчихсон. Малчид хамтдаа хэсэг бэлчээрийг түр эзэмших гэрээг улстай байгуулуулсан юм. Түр эзэмшиж байгаа малчдын талыг гацаа гэнэ. Гацаа болохоор малчин өрх тус бүртэй гэрээ хийж, газрыг нарийвчилж хуваарилж байсан. Энэ газар нь хувийн өмч биш, гацаа түр хариуцаж байгаа улсын өмч маягтай.

-Зах зээлд шилжсэнээр байдал яаж өөрчлөгдөв? -За тэгээд зах зээлийн шилжилтийн ороо бусгаа үед хөлөө олохгүй малчин түмэн их зовсоон. Үгүйрч хоосорч, үхэж үрэгдсэн нь мундахгүй. Тэгээд арай гэж учраа олцгоосон. Зах зээлийн үр шимийг хүртээд урамтай баясалтай цаг үе бас байсан.Гэтэл дахин дахин “хил заагийг тодорхой болгоно” гээд л бэлчээр нутгийг маань танаад байдаг боллоо. 2010-аад оноос бүр хэрэг бишидлээ. Төрөл бүрийн шалтгаанаар малчдын газрыг хураана.

Олон шалтгааныг тоочно. Ашигт малтмал илэрсэн бол улсын өмч болгоно гэдэг, үзэмжтэй газрыг улсын хамгаалалтад авлаа, үзэмжгүй бол засаж сайжруулна, элсэн шуурганаас хамгаалж ногооруулна, удаан суусан хятадуудад газар өгнө, тариаланд дайчилна, үйлдвэр барина, газар амраана, хот суурин барина, өргөжүүлнэ гээд л. Орон нутаг монгол биш, хятад даргатай байдаг болсон, тэд нь малчин бидний зовлонг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

-Байдал улам хүндрээд л байж дээ? -Сүүлдээ бэлчээрийн МАА-г бүр хорино гэсэн. Олон газарт мал бэлчээрлүүлэхийг хориглосон. Тэнд малчид шөнө нууцаар малаа хариулах нь ч бий, эсвэл малаа олон хоног хашаад, өвс худалдаж авч тэжээгээд аргаа барж байна. Нууцаар малаа хариулж байгаад баригдвал малыг нь цагдаа хурааж авч хорьдог, бас малыг буудаж алах, өндрөөс шидэж алах зэргээр шийтгэсэн тохиолдлууд байдаг. Зарим газар бол тэгж хориогүй л байна, гэхдээ мах сүү, ноос ноолуур, арьс шир үнэгүйдээд, шатаахад хүрэх нь ч бий. Мал хариулуулахгүйн тулд үүл буудаж сарниагаад, ган болгодог.

Зэргэлдээ мужуудаас сая сая гахай, олон гахайчин авчирч суурьшуулдаг болсон. Өмнөд Монгол гахайгаар дүүрч, зүйрлэж хэлбэл гахай нь хүнээ идэж байна. Бас тэр гахайн дунд хижиг их гарна, өвчтэй гахайгаа тарааж хаяад, бидний мал сүрэгт өвчин тахал тараагаад, орчин тойрон бузарлаад байдаг.

Үйлдвэржсэн МАА хэрэгтэй гэдэг. Тэр МАА-г нь хятадууд эрхлэх юм билээ. Их сүү өгдөг үнээний дэлэнг дугуйтай тавцан дээр тавиад явж байгаа бичлэг харж байсан. Монголчууд бид эдийн засгийн үр ашиггүй, илүүдэл хүн ам болоод байна. Малчин бид маргааш байгаа бүхнээ алдаж мэдэх байдалд л өдөр хоногийг өнгөрөөж байна.

-Мал бэлчээрээ хураалгасан малчдын хохирлыг төрөөс барагдуулдаг уу? -Бэлчээр нутгаа алдсан малчинд нөхвөр өгнө гэдэг, нутаг зааж энд тэнд суулгадаг. Америкийн уугуул хүн амыг дарлаж ирсэн гээд их л яригддаг, бид яг тэр шиг болоод байна. Нөхвөр нь хохиролтой дүйцэхгүй, бүр өгөхгүй тохиолдол олон. Нөхвөрөө хөөцөлдөөд дийлээгүй хүн өчнөөн. Хот сууринд суу гээд оромж өгдөг, за бас өгөхгүй нь ч бий, орон нутгийн даргын л үзэмжээр. Хот сууринд дүүрэн хятад, малчин ардууд хятад хэл болоод элдэв мэргэжилд сайнгүй, ажил олдохгүй, ингээд хамгийн муу ажлыг хийнэ, зарим нь гуйлгачин болно, зарим нь ч сураг тасардаг.

-Энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэж байв уу? -Малчид бид эрхээ хамгаалж их тэмцсээн, жил бүр л тэмцэлд амиа алдсан баатар тодордог болсон, олон хүн шоронд орж тамлуулсан, олон хүн тэмцлийн явцад зодуулж бэртсэн. Малчдын эсэргүүцэл ихсэж, энд тэндгүй эсэргүүцлийн дугуйлан, холбоо байгуулагдаад, тэмцлийн гал олон түүдэг асаасан шиг бадарч байсан цаг бий. Тэгээд “Энд тэнд нутаг орондоо салангид бутархай тэмцэж байхын оронд нэгдэж тэмцье” гэж шийдсэн. “Ар Хорчинд маш том цуглаан хийе” гэж сүлжээ холбоогоор ярьцгаасан юм.

Монголын Энести интернэшнл: Эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан АНУ-ын сэтгүүлчийг тухайн бүс нутгаас албадан гаргажээ

-Хэзээ вэ? -2017 онд л доо. Хэрвээ тэр жагсаал болсон бол дэлхийг донсолгосон үйл явдал болох байсан байж магадгүй. Гэтэл сүлжээ холбоонд ярьсан зохион байгуулагчдыг гэрт нь юм уу, жагсаал руу явж байхад нь барьж, зохион байгуулалтгүй болгосон. Ар Хорчины жагсаал болох гэж байсан талбайд дүүрэн цэрэг цагдаа, машин тэрэг авчраад “Жагсаалд оролцож болохгүй” гэж зарлаад, дэмжигчдэд хатуу анхааруулаад, заримыг нь хөл хорионд оруулаад, таслан зогсоосон. Үүнээс хойш тэмцэл хөдөлгөөнийг хорьчихсон. Ингээд тэмцлээ хориулаад бид мухардсан. Идэвхтэй хүмүүсийг хэзээ тавигдах нь мэдэгдэхгүй гэрийн хорионд оруулсан. Монгол Улсын зохиолчийн бичсэн шиг гишгэх газаргүй хөл болсон шүү дээ.

-Эх хэл бичгийн асуудал хэдийнээс ноцтой болж эхэлсэн бэ? -Бүх Дундадын ардын төлөөлөгчдийн их хурал 2021 оны эхээр “Сурагчид цөөн тоот үндэстний хэлээр хичээллэх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг” гэж мэдэгдсэн. Өөрсдөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү дээ. Үндсэн хуулийн дагуу бүх үндэстэн тэгш эрхтэй. Дундад улсад бидний хэл бичиг шиг хэрэггүй юм үгүй бололтой доо. БНДАУ байгуулагдсан үеэс л монгол эх хэлийг маань хялайж хавчиж, хятад хэлийг тулган шахаж ирсэн дээ.

Монгол бичгийг “Хоцрогдонгуй, сургахад төвөгтэй” гээд байхаар нь манайхан нэг хэсэг “тэгвэл Монгол улсын ахан дүүстэйгээ адил болъё” гээд шинэ кирилл үсэгт шилжих ажлыг эхлүүлж байлаа. Кирилл үсэг заадаг, кириллээр зарим хаяг, лоозонг бичдэг, ном хэвлэдэг байлаа. Тэгтэл “Ар Монголтой адил болно” гэж айсан уу, яасан юм “Монгол бичгээ зааж сурга” гэх болсон. Коммунист ухуулгаа хийхэд нь монгол хэл, бичиг хэрэгтэй байсан тал бий.

-Соёлын хувьсгалын үед монгол хэл, бичгийг хааж хорьж байсан уу? -Соёлын хувьсгалын үед монгол сургуулиудыг хаасан. Ер нь ч монгол хятад бүх сургууль байгаа байхгүй нь мэдэгдэхгүй цаг байсан даа. Сургууль улаан хамгаалагчдын орилж хашгирдаг, ардын дайсан гэгдсэн хүмүүсийг хараадаг, тамладаг газрууд болсон байсан. Сурагчид нь багш нараа тамладаг байсан бузар цаг даа. Улаан хамгаалагч гэх хүмүүс “Монгол хэлэнд хятад ханзыг хэрэглэнэ” гэж орилж чарлаж, туршиж үзэж байсан. Гэхдээ эрдэм боловсролгүй үймээн самуунчид хэрэгжүүлж чадаагүй юм. Тэр олон хэрмэл золбин үймээн самуунчид орох оронгүй. Монгол айлуудад дайрч орон сууж, дарлаж, тэжээлгэж, зодож тамлаж, харгисладаг байлаа. Монголчууд тэднийг чадлаараа эсэргүүцэж, заримдаа зэвсэг барин босдог байсан ч дарагддаг байлаа. Тэр бэрх цагт бид хэл соёлоо алдаагүй. Өнөөдөр бид хэл соёлын хувьд Соёлын хувьсгалаас хүнд байдалд ороод байна. Хэлийг нь устгачихвал өвөр монголчууд байхгүй болно гэж тооцоолсон бололтой.

Соёлын хувьсгалын үеийн алдаа буюу “Дөрвөн дээрэмчний хэрэг”, “Зүүний алдаа”-г илчилсний дараа, 1978 онд монгол сургуулиудыг сэргээж эхэлсэн. Сэргээсэн даруйдаа л хятадаар хичээллүүлэх оролдлого хийгээд байсан. Сум, гацааны сургуулиудыг нийлүүлж, том болгоно гээд, нээнгүүтээ л эргээд хаагаад байдаг байсан. Удалгүй сурган хүмүүжүүлэхийг таваарчилна гэж зарлав. Мунхруулгыг мөнгө олох таваар болгоно гэсэн. Монгол хэл, соёлын асуудал байнга ноцтой байсан.

-Монгол хүүхдүүдийг хятадаар хичээллүүлэх оролдлого хэдий цагт, хэр их гарч байв даа? -Монгол сургуулиудыг хятадаар хичээллүүлэх арав орчим оролдлого гарч байсан байх. Тэр бүрд монголчууд эсэргүүцээд болиулж байсан юм шүү. Шинжааны Баянгол тойргийн монгол сургуулиудыг 2017 онд хятадаар хичээллүүлсэн. Тэгэхэд “Бүх Өвөр Монголд бас тэгж магадгүй” гээд монголчууд бас тэмцэж эхэлсэн.

Өвөр Монголын тэргүүн, Улаанхүү өвөөтэй, Бөхөө аавтай, Бу дарга хүртэл хятаджуулах бодлогыг даалгасан хэмжээнд нь хүртэл биелүүлэхгүй байсан юм билээ. Бу дарга асар их дарамтан дор байсан учраас Бээжинд болсон намын хурал дээр ухаан алдаж унасан, удалгүй түүнийг албан тушаалаас нь зайлуулсан даа. 2020 онд ээлжит удаагаа, тэгэхдээ шийдвэрлэх дайралтаа хийсэн. Тэмцэл хөдөлгөөнийг хорьчихсон, бас хижиг тахал гарсан гээд давхар давхар хориотой байхад ч Өмнөд монголчууд маань эрслэн боссон доо. 1981 оноос хойш Өмнөд Монголд ийм том тэмцэл болоогүй. Зах зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон хятад иргэн шилжүүлэн суулгах шийдвэр гарсныг эсэргүүцэж, 1981 онд монгол оюутны бослого гарч байлаа.

2020 оных бол 1981 оныхоос том. 1981 онд оюутнууд боссон бол сая бүх монгол эцэг эх боссон. Хүүхдүүд их тэмцсэн, сэм оргох, дайрч зугтах, жагсах гэх мэт. Эцэг эхчүүд сүлжээ холбоонд эвлэлдэн нэгдэж, өргөдөл зарга илгээж, бичиг барьж зогсож, бичлэг шингээлт үйлдсэн. Хэдэн хүн эсэргүүцлийн тэмдэг болгож, амиа хорлосон. Тэмцлийг зогсоох гээд олон хүнийг баривчилсан. Хорих газар дүүрээд зочид буудлуудыг түр хорих газрууд болгож байсан.

-Одоо тэгээд Ар, Өмнөдгүй өрнөсөн эсэргүүцлийн жагсаал маань ямар үр дүнд хүрсэн бэ?

-Тэмцэл зөвхөн гай авчирсан гэж хэлэх хүн байдаг л даа. Тэмцэхгүй бол бид бүр хурдан дуусах магадлалтай. Төрийн албан тушаалтнууд, бага дунд, дээд сургуулийн багш нар, Одон телевизийн ажилтнууд, цагдаа нар хүртэл бослогод нэгдсэн. Хичээлийн шинэ жилийн нээлт Өмнөд Монголын сургуулиудад болсонгүй. Жирэм аймгийн Найман хошууны нэг монгол сургуульд мянган сурагч ирэх байсан бол, хэдэн арван сурагч л ирсэн шүү дээ. Монгол Улсын ахан дүүс хамгийн ихээр дэмжсэнийг

сүлжээ холбоогоор мэдээд бид зоригждог байлаа. Бослогын үр дүнд “Бүх хичээлийг хятадаар оруулна” гэж байснаа “Гурван хичээлийг хятадаар оруулна” гэж буулт хийсэн. Өмнөд Монголд хятадаар хэвлэсэн сурах бичгүүдээ олон ардын эсэргүүцлээс болж устгаж, яаран монгол хэлээр сурах бичиг хэвлэж байсан удаатай.

2020 оны зун зөвхөн монгол хэл, бичгийн эсрэг дайралт явагдаж эхэлсэн биш юм. Монгол соёлын эсрэг дайралт эхэлсэн. Сургууль соёл, олон нийтийн газруудад монгол бичгээр байсан хаяг, бичээс, уриа лоозонг авч хаясан, хусаж арилгасан. Гудамжинд байсан монгол үндэстний онцлогтой хөшөө дурсгал, чимэг зураг, хээ угалзыг нураасан. Олон байна гээд Чингис хааны хөшөөг нураасан. “Хэрэгцээ шаардлагагүй” гээд сургууль соёлын байгууллагуудаас, “зарагддаггүй” гээд дэлгүүрээс монгол хэлээр байгаа ном, сэтгүүлийг гаргаж шатаасан.

Зарим газар “Монгол бичиг, монгол соёл дангаараа үзэгдэж болохгүй, заавал хятад соёлтой алаглуулж харагдуул” гэж заавардсан. “Чингис хааны дүрийг үйлдэх бол Маог зэрэгцүүлж үйлд” гэх болсон, нэг талдаа Чингис хаан, нөгөө талдаа Мао даргатай чимэг үйлдүүлэх болсон. Энэ бүхний эсрэг боссон юм шүү.

-Эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсийг янз янзаар шийтгэж, тамласан тухай сонссон. Заримыг нь энд дурдахад зүрх зүсэм юм билээ?

-Бослогыг нухчин дарж, түмэн хүнийг шоронд хийсэн. Өөр олон шийтгэл оноосон. Өмнөд монголчууд тэр чигээрээ гэмтэн болсон. Ажлаасаа халагдсан. Зураг бичлэгт нүүр нь тод үзэгдсэн хүмүүсийг мянга түмэн зоос амлан, эрэн сурвалжилсан.

Төрийн албанаас монголчуудыг халаад, мэргэжил чадваргүй хятадуудыг оронд нь тавьж, ажлыг унагаж байлаа. Хувийн эзэгнэлт аж ахуйтай хүмүүсийн худалдаа үйлчилгээний эрхийг хааж, өндөр торгууль оногдуулж, бас “Эсэргүү хүн ажиллуулсан” гэж шийтгэх болов. Малчид зээл авч, аж ахуйгаа эрхлэх нь чухалтай байдаг. Гэтэл малчдад зээл өгөхөө больж, “урьдын зээлээ хурдан төл, үгүй бол шоронд хийнэ” гэв. Хүмүүсийн дансыг хааж, хадгаламжийг дээрэмдэв. Хуулийн баталгаагүй шахам болгосон тул өмнөд монголчуудын эсрэг малын хулгай дээрэм голдуу гэмт хэрэг их үйлдэгдэх болсон, машинтай хятадууд хонь, ямаа шүүрээд аваад явдаг болсон. Амиа хорлосон тэмцэгчдийн ар гэрийн хүмүүсийг хүртэл үнэнийг хэлсний төлөө буруутгасан.

Үр хүүхдийг нь олзлон булааж, амьдын хагацал үзүүлчихээд, эцэг эхийг нь “Хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн” гэж буруутгасан. Хүүхдээ сургуульд өгөөгүй явдлыг гаргасан бол нийгмийн халамж авах эрхийг нь хасна, хар дансанд бүртгэж, олон эрхийг нь хасна гэж мэдэгдсэн. “Байна уу” гэх зэрэг монгол хэлтэй олон сүлжээ холбоог хаасан.

Тэмцэгч Янжиндуламыг “бослогод уриалсан” гээд гэрийн хориог нь 10 жилийн ял болгож, яаран шоронд хийсэн. “Эхнэрийнхээ үзэл санааг дэмжсэн” гээд нөхрийг нь бас хорьсон. Нөхөр нь баривчлагдах хугацаагаа дуусгаад суллагдсан ч, Янжиндуламын тухай нэг үг ч дуугарахыг нь хорьсон. Одоо Янжиндулам болон бусад баригдсан хүмүүс яасан ийсэн нь бүү мэд, ор сураггүй болсон, асууж сурч болохгүй. Өмнөд Монгол харгис цагдаагийн улс болсон.

Эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Өмнөд Монголын сурган хүмүүжлийн хороо “ӨМӨЗО-ны ард иргэд нам засгийн бодлогыг дэмжиж, нэгдмэл сурах бичгээр хичээллэх хүслээ илэрхийлж байна. Төвөд, Шинжаанд хэрэгжсэн бодлогыг үлгэр жишээ ӨЗО-ы хувиар мөн адил хэрэгжүүлэхийг шийдэмгий илэрхийлж байна” гэж мэдэгдсэн. Нэгдмэл сурах бичгээр хичээллэнэ гэдэг нь хятадаар хичээллэнэ гэсэн үг л дээ.

Хятадын хэлний бодлогыг эсэргүүцэж, Өмнөд Монголыг өмөөрсөн тайван жагсаал дэлхийн хаа сайгүй болсон билээ. Энэ бол 2020 оны есдүгээр сард Японд болсон жагсаалын зураг. Уг жагсаалд тэнд сурч, амьдарч буй 1000 гаруй Ар, Өмнөд монголчууд оролцсон бөгөөд Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Тэмцлийн дараах байдал ямар байна даа гэж асуухад бэрх байна л даа. Гэхдээ л ингэж асууя?

-Хүүхдүүдийг хичээлд явуулахгүй гээд монгол эцэг эхчүүд “хичээл хаялт” гэж зохион байгуулсан байдаг. Цэрэг, цагдаагийн хүчээр хүүхдүүдийг хүчээр булааж аваад, есдүгээр сарын 15-нд хичээл эхлүүлсэн. “Эцэг эхчүүд дайрах вий, хүүхэд оргох вий” гээд цагдаа хамгаалсан, хана хэрмийг өндөр болгосон, заримдаа өргөст тор дээр нь татсан дүр зурагтай хичээллүүлж эхэлсэн дээ. Өөрийн эрхгүй шорон гяндан санаанд орох юм билээ. Си дарга “Цөөн тоот үндэстэн болох өвөр монголчууд та нар хан үндэстнээс салахгүй, хан үндэстэн ч та нараас салахгүй гэдгийг цээжлэх хэрэгтэй.

Өөртөө засах орны Засгийн ордон нийтийн хэлний хэрэглээг ихэсгэж, үндэсний үзэл, үндэсний соёлыг засан залруулж, цөөн тоот үндэстний асуудлыг шийдвэрлэж, сургуулиудад Дундад орон даяар хэрэглэгддэг сурах бичгийг нэвтрүүл” гэж шууд заавар өгсөн. Нийтий хэл гэдэг бол хятад хэл. Гурван хичээл хятадаар, бусад нь монголоор орно гэдгийгээ тэр бүрий баримталдаггүй бололтой, энд тэндээс янз бүрийн юм дуулддаг. Монгол багш нарыг олноор халж, хятад багш нарыг оронд нь ажилд оруулж, хэл ус авалцахгүй болгосон, “монгол хятад сургуулийг нэгтгэнэ” гээд, монгол хятад хүүхэд хольж суулгаад, хятад сургууль болгочихсон зэрэг явдлууд гаргасан.

Өмнөд Монголын түүх, соёл зэрэг хичээлүүдийг хаасан. Мөн шинэ сурах бичгүүдэд “Монгол“ гэх мэт үгийг хасаж, “Хятадын тал“ гэсэн үгээр орлуулсан. Хичээлийн агуулга хятадын соёл, улаан хамгаалагчийн үзэл суртлаар дүүрч байгаа. Хүүхдүүдийг улаан хамгаалагчийн хувцсаар жигдрүүлж, улаан хамгаалагчийн дуу дуулуулж, бүжиг, жүжиг хийлгэдэг. Дайсны дүр нь монгол үндэсний хувцастай байдаг, хоцрогдсон, үндсэрхэг этгээд бол тэр юм гэнэ. “Тэсрэх бөмбөг” гэсэн бичигтэй хүнд богц үүрүүлж, дайснуудтай хамт дэлбэрч үхэх сургалтанд хамруулсан ч гэх шиг.

Шуудхан хэлчихэд эцэг эхийнх нь эсрэг, монгол үндэстний эсрэг хүмүүжүүлэхийг оролдож байгаа. Гэвч бид тийм байдалд хүргэхгүй, хүүхдүүд маань ч монгол хүүхдүүд учраас тийм сургалтад дургүй.

-Энэ үзэл сурталжсан сургалтад зөвхөн хүүхдүүд хамрагдсан уу? -Үгүй. Монгол оюутныг бас үзэл суртлаар боловсруулсан. Өмнөд монгол оюутнууд энэ бүх байдалд дургүйцэж, дотуур байрны өрөөндөө Монгол Улсын далбааг өлгөөд ноцтой асуудалд орсон. Монгол үндэсний хувцас өмссөн оюутнуудыг муу хэлж, чичилдэг болсон. Томчуудыг бас хүүхдүүдийн адил үзэл суртлын сургалтад хамруулж байна. Хүмүүжлийн дугуйлангууд гээд олноор байгуулсан. Тэнд хятад соёл, улаан хамгаалагчийн үзэл суртал заана. Хэдэн сар заана, шалгалт авна. Улаан хамгаалагчийн хувцас өмсүүлж дуулуулна, бүжиглүүлж жүжиглүүлнэ.

Си даргын улаан номыг цээжлүүлнэ, чангаар хашгируулна. Си даргын улаан ном бас гарсан шүү. Энэ бүхэн малчин бидний аж амьдралд маш их тээр дараатай. Балчир хүүхэд, томчууд аль аль нь цэргийн сургалтад их хамрагддаг болсон.

-Монгол хэл бичгийн хэрэглээ хумигдаж байна уу? -“Олон нийтийн газар нийтийн хэлээр яриарай”, “Нийтийн хэлээр ярих нь соёлтой хүний шинж” гэсэн бичгүүдийг хаа сайгүй хадсан. Заримдаа төрсөн нутаг орондоо биш, харь улсад байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Өмнөд Монголын нийт хүн амд зориулсан бичээсийг хоёр хэлээр зэрэгцүүлж, тэгэхдээ эхэнд нь монголоор бичих хуультай, энэ бол бүр мартагдсан. Хурим хийхэд хос хоёрыг эхлээд Мао даргад мөргүүлдэг шинэ ёс заншилтай болгосон. Өмнөд Монголын засаг өөрийн гаргасан хуулиа үндсэрхэг үзлийн илрэл гээд буруутгадаг боллоо.

Төвөөс нэг хэлтэн улс болох ажлыг түргэсгэ гэж байнга шаарддаг. “Нийтийн хэлийг дэлгэрүүлэхийг бүх талаар чангатгах” нэрийн дор хятаджуулах үйл ажиллагаа улам хүчийг аван өрнөж байна. “Нийтийн хэл, дөрвөлжин хятад үсгийг харилцан уусалцахын тулд нэн ихээр хэрэглэх ёстой” гэж улайран дайрч байна.

2025 оноос монгол хэлээрх сургалт байхгүй болж, бүрэн хятад хэлээрх сургалтад шилжих төлөвтэй байгаа. Монгол хэлийг гэр орондоо аар саар зүйл дуугарахаас хэтрэхгүй болгож байна.

Иргэдийн зүгээс монгол хэл бичиг зааж сургахыг хорьчихсон, зөвхөн улсын сургууль заах эрхтэй. Зарим хүн сүлжээ холбоонд нууцаар монгол хэл бичиг заасан, түүнийг илрүүлээд болиулсан.

-Яасан хэцүү юм бэ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа юм байна. Холимог соёл үүсгэж байна гэж дуулдсан. Тэр нь ямар соёл болж таарч байна?

-Монголын овоо тахилга гэх мэт ариун газруудад хятадууд хятад бүжиг бүжиглэх, эсвэл монгол хятад хүмүүсийг хамтад нь хятад бүжиг бүжиглүүлдэг болсон. Эсвэл бүр тэнд улаан хамгаалагчийн туг лоозон хадаж, монголчуудаар улаан хамгаалагчийн дуу бүжиг хийлгэдэг, үзэл суртлын үг хашгируулдаг болгосон. Улаан хамгаалагчийг тахих газар болгож байгаа.

Хятад соёлыг хэрээс хэтэртэл түгээхдээ монгол соёлын арга хэмжээн дээр, эсвэл монгол соёлын нэвтрүүлгийг болиулаад оронд нь түгээх болсон.

Монгол хүүхдүүдэд зориулсан телевизийн нэвтрүүлгүүд, хүүхэлдэйн кинонууд хятад хэлээр байдаг боллоо. Миний нэг таньдаг хүн хятад хэл огт мэдэхгүй омбол хүүгээ таарах монгол сургуульд оруулах гээд олоогүй. Тэр хүү нь ханз үсгийн утгыг мэдчихээд, ханз үсгийг монгол хэлээрээ уншаад сууж байна гэнэ.

Холимог соёл үүсгэх гэж их чармайж байна. Хятад монгол хөгжимтэй, хятад монгол хувцастай хүмүүсээр хятад ая дуу хөгжимдүүлж дуулуулдаг ч юм уу. Харилцан уусах гэдэг зүйлийг ярьдаг, үнэндээ хятадчилж байгаа л хэрэг. “Монгол соёл гэж ярьж болохгүй, хятад бэлчээрийн соёл гэж ярь” гэдэг болсон. Монгол Улсын бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг бүрэн хориглосон. Энэ бүхнээс болоод зарим монголчууд зурагт үзэхээ больж байна.

-Толгой сэгсэрмээр болж байна шүү. Дэндүү юм аа. Цэцэрлэгийн хүүхдүүдийг хятадаар хүмүүжүүлнэ гэсэн гээ биз дээ?

-2021 оны зунаас Өмнөд Монголд сургуулийн өмнөх боловсролыг хаана ч зөвхөн бээжин аялгуугаар хүртээх болсон. Энэ бол 2020 оноос ноцтой хэрэг. Ер нь холбогдох шийдвэр гарахаас ч өмнө олон цэцэрлэг бээжин аялгуугаар хичээллэдэг болчихсон байсан, тэнд хүүхдүүд монголоор дуугарч болохгүй. Хятад хэл мэдэхгүй, монгол хүүхэд болж төрснийхөө төлөө балчир жаахан үрс харгис хятад багш нарт загнуулж, зодуулж байгаа нь зүрх шимширмээр.

Эх монгол хэлдээ бүрэн ороогүй хүүхдийг хятад хэл, хятад соёл, үзэл суртлаар бөмбөгдөхөөр юу болох вэ. Хар багаасаа хамаг юм нь хятад орчинд сурч боловсрохоор юу болох вэ. Балчир хүүхдүүд хятад хэлийг монгол хэлээс илүү сурч мэдэх боллоо.

Монголчууд бид хойч үегүй болох нь уу? ”Юун дунд өснө вэ, тэр л эх орон нь, төрөлх бүхэн нь болдог биш үү” гэж хүмүүс бухимдаж байна. Юу ч бодохгүй хумигдаж амьдрах хүмүүс байна. Дайрагдаж дарагдаж болохгүй гэсэн зоригтнууд ч олон байна. Гэхдээ 2020 он шиг тэмцэх аргагүй болсон, Өмнөд Монгол маш хатуу дарангуйлалд тас базуулчихаад байна. Дарга нар Шинжааны жишээг их ярьдаг. Энэ нь Өмнөд Монголыг Хоёрдугаар Шинжаан болгоно гэсэн үг юм. Ийнхүү Соёлын их хувьсгал Өмнөд Монгол нутагт ахин өрнөж байна. Сүүлийн үед бүр Өвөр Монгол гэсэн нэрийг байхгүй болгож, Хятад тал гэсэн нэртэй болгоно гээд байгаа. “Монголчуудын хэл соёл, бэлгэ тэмдгүүд Дундад улсын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна” хэмээх болсон. Монгол хүн байх нь л Дундад улсад заналхийлээд байдаг болсон шүү дээ.

-Хамтын цогцыг бүрдүүлэх гэх бодлого их яриад байх шиг байна лээ. Тэр нь яадаг бодлого вэ. Бас л монголчуудын эсрэг бодлого уу?

-“Хамтын цогцыг бүрдүүлэх” гэж маш их ярих болсон. Энэ нь бүх 56 үндэстэн нийлээд дундад буюу жунгаа үндэстэн болно гэсэн бодлого. Жунгаа болно гэдэг нь хятад болно гэсэн үг. Монгол ч бай, төвөд ч бай угтаа жунгаа үндэстэн юм гэсэн бодлого явуулж ирлээ. Бүгдээрээ нийлж анар жимс мэт нэг биет болно гэдэг, энэ санааг Өмнөд Монголд Анар гэдэг нэртэй охиноор төлөөлүүлээд сурталчилгаа явуулах болсон. Анар гэсэн нэртэй хүмүүс үнэд орж байгаа шүү. Ийм байхад даян дэлхий яагаад таг чиг байна вэ? Бид Трампыг шар өвгөн, Байденийг цагаан өвгөн гээд ярьдаг. Шар өвгөний үед итгэл найдвар их төрдөг байлаа, тэнгэр хувирах нь уу, пуужин тавих нь уу ч гэж янз бүрийн л юм ярьдаг байв.

Ажаад байх нь ээ, дэлхий даяар зарим үндэстний асуудлыг их чухалчлах юм. Гэтэл Дундад улсад язгуурын бээжин аялгуутнаас бусад үндэстэн, ястнууд бүр байхгүй болох гэж байна шүү дээ. Хятад хүмүүсийн дотор нь ч бээжин биш аялгуутай хүмүүсийг уусгаад бүгдийг зөвхөн бээжин аялгуугаар ярьдаг болгож байгаа. Хятад үндэстэн дотор бээжин биш аялгуутай нь гуравны нэг. Хятад биш 55 үндэстэн, бээжин биш аялгуут 10 хятад ястан, нийлээд хэдэн зуун сая хүнийг уусгаж алга хийх гэж байна. Дэлхий хаа байна (Хоолой нь зангирав).

-Цөхөрмөөр нөхцөл байдал дуулдаж байна даа. Хувиасаа одоохондоо “Уучлаарай” гэдэг үг л хэлье. Хоолой зангирч байна, уучлаарай, монголчууд минь?

-Малчид цөхрөөд, аргаа бараад, зарим нь бүр “Монгол, Австрали, АНУ, Канад зэрэг улсад олноор очиж суух боломж юу байна” гэж хүртэл хэлэлцэж байх юм байна шүү. “Гарвал цэвэр агаар үзнэ, гарахгүй бол гянданд дуусна” гэх.

Хавчигдаж дарлагдаад, үг хэлгүй болж, хайлж дуусах хэцүү байна. Амьд үлдэх, амьдрах газар хайж байна. Тосоод авах хүнтэй газар хайж байна. Паспортын асуудал хэцүү. Уул хад дундуур гарах зам бодож сүвэгчлэх юм. Цөхөрсөн хүний л арга ядсан бодол байх даа (Уйлав).

-Уучлаарай…

-“Монгол Улсдаа гарах амар” ч гэх, “Ар Монголд ажил олох хэцүү” ч гэх, “Халхад олон улсын байгууллага байдаг, түүгээр дамжаад эрх чөлөөтэй, ажил олдох газар очьё” ч гэх шиг. “Ядаж нэг гэрээс нэг хүн гаръя. Хэдэн түмээр, хэдэн арван түмээр гаръя. Газар шороо худалдаж аваад бөөгнөрч амьдаръя” гэж ч хэлэлцэх юм (Цурхирав). Хадан дунд хавчигдсан халиуны зулзаганууд боллоо доо, бид. Мэдээж хэрэг эх нутгаа монголчууд бид хамгаална, гэхдээ гадагш гарах бодолтой хүн цөөнгүй л байдаг шиг… Цөхрөлийн туйл болоод л ингэж ярих хүмүүсийн тоо улам бүр өсөж байна.

-Ингэхэд Хятадын дотоод гадаад байдал юу болж байна. Монгол Улстай харилцдаг боомтоо хэзээ нээх төлөвтэй байна. Наагуур чинь юу ярьж байна?

-Дундад улсын “Нэг бүс-Нэг зам” бодлого гэдэг нь угтаа бол дэлхийг Дундад улс захирна л гэсэн жанжлан ноёрхох үзэл юм. Энийгээ хэрэгжүүлэх гэж айлгах аргадах, хатуу зөөлөн бүх аргаа хэрэглээд бүтээгүй, харин ч даян дэлхийн бүх улстай муудалцлаа.

Дундад улсад хижиг тахал их байна. Амуу будаа хүрэлцэхгүй болж байна. Хоол хүнсээ хэмнэх уриалга их болж байна. Ажилгүйдэл өсөж байна. “Монгол Улс хаалттай боллоо, хэцүү боллоо” гээд та нар ярьж байна. Хятад улс адилхан болсон. Дөрвөлжин дотроо их л хямралтай байна даа. Хамаг бүдүүн дарга нар бие биеэ шүүмжлээд, сонин дээр ч гаргадаг боллоо. Си дарга 100 насалж дийлэхгүй. Хэзээ нэгтээ Хятадын үндэсний бодлогод өөрчлөлт гарч мэднэ. Юу ч болж болно. Олон том явдлыг урьдчилж мэдэж дийлээгүй байдаг.

Дундад улс олимп дуустал Монгол Улс руу үүдээ нээхгүй байх. “Монгол Улс хижиг тахлын хэмжээгүй их аюултай шүү” гээд бүдүүн дарга нар энд их ярьдаг.

-Хаанаас анх энэ вирус гарлаа даа? -Тэр ч байтугай, цаашдаа ч бүр Дундад улс хаалга үүдээ хаагаад бүрэн хаалттай орон болох гээд байх шиг. Намайг төрөхөд бүрэн хаалттай улс байсан. Насан өндөр болоход бас адил болох гэж байна. Соёлын хувьсгалын үед хаалттай байсан, шинэ Соёлын хувьсгалын үед яг л тийм болох гэж байна. Си дарга улаан хамгаалагч байсан, улаан хамгаалагчдыг буруутгаж шийтгэсэн. Одоо тэгээд хариугаа авч байна уу даа, Си дарга улаан хамгаалагчийг гүрэн даяар оройн дээд болгож их л мандуулж байгаа шүү дээ. Амьдрал минь Соёлын хувьсгалаар эхэлж, Соёлын хувьсгалаар дуусах нь уу даа гэж гасалж сууна даа.

Тийм учраас эрх чөлөөт, бүрэн эрхт Монгол Улсын ахан дүүс Дундад улсгүйгээр хэрхэн яаж аж төрөх вэ гэдэгтээ бэлтгэх тун чухалтай. Урьдынх шиг Дундад улсад чөлөөтэй зорчиж, наймаа шоймоо хийнэ гэж үлгэрийн далай шүү. Харин өмнөд монголчууд бидний хувьд бусад монгол ахан дүүсээсээ хаалттай хана хэрмийн цаана хагацаж салах цаг ирж байх ч магадгүй. Тэр нь он удаан жил үргэлжлэх ч магад аа. Нулимстайгаар яриагаа дуусгая даа (Уйлав).

Азийн Хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ