БАЙГАЛЬДЭЛХИЙСОНИН ХАЧИНСПОРТ

Дэлхийн дулаарлаас шалтгаалан газар нутаггүй болж буй анхны улс !!!

Уншигч та бид бүхэн өөрийн гэрээ нүүлгэхэд ямар хүндрэлтэй байдаг билээдээ. Харин тэгвэл бүхэл бүтэн улс тэр аяараа нүүвэл юу болох бол. Тэгвэл дэлхийн дулаарлын улмаас Номхон далайд орших Тувалу Улс усанд автаж манай дэлхий дээрх газар нутаггүй анхны улс болоход тун ойрхон байгаа аж.

Тус улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 5 шүрэн арал, 4 бүлэг арлаас бүрдэн оршдог. Мөн ердөө 26 км2 нутаг дэвсгэртэй тул дэлхийн хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдоно.

Харамсалтай нь тус орны хэмжээний тухай мэдээлэлд бүрэн итгэж болохгүй болжээ. Учир нь Тувалу улсын газар нутаг дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдөр ирэх тусам багассаар байгаа ажээ.

Өнгөрсөн 11-р сард дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тувалу улсын гадаад хэргийн сайд Симон Кофе өвдөг хүрсэн усан дунд зогсоод,  НҮБ-ын цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцогсодтой цахим уулзалт хийж байгаа дүр зураг түгсэн билээ.

Түүний хувьд 10-р сарын 31-ний өдрөөс өнгөрөгч сарын 12-ны өдөр Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бага хуралд оролцох ёстой байсан ч цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байгаа тул ийнхүү цахим уулзалт хийсэн нь тэр байсан аж.

Тэрбээр усан дунд зогсоод олон улсын төлөөлөгч нарт мэдэгдэл хийхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд би Тувалу улс цаг уурын өөрчлөлтөөс улбаатай далайн түвшин нэмэгдэж буй явдлын бодит хохирогч болж буйг мэдэгдэхийн зэрэгцээ орох оронгүй болсоор буй иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал болж байгааг цохон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч тус улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш ердөө 4.8 метрт оршдог тул цаг уур дулаарч, туйлын мөс хайлсаар байвал цаашдаа ямар ч газар нутаггүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа ажээ.

Хэрэв Тувалу улс газар нутаггүй болсон тохиолдолд иргэд нь хаачих вэ?

Одоогийн байдлаар тус улсын хүн амын тал орчим хувь буюу 5,000 гаруй иргэн төрөлх орноо орхин нүүгээд байгаа юм. Тэдний дийлэнх хэсэг нь Шинэ Зеланд руу нүүсэн бөгөөд цаг уур энэ хэвээр дулаарсаар байвал тун удахгүй газар нутаг нь бүрэн үгүй болсон анхны орон болох магадлал тун өндөр байгаа гэдгийг сонордуулжээ. Түүнчлэн хэрэв тэд газар нутаггүй болвол ямар арга хэмжээ авах талаар ажилдаа хэдийн ороод буй бөгөөд ОУ-ын хууль тогтоомжид газар нутаггүй болсон орны талаар ямар заалтууд байдаг талаар судалж эхлээд байгаа аж.

Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй зүйлтэй нүүр тулаад буй тэдний хувьд хэрэв бүх иргэд нь гадаад орон руу дүрвэсэн тохиолдолд тусгаар улс гэсэн статусаа хадгалж үлдэх эсэх нь ч эргэлзээтэй байдалд байгаа юм. Магадгүй тэд дэлхийн анхны “Дижитал улс” болохыг ч үгүйсгэхгүй билээ.

Бусад сонирхолтой мэдээллүүд

Тус улсын хамгийн том арал нь нийт 5 орчим хавтгай дөрвөлжин км талбайг хамрах Вайтупу юм. Харин хамгийн жижиг арал болох Ниулакита нь ердөө 0.4 хавтгай дөрвөлжин км (400 мянган хавтгай дөрвөлжин метр) хэмжээтэй.

Фунафути нь албан ёсоор тус улсын нийслэл хот гэж тооцогддог боловч үнэндээ 3 тусдаа тосгоныг нийлүүлсэн нэршил гэнэ.

2019 онд тус улсын засгийн газар хиймэл арал барьж, газар нутгаа тэлэх төслийг эхлүүлсэн ч удалгүй зогсоож байжээ. Тэрхүү төсөл нь иргэдийг дээрх аюулаас хамгаалахад тус дэм болох байв. Гэхдээ уг төслийн саналыг Хятадууд тавьсан учраас Тайванийг дэмждэг Тувалу татгалзсан хариу өгсөн ажээ.

Дээр дурдсан гадаад хэргийн сайдын үйлдэл нь цаг уурын өөрчлөлт хэр түвшинд байгааг дэлхий дахинд харуулахаас гадна улсдаа гадны хөрөнгө оруулалтыг татах оролдлогуудын нэг жишээ юм. Харамсалтай нь Тувалу дэлхийн хамгийн ядуу орны тоонд орсон хэвээр байна. Хэдий тропикийн дулаан бүсэд, үзэсгэлэнтэй шүрэн арлуудын ойр орших ч тус улсын ДНБ-ий 10 гаруй хувийг л аялал жуулчлал бүрдүүлдэг байна.

Сонирхолтой нь Тувалу улс үндэсний интернетийн “.tv”  домэйныг төрөл бүрийн видео сайтуудад түрээсэлж, ихэнх орлогоо олдог байжээ.

2010 оны эхээр Тувалу арлууд дахь гүний ус нь бохирдсон учраас оршин суугчдыг худгаас ус авахыг хориглож байв.

Цэвэр усны гол эх үүсвэр нь өдгөө борооны ус болоод байна. Хэрэв хомсдол үүсвэл ойрын хөрш болох Шинэ Зеланд тэргүүтэй орнуудаас агаараар тээвэрлэн усаа авдаг. Арлууд дээр далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэр барьсан ч үр дүнгээ хараахан өгөөгүй байгаа аж.

Нутгийн иргэд мөн далайн эрэг дээр хуримтлагдсан хог хаягдлын тал дээр маш их санаа зовдог. Харамсалтай нь эрх баригчид энэ тал дээр арга хэмжээ авалгүй олон жил болжээ.

Хэдий 1978 онд тус улс тусгаар тогтнолоо олж авсан ч ард иргэдийн санал асуулгаар Их Британийн хатан хааныг албан ёсны тэргүүн хэвээр үлдээжээ.

1982 онд Элизабет хатан нөхрийн хамт, 2012 онд хунтайж Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон нар Тувалуд айлчилж байсан юм. Хэрэв асуудал улам даамжирч, ард иргэд нь амьдрах нутаггүй болоход тэднийг олон жил колоничилж байсан британичууд тусламжийн гараа сунгах биз ээ.

Орчуулсан А.Мэргэн

Тувалу Улсын талаарх товч мэдээлэл

Тувалу Улсын нийслэл нь Фонгафале. Умард Номхон далайн Элисийн арлуудад багтдаг арал улс юм. Хүн амаараа Ватикан хот улсын дараа орохоор, хамгийн цөөн хүн амтай тусгаар тогтносон улсуудын нэг юм. Газрын түвшин нь маш доогуур бөгөөд хамгийн өндөр цэг нь 5 метр. Тиймд далайн түрлэг эхлэхэд арлын урд хэсэг нь усанд автах тохиолдол цөөнгүй. Ирээдүйд далайн түвшин энэ эрчээрээ өндөрсвөл энэ улс нь бүхэлдээ живнэ гэж судлаачид үзэж байна.

Топ лэвэл домэйнийн нэг болох .tv ийг нь Америкийн нэг компани 50 сая доллараар худалдан авсан гэж яригддаг. Үүнээс олсон орлогын нэг хэсгийг 2000 онд НҮБ-д гишүүнээр элсэх зардалд хэрэглэжээ. Монгол улстай хараахан дипломат харилцаа тогтоогоогүй байгаа.

Нийслэл (их хот) Фунафути, Албан хэл Тувалу хэл. Англи хэл. Ард түмэн 96% – Полинез угсаатан. 4% – Микронез угсаатан Олон түмэн Тувалынхан. Төр засаг Ардчилсан дэглэм, үндсэн, хуульт хаант засагтай
– Хатан ван II Элизабет – Амбан захирагч Иакоба Италели – Ерөнхий сайд Вилли Телави Их Британиас тусгаар тогтносон – 1978-10-01 Тусгаар тогтносон Нутаг дэвсгэр – Бүх талбай 26 км2 (191/194). Хүн ам – Тооцоо (2011) 10,544 (193/194) ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо – Нийт дүн $36 сая – Нэг хүнд $3,400

Тувалу Улсын аялал жуулчлал

Тувалу гэж энэ жижигхэн улсад жуулчид тэр бүр очдоггүй шалтгаан нь аймар аюултайдаа биш хүмүүс тэр бүр энэ улсын талаар сонсож байгаагүйд л байгаа юм. Харин ч бүр эсрэгээрээ тайван амгалан, бүх иргэд бие биенээ таньдаг учир гэмт хэрэг бараг гардаггүй. 1978 оноос хойш одоог хүртэл ердөө хоёрхон удаа хүн амины хэрэг бүртгэгдсэн байдаг. Хортой могой, аалз, малариа гэх мэт аюулууд байхгүй харин их л шумуултай гэсэн байналээ. Тувалу гэх есөн жижиг арлаас бүрдэх улс нь өмнөд номхон далайд Хавайн арал болон Австрали улсуудын дунд байрладаг. Тувалуг тойроод Санта Крузын арал, Науру, Крибати, Фижи болон Самао арлууд байрлана.

Нийт газар нутгийн хамрах хүрээ нь 26км/кв (Монгол улс 1,566,000 км байдаг). 11 мянган хүн амтай бөгөөд Тувалу доллар болон Австрали доллар гэсэн хоёр мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ. Английн колони байсан Тувалу нь 1978 онд тусгаар тогтнолоо зарласан ба англи болон Тувалу хэл гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Нийслэл Фунафутид онгоц буух боломжтой ганцхан жижиг онгоцны буудал байдаг. Голлох хүнсний бүтээгдэхүүн нь кокос, усны шувуу, загас болон банана. Дэлгүүрт нь ихэвчлэн нутгийн иргэдийн гар аргаар хийсэн зүүлт, чимэглэл, лаазалсан бүтээгдэхүүн, будаа, загас зэрэг байдаг. Арал дээр гол, булаг гэж байхгүй учир борооны усыг нөөцлөх, худагаас ус татах аргаар л цэвэр устай золгодог.

Хүн төрөлхтөн байгалтайгаа хэрхэн зохицон амьдарч буйг харъя гэвэл Тувалуг зориход маштохиромжтой. Тэд ер нь ямар ч стрессгүйгээр элдэв интернет сэлтгүйгээр жинхэнэ байгалиараа амьдарч байгаа хүмүүс. Газар тариалан эрхэлж, хоол хүнсээ далайн загасаараа базааж, гэр орноо модоороо хийчихдэг. Тувалуд аялж байсан жуулчдын сэтгэгдлийг уншихад ард иргэдийнх нь найрсаг зан, элдэв стрессгүй онгон байгалын сайхныг нь л магтсан байна лээ. Онгоцны тийзийн хувьд Австралийн Сиднейгээс нисэхэд хоёр талдаа ойролцоогоор 700 орчим ам.доллар. Шенгений орнуудаас бусад орны иргэд заавал виз мэдүүлэх шаардлагатай ба онгоцны буудлаасаа 100 доллар төлөөд дээд тал нь нэг сарын хугацаатай зорчих виз авч болно.

За тэгэхээр ямар ч байсан Тувалуд ирчихлээ. Тэгвэл одоо юу хийх вэ? Эхлээд зочид буудлаа олоод, өрөөндөө төвхнөөд ав. Зочид буудлын ажилчид тань хаана юу болох, ямар арга хэмжээ зохиогдох, ер нь бүхий л мэдээллийг өгчихнө. Тувалуд “киликити” хэмээх үндэсний спорт байдаг ба дүрмийн хувьд крикеттэй нэлээн төстэй. Нутгийн иргэдтэй энэхүү тоглоомоор тоглож болж байна. Эсвэл гар урчуудын дэлгүүрээр зочилж шоппинг хийж болж байна.

Амралтын өдрүүдээр ажилладаг хоёр ч шөнийн клуб байдаг ба тэнд очиж шавиагаа ханатал үндэсний бүжгийг нь хийж болж байна. Зочид буудалтайгаа холбогдож асууж сураглаж байгаад далайгаар завьтай аялаж, ховордсон яст мэлхийтэй хамт шумбалт хийж, бусад тойрсон жижиг арлуудаар зугаалж ч болно. Гэнэт агаарын аюулын дохио хангинаад эхэлвэл битгий айж сандраарай. Энэ нь өнөөх жижиг буудалд онгоц газардах гэж байна, буух зурвас дээр байгаа хүмүүс холдоорой гэсэн дохио юм. Онгоц нь зөвхөн мягмар болон пүрэв гарагийн өглөө л газардана.

2016 оноос Тувалуг зорих жуулчдын тоо нэмэгдэж жилдээ 2000 орчим жуулчин хүлээн авдаг болжээ. Гэвч тэдний 20% нь л аялахаар ирдэг бол үлдсэн хувь нь НҮБ, болон бусад тусламжын байгууллагын ажилчид, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаад нутагтаа буцаж буй Тувалугийн иргэд байдаг. Энэхүү улсад нийт 8 км урт машин зам байдаг ба 512 килобайт хурдаар интернет орох боломжтой. Гэхдээ ийм халуун, найрсаг, аюулгүй арал дээр танд интернет сэлт хэрэг болно гэж бодохгүй байна. Харамсалтай нь эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү арал нь дэлхийн дулаарлаас болж ирэх 50-100 жилийн хугацаанд далайд шингэж алга болно гэж үзэж байгаа юм байна.

Бэлтгэсэн Г.Алтангэрэл