АЛДАРТНУУД

Ч.Ганжавхлан: Энэ зургийг би энэ өвөл дөнгөж ес эхэлдэг өдөр дарсан юм

Энэ зургийг би энэ өвөл дөнгөж ес эхэлдэг өдөр дарсан юм. Өвөөдөө туслан шахмал түлш тэргэн дээр түрэх хоёр хүү … Тэд амьдралыг мэднэ ээ. Энэ төр засгийн ямар ч том том ярьсан дарга түшмэлээс илүү амьдрал мэднэ. Хүн амьдрахын тулд жаахан ч гэсэн дулаацаж бүлээцэхийн тулд, хахир хүйтэн энэ өвлийг хөлдөж үхчихгүйхэн давахын тулд нүүрс түлдэг гэдгийг мэднэ. Яг хөхөө өвлөөр хүйтэн гэрт хөнжилнөөсөө ч цухуйж чадахгүй эрүү нь чичирж хоосон ходоодоо чагнаж суугаа энэ хүүхдүүдэд шахмал түлш байна уу налайхын нүүрс байна уу тийм ч чухал биш.

Үнэхээр даарвал папришка дугуй ч түлэх нь хүний амьд явах инстинкт. Нүүрсний үнэ хямд байлаа гээд алгахан гэрт ханаж цадахгүй их түлнэ гэсэн санаа ч байхгүй. Хүйтрэх тусам өдөрт түлдэг нүүрсний хэмжээ ихэсдэг, дагаад утаа ихэсдэг энэ бол 1-р ангийн хүүхэд ч ойлгох зүйл. Яагаад Монголын дарга нар ойлгодоггүй юм бүү мэд. Тэд нарыг энэ хоёр хүүгийн гэрт гуравхан хонуулахсан. Нусаа татаад нэг юм гонгинох л байх даа … Ийм юм ойлгохгүй амьдралаас хол хүмүүс шийдвэр гаргаад байгаа болохоор аль ч салбарт дэвшил гарахгүй байна аа.

Новшнууд нэг арга олжээ. Тэр нь юу гээч ? Буруутан олох ! Энэ утаа ихсээд байгаад нэг л буруутан байж таарна, яасан ч сайд дарга бол тэр буруутан нь биш байх ёстой, буруутанг илрүүлж цээрлүүл ! Би тэгтэл бүр сэжгийн нэг зүйл харлаа. Буруутан хайх засгийн газрын аян айлуудаар ороод бүр хэвлэл мэдээлэлтэй загнаад зандраад дээрэлхээд эхлэжээ. Бид сайн үйлс хийхдээ хүртэл хүний эрх зөрчинө гээд эхлээд хүнтэй мэнд мэдэж, зөвшөөрөл авч, нүүр царайг нь гаргахгүйгээр ажил хийдэг юм шүү. Учир нь хэдий ядуу зутруу байлаа ч тэр хүнд язгуур эрх гэж үнэт зүйл гэж байдаг учраас ! Төр засагт ийм эрх мэдэл бий юу ?

Түлшнээс болоод загнуулаад улсаараа лайв үзэж шүүмжилж нулимуулаад зогсож байгаа аав ямар гэмт хэрэг хийсэн юм бол ? Аавыгаа хараад сууж байгаа хүүхэд гарахаар нь юу гэх бол ? “Ааваа тэгээд хөлдөж үхэх нь зөв юм уу ?” гэдэг асуулт ирэх л байх даа. Тэдний боломжийг хулгайлсан ЖДҮ, авилга гээд эсвэл цааш нь ярих уу ? Битгий дүрдээ итгээч новшнуудаа. Монголыг хорлож илүү утаа гаргаж суугаа нэг ч хүн байхгүй, тийм шалтгаан ч байхгүй, зүгээр л өвөл болохоор даардаг гэдэг афоризм шиг энэ хүмүүс даараад байна, тэр гэрт хүйтэн байна.

Энийг ойлгочих мудак наад арьсаа хамгаалсан засагт чинь нэг ширхэг ч байхгүй байгаа юм гэж үү ? Та нарын буруу газар олголт, хавтгайрсан халамжийн бодлого, авилга эрх ашиг, боломжийг нь хулгайлаад идчихдэг, хэдэн хороолол барьчих мөнгийг утааны эсрэг гээд салхинд хийсгэчихсэний чинь лайгаар л энэ утаа нэмэгдээд байна шдээ. Буруутан илрүүлэх гээд байгаа бол зах нь үл үзэгдэх энэ гэр хороолол хөндийгөөс биш өөрсдөөсөө буруутан илрүүл лдээ. Одоо тэгээд аймар утаа гаргаж байгаа 10 гэр илрүүллээ, дрон энэ тэр нисгэж алцаганалаа, тэр 10 гэрээ яахын ? Битгий утаа гарга гэхээр хөлдөөд үхчихнэ шд. Засаг нь хүнээ алах гэж байгаа юм уу ?

Омикрон зөвхөн туссан хүндээ л халгаатай, утаа бол биднийг өдөр бүр зугуухнаар маш удаан алж байгаа шүү. Цар тахлыг дэлхий нийт, Монголчууд даваад гарах байх харин өдөр бүр утаа байгаа гэдгийг сануулж байх хэрэгтэй. Сүүлийн асуулт ! Энэ утааг арилгасан гэж гол пиараа хийж гарч ирсэн ерөнхийлөгч маань хаах нь юу хийж яваа бол ? Боож үхлээ хэмээн олны талархлыг хүлээж ерөнхийлөгчийн зөвлөх болсон эрхэм бүсгүй яагаад чив чимээгүй суугаа юм бол ? Хэзээ бид хариуцлага нэхэж сурах вэ ? Зөвхөн утааны том амлалтаар нь ерөнхийлөгчийг ард түмэн шүүж болохоор байна шүү дээ. Амьдрах гэж оролдсон 10 хүн илрүүллээ ! Алчих уу ?

Яг л тэр их утаа гаргасан гэх нэг муу ахыг бүлтэлзүүлэн, лайваар далайлгаж, эрхийг нь зөрчиж түмний шившиг болгож байгаа шигээ ? Дээр нь энэ сэтгүүлч нар яг хэдийг авахаараа ингэж голын зураас, үнэ цэнэгүйгээр даргынхаа “Туу” гэснийг тууж “Барь” гэснийг барьж энгийн иргэдийг хэлмэгдүүлж байх ёстой юм бол ? Бусад сэтгүүлчинд нь түүнийг харж л байдаг байхдаа ? Сэтгүүлзүйгээ авраын тулд энэ хахтал амруугаа чихүүлцэн сэжгийн сэтгүүлч нараасаа тэмцлээ эхлэх болсон юм биш үү эрхэм ган үзэгтнүүд минь ?

Ч.Ганжавхлан : 2022.01.13

 УЛС ТӨРЧИД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 550 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ

УТААГ АРИЛГАНА ГЭЖ ЗАШЖЭЭ

Жил бүрийн өвөл өдийд угаартаж үхлээ гэсэн шүүмжлэл гардаг. Өнгөрсөн өвөл утааны эсрэг ээж аавууд Сүхбаатрын талбайд жагсаал, цуглаан хийсэн бий. Битүү саарал утаа хотыг нэлэнхүйд нь бүрхэж, хоолой ам хорсгоно. Хэдхэн алхмын зайд хэн нэгнийг харах гэж зүдэрнэ. Хүүхдүүд эмнэлгийн коридорт шалаар нэг хэвтэж, ээлж дараалан уйлалдана. Ийм л дүр төрхөөр бид өвлийг төсөөлдөг болоод удаж. Энэ жил харин утаа нүдэнд харагдахуйц буурчээ.  Гараад харахад тэнгэр цэлмэг, агаар тунгалаг. Хоолой хорсож, хувцасанд шингэхгүй. Утааг бууруулахад ийм амархан байсан гэж үү хэмээн дуу алдмаар. Ингэж өвөлжих гэж утаатай арав гаруй жил тэмцэж, олон тэрбумыг зарцуулсан байдаг.

Агаарын бохирдолтой тэмцээд манай улс арав гаруй жил болжээ. Анх 2008 оноос агаарын бохирдолтой тэмцэх ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд юу ч хийж чадаагүй.

2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нйитдээ 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэвч ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй.

Өнгөрсөн арван жилд ер нь бид утаатай хэрхэн, яаж тэмцсэн юм бэ?

2008 он “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2007-2021”, 2008 он “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2010 он “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” 2011 он “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”
2010 онд Засгийн газрын тогтоолоор /Ерөнхий сайд С.Батболд/ Цэвэр агаар байгуулсан., 2013 он “Улаан-баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв-лөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, 2014 он “Ногоон хөгжлийн бодлого”, 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар АББҮХ-г татан буулгаж, чиг үүргийг БОНХАЖС-д шилжүүлэв.

2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар АББҮХ-г дахин дэргэдээ ажиллуулахаар болов.
2015 оны 11 сард хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Цэвэр агаарын санг татан буулгаж, чиг үүргийг  нь БОАЖЯ-нд шилжүүлсэн. 2017 он “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2017 онд Ерөнхий сайдын дэргэд /Ж.Эрдэнэбат/ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, АББҮХ-г татан буулгасан. Шалтгаан нь зөвхөн агаарын бохирдол бус орчны бохирдлын асуудал гарч ирсэн. 2017  оноос өмнө агаарын бохирдлыг бууруулах талаар бие даасан үндэснийг хөтөлбөр батлаагүй. Харин агаарын бохирдолтой холбоотой олон улсын судалгааг үнлэслэн дараах хөтөлбөрүүдэд агаарын бохирдлын асуудлыг тусгасан байдаг. Үүнд:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд 550 тэрбум төгрөг зарцуулсан

Дээрх хөрөнгийг юунд зарцуулсан бэ?

26 хувь-үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэх. 22 хувь-Сайжруулсан зуух, үнс тээвэрлэх автомашин авах, 14 хувь-Нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх, 9 хувь-сайжруулсан түлш, хэсгийн ахлагчийн урамшуулал, агуулахын түрээс, 4 хувь-шалны цахилгаан халаагуур, дулаалга, 4 хувь-автобус, автомашиныг хийн түлшинд шилжүүлэх, 3 хувь-авто тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулах угсрах

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн бусад ажил:

2012 онд Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, НЗД-ын орлогч Д.Ганболд, Хас банкны газрын захирал С.Мөнхболд нар 16 нийлүүлэгч компанитай гэрээ байгуулж гурван тэрбум төгрөгийн үнэтэй 8565 Ширхэг гэрийн дулаалгын иж бүрдэл нийлүүлсэн. 2012-2017 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдэд 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй. 2011-2013 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухуудыг татан буулгах, төвлөрсөн дулааны шугамд холбох ажилд Цэвэр агаар сангаас найман төсөлд 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах зорилгоор мөн Цэвэр агаар сангаас найман тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн. Эрхзүйн шийдвэр гараагүй, автобус баазуудад хийгээр цэнэглэх станц байгуулаагүй зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад нийтийн тээврийн их багтаамжийн 400 автобусыг дизель хийн хосолмол хөдөлгүүртэй болгох 3.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол төрийн гаргасан шийдвэр, хийсэн ажил, зарцуулсан төсөв товчхондоо ийм байна. Гэвч үр дүн гараагүй. Өнгөрсөн жилийн өдийд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс бохирдолтой зарим хэсэгт бүр 1000 давсан үзүүлэлт зааж байжээ. ДЭМБ-аас энэ тоо 500-аас давахад л хүүхэд, хөгшдийг гэрээс гаргахгүй байхыг анхааруулдаг. Тэгвэл энэ тоо одоо хэдийг зааж байна вэ?

Харьцуулсан схемээс харахад 2019 онд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс хамгийн бохирдолтой газар 214 байна. Энэ нь бага бохирдолтой түвшин юм.

Агаарыг түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, pm 10 тоосонцор, pm 2,5, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан бодисыг манай улсад тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эдгээр бодист агаарын чанарын дүн шинжилгээ хийдэг байна. Одоогийн байдлаар Баянхошуунд pm 2,5 нь бага бохирдолтой гэсэн түвшинд байна. Тэгэхээр тоосонцор Баянхошуунд илүү их байна гэсэн үг. Тоосонцор үүсэх шалтгаан янз бүр. Барилга бүтээн байгуулалт, хүний үйл ажиллагаа, газрын гадаргаас шороо босох зэрэг юм. Үүнд айлын асгаж буй үнс ч мөн нөлөөлдөг байна.

Гэхдээ хамгийн зөв харьцуулалт бол шаталтын харьцуулалт гэдгийг Шахмал түлшний талаар урт хугацаанд судалгаа хийсэн эдийн засагч Б.Дөлгөөн онцолж байна. Тэрбээр ярихдаа “Ямар нүүрсийг ямар зууханд хийвэл шаталт ямар байна вэ гэдгээс хамаарч агаарын бохирдол үүсч байгаа юм. Манайд одоохондоо шахмал түлшийг зууханд шатаахад ямар бодис гарч байна вэ гэдэг хэмжилтүүд дутагдалтай байна” гэжээ. Үүнийг төр засаг анхааралдаа авч, иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Улаанбаатарын утаа харагдаж, үзэгдэх байдалд ямартаа ч багассан байгааг бид харж байна. Харин дотор агаарт хэмжилт хийж угаарын хийг тодорхойлох нь хамгийн чухал. Юутай ч энэ Засгийн газар утааг арилгаж болдог юм байна гэсэн итгэлийг иргэдэд өглөө.

Яг одоо /2019.11.17, 16:42 цаг/Улаанбаатарын агаар Японы Осака, Нагояа хотууд шиг цэвэрхэн байна гэж Дэлхийн улс орнуудын агаарын чанарын мэдээнд гарчээ. Өнгөрсөн онд Монгол энэ жагсаалтын тэргүүн эгнээнд байсан бол энэ жил 59-р байранд явж байна.

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээгээ үргэлжлүүлж,  эрчээ алдалгүй цаашид ч үргэлжлүүлэх нь чухал. Ялангуяа эрдэнэт хүний амь эрсдэхгүй байх, эрүүл мэндэд нь нөлөөлж, угаартахгүй байх талаас нь яаралтай арга хэмжээ авах ёстой. Хэрэв утааны асуудалд цэг тавьж чадвал замын түгжрэл, нийтийн тээврийн асуудлаа шийдэж чадвал Улаанбаатарынхан жинхнээсээ аз жаргалтай хотын иргэд болох гээд байна шүү.

Бэлтгэсэн Д.Дамдин-Очир