АЛДАРТНУУДСПОРТ

Г.Уянга: Угаартаж үхэх эрх чөлөө мандтугай, 30 жил авлигажсан төрийн үр хөврөлийн ердөө л нэг нь утаа !!!

Утааг арилгаж чадахгүй байгаа Уртнасанг огцруулчихлаа, ёххх гэж! Ураа! Сайд огцорсон юм чинь хэдүүлээ хэсэгтээ сайхан тайвширна аа, яг л утаа арилсан юм шиг. Шинэ сайд одоо аймаар сайн ажиллаж хэдхэн сарын дотор утааг ор мөргүй арилгана, харж л байгаарай!

Уг нь утаа Уртаа сайдын ганцаараа бардаг ажил биш л дээ. Дэлхийд агаарын бохирдолтой орныг тэргүүлж байгаа нь бас Уртаагийн буруу ч биш, тэгж яривал Оюун-Эрдэнийн ч буруу биш! Энэ их утаа нэг л өдөр бий болоогүй, нэг л хүн, нэг л засаг бий болгоогүй. Гучин жилийн турш хуралдсан ядуурал, эмх замбараагүйтэл, авлигажсан төрийн үр хөврөлийн ердөө л нэг нь утаа. Хэнийг ч огцруулаад нэмэргүй.
Системийн үр дүнд бий болсон үр дагаврыг системийн өөрчлөлтөөр л засна!

ЗГ болгон утааг арилгах талаар амлалт авч, үүрэг хүлээдэг ч нэг нь ч системтэй, зөв арга хэмжээ авч чадаагүй, бас чадахгүй юм чинь!

Утаа ганцхан байгаль орчны сайдын хүлээсэн үүрэг мэт аашлах нь дэндүү инээдтэй харагдаж байна. Утаа бол ЗГ-ын бодлогын урт хугацааны системтэй үйл ажиллагаа байх ёстой юм. Нэг сайд, нэг агентлаг, нэг хэсэг албан тушаалтан биш Засгийн газраараа, системээрээ ажиллах ёстой юм аа!

Гэхдээ… Уучлаарай, ЭНЭ ТОГТОЛЦООНД утааг арилгах ямар ч боломж, найдвар байхгүй! Бүү горьд!
Зурагтаар мэдээ гарч байна. Утааг 99 хувь шүүдэг 8000 төгрөгийн үнэтэй маск сурталчилж байна. Өөрийнхөө биш юмаа гэхэд хүүхдийнхээ төлөө бүгд худалдаж авна. Нэг нөхөр тамтаггүй баяжина, яг л утаагүй зуухаар бас хэсэг нөхөд бүсээ тасартал таргалсан шиг. Эрүүл мэндийн сайдын найзын компани нэг долларын амны хаалтыг гаалиар татваргүй оруулж ирээд эмнэлгүүдэд 10 мянгаар шахна, эсвэл сайдын найз маскны үйлдвэр байгуулж төрийн байгууллагуудад шахаж төрөөс ашгаа хийнэ.

Та нар бод доо, өнгөрсөн 30 жилд Монголын хамгийн баян компани ч цадаагүй юм шүү, тэд БОЯ дахь төлөөний хүнээрээ дамжуулан таны уушгиар бизнес хийж “утаагүй зуух” гэдгийг дэлхийд анх удаа гаргаж ирж супер нээлт хийсэн юм. Утаа тэдний бизнес байсаар ирсэн, байх ч болно. Утаагүй зуух, утаагүй түлш, “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулах, олон арван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, агаарын чанарын алба байгуулах, агаарын бохирдлыг мэдээлдэг дэлгэц суурилуулах, туршлага судлах гадаад айлчлал, бас МАСК… Утаа бол тэдний бизнес! Утаа арилбал бизнес дампуурна. Хэн үүнийг хүсэх юм бэ?!

Зайлшгүй, эн тэргүүнд шаардлагатай дараах арга хэмжээг хэн нь ч авч хэрэгжүүлж чадахгүй учраас утаа байсаар л байх болно!

1. УБ хот руу чиглэсэн хяналтгүй, эмх замбараагүй нүүдлийг шууд таслан зогсоох. Энэ бол үндсэн бөгөөд хамгийн чухал арга хэмжээ. Оршин суух газраа дураараа сонгох Үндсэн хуулийн эрх мөн л Үндсэн хуулийн хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангалттай хязгаарлагдана! Гэр хорооллыг нэмэгдүүлэхгүй байх хатуу арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай.

А. Хувийн компанийн ашиг шингээгүй, бага квадраттай орон сууцны төслийг төр өөрөө хэрэгжүүлэх. (мэдээж одоогийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээр биш!) Байшин барьсан хувийн компаниудын болон банкны хүүгийн өндөр ашиг шингээгүй орон сууцны зээлийг одоогийнхоос хэд дахин хөнгөн нөхцлөөр хэрэгжүүлэхэд олон хүнийг орон сууцаар хангах боломжтой. Төрд тулгамдсан олон асуудлаа шийдэх хуримтлал үүснэ. Одоогийн ипотекийн мөлжлөгийг халах ёстой. 10 сая төгрөг төлчихөөд байхад үндсэн төлбөрөөс нь 3 сая төгрөг хүрэхгүй хасагддаг мөлжлөг байгаа цагт энэ асуудал бүтэхгүй!!

Б. Одоо амьдран сууж байгаа сууцны нь халаалтыг цахилгаанаар шийдэх ажлыг бүхий л талаар өөгшүүлэн дэмжих
В. Улаанбаатарт нүүж ирэх, амьдран суух тодорхой шалгууруудыг бий болгож хатуу мөрдөх (зөвхөн нийслэлд хөрөнгө оруулж, тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангасан хүнд оршин суух эрх олгох гэх мэт. Бүх хүнд тавих нийтлэг шаардлага орон сууцанд, эсвэл цахилгаан халаалттай сууцанд амьдрах… гэх мэт)

2. Түүний дараагийн нөлөөлөл автомашины шатахууны дутуу шаталтаас үүсдэг нь тогтоогдсон. 10 жилээс илүү насжилттай, гадаад орнуудад хөдөлгөөнд оролцохыг хориглосон автомашинуудын импортын татварыг дэс дараатайгаар эрс нэмэгдүүлж, тоог хоргодуулсаар тодорхой хугацаанд шахаж гаргах.
3. Нийтийн тээврийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, гол замын автобус, трамвайн томоохон төслүүдийг гаднынхантай хамтарч хэрэгжүүлэх

4. Цахилгааны хэмнэлттэй халаалтын шийдлүүдийн төсөл уралдаан зарлаж, тэднийг зэрэгцүүлэн судалж хамгийн үр ашигтайг нь санхүүжүүлэн хэрэгжүүлэх. Дулаан дамжуулах зэс хоолойгоор олон орон цахилгааны хэмнэлт, эрүүл мэндийн асуудлаа давхар шийддэг туршлагыг судалж хэрэгжүүлэх. Зэсийн нөөцөөрөө Монгол Чилийн дараа 2-рт орж байна. Нөөц нэмэгдэж тэргүүлэх ч магадлалтай гэж үздэг. Зэсийн баяжмал экспортлохын зэрэгцээ зэсийн бүтээгдэхүүн, зэс хоолойн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч нь Тамгын газрын даргатайгаа нийлж үйлдвэр барьж тамтаггүй ашиг олж болоод байхад төр зөв болсон цагт энэ бүхэн бүрэн боломжтой.

5. Сүүлийн 26 жилд Амгалангийн ДЦС-аас өөр “утаа үйлдвэрлэгч” үйлдвэрлэл УБ-т бий болоогүй. Соц. нийгмийн үед одоо байгаа станцууд л байсан, УБ-ын утаа ийм байгаагүй. Гэсэн ч тайвшрах юун, тэдний янданд шүүлтүүр тавих, станцуудын дулааны алдагдлыг багасгах арга хэмжээг зэрэгцүүлэн хугацаа, төлөвлөгөөтэйгээр авах.

6. Үүн сацуу хөдөөд чиглэсэн цогц бодлого шаардлагатай. Аймгуудыг бүсчлэн хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг дотоодод нь бий болгож ажиллах хүчнийг тэндээс нь хангах, мөн газар тариалан, усалгаатай төрөл бүрийн тариалан, нүүдлийн мал аж ахуй, фермерийн мал аж ахуй, экспортын чиглэлийн МАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг системтэйгээр хөгжүүлэх гэх мэт цогц арга хэмжээ шаардлагатай. Энэ хүрээнд ХААИС-ийг онцгойлон дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Бидний тулах цэг ХАА гарцаагүй мөн! Асуудлыг орон нутагт нь шийдэх, нүүдлээр биш! Социализмын 70 жил үүнийг л хэрэгжүүлж байсан юм шүү дээ, уг нь. Захиргааны хатуу чанд арга хэмжээнээс гадна томоохон хөрөнгө шаардсан ажлууд байна.

Төрийн хэдэн олигарх бүлэглэл, тэдний гар хөлүүд дундаас нь идэхгүй бол маш том боломжууд байдаг. Жилийн маш бага хүүтэй хэдэн тэрбум долларын зээл, хамтран төсөл хэрэгжүүлэх саналууд дүүрэн байдаг. Гагцхүү манай төрд шургалсан бүлэглэлийнхэн дундаас нь ашиг олох үйл явцыг хуйвалдаж хэрэгжүүлдэг учраас л асуудал хүндэрдэг. Өөрт ашиггүй тийм зээлийг тэд авах сонирхолгүй байдаг.

ОУ-д нэгдэн орсон конвенцийн дагуу офшоортнуудын мэдээллийг авч тэдний мөнгийг оруулж ирэх бүрэн бололцоотой. Офшоорын мөнгө, аливаа хууль бус орлогыг шууд төвлөрүүлдэг сантай болж түүнийг зөвхөн бүтээн байгуулалт, том төслүүдэд ашиглах бололцоо бий. Нэг хүнээс л 74 сая доллар гарч ирж байна шүү дээ…

Энэ бүхнийг зөвхөн хүчтэй, тогтвортой, харьцангуй урт хугацаанд засаглах бүтэц, бүрэлдэхүүн, барьцаалагдаагүй, хувааж идээгүй, хуйвалдаагүй зөв хүмүүс хийх бололцоотой. Тийм бололцоог л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олж авах шаардлагатай учраас Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй! ХҮЧТЭЙ ТӨР! ЗӨВХӨН ХҮЧТЭЙ ТӨР Л ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА!!!

Барьцаалагдаагүй, хувааж идээгүй хүмүүс хийх бололцоотой. Гэвч тийм хүмүүс гарах бололцоо энэ тогтолцоонд чинь байхгүй. Тэгэхээр шүүмжлэх сайхан эрх чөлөөтэйгээ утаандаа хордож удаанаар үхэцгээе дээ!

Бас болоогүй ээ, үхэж байхдаа “Засгийн газар огцор!… Бат-Үүлийгээ аваръя… Цахим Монгол… Эдийн засгийн хөгжил… 2024 оны сонгууль… Эрээний хил… Цагаан сарын бууз…”-тайгаа гэж байгаа!

Эрх чөлөө мандтугай!

Гантөмөрийн Уянга