ДЭЛХИЙСОНИН ХАЧИНСПОРТ

Дүүрэн цагаан баавгайтай арал дээр ганцаараа амьд үлдсэн бүсгүйн гайхамшигт түүх…

Зүүн Сибирийн бүс дэх Хойд туйлын тойргийн цаана, Чукотын тэнгисийн дунд Врангели хэмээх арал бий. Алслагдмал энэхүү арал нь Сибирийн цас мөсөөр дүүрэн хүйтэн усаар хүрээлэгдсэн байдгийн зэрэгцээ цагаан баавгайнаас өөр “оршин суугч”-гүй. Тиймдээ ч өнгөрсөн зуунд тус аралд хүрэхээр зорьсон судлаачдын аялал хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай аялалуудын нэг болж бичигджээ.

1921 онд Врангели арал дээр 5 хүн очсоноос 2 жилийн дараа ганцхан хүн амьд гарсан байна. Эр зориг, тэсвэр хатуужлын туйлыг үзүүлж чадсан тэрхүү бүсгүй бол инуит гаралтай Ада Блэкжак юм. Тухайн үед 25 настай байсан тэрээр хүүдээ заавал эргэж ирнэ амалсан учраас амьд үлдэхийн төлөө бүх чадлаараа тэмцжээ.

Дулаан уур амьсгалтай арал дээр гацаад амьд гарсан хүний түүх олон байдаг ч Хойд туйлын тэсгим хүйтэнд, ялангуяа бүсгүй хүн ганцаараа ингэж чадсан түүх бараг байхгүй биз. Тиймээс ч Ада Делетук буюу хожим нь нэрээ Ада Блэкжак болгон өөрчилсөн бүсгүйн тухай өнөө цагт бараг домог шиг ярих болсон байна.

Бүх зүйл газар нутгийн маргаанаас болж эхэлжээ. Врангелийн арал нь анх Оросын эзэнт гүрний харьяанд байсан учраас хожим ЗХУ тус нутгийг өөрийн хэмээн үзэх болсон юм. Харин түүнээс өмнө зэргэлдээх Канад улс Врангелийг мөн өөрсдийн эрхшээлд оруулахыг хичээдэг байжээ. Тиймээс ч 1913 онд Канадын Карлук хэмээх хөлөг онгоц арал дээр хүрсэн байна.

Харамсалтай нь багийнхныг арал дээр байх хооронд эрэг орчмын ус зузаан мөсөөр хучигдсан учраас тус хөлөг хаашаа ч хөдлөхөөргүй гацжээ. Бүр Оросын мөс зүсэгч хөлөг хүртэл тэдэнд хүрч чадаагүй аж. Карлукын 15 гишүүн өлбөрч үхсэн бөгөөд үлдсэн хүмүүс нь амьд үлдэхийн тулд бие махбод болон сэтгэл зүйн туйлдаа хүртэл тэмцсэн аж. Азаар багагүй хугацааны дараа мөсөн хавтан далайн түрлэгээр хөвж одсон учраас амьд үлдсэн канадчууд эсэн мэнд буцаж чаджээ.

1921 онд Канадын эрх баригчид дахин нэг судлаачдын багийг тус арал руу илгээхээр болсон аж. Тэрхүү экспедицийн гол зорилго нь тус арлын газар орны онцлогийг судалж, хүн суурьших боломжтой эсэхийг тогтоох байсан юм. Канадын Манитоба мужаас гаралтай Хойд туйлаар олон удаа аялсан туршлагатай судлаач Вильялмур Стефанссон энэхүү экспедицийг санаачилсан байна. Тэрээр хойд туйлын бүс нутгийг хахир хүйтэн, хүн байхын аргагүй газар гэсэн ойлголтыг өөрчилж, илүү эерэгээр хүмүүст таниулахыг хүсдэг нэгэн байв. Үүний дагуу Стефанссон Врангели арлыг Канад, Их Британийн нөлөөнд оруулж Хойд туйлаар дамжин өнгөрөх нисэх онгоцны буудал болгохоор зорьжээ.

Энэхүү аялалдаа Стефанссон дөрвөн туршлагатай мэргэжлийн судлаачдыг элсүүлсэн байна. Тэдний гурав нь Америк, хоёр нь Канадын иргэн байжээ. 1921 оны 8-р сарын сүүлээр судлаачид Аляскийн Номе хотод ирэв. Тэндээс экспедицийнхэн хөтөч, барлагууд хөлслөхөөр төлөвлөж байсан аж. Нутгийн оршин суугчдаас ганцхан Ада Блэкжак хэмээх Инуит эмэгтэй саналыг нь хүлээж авсан байна.

Анхандаа Не Ада Делетук нэртэй байсан Ада Блэкжак нь 1898 онд Аляскийн Спрюс Крик гэх тосгонд төрсөн аж. Түүнийг бага байхад ээж нь Номе хот руу явуулсан бөгөөд охин тэндээ Христийн Методист урсгалын номлогчдын гар дээр өссөн байна.

Номлогчид Адад уншиж, бичихээс гадна амьтны арьс үсээр хувцас оёх, “цагаан хүмүүс”-ийн хоол хийхийг зааж өгсөн гэнэ. 16 настайдаа тэрээр Жак Блэкжак хэмээх эртэй гэрлэж овгийг нь авсан байна. Хосууд 3 хүүхэдтэй болсон ч харамсалтай нь ганцхан хүү л амьд үлджээ. Мөн Жак эхнэрээ хайр найргүй зодож, өлсгөдөг байсан учраас Ада аргагүйн эрхэнд салсан байна. Тэрээр архаг сүрьеэтэй хүү Беннетээ өөр дээрээ авсан ч тэжээж чадахааргүй тарчиг байсан учраас асрамжийн газарт өгсөн юм.

Чухамдаа Ада мөнгө хэрэгтэй байсан учраас л тус экспедицэд явахаар болсон байна. Үнэхээр ч түүний замчлах чадвар нь үнэлж баршгүй байсан учраас судлаачид Адаг эмэгтэй гэж гололгүй ажилд авчээ. Ажлын хөлс болгож Стефанссон түүнд 50 ам.доллар (Одоогийн ханшаар 800 гаруй ам.доллар) амласан байна. Ада цалингаа зөвхөн хүүгийнхээ эмчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Гэхдээ хичнээн нутгийн иргэн байсан ч гэсэн аялалд нь учирч болох бүх аюул, тэр дундаа цагаан баавгайнаас ихээхэн болгоомжилж байв. Тиймээс Ада өөрийнх нь хувь заяа хэрхэн эргэхийг мэдэхийн тулд бөө дээр очихоор шийджээ. Тэгтэл бөө түүнд ойрын ирээдүйд үхлийн аюул хүлээж байгаа тул гал, мэснээс болгоомжлох хэрэгтэй гэж захив.

Мэдээж Ада ганцаараа дөрвөн эрчүүдтэй аялна гэж зүүдлээгүй байсан юм. Багийнхан ч мөн ганц эмэгтэйтэй хамт хол замд явах нь зохисгүй гэж үзсэн байна. Судлаачид нутгийн иргэдээс хэд хэдийг аялалдаа элсүүлнэ гэж найдаж байсан боловч тэднийг дагах “тэнэг” хүн байгаагүй аж.

Ямартай ч 9-р сарын 9-нд экспедицийнхэн замд гарсан байдаг. Багийн бүрэлдэхүүн гэвэл Канадын иргэн Аллан Кроуфорд, Милтон Галле, Ада Блэкжак болон Америк судлаач нар болох Лорне Найт, Фред Маурер байжээ. Мөн Номе хотоос тэднийг авч явсан хөлөг онгоцны багийнхан Вик хэмээх муурын зулзага бэлэглэсэн байна.

Нийтдээ долоо хоногийн дараа аялагчид зорьсон газраа хүрэв. Врангели арал нь дэндүү алслагдсан учраас хүний тусламж авах тухай бодсоны ч хэрэггүй аж. Бусад Инуитчууд ийм аюултай аялалд гарах хүсэлгүй байсан учраас даруй эх газар руу буцжээ.

Ада ийнхүү “цагаан” эрчүүдтэй ганцаараа үлдсэнээ мэдээд цөхрөнгөө баран нулимс унагасан гэдэг. Харин судлаачид арал дээр энэ зуур Британийн далбааг мандуулжээ.

Эхэндээ тэдэнд аз таарч, цаг агаар маш тогтуун байжээ. Судлаачид чадах бүхнээ тэмдэглэж аваад завгүй байсан бол Ада өдөр ирэх тусам дуугаа хурааж эхэлсэн байна. Бөөгийн сэрэмжлүүлгийг санасан бүсгүй мөн хутга мэсний бараанаар айж сандрах болсон бөгөөд эрчүүдэд энэ нь тээртэй санагдсан нь мэдээж. Тиймээс тэд Адаг яваандаа гадуурхаж эхэлсэн тул хөөрхий бүсгүй тэднийг өөрийг нь хороохоор төлөвлөж байна хэмээн эндүүрчээ.

Эцэст нь сэтгэцийн гүн хямралд орсон бүсгүй амиа хорлохоор шийдэж, нэг өдөр ариутгалын бодис уух гэж оролдсон байна. Дараа нь Ада хоол хийх, цэвэрлэх, юм оёх гэх мэт ажил хийхээ бүр больжээ. Судлаачид эхлээд түүнийг ятгахыг оролдсон ч бүтээгүй учраас сүрдүүлж, эцэст нь илт доромжилж эхлэв. Асуудал гаргах болгонд тэд Адаг далбааны шонд хүлж орхиод хоол өгдөггүй байжээ.

Өвлийн улирал ирэх үед Адагийн сэтгэл санаа дээрдэж, завгүй ажиллах болсны зэрэгцээ мэснээс айхаа больжээ. Үнэндээ хат суусан бүсгүй ажлаар өөрийгөө булж, бодлоо сатааруулсан нь тэр байлаа.

Врангели арал дээр зундаа арай дулаан болдог тул багийн 5 гишүүн урин цагийг тэсэн ядаж хүлээж байлаа. Тэнгисийн мөс хайлсны дараа хөлөг онгоц ирж хоол хүнс, бусад шаардлагатай зүйлсийг нь авчирчээ. Ийнхүү нүд ирмэх зуур зун дуусч, тэсэхийн аргагүй хүйтэнтэй дахин золгов. Хойд туйлын өвөл энэ удаад дэндүү хүйтэн байсан тул арлын эргэн тойронд давахын аргагүй мөсөн саад бий болжээ. Тэдний найдвар барагдахын хажуугаар нөөцөлсөн хүнс нь ч мөн дууссан аж.

Стефанссон анх арал дээр тоймгүй олон далайн хав, үнэг, баавгай байдаг тул өлсөхгүй гэж багийнханд амласан боловч тэдгээр нь хүйтэн цаг агаараас болоод дайжаад дуусчээ. Даарч бээрэхийн хажуугаар турж үхэх шахсан багийнхан удалгүй өвчинд нэрвэгдэж эхэлсэн байна.

Найт хамгийн түрүүнд чийг бам өвчин туссан бөгөөд зузаан хувцсыг нь нэвтлэн түүний хөлс асгарч байжээ. Зүгээр суугаад байх аргагүй болсон тул Кроуфорд, Маурер, Галле нар мөсөн дээгүүр Сибирийн зүг алхаж тусламж дуудахаар болжээ. Ийнхүү тэд дахиж хэнд ч харагдаагүй юм.

Ингээд хоёулхнаа үлдсэн тул Найтыг асрах үүрэг Ада бүсгүйд оногджээ. Ядарч туйлдсан бүсгүй өөрөөсөө гадна өвчтэй хүн сахих ёстой болсон ч аргагүй байдалд орсон хүн юу хийж чаддаг болохыг Ада харуулж чаджээ. Тэрээр үнэгний урхи тавьж, шувуу буудаж, үхтлээ айдаг баавгайгаа хүртэл буулгаж авч сурсан байна. Агнасан махныхаа ихэнхээр Найтыг тэнхрүүлэхийн тулд хоол хийж өгч байсан ч залуугийн бие өдөр ирэх тусам муудсаар байв. Гэтэл Найт өөрийг нь муу асарч байна гэж Адаг буруутгасан байдаг.

Ийнхүү Ада чадах чинээгээрээ хичээсэн ч гурван сарын дараа Найт нас баржээ. Бүсгүйд нас бие гүйцсэн эрийн цогцосыг зөөж явах хүч байгаагүй учраас амьтны хоол болгохгүй гээд гадуур нь модоор авс шиг зүйл хийж тавьсан байна. Мэдээж дараа нь цогцосны үнэрээс холдохын тулд майхнаа нүүлгэсэн аж.

Одоо Вик муурнаас өөр ханьгүй болсон тэрээр хүүгээ дахиж харж чадахгүй нь гэж эмээж эхлэв. Найтыг үхсний дараа Ада анхны далайн хаваа агнаж, хэсэгтээ идэх идэштэй болжээ. Гэвч түүний сум дууссан учраас шувуу агнах биш өндгийг нь түүхээс өөр аргагүй болов.

Тэр үед дахин нэг зун өнгөрсөн бөгөөд өвлийг ганцаараа давж чадахгүйгээ Ада сайн мэдэж байв. Тиймээс бүсгүй банз мод, амьтны арьсаар завь хийж эхлэв. Гэтэл завь нь далайн салхинд хийсч одсоноор төлөвлөгөө нь нуржээ.

Амьд үлдэж хүү дээрээ очно гэсэн найдвар нь түүнд амьдрах хүч өгч байсан тул Ада бууж өгсөнгүй, энэ удаа сал хийхээр шийджээ.

Нэг өглөө хачин чимээнээс болоод Ада сэржээ. Сэтгэл нь хөдөлсөн тэрээр дуран бариад гадагш гүйн гарсан байна. Арал өтгөн мананд хучигдсан байсан ч бүсгүй найдвар алдалгүй эргэн тойрноо дурандаж байв. Удалгүй манан бүдгэрч, арал руу чиглэн ойртож буй хөлөг онгоцны дүрс тодров.

Ухаангүй баярласан Ада онгоцны өөдөөс угтан гүйхдээ хүйтэн ус руу унаад гарч ирснээ ч анзаарсангүй. Ада тэнд Кроуфорд, Маурер, Галле нартай уулзана гэж бодож байсан ч огт танихгүй хүн тавцан дээрээс бууж иржээ. Тэр бол Стефанссоны найз Харолд Нойс гэдэг эр байв.

Судлаачдыг хайн ирсэн түүнд Ада зэлүүд арал дээр юу үзэж туулснаа бүгдийг нь ярьж өгчээ. Туршлагатай судлаачид бүгд үхэж, Инуит гаралтай оёдолчин бүсгүй ганцаараа амьд үлдсэн явдалд Нойс хамгийн ихээр гайхжээ.

Турж эцэж, туйлдан ядарсан бүсгүй Нойсын гарт тэврүүлээд тэсэлгүй уйлжээ. Ингээд арлаас буцах болоход Ада Вик муураа авч, мөн өөрийн агнасан цагаан үнэг, баавгайн арьс зэргийг хөлөг онгоцонд ачжээ.

Зоригт эмэгтэй мөсөн арал дээр бараг зургаан сарыг ганцаараа өнгөрөөжээ. Тэрээр энэ зуур ан хийж, Библи уншиж, муураараа хань хийж амьд гарсан байна. Экспедицэд явахын өмнө тэрээр ан хийх нь бүү хэл буу ч гартаа барьж үзээгүй байв. Талийгаач Найт нас барахаасаа өмнө хэрэг болно гээд түүнд хэд хэдэн зүйл заасан нь мөн аминд нь оржээ.

Адагийн түүх сонин хэвлэлээр тарж, олныг шуугиулж, “Эмэгтэй Робинзон Крузо” гэх нэрийг түүнд өгчээ. Ада өөрийн олзоо зараад хангалттай мөнгөтэй болсон учраас хүүгээ асрамжийг газраас аваад Сиэтл рүү нүүжээ. Тэндээ Беннетийн сүрьеэ өвчнийг эмчлүүлсэн байна. Хожим нь бүсгүй Билли хэмээх бага хүүгээ төрүүлж, Аляскадаа буцаж иржээ.

Ада 1983 онд 85 насандаа таалал төгссөн байна. Билли ээжийнхээ булшин дээр “Врангел арлын баатар” гэсэн бичээс бүхий хөшөө босгосон аж. Энэхүү явдлаас бүтэн зуун жил өнгөрсөн ч бяцхан Иниут бүсгүйн түүх хүмүүсийг гайхшруулж, урам зориг өгсөөр байна. Тийм учраас Адагийн тухай хэд хэдэн ном бичигдсэний дээр баримтат кино хүртэл гарчээ. Харин өнөөх “харгис” арал судлаачдыг татсан хэвээр байгаа юм.

Бэлтгэсэн С.Бат-Эрдэнэ : Saak.mn