ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

Их эмч Ж.Гантулга: Норгүйдэл, стресстэй удаан явбал сэтгэцийн эмгэг тусах өндөр эрсдэлтэй !!!

Өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна. Манай улсын хувьд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг аж. Сэтгэцийн эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

Монгол улсын хэмжээнд сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй 20 мянга гаруй хүн байна

-Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ард иргэдийн дундах мэдээлэл, ойлголт хэр байдаг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн салбар бол хаалттай, нийгэмд маш их сөрөг буруу байдлаар ойлгогдсон салбар. Ихэнх хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг шар хадны эмнэлэг эсвэл цөөн тохиолддог дотоод шалтгаант өвчтэй, солиорлын шинж тэмдэг илэрсэн хүмүүсээр төсөөлж ойлгодог. Өөрөөр хэлбэл, солиотой хүн сэтгэцийн өвчтэй гэж ойлгодог.

Гэтэл аливаа улс орон “архаг солио” өвчнөөр өвчилсөн хүмүүс нь нийт сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хоёр хүртэлх хувийг л эзэлж байдаг. Ийм ойлголттой хүмүүс өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг зөв үнэлэхгүй, сэтгэцийн тусламж авах шаардлагатай эсэхэд дүгнэлт хийж чаддаггүй, “би солиотой биш, сэтгэцийн эмчид хандах шаардлагагүй” гэж боддог.

Мөн нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаална. Ард иргэдийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь гурван бүлэгт хуваадаг. Нэгд, сэтгэцийн хувьд эрүүл, хоёрт, сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай, гуравт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэж хуваадаг. Тэгэхээр нийт хүн амын 3-5 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг.

Цаана нь 95-98 хувийг нь эрүүл болон тулгамдсан асуудалтай гэсэн бүлэгт орж байгаа юм. Тийм учраас ямар ч тохиолдолд эрүүл байгаа хүн сэтгэцийн тулгамдсан асуудалд орох цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болох магадлалтай байдаг. Тэгэхээр сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмгэгтэй хүмүүсээр төлөөлүүлэн ойлгож болохгүй.

Энэ бол маш өргөн хүрээтэй ойлголт. Яагаад гэвэл эрүүл байдлаа яаж удаан хугацаанд хадгалах вэ гэдэг чинь маш чухал. Жишээ нь нойргүйдэх, стресс, ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, архи, тамхины асуудал гээд бүгд тулгамдсан асуудлууд. Эдгээр тулгамдсан асуудлаа зөв шийдэж чадаагүйгээс болоод эмгэгт өртөх дээрээс тухайн хүний ажил хөдөлмөр, харилцаа, гэр бүл, санхүү гэх мэт олон зүйлд нь асуудал үүсэх шалтгаан үүсч байдаг. Тийм болохоор иргэд өөрсдөө сэтгэцийн эрүүл мэндийн боловсролын талаар ойлголттой болж, энэ талаар мэдээллийг асуудалгүйгээр мэддэг болсон тохиолдолд энэ асуудлуудыг энгийн, хөнгөн байх үед нь магадгүй үнэ төлбөргүйгээр шийдвэрлэх боломжтой байдаг.

Ихэнх хүмүүс сэтгэцийн эмнэлэг, эмчид хандана гэдгээсээ айдаг, ичдэг, санаа зовдог. Гэтэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэнэ, сэтгэцийн эмчээс зөвлөмж авна гэдэг нь санаа зовох асуудал биш гэдгийг ойлгосон цагт хүн цаг алдахгүйгээр асуудлаа шийдэх боломжтой. Сэтгэл зүйн асуудал хүн бүрд тохиолддог асуудал. Гэтэл зарим хүмүүс нуугаад дараад байдаг. Тэгэхээр хэн хохирох вэ гэхээр тухайн хүн л хохирно. Тийм учраас тусламж үзүүлэх эмнэлэг нь байна, зөвлөгөө өгөх эмч сэтгэл зүйч байна тиймээс санаа зовохгүй үзүүлж, зөвлөгөө авч байх нь хамгийн чухал.

Бидний зүгээс 2019 онд хийсэн том ажлуудын нэг бол Эрүүл мэндийн яам, СЭМҮТ, Хууль зүй яамтай хамтраад 1800-2000 гэсэн нээлттэй утсыг ажиллуулж байна. 24 цагаар мэргэжлийн сэтгэцийн эмчийн зөвлөгөө мэдээлэл авах утас ажиллуулж байгаа юм. Хэрвээ хэн нэгэнд архи, тамхи, мансуурлын асуудал байгаа бол энэхүү утсанд хандан зөвлөгөө авах боломжтой.

-Сэтгэцийн эрүүл мэндийн салбар шинжлэх ухаан юуг судалдаг вэ? Ямар ямар салбар шинжлэх ухаануудтай вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд нь дараах салбар шинжлэх ухаануудтай.

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд. Харих настны сэтгэцийн эрүүл мэнд. Донтох эмгэг судлал. Бэлгийн эмгэг судлал. Сэтгэл засал. Сэтгэцэд нөлөөт эм бодис судлал. Шүүх сэтгэц гэм судлал, гажиг засал/ сэргээн засах. Нийгмийн сэтгэцийн эмгэг судлал. Дотоод шалтгаант өвчин судлал. Ерөнхий сэтгэцийн эмгэг судлал
Нойрны эмгэг судлал. Бие сэтгэцийн хамааралт өвчин судлал.

Эдгээр чиглэлээр иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Хүмүүсийн аз жаргалтай байхад, амар амгалан амьдрахад эдгээр асуудлууд чухал гэж боддог. Жишээ нь архинд донтсон аавтай хүүхдүүд, сексийн хувьд таарамжгүй эхнэр нөхөр, өөрийг нь ойлгодоггүй хүүхдүүдтэй эцэг эхүүд, нойргүй болсон хүн, стрессээс болж гоо сайхан нь доройтсон бүсгүйчүүд, бэлгийн сулралтай эрчүүд, хүчирхийлэл айдаст өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүд, мэдсээр байж бусдад хүч хэрэглэдэг, бусадтай маргалддаг зэрэг сэтгэцийн эдгээр өөрчлөлт өвчнөөсөө болж гэмт хэрэг үйлдэх гэх мэтээр бидний амьдралд зовлон гэж нэрлэгдэх олон асуудлуудад тусламж үзүүлдэг юм шүү дээ.

-Ер нь иргэд ямар төрлийн сэтгэцийн эмгэгээр түгээмэл өвчилж байна вэ? -2013 онд хийсэн зонхилон тохиолдох эмгэгүүдийн судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.5 хувь, органик бус нойргүйдэл 17.1 хувь, архаг нойргүйдэл 16.2 хувь, биеийн хэлбэрийн эмгэг буюу сэтгэл зүйд нь асуудалтай болоод тэр биеийн шинжээр илрээд шинжилгээ өгөхөөр илэрдэггүй эмгэг байдаг. Энэ нь 11.7 хувь, архинд донтох эмгэг 6.2, сэтгэл гутрал 6 хувь гэж гаргасан байгаа. Эдгээр зургаан эмгэг бол хамгийн түгээмэл тохиолдож байна гэсэн үг. Ихэнх залуус стрессээс болоод тайвшрахын тулд архи, тамхи хэрэглэж эхэлдэг. Энэ нь түрхэн хугацаанд тайвшруулдаг хэдий ч тухайн хүнийг бага багаар донтуулж эхэлдэг. Тийм учраас ихэнх залуус архи, тамхины эмгэгт илүү их өртсөн байдаг.

-Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь эргээд биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг үү. Нөлөөлдөг бол яаж нөлөөлдөг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг талаар судалдаг салбар шинжлэх ухааныг психосоматик салбар гэж нэрлэдэг. Сэтгэл санаа муу, зовуурьтай, стресстэй, ямар нэгэн тулгамдсан асуудалтай байх нь тодорхой хугацааны дараа ямар нэгэн өвчин болж илэрдэг. Тэр өвчин нь биеийн шинжээр эсвэл сэтгэцийн өөрчлөлтөөр илэрч болдог. Жишээ нь удаан хугацаанд стресстэй явснаар ходоод өвдөх, батгаших, ядрах, бэлгийн сулралд орох нөлөөллүүд үүсдэг. Биеийн өвчний 84 орчим хувь стрессээс үүсдэг гэсэн судалгаа ч байдаг.

-Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн салбар нь ямар онцлогтой салбар вэ. Эцэг эхчүүд энэ тал дээр хэр анхаардаг вэ?

-Хүүхдийн хувьд сэтгэцийн маш олон өвчин, асуудлууд байдаг. Хичээлээ хийхээ болих, орондоо шээх, хэт хөдөлгөөнтэй болох, эцэг эх, багшийг зөвлөгөөг зөрчих, айдастай болох, хэт уйланхай байх зэрэг маш олон төрлийн хүүхдийн сэтгэцийн өөрчлөлтүүд байдаг. Эдгээр нь ямар нэг эмгэгийн шинж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ үед бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эдгээр хүүхдүүдтэй энэ үед нь хэрхэн яаж харьцах ёстой вэ, энэ өөрчлөлтүүд нь юунаас болсон бэ гэдгийг тухай бүрд нь шийдэж байх ёстой.

Гэтэл манай монголчуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмчилгээг орлосон механик аргууд их байна. Жишээ нь хүүхдэд гар хүрэх, хорих, дарамтлах, айлгах, сүрдүүлэх зэрэг зүй зохисгүй аргууд их байдаг. Гэтэл ямар ч өвчин, ямар ч өөрчлөлтийг дээрх аргуудаар эмчлэх боломжгүй. Ард иргэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг муугаасаа болоод уг өөрчлөлтүүдийг улам гүнзгийрүүлж байна гэсэн үг.

-Харих насны сэтгэцийн эмгэг судлалын салбар ямар хүмүүстэй ажилладаг вэ. Хөгшрөлт, насжилт нь хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүмүүс эрэгтэй, эмэгтэй цэвэршилт явагдаж эхэлснээр энэ салбар руу илүү их хандаж эхэлдэг. Эмэгтэй хүнд сарын тэмдэг зогссоноор нүүр нь улайх, хөлрөх зэрэг биеийн шинж тэмдэг илэрдэг. Гэтэл үүний цаана сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлт гарч байдаг. Нийт хүмүүсийн 80-аас дээш хувьд нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил, айдсын эмгэгүүд тохиолддог. Нас ахих тусам сэтгэл зүйн хувьд маш олон асуудал илэрч байдаг. Энэ үед хөгширч байна, хүч чадалгүй болж байна гэсэн мэдээлэл тархинд нь хүрч байдаг.

Тэтгэвэрт гарах, хамт олонгүй болсноор ганцаардаж эхэлнэ. Энэ бүхэн нь сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь улам гүнзгийрүүлж, дордуулж байдаг. Энэ үед нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хандаж зөв үйлчилгээ тусламж авч байх хэрэгтэй. Энэ мэтчилэн сэтгэцийн эрүүл мэнд бол хүний амьдралд тохиолдож буй олон асуудлыг шийдэх гарц нь болдог. Иймээс л сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүмүүс зөв ойлголттой болж, өөрт тохирсон эмчилгээ, үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй.

-Сэтгэцийн эмгэгийн шалтгаан юу байдаг вэ? -Нийт сэтгэцийн эмгэгийг шалтгаан нь тодорхойгүй буюу дотоод шалтгаантай, шалтгаан нь тодорхой буюу гадаад шалтгаантай гэж хоёр ангилдаг. Шалтгаан нь тодорхойгүй гэдэг нь дэлхий даяараа шалтгааныг нь тогтоож чадаагүй байгаа эмгэгүүд багтдаг. Энэ нь нийт эмгэгийн хоёр хувийг л эзэлж байдаг. Гэтэл нийт ард иргэд уг хоёр хувиар л сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг төлөөлүүлж ойлгодог.

Шалтгаан нь тодорхой эмгэгийн хувьд осол аваар, нойргүйдэл, хүчтэй стресс тодруулбал хүчирхийлэл, айдас, ганцаардал, хэт ачаалал ихтэй ажиллах, амьдралын буруу хэв маяг зэрэг байж болно. Хамгийн энгийн жишээ гэвэл хүн бүтэн сайхан унтаж амарч байх ёстой байдаг. Хоногт 6-8 цаг унтаад амарсан хэн ч сэтгэцийн эмгэг тусах эрсдэл нь бага байдаг. Нойрноос болоод дараа дараагийн асуудлууд үүсдэг. Тиймээс хүн 12 цагаас өмнө унтаж амарч байх шаардлагатай.

-Стресс ямар төвшинд хүрвэл сэтгэцийн эмгэг үүсч болох вэ? -Хэмжээ хамгийн чухал гэж би хэлэх дуртай. Энэ нь хүн болгонд өөр өөр, хүн болгон адилгүй гэдэг утгаар шүү. Сэтгэцийн өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийн хүч чухал байдаг. Гэхдээ тийм хэмжээнд хүрээд сэтгэцийн өвчин тусна гэсэн тодорхой ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчин үүсгэх сөрөг хүчин зүйл ихэссэн байна уу гэдгийг мэдэхийн тулд л манай салбарт хандан, үйлчилгээ тусламж авах ёстой. Түүнээс ийм хэмжээнд хүрвэл өвчин үүснэ гэж хэлэх боломжгүй. Хүн болгоны өссөн орчин, темперамент зэргээс шалтгаалаад эмгэг үүсгэж чадах түвшин нь өөр өөр байдаг.

-Сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч хооронд ямар ялгаа байдаг вэ. Сэтгэл зүйчээс ямар тусламж, сэтгэцийн эмчээс ямар тусламж авах ёстой вэ?

-Сэтгэцийн эмч бол өвчинтэй илүү ажилладаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн айдсын өвчтэй байлаа гэхэд түүнийг эмчилж эдгээх талаар сэтгэцийн эмч хүн ажиллана. Харин сэтгэл зүйч хүн бол тэр айдсын эмгэгийг үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс хэрхэн хол байх, хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой гэсэн үг. Нөгөө талаар сэтгэл зүйч бол сэтгэцийн эмгэгийн урьдчилан сэргийлэлт талаар ажилладаг бол сэтгэцийн эмч бол өвчнийг эмчилдэг гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Ярилцсан: Э.Мөнхзаяа