АЛДАРТНУУДСПОРТ

Б.Авид: Түлшийг сайн боловсруулахаар үнэтэй болж иргэд авч чадахгүйд хүрнэ !!!

ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидаас агаарын бохирдол, сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх боломжийн талаар тодрууллаа.

-Улаанбаатарын утаа их байгаа талаар нийслэлчүүд шүүмжилж байна. Сайжруулсан түлшний чанарын асуудлаар ч яриа хөөрөө өрнөлөө. Зарим хэрэглэгч иргэдийн зүгээс “Сайжруулсан түлш өмнөхөөсөө хатаалт муу, чийг ихтэй учраас утаа их гарч байна” гэж дүгнэсэн байна лээ. Харин эрдэмтэд энэ талаар судалж байгаа юм болов уу?

-Оршин суугчдын хувьд Улаанбаатарын удаа ердийнхөөс арай их байгаа талаар ярьж байна. Утаа олон юмнаас хамаарна шүү дээ. Тухайн өдрийн температур, салхины байдал, бусад олон нөхцөл бий. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэрэглэгчийн тоо нэмэгдсэн талаар мэдээлэл харсан. Мэргэжлийн хүмүүсийн ярихыг сонсоход инверс- (Агаар солилцоонд орохгүй, бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр, хөндийдөө тогтох үзэгдэл)-ийн нөлөө их байна гээд байгаа юм. Түлш үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээс гадна хэрэглээний хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн талаар ярихыг та бүхэн сонссон байх. Энэ болгон нөлөөлнө шүү дээ.

-Улаанбаатар уулсын хөндийд байрладаг учраас агаарын бохирдолд газар зүйн байрлал нөлөөлдөг талаар сонсч байсан санагдана. Ингэхэд та бүхэн түлшний чанарын асуудлаар хариу өгөх үү?

-Түлшний чанарыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй эрдэмтэд санал нэг байна. Түлшин дэх хүхрийн хэмжээг огт бууруулж чадаагүй байгаа шүү дээ.

-Таван толгойн нүүрсийг угааж, баяжуулаад түлш үйлдвэрлэж байгаа гэдэг шүү дээ. Угааж, баяжуулахад хүхэр нь хэвээрээ үлддэг гэсэн үг үү?

-Тийм. Бид Тавантолгойн мидлинг ашиглаж байгаа шүү дээ. Хүхэр дээр бид ямар нэг арга хэмжээ аваагүй учраас хүхрийн агуулга хэвээрээ байгаа.

-Хүмүүс нэг л эвгүй үнэр агаарт дэгдээд байна гэдэг. Тэр нь бодвол хүхэр шиг байгаа юм? -Хүхрийг бид бууруулж чадаагүй учраас хүхэрлэг хий үүсдэгээрээ л үүсч байгаа. Сайжруулсан түлшний хамгийн гол давуу тал бол шахсан учраас РМ (тоосонцор) буурсан. Манай түлшний хоёр том дутагдал нэгдүгээрт, хүхэр өндөртэй, хоёрдугаарт, үнс ихтэй. Мидлинг буюу хаягдал нүүрс ашиглаж байгаа учраас үнс ихтэй. Таван толгойн нүүрсэнд агуулагддаг үнс 20 хувь байдаг бол баяжуулаад урагшаа гаргаж байгаа нүүрс 10 хувийн үнстэй. Бидний ашиглаж байгаа мидлинг гэж яриад байгаа завсрын бүтээгдэхүүн бол 30-аас дээш хувийн үнстэй.

Гурав дахь сул тал нь маш холоос Таван толгойн уурхайгаас зөөж байгаа шүү дээ. Цаашид үнсийг бууруулах шаардлагатай. Магадгүй төвийн бүсийн, хотод ойрхон, боломжийн нүүрс ашиглах, эсвэл Тавантолгойнхоо урагшаа гаргаж байгаа баяжмалыг ашиглавал үнс нь багасна. Хүхэр бууруулахын тулд манайхан санал болгодог л доо. Шохойтой холих, янз бүрийн хүхэр бууруулдаг технологи ашиглах шаардлага бий. Гэхдээ нэгэнт технологийг нь боловсруулчихсан учраас шохой нэмэх гэх мэт өөрчлөлт оруулахад амар биш. Цаг хугацаа зарцуулна. Энэ чиглэлээр Таван толгой түлшийнхэн өөрсдөө ажиллаж байгаа юм билээ.

-Сайжруулсан түлшний технологийг сонгохдоо эрдэмтэд судлаачдын саналыг авсан юм уу. Зарим эрдэмтэн дараагийн шатны цэвэр түлш буюу дулааны боловсруулалт хийсэн түлшинд шилжих шаардлагатай гэж манай сонинд ярьсан. Хагас коксыг шахмал түлшний түүхий эд болговол нүүрсний бохирдол, хүхрийн тодорхой хэсгийг нь зайлуулж болдог гэсэн л дээ.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд бид сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа шүү дээ. Манай компаниуд ч, эрдэмтэд ч ажиллаж байсан. Тодорхой түвшинд нүүрсийг боловсруулах чиглэлээр маш олон эрдэмтдийн санаа, технологи байдаг. Хэд, хэдэн компани утаагүй түлш үйлдвэрлэх гэж үзсэн. Хэдий чинээ сайн боловсруулна төдий чинээ сайн түлш гарна. Гэтэл сайн боловсруулах хэрээр үнэтэй болно.

Түлш үнэтэй болох тусам гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Одоогийн сайжруулсан түлшийг маш хямдхан авч байгаа. Сайн түлш хийж болно. Маш үнэтэй болчихвол эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно шүү дээ. Эрдэмтдийн олон янзын санаа төдийлөн хэрэгжээгүй нь эдийн засгийн шалтгаантай. Хагас коксжуулна гэхэд л үнэтэй тусна.

-Тэгэхээр хагас коксоос гаргаж авах цэвэр түлш өртөг өндөртэй учраас дэмжигдээгүй байх нь ээ?

-Ер нь нүүрсийг хагас коксжуулаад шахчихвал хүхэр, бусад хольцууд зайлуулагдах боломжтой. Тавантолгойн мидлинг бол төвийн бүсийн юм уу Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулсан түвшний нүүрс байхгүй юу. Тийм учраас Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулснаас Таван толгойн мидлинг ашиглах нь технологийн хувьд боломжтой гээд ашиглаад явж байгаа юм. Одоо бол цаашдаа төвийн бүсэд байгаа, дэд бүтцийн хувьд боломжтой гайгүй түвшний тухайлбал, Шарын голын нүүрсийг сайн чанарын холбогчоор холбоод түлэхэд болохгүй зүйлгүй. Хагас коксжуулж болно, гагцхүү үнэтэй тусаад байгаа юм.

Урьд нь хэд, хэдэн компани хагас коксжуулаад явж байсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ технологийг үнэтэй учраас эдийн засгийн хувьд бололцоогүй гэж үзсэн. Нэг тонн хагас коксын үнэ 180,000 төгрөгөөр үйлдвэрлэгдэж байхад нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 130,000 байх жишээтэй.

-“Солонгос, Хятадад ийм түлш түлж байна” гээд нүхтэй, дугуй шахмал түлшний зураг сошиалд явсан. Тэр нь энэ хагас кокс ашигласан түлш байх л даа?

-Би харж байсан. Технологийн боловсруулалт орвол үнэ нь өсдөг. Худалдан авах боломжтой, чанартай гээд олон шаардлага тавихаар тэр болгоныг зэрэг биелүүлж чадахгүй байна шүү дээ. Яг одоогийн түвшинд түлшний үнийг 75 хувь бууруулчихаад байгаа юм. Үнэтэй түлш үйлдвэрлээд татаас өгөөд явбал ахиад л эдийн засгийн асуудал үүснэ. Энэ түлшийг хоёр жил түлээд, үйлдвэрлээд ч сурчихлаа. БОАЖЯ, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалт, лабораторийн шинжилгээгээр түлшний чанар өөрчлөгдөөгүй, стандартын дагуу хийгдэж байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ.

-Барьцалдуулагч бодисын тухай бас ярьцгаадаг. Манай эрдэмтэд ядаж барьцуулагч бодисоо ч хийж чадахгүй, Хятадаас авч байна гэцгээдэг?

-Эрдэмтдийн санал болгосон олон төрлийн барьцалдуулагч байдаг. Тодорхой түвшинд аливаа ажил хийхэд манайд химийн суурь үйлдвэрүүд байхгүй. Заавал гаднаас хамааралтай болчихдог. Хамгийн боломжтой хямд, өртөг бүхий барьцалдуулагчийг ашиглах шаардлагатай. Манайхан өртгийг хямдруулах гэж хичээсэн ч үнэтэй тусаад байгаа. Химийн суурь үйлдвэр байхгүй учраас барьцалдуулагчийн асуудал хүнд байгаа юм. Харин нефть боловсруулах үйлдвэр байгуулагдчихвал тэндээс гарч байгаа шаар, үлдэгдлийг ашиглан харьцангуй хямд, сайн чанарын боломжийн барьцалдуулагчтай болчих байх. Монголын зарим компани өөрсдөө барьцалдуулагч хийгээд явж байгаа юм билээ.

-Химийн ухааны доктор Ж.Дугаржав эрдэмтэд цэвэр түлшний есөн шийдэл боловсруулж, дөрвөн патент авсан талаар дурдсан байсан. Ер нь эрдэмтэд сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх судалгаа үргэлжлүүлж хийж байгаа юу?

-Ямар төсөл хэрэгжүүл гэнэ, түүнийг л эрдэмтэд хэрэгжүүлдэг шүү дээ. Өнөөдөр утаа их яригдаж байна гээд би утаа судална гээд сайн дураараа шийдчихдэггүй. Өөрөөр хэлбэл, улсын захиалгаар ямар төсөл хэрэгжиж байна, тэр хүрээндээ ажилладаг. 2010-2015 оны хооронд байх аа доктор Ж.Дугаржавын удирдсан баг утаагүй түлш үйлдвэрдэх төсөл хэрэгжүүлсэн. Янз янзын түүхий эдийг холбогчоор ашиглан төрөл бүрийн түлш үйлдвэрлэсэн. Био масс холбогчтой түлш төдийлөн хурдтай хэрэглээнд орчихгүй байна л даа.

-Агаарын бохирдол ихсэхээр эрдэмтэд юу хийж байна аа гэсэн шүүмжлэл нэмэгддэг л дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалж, санал дэвшүүлж, засагт зөвлөж байгаа зүйлс хэр байдаг вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэл боловсруул гээд даалгавар өгч байсан шүү дээ. Тэр үед тодорхой түвшинд шийдэл боловсруулсан. Аливаа шийдэл хугацааны хувьд хэрэгжих бололцоотой байх учиртай. Цахилгаанаар асуудлыг шийдэх талаар санал болгосон. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлттэй зуух гаргаад явж байсан. Тэр болгон үйлдвэрлэлд нэвтрэхгүй юм л даа. Аливаа санаа үйлдвэрлэлд нэвтэртлээ цаг их зарцуулдаг шүү дээ. Бид шийдэл гаргаад, зах зээлд нэвтрүүлэх талаар төдийлөн сайн ажиллаж чадахгүй л байх шиг байна.

Ярилцсан Батсүхийн Янжмаа : ӨДРИЙН СОНИН