АЛДАРТНУУДСПОРТ

Д.Чойжамц 30 жил санхүүгийн тайлан тавиагүй, түүнд маш их асуудал байгаа !!!

“Нархажид” сүмийн үүсгэн байгуулагч Д.Мэндбаяртай ярилцлаа. –Та Гандантэгчилэн хийдийн удирдлагад шаардлага хүргүүлж, Монголын бурхан шашинтны чуулганг хуралдуулахыг шаардсан. Яагаад ийм шаардлага хүргүүлэх болсон юм бэ?

-Сүүлийн 31 жил Монголын бурхан шашинтны чуулган хуралдаагүй. Уг чуулганы ач холбогдол нь бодлогоо тодорхойлох, бүтцээ сайжруулах, хууль дүрмээ цэгцэлж авах гэх мэт маш олон тулгамдсан асуудлуудыг шийдэхэд оршиж байгаа юм. Эдгээр асуудлуудыг чуулган хуралдаж байж л шийдэхээс бус Гандан хийдийн захиргаа ч юм уу, Д.Чойжамц хамбын аман шийдвэр төдийхнөөр зохицуулах боломжгүй. Гандан хийдээс ловонгийн зөвлөлөөр ярилцаад, чуулган хуралдуулах эсэхийг шийднэ гэсэн хариу өгсөн. Тийм байж болохгүй. Энэ асуудлыг олон нийтээрээ, шашин даяараа ярилцаж байж, бурхны шашны хүрээнд хамаарах хүн болгон оролцож байж шийдэх хэрэгтэй.

-Д.Чойжамц хамба ловонгийн зөвлөлөөр шийднэ гэж хариу өгсөн юм байна.Мөн бусад лам, хуврагууд энэ шаардлагын талаар ямар бодолтой байх шиг байна. Таньд мэдэгдсэн зүйл байна уу?

Албан ёсоор Сайн номун хийд, Их хүрээ дацан, Нархажид сүм, Дундговь аймгийн Эрдэнэдалай хийдийнхэн энэ шаардлагыг гаргасан. Мөн олон хүмүүс ил гараагүй ч энэ чуулганыг хүсэж байгаа. Гандан дотроос ч одоо хуралдах цаг нь болсон гэж үзэж буй хүмүүс бий. Тэр бүү хэл Ловонгийн зөвлөл дотор ч хуралдах нь зүйтэй юм байна гэх хүн гарсан.Мэдээжийн асуудал шүү дээ.

31 жил болчихоод зүгээр суугаад байдаг. Яагаад хуралдахгүй, хуралдуулахыг хүсэхгүй байна вэ? гэхээр сонгууль болох учраас тэр. Энэ сонгууль нь Д.Чойжамц Номун хан тэргүүтэй Гандангийн захиргааны хэдэн хүмүүсийн эрх ашигт харшилна гэж үзэж буй тул л чуулганыг аль болох хойшлуулаад байна.

-Тэгэхээр Монголд ямар нэг ТББ-ыг тэргүүн нь насаараа удирдахыг хүсдэг этгээд байдал Ганданд ч бас үүсээд байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Зах зээлийн нийгэмд орсноос хойш бусад салбарууд чуулганаа, ямар нэгэн орлох цуглаанаа хийчихсэн байдаг юм билээ. Дүрэм, журмаа батлаад, удирдлагаа сонгоод, үйл ажиллагаандаа орчихсон байдаг . Одоо Гандантэгчинлэн хийд буюу шашны хүрээ ганцаараа үлдчихлээ. Манай бурхны шашны салбар ийм байдалтай 30 жил болчихлоо шүү дээ. Анхны чуулган 1990 билүү, 1991 онд хуралдсан байдаг юм. н.Мөнхдэмбэрэл гэж лам тэргүүн нь байсан. Түүнээс хойш тэр хүн таг чиг болчихсон. Хүмүүсийн цуу яриагаар бол тэр хүний бичиг баримтыг хүнээр авахуулаад, дараад, төр засгийн оролцоотой ч юм уу? хачин зүйл хийсэн гэгддэг.

-Та “Соён Гэгээрүүлэгч” телевизээр ярилцлага өгч байх үедээ Д.Чойжамц өмнө нь нэг удаа огцорсон ч арга заль хэрэглэн, үлдсэн тухай ярьж байсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-1987, 1988, 1989 оныг хүртэл Гандантэгчинлэн хийдийн тайлан, сонгуулийн хурал гэж жилд нэг удаа болдог байсан юм. Тэр үед Гандантэгчинлэн л ганц хийд нь байлаа.Уг хурлаар лам нар санал, шүүмжлэл их өрнүүлж, өөрчлөн байгуулалтын нөлөө ч их ордог байсан. Улмаар 1990 оны 3 сар орчимд хуралдаад, сонгуулиа
хийгээд, Х.Гаадан хамба: “Залуус ажлаа хийгээд яв, бид зайгаа тавьж өгье” гээд, Гандангийн захиргаанд С.Дагвадорж хамба тэргүүтэй хэдэн хүмүүс сонгогдсон. Нийт лам нарын хурлаар, шударга сонгуулиар сонгогдоод үйл ажиллагаандаа орсон юм. Тэр хурлаар Д.Чойжамц хамбыг ажлаас нь чөлөөөлчихсөн байсан.

-Гэтэл Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, “Ромбу” Ч.Дашцэрэн агсан, УИХ-ын гишүүн М.Зэнээ агсан, мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар идэвхийлэн ажиллаж эхэлсэн. 1990 оны сүүлээр Ч.Дашцэрэн гуай хүрч ирээд, бүх лам нараас бичлэг аваад, зарим лам нарыг айлгаж, сүрдүүлээд, ер нь бол “Ерөнхийлөгчийн гар” илт оролцож эхэлсэн. Сүүлдээ энэ асуудал хурцдаж, н.Булган, Д.Мэндбаяр нарыг Гандангийн захиргаанаас зайлуулахгүй бол Ч.Дашцэрэн гуай Очирдарийн өмнө өлсгөлөн зарлана гэчихсэн. Маш хүчтэй, гүйцэтгэх ажил маягийн зүйл явагдсан. Тэгээд бид үнэн сэтгэлээсээ ажиллаж байхад ингэж байгаа бол ажлаа авсан хүмүүстээ өгнө гээд н.Булган Д.Чойжамц хамбад, би боловсон хүчин байсан н.Тэрбиш ах гэж хүнд ажлаа өгөөд явж байсан юм.

Залуу ч байж, шартай ч байж… Тэр үед С.Дагвадорж хамбыг сольчихсон байсан. Өндөр хамба Т.Дамдинсүрэн буюу Данигай гуайг солиод, 1992 онд Д.Чойжамц хамба болсон юм. Түүнээс хойш л Ганданд хэмжээлшгүй эрхтэй засаглал бий болоод, түүнд нь нам, төр, зарим хуулийн байгууллагууд оролцож, удаа дараа энэ хүний суудлыг хамгаалж байсан. 1990-ээд оны сүүлээр ч сүм хийдүүд хурлаа хийе гэхээр аргацааж, хойшлуулаад л байдаг байлаа. 2004, 2005 оны үед ч тийм зүйл болж байсан. 2010-аад оны үед ч болж байсан юм. Энэ бүхэнд удаа дарааллан төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцож байсан байдаг.

-Цаг үе өөрчлөгдөж байна. Залуу үе ч оюун сэтгэлгээний хувьд маш их өөрчлөгдөж байгаа. Ийм нөхцөлд Монголын бурхан шашин, сүм хийдийн удирдлагууд ямар зарчмаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж та үздэг вэ?

Өөрчлөх гэдэг нь үйл ажиллагаагаа өөрчлөх, шинэчлэхийг ярьж буй хэрэг юм. Түүнээс бус уншдаг ном судар, үзэл онол, бурхны сургаалийг өөрчилнө гэж байхгүй. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил болчихлоо. Залуу, шинэ хэд хэдэн үе гараад ирлээ. Үүнд таарсан уян хатан, тэдний сэтгэл зүйд таарсан үйл ажиллагаа, бүтэц хэрэгтэй байгаа. Сүсэгтэн, гадаад харилцаа, хянан шалгах, санхүү, боловсрол гэсэн чиглэлтэй. Боловсрол гэхэд л бодлого боловсруулж, залуу үедээ, бүр нялх балчир үедээ ямар мэдлэг боловсрол олгох вэ? юуг суулгаж өгөх вэ? гэдэгт хариулт өгөх ёстой.

Төрөхөөс эхлээд сэвлэг үргээх гээд бүх л үйл бурхны шашинтай нягт холбоотой байдаг. Хурим найр, гадаад дотоод явах, жилийн засал, хүн өнгөрөх үед буяны явдал гээд энэ бүхэн хэдэн зуун жил холбогдсон. Залуу үеэ оюун санааны хоосролоос аврахын тулд, сэргийлэхийн тулд өнөөдөр шашны үйл ажиллагааг огт өөр шатанд гаргах хэрэгтэй. Шинэ үеийн залуусаа судалж, юу сонирхдог вэ? гэдгийг нь мэдэж, түүнд таарсан шинэ үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Энэ бүхэн ганц Д.Чойжамц номун хан, эсвэл Гандангийн захиргааны 6-7 хүний амаар явна гэж байхгүй. Эд нар чадах ч үгүй. Өнөөдрийн нийгэмд таарсан шинэ бодлого хэрэгтэй.

-Хэрэв бурхан шашинтны чуулганыг хуралдуулбал Д.Чойжамц хамба огцрох магадлалтай учраас ямар нэгэн аргаар хойшлуулаад байна гэж та яриандаа дурьдсан. Үүний цаана ямар эрх ашиг нуугдаж байна гэж хардаж байгаа вэ?

-Д.Чойжамц хамбаас гадна захиргааны хүмүүс буюу энэ хүнээс албан тушаал авсан, энэ хүний гарыг харж, амаар нь явдаг хүмүүсийн эрх ашиг ч бас давхар хөндөгдөнө шүү дээ. Тэд бас энэ хүнийг бамбай болгоод, та байж байвал бид байж байна гэдэг утгаар зүтгээд байгаа юм. Мөн Соёлын яамны тооллогын асуудал, Гандантэгчинлэн хийдийн сүүлийн 30 жилийн алдагдсан бурхан, ном юу байдаг юм? Тэд бүхэн чуулганы үеэр ил гарна.

Эрдэнэсийн сангийн асуудлыг нууцын зэрэгт оруулсан тул мэдэх боломж байдаггүй. Тэндээс алдагдсан соёлын үнэт өвүүд байгаа юм уу? Байхгүй юм уу? Бүү мэд. 30 жил санхүүгийн тайлан тавиагүй хүнд бишгүй л юм байгаа байлгүй дээ. Үүнээсээ айдаг байлгүй. Сонгууль болно. Тайлангаа тавина. Тэгэхээр өөрт нь цаашаа явах боломж харагдахгүй байгаа юм байлгүй. Одоо 70 гарчихсан хүн ингээд зүтгээд, шунаад байх шаардлагагүй л баймаар юм.

Эцэст нь миний асуугаагүй, таны хэлье ярья гэж бодсон зүйл байвал хэлэхгүй юу?

Чуулганаа хийгээд, бодлого, бүтэц, хуультай болчихвол Монголын бурхны шашны ирээдүйд хэрэгтэй. 1990-ээд онд нэг шашинтай байсан. Одоо олон шашны урсгалтай болчихлоо. Оюун санааны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрсэн гэж удаа дараа сонсож байсан. Энэ байдал засагдах байх гэж бодож байна.

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ярилцсан М.Чойжал