АЛДАРТНУУДСПОРТ

Усан барс жилийн төлөв байдал, 12 жилтний товч төөрөг, засал : Та хадгалаад аваарай

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ УСАН БАР ЖИЛИЙН ТОВЧ ТӨӨРӨГ, ЗАСАЛ

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

ХУЛГАНА ЖИЛТЭН

1996, 1972, 1924 оны хулгана жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1984 оны хулганатай эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1960, 1936 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1960 оны хулганатай эмэгтэйчүүд мөн 1924 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1984 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1996 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Мөн оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1948,1936 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна.

1936 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1996, 1972, 1924 оны эмэгтэчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1984, 1948 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1960, 1936 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996, 1972, 1924 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1984 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1972, 1996, 1924 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1960, 1936 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

ҮХЭР ЖИЛТЭН

Бүх үхэр жилтнүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1913 оны үхэр жилтэй эрчүүд болон 1937 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1985 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1985, 1925 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1973 оны эрэгтэйчүүд болон 1961 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1997, 1949 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1997 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

1961 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1937 оны эмэгтэйчүүд ба 1913 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1961, 1925 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1973, 1937 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Бүх үхэр жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

БАР ЖИЛТЭН

1998, 1950, 1926 оны бар жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1974 оны эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1998, 1962, 1950, 1938 оны бар жилтэй эрчүүд ба 1914 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1986 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962, 1938 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1998, 1962 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1986 оны бүх хүмүүс ба 1950, 1926 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1962 оны эмэгтэйчүүд ба 1938 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1998, 1950, 1926 оны нийт хүмүүс ба 1938 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1986, 1938, 1914 оны эрчүүд ба 1974 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1998, 1926 оны эрэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

ТУУЛАЙ ЖИЛТЭН

1975, 1939 оны туулай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1999, 1975 оны эмэгтэйчүүд хийгээд 1939 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1987, 1951 оны эрчүүд ба 1939, 1915 оны эмэгтйэчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1963 оны нийт хүмүүс хийгээд 1927 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1987 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

1987 оны эмэгтэйчүүд, 1927 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1963 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1999, 1963, 1927 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1987, 1951, 1915 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1999, 1963, 1927 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1975, 1939 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ЛУУ ЖИЛТЭН

2000, 1976, 1964, 1940, 1928 оны луу жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1988, 1916 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1952 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 2000, 1940 оны бүх хүмүүс, 1988, 1976, 1928 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1916 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 2000, 1940 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

1976 оны эмэгтэйчүүд хийгээд 1928 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Бүх луу жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2000, 1976, 1940, 1928 оны нийт хүмүүс ба 1952 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1988, 1964, 1916 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1964 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

МОГОЙ ЖИЛТЭН

2001, 1989, 1965, 1953, 1929, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1977, 1941 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2001 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2001, 1941 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1953 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2001, 1941 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1977, 1953 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1977, 1917 оны орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

МОРЬ ЖИЛТЭН

1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1978, 1954 оны эрэгтэйчүүд ба 1966 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2002 оны эрчүүд, 1978 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1990, 1942 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1954 он эрчүүд ба 1930, 1918 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

2002, 1966 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1990, 1930 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1930 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1930 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2002, 1978, 1954, 1930 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1990, 1942 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1978, 154 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ХОНЬ ЖИЛТЭН

Хонь жилтэй бүх эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2003 оны эрчүүд, 1931 оны эмэгэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1991 оны эмэгтэйчүүд, 1955 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1931 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар.

Элдэв бузар идээнээс болгоомжил. 1991 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1967 оны эмэгтэйчүүд, 1943 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1931 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Бүх хонь жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

БИЧ ЖИЛТЭН

Бич жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1992 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1992, 1920 оны эмэгтэйчүүд, 1980, 1968, 1920 оны эрчүүд ба 1932 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1992, 1956 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

1968 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бүх бич жилтнүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1992, 1920 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 2004, 1932 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1968 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ТАХИА ЖИЛТЭН

Тахиа жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2005 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993, 1933 оны нийт хүмүүс ба 1921 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана.1981 оны эмэгтэйчүүд ба 1933 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана.

1957 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2005, 1969, 1933 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1993, 1957, 1921 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

НОХОЙ ЖИЛТЭН

2006, 1994, 1982, 1958, 1934, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2006 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2006 оны эмэгтэйчүүд ба 1946 оны эрэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2006 оны эмэгтэйчүүд ба 1958 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1970 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Мөн оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана.

2006, 1970, 1946, 1934 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1982 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1994, 1922 оны эрчүүд хийгээд 1958 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 2006, 1934 оны нийт хүмүүс хийгээд 1982 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994, 1970, 1946, 1922 оны эмэгтэйчүүд ба 1982 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1946 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ГАХАЙ ЖИЛТЭН

2007, 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1995, 1959, 1923 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1983 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 2007, 1947 оны нийт хүмүүс ба 1923 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

1983 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1971 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2007 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1959, 1923 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1983, 1971, 1947, 1935 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1995, 1959, 1923 оны эрэгтэйчүүдийн сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяачийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагас баатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандида (1599-1662) хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын шавь бөгөөд түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үе лүгээ тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгал далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай, баруун тийш Киргис, Түрк, баруун урагш Төвдийн өндөрлөг хүртэлх газар нутгийг багтаасан Эртний Их Монгол Гүрэний уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан (1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།, ལི་ཐོ། лит гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс: Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна. Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། །)” хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй, соёлын балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцан (1639-1704)-ы монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.

Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг. Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458) жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм.

Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын алтан зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу алтан зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно. Учир нь илүү сарыг хааны зарлигаар ёсчилдог билээ.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдья.
Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салбаас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!

Нэгэн зүйл. XYII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн үр

Зурхайн шүнгүүдэд “Буян үйлдэгч” хэмээх усан барс жил алт, мөнгө элбэг. Амьтанд амгалан жаргалан ирмүй хэмээн айлдсан буй.
Жилийн эзэн од Могойг хүлэгч одны үр нь: Үр тариа, ногоо төмс сайн гарна. Хаан, ноёд хууль цаазаа сахин улс гүрэн буянтай болмуй.
Жилийн эзэн гараг Сугарын үр нь: Өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно.

Жилийн хаан гараг Санчирын үр нь: Гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтмуй. Цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, хургүй, мөрөн голын ус татармуй. Үр тариа боловсрох нь муу болно.
Жилийн түшмэл гараг Ангараг ургавал галын хүч арвижих ба хүмүүн нүгүүд хоосромуй. Хулгайч нар үлэмж арвижьюу. Зарим газар оронд хур үлэмж тасрана. Заримд нь ган бээр энэлгэн үйлднэ.Үр нүгүүд арвижихын шалтгаан доройтно. Үр арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.

“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн турш өвс ногоо сайтай, зуны дундуур мөндөр цохимтгой, залуучуудад ээлтэй, өвгөдөд ширүүвтэр, нялхаст ширүүн жил болохын нигууртай.
Энэ жил наран Загас, Хонь, Мэлхий, Жинлүүрийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, байрлах үед сайн. Хумх, Хамтатгах, Арслан, Охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

Нэгэн зүйл. “Шороон үхэр”-ийн үр

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож уламжлалыг бодож, энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ.
“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн эхээр цас ихтэй, жилийн зуны дундуур гандуу, бусад үед хур цагтаа бууж, нийтдээ тариа ногоо сайтай. Хүүхдэд ээлтэй, настанд ширүүвтэр, залууст ширүүн байхын нигууртай болой. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй.

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 11, үр тариа 13, өвсний үр 12, сэрүүн 7, чийг 15, салхи 13, арвидал 15, хомсдол 15, хямрал 11, хотолд орох хэмээн жилийн нуруу төвшин сайн.

Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол

Энэ жилийн боовны үр нь өмнөх жилтэй адил буюу 11 хүмүүн 9 морьтой, 1 тариа будаатай, 2 шуудай гурилтай, 4 үнээтэй, 8 боов. Харин ус уух луу нь 7 тул хур чухагийн шинж.

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир
Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач болон өрхийн тэргүүн мөрөө гаргах агаад нуган үрс бараа болох буй. Нар мандахын өмнө өрхийн тэргүүн бүрэн хувцаслаж, морь хөлөглөн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн зүгээсээ ирдэг уламжлалтай. Орчин цагт байшин сууцаа тойрч, өглөөний сайхан агаарт гарч орчноо ажигладаг.
Энэхүү мөрөө гаргах зан үйл нь хүрээлэн буй байгаль орчноо танин мэдэх, байгальтайгаа дасан зохицож амьдрах ухаан бөгөөд “Дөрвөн зүг найман зовхис”-ыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад нүүдэл, суудал, арилжаа наймаа, ажил үйлс нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлгэддэг.
Найман зүг нь арга, билгийн таван махбодын шүтэлцээг агуулах бөгөөд бөө мөргөл болон бонбын шашнаас гаралтай, бурхны шашин дэлгэрэхэд шашин соёлын агуулга зан үйл нэмэгджээ. Сонирхуулахад Бондхорол гэдгийн “бон” нь бонбо (bon po), до (gto) нь засал, хорол (‘khor lo) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд” (bon gto ‘khor lo) гэсэн төвд үг юм.
Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг (дайсан) махбодтой зүйлийг хорлол, эсвэл зэтгэрийн зүг рүүгээ хаяж цээрийг аж-гаргадаг.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эр хүн, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эм хүн зүүн урд зүгт гараад урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эр хүн, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эм хүн баруун зүгт гараад баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж , зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж , хойд, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эр хүн, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эм хүн зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эр хүн, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эм хүн урагш гараад хойноос ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойн ам зүүн зүг рүү харж буй тул эмийн зүгт гарна. Учир нь жилийн амин махбод руу хар нохойн ам харвал тэр зүгт буй цог хийморийн зүгийн цээрийг гаргадаг аж). Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эр хүн, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эм хүн баруун хойш гараад зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж , урд, хойд зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрэгтэй, эмэгтэйчүүд хойш гараад зүүн зүгээс ирнэ. Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж , баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эр хүн, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эм хүн урд зүгт гараад зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж , баруун хойд, баруун урд зүгт цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

Жич: Мөрөө гаргахдаа нар зөв тойрч явна. Хот суурины байшинд суугчид тодорхой нэг цэгт очоод зүгээ тогтоож өөрийн суудалд хамаарах зүгт явна.

НЭГЭН ЗҮЙЛ, ТООЛЛЫН ЭХЛЭЛҮҮДИЙН ТАЛААР ТОВЧ ДУРДАХ НЬ

Одон зурхайн тоолол хийгээд алтан зурхайн тооллын талаар өмнө дурдсан билээ. Одон зурхайн жарны тооллын эх нь гал туулай бөгөөд харин Нангиадын алтан зурхайн жарны тооллын эх нь модон хулгана билээ. Миний бие насны залуу цусны шингэн цагт тухайн үеийн нам, засгийн хайр ивээлээр монголчуудын одон орон, зурхайн мэдлэгийн түүхийн талаар нарийвчилсан судалгаа хийх зорилготой БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Физик, Математикийн Хүрээлэнд Математикийн Түүхийн Групп хэмээх нэгж байгууллага үүсэн байгуулагдахад (1976-1982 он) орж ажилласан азтай нэгэн билээ. Тэр үед мэдээтэй, сэхээтэй мэргэдийн учиг тасраагүй байсан цаг аа. Нэн ялангуяа “Хэргийн тухайд алдрыг тань өгүүлмүй” миний язгуурын лам, ачит багш, шүнгийн зурхайч Б.Жимба агсны гэгээн айлдварт чихээ тосон өчүүхэн савны хэр хэмжээгээр эрдэм номыг юүлэн авч байснаа дурсахад сайхан байна аа.

Миний багш нар болоод мэргэдийн “Морилон ирэх XVII жарны гал туулай жил шашин, ном дэлгэрэх сайн цаг эхлэнэ” хэмээсэн яруу сонсголонт айлдвар сэтгэлд таатай байдаг сана. Тэр нь “Ерөөлийн хүчин сэтгэлд буушгүй” хэмээх Бурхан багшийн айлдсан ёсоор тэр ерөөлтэй жил Халх түмний IV Богдын үеэс ихэд дэлгэрсэн Гүргүл лхамын залбиралд: “དམ་ཆོས་སྒྲུབ་པའི་ངོ་མཚར་མཐུན་པའི་རྐྱེན། །ཡོས་ལོར་ངེས་པར་འགྲུབ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད།།” буюу “Богдсын номыг бүтээхүй сонин гайхамшигт зохилдохуй шалтгаан Борхон молтогчин туулай жилд бүтэхүй үйлсийг зохио!” хэмээсэн ерөөлийн ёсоор XVII жарны жарны эхлэл гал туулай жил (1987 он) юм санжээ. Нээрээ ч тэр жарны эхлэлээс хойш өөрчлөлт шинэчилэлтийн умрын салхи сэвэлзэж, улиг болсон захиргааталтын царцанги мөсөн тогтолцоо хайлан одсоныг хамаг бүгдээр мэдэх тул энэ тухай олныг нурших илүүц буй заа.

“Монгол хүмүүн бэлгээрээ нангиад хүмүүн бэлээрээ” хэмээх хуучны үг байдаг. Нангиадууд мөнгө зоос хураахыг эрхэм буян хэмээн үздэг рэмээлцэх бөгөөд түүний тусгал болсон хулгана жилийг ихэд бэлэгшээдэг аж. Тэгээд ч Алтан зурхайн тооллын арван хоёр жилийн орчилын эх нь хулгана юм. “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээсэн нэгэн тогтсон хэллэгийг “Нангиадын угшилтай, Манжийн тухиралтай” хэмээн мэдээтэй өтгөс хуучилдаг байсныг тод санаж байна. Одоо энэ талаар нэгэн баримт дурьяа. Олон монголчуудыг огт алагчлал үгүй болгоож, Тусгаар Монгол Улсыг байгуулсан их ачтан Монгол түмний ЦОРЫН ГАНЦ БОГД, ИХ ХААНТАН VIII богд Агваанчойживанчүг бээр тулгар төрийн олноо өргөгдсөн анхдугаар онд туурвин зохиож, айл бүрийн гэрт залагдах болсон “Талами ཐླཱིཾ” үсэгний тус эрдмийг өгүүлсэн
“Адистидтай үсгийг зурах ёс, хэлбэр дүрс, хэмжээ, ач тус сэлт оршивой
Бум буман дагинас, зүүнтээ эргэн хүндлэхүйеэ шүтэн бишрээд. Булт тэдний хөрөнгө нь бусдаас хэтэрхий үлэмж ээ” хэмээсэн үүнийг Жавзандамба Даранатын хувилгаан мэргэн, ариун, сайн Агваанчойживанчүг бээр хамаг амьтны тусын тулд өөрөө дуртгасны нигуурт Ловон Ёнзон их эрдэнэ тэргүүтэн олон мэргэдийг хурааж, хураан чуулуулж усан гахай жилийн Монголын тооллын арван нэгдүгээр сарын дөрвөний өдөр (1911-01-24-ний өдөр) Гандан Дэчэнгалавын тивд найруулбай  гэсэн байна.

Чингэхлээр БОГД ХААНТАНы энэ зарлиг нэгд, “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээснийг далд эчнээ эсэргүүцсэн, хоёрдугаарт хулгана жилд өвчин тахал гарах нигууртай хэмээсэн бошиг юм байна аа гэж мөхөс би мунхаглана. Чингэхийн учир нь энэ хулгана жилийн эхээр өмнөх их хөршид коронавирус нэрт хар тахал гарч, зарим улс орнуудад тархаж, манай улс ч хорио цээрийн дэглэмд шилжлээ. “Хувьтай хүмүүн хулгана жил үзэх биш харин хувьгүй хүн хулгана жил үзэх юм биш байгаа даа” хэмээсэн хардах сэтгэл ч хааяа хааяахан төрөх мэт… Монгол Улсын Онцгой Комисс хуралдаж, цагаан сарын төрийн золголт, үндэсний бөхийн барилдаан, албан газруудын золголт зэргийг хорин цаазалж, зөвхөн “Гэр бүлийн баяр” болгон өнгөрүүлэх талаар түүхэн шийдвэр гаргасанд өчүүхэн би “Гэгээн төрийн минь мэлмий тунгалаг байгаа юм байна аа” хэмээн сүсэглэн хүлээн авч иргэнийхээ үүргийг биелүүлж байснаа тод санаж байна. Дашрамдуулахад миний бие зарим “Зартай зурхайч” нарын тунхаглан зарладаг шиг суулгүй золгох хувь дутуу ч хэр бяраараа “Алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай” болон үлдсэн хэдэн өтгөстэй шинийн өдрүүдэд гар зөрүүлэн золгож хүндэтгэл үзүүлдэг, бас шинийн тогтсон нэгэн өдөр ах, дүү, ураг садан, анд нөхөд, хадаг барин золгохоор ирдэг хар, шар шавь нарыгаа хүлээн авдаг хуучин тогтсон заншлаасаа энэ морилон ирэх жилийн хорио, цээрээс болж чанх буруу зүглэн, чандлан татгалзаж байгаагаа илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин