ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Дэлхийд өндөр наслалтаараа тэргүүлдэг Японы эрдэмтэд хүн хэдэн цаг унтах хэрэгтэйг судалжээ

Эрүүл мэнд, саруул ухаан, ажиллах чадвараа хадгалан, хамгийн урт удаан амьдрахын тулд хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ гэдэг асуултын хариуг эрдэмтэд судлан, хоногт долоо орчим цаг унтах хэрэгтэй болохыг олж тогтоожээ. Энэхүү олон жил үргэлжилсэн, хамгийн олон хүнийг хамруулсан судалгааг одоо дэлхийд өндөр наслалтаар тэргүүлж буй Японы эрдэмтэд явуулсан байна.       

Нагояагийн Их Сургуулийн профессор Акико Тамакоси тэргүүтэй эмч, судлаач нар Японы 45 мужийн 110 мянган хүнийг хамруулсан судалгааг явуулжээ. 1988-1999 оны хугацаанд ажиглалт явуулсан байна. Эрдэмтэд судалгаагаар авсан үр дүнгээ боловсруулж, өвчлөлт, стресс, нас баралтанд унтах хугацааны үргэлжлэлийн нөлөөлөх нөлөөллийг судалжээ.        

Хоногт гол төлөв 6.5-7.5 цаг унтдаг хүмүүс хамгийн эрүүл, цовоо сэргэлэн, тэдний дунд нас баралтын түвшин хамгийн доогуур байсан байна. Хоногт 4.5-аас бага цагаар унтдаг, нойрны дэглэм байнга алдагддаг хүмүүсийн амьдралын үргэлжлэл нь дунджаар 1.6 дахинаар хорогдсон байсан ба тогтмол 9.5-аас дээш цагаар унтдаг хүмүүсийн наслалт 1.7-1.9 дахинаар хорогддог болохыг судалгаа харуулжээ. Хоногт дэндүү бага цагаар унтахад организм гүйцэт амарч нөхөн сэргээгдэж чаддаггүй нь ойлгомжтой байхад нойр ихтэй хүмүүсийн нас баралтын түвшин өндөр байгаагийн шалтгааныг тайлбарлаагүй байна. Эрүүл мэндээр сул дорой хүмүүс нойр ихтэй байдаг байж магадгүй юм. Хэрэг дээрээ хүн тус бүрийн хувьд амьдарч байгаа улс орны уур амьсгал, амьдралын хэв маяг, ажлын нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл шалтгаанаас хамаарсан өөрийн өвөрмөц дэглэм байдаг байна.