АЛДАРТНУУДСПОРТ

Ц.Элбэгдорж: Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр гадныхан “Монголчууд хэлсэндээ хүрдэггүй” гэнэ. Улсынхаа нэрийг унагааж яах юм бэ?

Ц.Элбэгдорж МҮОНТ-ийн шууд ярилцлагад орж, нэр бүхий сэтгүүлчидтэй ярилцсан билээ. Энэ үеэрээ Оюутолгойн төсөлтэй холбоотой албан ёсны байр сууриа хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэж байна. Дашрамд дурьдахад өнөөдөр тус компани баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийж буй юм. Мөн одоогоос жил гаруйн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргийн тэргүүлдэг хавдрын эсрэг санд “Оюу Толгойн” гол хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компани их хэмжээний хандив өгч байсан билээ. 

Ц.Элбэгдорж : Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад гэрээгээ хурдан байгуулаад ажлаа яаралтай
эхлээч гэдэг шаардлага тавьдаг байсан. Гэтэл энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хуулиас илүү хугацаанд яригдсаны эцэст сая батлагдсан. Гэхдээ Оюу толгойн гэрээ маш их ярих юмтай. Бид ярьж болдоггүй гэрээтэй үйлдвэртэй байсан.

Тухайлбал, социализмын үед “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдаж байсан. Тэр үед Монголд гурван хувийн ашиг ирж, Зөвлөлтөд 97 хувийн ашиг очдог байлаа. Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрээс татвар авахгүй 20 жил явсан шүү дээ. Бидний ахмад үе “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж, Эрдэнэт хотыг бий болгосон. Тэдний дараагийн үе нь энэ үйлдвэрээс татвар авдаг болоод явж байна. Тэгэхээр 30 жилийн дараа бид “Эрдэнэт” үйлдвэрээс ашиг хүртэж эхэлж байна. Өнөөдөр бүх зүйлийг зөв буруу болгох гээд зүтгэх нь чухал биш. Улс орны эрх ашигтай холбоотой зүйлийг бодож, яримаар байна. Улс төрийн асуудал гэж бий. Ард түмний амин эрх ашгийн асуудал байна. Сонгууль ч байна. Улс төрчдийн дураараа ярьдаг үзэгдэл ч байна. Ард түмний нэгдсэн эрх ашгийг ярьдаг асуудал бий.

-Ерөнхийдөө гэрээнд өөрчлөлт оруулна гэж ойлгож болох уу? -Оюутолгой бол Монголын бүтээн байгуулалт. Тийм учраас Оюутолгой дээр ярих зүйл зөндөө бий. Оюутолгойд ханган нийлүүлэлт хийж байгаа компаниуд бий. Тэдэнд Монголын компаниуд зуучилдаг. Ийм маягаар асар их зардал гарч байна. Ийм байж болохгүй. Тэгж яривал Оюутолгой зарим бүтээгдэхүүнээ Францаас татдаг, махаа Хятадаас авдаг гэж сонссон. Махаа зөвхөн Монголоос ав л даа. Оюутолгойн хажууд махны хамгийн сайн үйлдвэр байгуулья.

Элс хайргаас эхлээд хэрэгтэй бүх зүйлээ Монголоос ав. Оюутолгойд эдэлж хэрэглэж байгаа бүхнийг Монгол хийг. Бид үүнийг л шаардах ёстой. Усны асуудлыг тодорхой болгох ёстой. Хэдэн жил хаанаас ус аваад яах ю.м. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас Оюутолгой ордын тэр хавьд арьс ширний үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монголд аялал жуулчлал, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад Оюутолгой оролцох ёстой.

-Уучлаарай. Та тэгэх ёстой гээд яриад байна л даа. Хэзээ энэ бүхнийг хэрэгжүүлэх юм бэ?

-Үүнийг ярих шат дамжлагууд зөндөө байгаа. Оюутолгой дээр ярих өөр нэг зүйл бий. Говьд бүтээн байгуулалт явж байна. Гол хөрөнгө оруулагчид нь Лондонд байна. Гэтэл Монголын улс төрчид Улаанбаатарт байна. Ингээд Оюутолгой тойрсон хүмүүс ямар ч хэлхээ холбоогүй ажиллаж байна. Байдлыг газар дээр нь очиж үзээгүй, тэр гэрээг гүйцэд хараагүй хүмүүс цээжний бангаар ярьж байна. Ажилчидтай нь уулзаад учир начрыг нь үнэнээр олох ёстой. Оюутолгойг “Эрдэнэс Оюутолгой” гэдэг компани хариуцдаг гэдэг. Гэтэл тэр нь асуудлаа яамны сайддаа танилцуулдаг тогтолцоо бараг алга.

Өнөөдөр энэ асуудлыг хэн хариуцах юм. Д.Ганхуяг сайд юм уу, Х.Баттулга юм уу. Д.Ганхуяг сайд хариуцаад Оюутолгой дээр гарч байгаа асуудлыг УИХ, Засгийн газарт шууд танилцуулдаг. Шаардлагатай бол асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулж ирдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Вакуум үүсчихсэн орчинд гурав, дөрвөн газар тарж суучихаад телевизийн камерын өмнө мэдэгдэд хийгээд байгаа шүү дээ.

-Олон нийтийн шүүмжлэлтэй хавдаад байгаа зүйл нь Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал л даа…?

-АН-ын дарга байхдаа ярьж байгаад 30-аад хүний дунд санал хураасан. Оюутолгойд Төрийн өмчийн оролцоо хэрэгтэй юу,үгүй гэдэг асуудлаар.Тэгэхэд нэг л хүн төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санал өгч байсан юм. Би жишээлбэл 34 хувийг шаардлагагүй гэж үздэг. Өнөөдөр Оюутолгой 100 гутал нийлүүлэхэд 34 гутал нь Монголд өр болно. Арван мянган хуушуур нийлүүлэхэд 3400 хуушуурын үнэ нь Монголд өр болж байна. Энэ ямар хэрэгтэй юм. 34 хувийн цаана Монгол ямар ашиг олох юм. Ер нь хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд хөрөнгөө оруулчих. Харин олсон ашгаас нь бид хувь авъя. Газрын тос их гаргадаг Норвеги улс хөрөнгө оруулагч компанийнхаа ашгийн 78 хувийг авдаг юм билээ.

Оюутолгой хөрөнгө оруулагч компанийн ашгийнх нь 70 хувийг бид татаад авчихъя л даа. УИХ-ын гишүүдээс “34 хувийг та нар өр болгоод байна” гэж ярьдаг. Тэгвэл энэ өрөө яагаад 50 хувь болгох гээд байгаа юм бэ” гэж асуудаг. Төрийн хувийг нэмнэ л гээд байна. Тэр чинь төрийн сайдын хувь л болж үлдэнэ шүү дээ. Сайдын компани Оюутолгойд бизнесээ шахна. Ингээд ашиг хэдэн дарга нарын халаасанд орно. Татвараа аваад, УИХ-аа хянаад явбал өөр шүү дээ. Ийм л асуудал байгаа юм.

Монгол 34 хувиа нэмэгдүүллээ гэж бодъё. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зардлаа нэмээд алдагдлаа шингээчихнэ шүү дээ. 34 хувийг 50 хувь болгох гэхээр биднийг дээрэм хийлээ гэж байгаа. Энэ нь Монголын нэрийг хугалахаас цаашгүй байна. Үүний оронд татвараа нэмье гэж ярих хэрэгтэй. Монгол ажилчдынхаа асуудлыг тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүн нийлүүлдэг асуудлаа ярих хэрэгтэй. Угаасаа анхны хөрөнгө оруулатгаа нөхсөний дараа 34 хувиа 50 болгоно гэж яриад байгаа. Тэгвэл энэ асуудал тав, зургаан жилийн дараа яригдана. Ийм байхад заавал өнөөдөр улсынхаа нэрийг дээрэмчнээр нь дуудуулж, унагах хэрэг юу байна.

Би ингэж боддог. Монголын нэр унаснаас миний яс хугарах ёстой. Тийм биз дээ. Төрийн улсууд ийм хатуу байх ёстой. Бид тавих ёстой асуудлаа хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой. Оюутолгойн асуудлыг тавьсаар байгаад гурван зүйлийг шийдүүлчихсэн биз дээ. Түүн шиг миний ярьсан энэ олон асуудлыг Монголын эрх ашгийн төлөө шийдүүлж болно. Татвар, усны асуудал, ханган нийлүүлэлтийн асуудлыг яривап тэр хүмүүс Монголын нэр хүндийг унагахгүй. Монголчууд шударга зүйл ярьж байна л гэж хэлнэ.

Бид өөрсдийнхөө юмыг булааж авах гэж байна, төрийн хувийг нэмэх гэж байна гэхээр социализм, коммунизм руу яваад байгаа юм. Хувь хэмжээгээ нэмье гэж хашгирснаас болоод манайхаас cap бүхэн 120 сая ам.доллар гараад явчихаж байна. Тийм учраас танай телевиз сэтгүүлчдийнхээ цалинг нэмж чадахгүй байгаа юм. 70-хан ажилтантай жижиг компанийн захирал над руу ярьж байна. “50 ажилтнаа хална. Ямар ч хөрөнгө оруулаад явахаа байлаа” гэж байна. Оюутолгойг дагаад орж ирсэн бүх хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргасан учраас ийм асуудал болж байна шүү дээ. УИХ стратегийн асуудлаар нэг хууль гаргасан. Санаа нь зөв боловч гаргасан хууль нь буруу.

80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг төр хянадаг болчихвол Монголд ямар хөрөнгө оруулагч орж ирэх юм. Дэлхий нийтээрээ наашаа харж байтал өөдөөс нь ус цацчихаж байгаа байхгүй юу. Монгол өөрөө чөмөгжмөөр байна. Бид өөрсдөө тосоо хийдэг болмоор байна. Хажуу талынхаа хоёр айлтай юм ярьдаг болъё. Монголын нэг хүнд Хятадын 4800 хүн ногдож байгаа шүү дээ. Хоёр талын айлын газар нутгийг аваад үзье. Хашааны газар нь хичнээн том гэж бодож байна. Оросынх Монголын газар нутгаас 11 дахин том. Хятадынх 6.1 дахин том хашаатай. Бид өөсдөө далай руу гарсан хаалгагүй. Хаалгаараа гарахаараа хүний нутгаар явдаг. Тиймээс төмөр замын асуудлаа ярья. Эрчим хүч, гэрлийн асуудлаа зохицуулья.

Хоёр хөрштэйгээ энэ асуудлаа ярих хэрэгтэй байна. Ингэхийн тулд гурав дахь хөршийн бодлогыг оруулж ирэх хэрэгтэй. Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ.

-Оюутолгойн 34 хувь ард түмний биш улс төрчдийн хувь болж харагдаад байгаа юм л даа. Оюутолгойд очиж байгаа зөвлөхүүд нь улстөрчид байдаг. Таван толгойд энэ алдааг яаж давтахгүй байх вэ?

-Чили улсын Уул уурхайн сайд надтай уулзахад нь би “Бид нэг ийм гэрээ хийсэн. Өөрчилье гэж бодож байгаа” гэхэд тэр ганцхан зүйл хэлсэн. “Танайх анхны алдаагаа засах гэж битгий оролдоорой. Хоёр дахиасаа зас. Хуулиа сайжруул. Анхны шийдвэрээ засах гэвэл улс орныхоо нэр хүндийг алдана” гэсэн. Оюутолгойд хөрөнгө оруулж байгаа хүмүүс үйлдвэрээ хаагаад яваг. Оронд нь хэн орж ирэх вэ. Сурснаараа хоёр хөршийнхөн орж ирэх байх.

Тэднийгээ л ноолно доо. Богд хааны үеийн Ерөнхий сайд, төрийн тэргүүн нар юу бодож явсныг би уншсан. Улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараагаас манай улсыг дэмжиж өгөөч гэж гадны улсуудтай ярьж байсан юм билээ. Бидний бие даасан байдал эмзэг. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар засах өөрчлөх ёстой.

/ Ц.Элбэгдорж МҮОНТ-ийн эфирт ярьжээ/